Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00414

 

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2019/00414

Ховд аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Буянт хотхон 24 айлын орон сууцны 7 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Л овогт Д-ын Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ш ОНӨААТҮГ-т холбогдох өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд хамтын гэрээгээр олгогдох 16 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 23,318,080 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 4,372,140 төгрөгийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д би 1976 оноос 2019 оны 3 дугаар сар хүртлэх тухайн үеийн нэрээр Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, одоогийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийт 43 жил ажилласан. Энэ хугацаандаа тус салбарт слесарь, салбарын эрхлэгч, ус хангамжийн техникч, цэвэрлэх байгууламж, насос станцын техникч, орлогын байцаагч зэрэг ажлыг эрхэлсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын бүртгэж, Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хянасан Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон байгууллагын захиргаа хооронд байгуулсан 2018, 2019 оны хамтын гэрээний 3.13-т нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 31 жилээс дээш ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэжээ.

Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар Д.Д намайг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоогүй. Нэхэмжлэгч Д.Д би Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргад хандаж, тэтгэмж авах талаар өргөдөл гаргасан боловч өдийг хүртэл шийдвэрлэж, хариу өгөөгүй тул нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгуулахаар танай шүүхэд гомдол гаргаж байна.

Мөн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар намайг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар би тэтгэмж авах эрхтэй. Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаартай тушаалаар надад 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан боловч уг тушаал хэрэгжээгүй, надад тэтгэмж олгоогүй.

Иймд Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон байгууллагын захиргаа хооронд байгуулсан 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-д заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд хамтын гэрээгээр олгогдох 16 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 23,318,080 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д заасны дагуу 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 4,372,140 төгрөг, нийт 27,690,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр тус хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулагдсан. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан байна. Хамтын гэрээний тэтгэмжийн зохицуулалт нь тус байгууллагад ажилласан хугацаанаас хамааран тэтгэмж олгохоор зохицуулсан бөгөөд нийт улсад ажилласан хугацааг харгалзан тогтоогоогүй тул хүнийг эрхлэж байсан ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурахсан Үндсэн хуулийн ноцтой зөрчил болж байгаа тул ажил олгогч, ажилтны төлөөлөл хамтын гэрээг шинэчлэн байгуулах хэлэлцээ хийсэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /цаашид Ш ОНӨААТҮГ гэх/ холбогдуулан Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон байгууллагын захиргаа хооронд байгуулсан 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-д заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд хамтын гэрээгээр олгогдох 16 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 23,318,080 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д заасны дагуу 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 4,372,140 төгрөг, нийт 27,690,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...би өндөр насны тэтгэвэрт гарсан тул Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон байгууллагын захиргаа хооронд байгуулсан 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-д заасны дагуу 16 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д заасны дагуу 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нийт 27,690,220 төгрөгийг авах эрхтэй гэж тайлбарлалаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д, мөн хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулагдсан. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Д.Д нь 1976 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт сантехникийн слесариэр ажилд орж, тасралтгүй ажиллаж байгаад Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4-5/, 132396 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-26-28/, Ховд аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаартай тушаалын хуулбар, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д нь Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтан байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх болон хөнгөлөлт эдлэх эрхтэй байна.

Ажил олгогч Ш ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажилтан Д.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрх үндэслэлээр ажил олгогч нь ажилтан Д.Дг ажлаас нь чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг ажилтанд олгохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг ажил олгогчид хуулиар үүрэгжүүлсэн байх бөгөөд мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.г-д ОНӨААТҮГ-т ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа ажилтанд сарын дундаж цалингийн 3 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно гэж тусгажээ.

Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаартай Д.Дд буцалтгүй тусламж олгох тухай тушаал /хх-82/ гаргасан байх боловч энэхүү тушаал нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны төлөөлөл, ажил олгогч харилцан тохиролцож ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах үүднээс хамтын гэрээг байгуулах, ийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулжээ. Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас ажил олгогч Ш ОНӨААТҮГ, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн бүх ажилчдын хурлаар хэлэлцэн 2018-2019 оны Хамтын гэрээг байгуулж, улмаар Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-т бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу энэхүү хамтын гэрээ /хх-6-10/ нь хүчин төгөлдөр байна.

Уг гэрээний 1.5-д хамтын гэрээ нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү гэрээг 2 жилийн хугацаатай мөрдөнө гэж заажээ. Мөн хамтын гэрээний 3.13-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар болон ажилтны өөрийн хүсэлтээр цуцалсан бол НААҮ-ний салбарт тасралтгүй ажилласан жилээс нь хамааран ... 31 жилээс дээш ажилласан бол 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тусгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаас үзвэл хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж буй ажилтны эрх ашгийг хамтын гэрээгээр хамгаалах зорилго агуулдаг.

Нэхэмжлэгч Д.Д нь нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 1976-2019 оны хооронд ажиллаж байх хугацаанд байгууллагын нэршил нь Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар, Ш ОНӨААТҮГ гэж өөрчлөгдсөн /хх-41-61/ байх бөгөөд тэрээр энэхүү салбарт нийт 42 жил ажилласан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд тэрээр нэхэмжлэгч Д.Дгийн ажилласан хугацаанд маргаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтаар ажил олгогчийг хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй болохыг хуульчлан тогтоосон тул хамтын гэрээний дагуу түүнд 16 сарын цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгох үүргийг Ховд аймгийн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хүлээх ёстой.

Хариуцагч Ш ОНӨААТҮГ нь дээрх хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой атал Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д зааснаар нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан гэж тайлбар гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэг-ээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй тул хамтын гэрээний 3.13-д заасан 16 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэснийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч Ш ОНӨААТҮГ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд хамтын гэрээгээр олгогдох 16 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг гаргуулахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэг сарын үндсэн цалингийн хэмжээгээ 2019 оны 12 дугаар сард авсан гэх 1,457,380 төгрөгөөр тооцон хамтын гэрээний дагуу 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид нийт 23,318,080 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 4,372,140 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

Харин ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох тэтгэмжийн талаар зохицуулсан эрх зүйн баримт бичиг бүрийг үндэслэн тэтгэмжийг давхардуулан авахгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д заасны дагуу 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 4,372,140 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ш ОНӨААТҮГ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд хамтын гэрээгээр олгогдох 16 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг шүүхээс тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д заасан ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасныг үндэслэсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн дундаж цалинг байгууллагын дарга болон нягтлан бодогч нарын тооцон гаргасан цалингийн товчоог /хх-75/ үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1197808+1453034+1457380 = 4,108,222 төгрөг, 4,108,222 : 3 = 1,369,407 төгрөг байх тул 16 сарын тэтгэмжийг тооцоход 1,369,407 х 16 = 21,910,512 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,779,708 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөнтүүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбарын үндэслэлийн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 296,401 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ш ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн 21,910,512 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,502 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюунд шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв. Ингэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус хэргийн нэхэмжлэлтэй холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарыг /хх-23/ шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч Ш ОНӨААТҮГ-аас 21,910,512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,779,708 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 296,401 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ш ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 267,502 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МАРИНА