Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/67

 

Д.С, Н.Э нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Л.Солонго,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя даргалж шийдвэрлэсэн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.С, Н.Э нарт холбогдох 2128001740095 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Л.Солонгын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Д сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хохирогч Д.Б-н лангуун дээр мартаж орхисон “Samsung 10 S” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж хууль бусаар авч, нөхөр Д.С-т өгч захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.С нь “Samsung 10S” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн сим картыг хийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн захиран зарцуулж, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Д.С-н үйлдлийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ө овгийн Н-н Энх-А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Э, цагаатгагдсан Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung S10” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Солонго нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч Н.Э-н гэмт хэрэг үйлдэж олсон гар утсыг шүүгдэгч Д.С мэдсээр байж авсан буюу уг үйлдлийг шүүгдэгч санаатай хийсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмаар бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүх мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

2. Шүүх Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Д.С-н “Samsung 10S” маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Уг гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардахгүй буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэтэл шүүх шүүгдэгч Д.С-н үйлдлийг “Н.Э-н гэмт хэрэг үйлдэж, олж ирсэн “Samsung 10S” загварын гар утсанд өөрийн эзэмшлийн гар утасны сим картыг хийж, ашигласан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий боловч...” гэсэн хууль хэрэглээний эргэлзээ бүхий дүгнэлтийг хийж, гэмт хэргийн бусад бүхий л шинжийг тогтоогдохгүй байгаа мэтээр, гар утсанд өөрийн эзэмшлийн сим картыг хийж ашигласан үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учруулаагүй мэтээр, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу хэрэглэн, түүний үйлдлийг хууль ёсны мэт эргэлзээ бүхий дүгнэлтийг хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангид заасан гэмт хэрэг үйлдэж гар утас олсон болохыг тогтоосон атлаа Д.С-н бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг авсан, ашигласан үйлдлийн шинжийг няцаахдаа өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, илт хууль бус дүгнэлт гэж үзэж байна.

3. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх шүүгдэгч Д.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хувьд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэрэгт тооцогдохгүй талаар дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тогтоолын тодорхойлох хэсэгт шийдвэрийн үндэслэл болгосон ямар ч нотлох баримт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Л.Солонгын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичсэн 09 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг Д сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хохирогч Д.Б-н лангуун дээр мартаж орхисон “Samsung 10 S” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж хууль бусаар авч, нөхөр Д.С-т өгч захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогч Д.Б-д 400000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.С нь “Samsung 10S” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн сим картыг хийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн захиран зарцуулж, хохирогч Д.Б-д 400000 төгрөгийн хохирол учруулсан буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Д.С, Н.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх-103-104/ прокурорт гаргасныг хяналтын прокурор Л.Солонго нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 33 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж /хх-105-106/ яллагдагч Н.Э, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд даруй шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, яллагдагч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг яллагдагч нар хүлээн зөвшөөрсөн /хх-108/ гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж дүгнэлт хийлгүйгээс гадна мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж,  мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэв.

Шүүхийн шийдвэрийг хянахад шүүгч шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгосноос үзэхэд анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.С, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.С-г цагаатгах болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огт тусгаагүй байна.

Иймд хяналтын прокурор Л.Солонгын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/102 шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.С, Н.Э нарт холбогдох 2128001740095 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.С, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                      Х.ГЭРЭЛМАА

                                                                        Ш.ТӨМӨРБААТАР