Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Тогтбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00344 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 8-31 тоотод оршин суух, ПЭ63121305 тоот регистрийн дугаартай, Утаат овогт Хумдаагийн Тогтбаярын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Тогтбаяр түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би 1963 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Ховд аймгийн Стандартчилал, хэмжилзүйн төвийн даргын 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай тушаалаар тус төвийн сахиул, галчаар томилогдон ажиллаж, мөн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн даргын 2009 оны 5 дугаар сарын 29-ний 10 дугаартай тушаалаар үйлчлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж, хугацаагүйг хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтүй 11 жил ажилласан төрийн үйлчилгээний албан хаагч юм. Энэ байгууллагад 11 жил сахиул, үйлчлэгчээр ажиллах хугацаандаа би нэг ч илүү цагийн мөнгө авахгүйгээр, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр ажилдаа сэтгэл зүрхээ зориулан чин сэтгэлээсээ ажиллаж ирсэнийг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Би байгууллагын галлагааны ажлыг бас давхар хийдэг байсан тул жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэмэгдэл авдаг. 2018 онд галлагааны нэмэгдэл гэж 125, 436 төгрөгийн тушаал гарсан, энэ нэмэгдэлийг авч байсан.

Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б/08 дугаартай тушаал гарган Х.Тогтбаяр намайг тус хэлтсийн сахиул, үйлчлэгчийн ажлаас хууль бусаар чөлөөллөө.

Хууль бус гэхийн учир нь Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга нь Х.Тогтбаяр намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлөж байгаа нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт нь ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх заалтыг зөрчсөн.

Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэтгэвэрт гарахгүй, цаашид ажиллана гэдэг хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлж байгаа нь уг хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн тушаал гаргасан. Миний бие нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад үүссэн мэтээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэх нэхэмжлэгч миний тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчиж байна.

Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга нь миний Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,343,000 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн үйлчлэгч, сахиулын ажилтай Х.Тогтбаяр нь 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны төсвийн төсөөлөл хэлэлцэх үед 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би 55 нас хүрч байгаа тул 2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны төсөвт суулгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсныг үндэслэн Х.Тогтбаярт тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны жилийн эцсээр олгохоор 2018 оны төсөвт суулгахаар санал хүргүүлсний дагуу Сангийн яамнаас 2019 оны 1 дүгээр сард Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн газрын төсөвт орж ирсэн байна. Тэгээд Х.Тогтбаярт тэтгэмжийн мөнгийг түүний данс руу нь шилжүүлсэн боловч тэрээр буцаагаад байгууллагын данс руу хийсэн байсан.

Х.Тогтбаяр нь 1963 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, улсад 22 жил ажилласан, тушаал гарах үед 55 нас 3 сар 13 хоногтой байсан. Иймд Х.Тогтбаяр нь тэтгэвэрийн насанд хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Х.Тогтбаяр нь 2019 оны амралтын хуваарь гараагүй байхад чөлөөлөгдсөн бөгөөд түүний амралт эдлэх хугацаа болоогүй байсан тул Х.Тогтбаяр нь 2019 оны ээлжийн амралт эдлээгүй. Иймд Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00344 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Тогтбаярыг Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч А.Тогтбаярын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,026,107 /хоёр сая хорин зургаан мянга нэг зуун долоо/ төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч Х.Тогтбаярт олгож, илүү нэхэмжилсэн цалин 316,893 /гурван зуун арван зургаан мянга найман зуун ерөн гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Тогтбаярын ажилгүй байсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст даалгасугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж нийт 117,567 /нэг зуун арван долоон мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугайгэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх маргааны агуулгыг буруу тодорхойлж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Х.Тогтбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэж дүгнэсэн нь маргааны бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Х.Тогтбаяр нь хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц тэтгэвэр тогтоолгоно. Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахтай холбогдуулан төрөөс олгодог нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц авна гэдэг хүсэлтээ байгууллагын захиргаанд удаа дараа гаргаж байсн тул тэтгэмж нь 2019 оны төсөвт суугдсан тул байгууллага тэтгэмжийг олгосон. Мөн шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо буруу тооцсон. Стандарт хэмжилзүйн хэлтэс нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан ажилладаг ба нэхэмжлэгч Х.Тогтбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж дахин сунгагдаагүй байхад шүүх нэхэмжлэгчийг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан гэж дүгнэлт хийсэн нь хууль нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Х.Тогтбаяр нь Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст холбогдуулан Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, Ховд аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,343,000 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргасан бөгөөд үндэслэлээ “Х.Тогтбаяр нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, тэтгэмж нь төсөвт сууж ирсэн тул” ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

            Х.Тогтбаяр нь 2008 онд Ховд аймгийн Стандартчилал хэмжилзүйн төвд сахиул, галчаар ажилд орсон бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.  Тушаал гарах үед “Х.Тогтбаяр нь улсад 22 жил ажилласан, 55 нас 3 сар 13 хоногтой байсан ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байсан” гэх үйл баримттай талууд маргаагүй байна.

            Харин даатгуулагч өөрөө өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ өгсөн эсэх нь маргааны зүйл болсон байна.

            Хариуцагч тал Х.Тогтбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хурал дээр “би ирэх онд тэтгэвэрт гарна ТҮ-хэн тэтгэмжгүй үлддэг, миний тэтгэмжийн асуудлыг шийдүүлж ирэхийг бодоорой, би насандаа гарна шүү” гэж хэлсэн хурлын тэмдэглэлд шүүхээр үзлэг хийлгүүлж, 2019 оны төсөвт Х.Тогтбаярын тэтгэмж сууж ирсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

            Харин нэхэмжлэгч нь  би өндөр насны тэтгэвэрт гарахгүй үргэлжлүүлэн ажиллана гэдгээ хэлж байсан, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бичгээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан гэжээ.

            Эдгээр үйл баримтуудаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “...20-оис доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэх хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл “даатгуулагч өөрөө өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлттэй байсан” гэх үйл баримтыг ажил олгогч нотолж чадаагүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                                                     

                                                                                   М.НЯМБАЯР