Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 28 өдөр                Дугаар 153/ШШ2019/00339                 Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1-р 24 айлын орон сууцны 07 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Авгас овогт Алтан-Очирын ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн харьяа, Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа ажилтай, Цариг овогт Дагвадоржийн Мөнхзоригт холбогдох 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Д.Мөнхзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Даваадорж овогтой Мөнхзоригийн 5059255309 дансанд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг тус тус гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн болно. Д.Мөнхзориг нь миний төрсөн эгч А.Навчаатай хамтран амьдарч гэрлэлтээ бүртгүүлсэн байсан, миний хүргэн ах болох хүн гэдэг утгаар нь би нийт 6,000,000 төгрөгийг зээлсэн. Надаас энэ мөнгийг авахдаа байрны урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна. Мөнгө зээлээч, би 14 хоногийн дараа цалингийн зээл гаргуулаад буцаагаад өгье гэсэн. Миний эгч А.Навчаа нь 2017 оны 2 дугаар сард Солонгос улс руу явсан бөгөөд тэнд ажиллаж байсан. Тэгээд миний эгч А.Навчаа нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад ирэхдээ өөр хамтран амьдрагчтай болсон тул Д.Мөнхзориг, А.Навчаа нар гэрлэлтээ цуцлуулсан. Тэгээд би Д.Мөнхзоригоос 6,000,000 төгрөгөө авах тухай хэлэхэд өгөхгүй гэж хэлсэн. Хариуцагч Д.Мөнхзориг нь манай эгчтэй хамт амьдрах хугацаандаа өөрийн цалингийн зээл, өөрийн төрсөн ах Д.Мөнх-Эрдэнэгээс зээлсэн мөнгийг буцааж төлөхөд энэхүү 6,000,000 төгрөг орсон гэж тайлбарлах боловч эдгээр мөнгийг манай эгч А.Навчааг Солонгос улсад байхад нь ээж бид хоёр бүгдийг нь төлөөд дуусгасан. Д.Мөнхзоригийн цалингийн зээлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би түүний данс руу 6,313,633 төгрөг хийж хаасан. Иймд би Д.Мөнхзоригт ямар нэгэн өр байхгүй тул хариуцагч Д.Мөнхзоригоос 6,000,000 / зургаан сая / төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Мөнхзориг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гэр бүлээ өөдөн татахаас илүүтэй хадам болох Алтан-Очирын хашаа байшинг олсон цалин хөлсөөрөө өөдөн татаж, засаж янзлан эхнэр А.Навчаа бид хоёр өөрөөсөө гарч болох бүхэл санхүүгээрээ туслаж амьдарч байсан. 2016 онд миний эхнэр А.Навчаагийн төрсөн дүү А.Жавзандулам нь бид хоёрт хандаж манай найз залуу Швед улс руу хүн гаргадаг гэж хэлээд миний цалингийн зээл 9,000,000 төгрөг, миний төрсөн ах Д.Мөнх-Эрдэнээс 3,000,000 төгрөг зээлж аваад хоёр хүний төлбөр болгож А.Навчаад өгсөн. Гэтэл эхнэр А.Навчаагийн дүү А.Жавзандуламын найз залуу гэх Н.Мөнхбаяр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж энэ үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгүүлэн Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн.

2017 онд миний эхнэр А.Навчаа БНСУ руу 3 сарын аялалын визээр ажил хийхээр яваад харлаж үлдсэн. Энэ хугацаанд эхнэр А.Навчаа нь төрсөн дүү А.Батхишиг рүү мөнгө шилжүүлж миний цалингийн зээлийн үлдэгдэл болох 6,000,000 төгрөг, миний ахаас авсан 3,000,000 төгрөгийг хаасан. Ингэхдээ А ийн данснаас миний данс руу шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сард А.Навчаа нь Солонгос улсаас Монгол улсад ирсэн. А.Навчааг Солонгос улс руу явахад бид хоёр хэвийн харьцаатай байсан. Тэрээр Солонгос улсад байхдаа өөр хүнтэй болсон байсан. Тэгээд бид хоёр таарч тохирохгүй болоод 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан.

Иймд нэхэмжлэгч А.Батхишигийн надаас нэхэмжилээд байгаа 6,000,000 төгрөг нь би түүний эгч А.Навчаатай хамт амьдарч байхдаа миний цалингийн зээл 9,000,000 төгрөг, миний ах Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг надад буцааж өгсөн мөнгө гэж би боддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Батхишиг нь хариуцагч Д.Мөнхзоригоос 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.Батхишиг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Д.Мөнхзориг нь надаас байрны урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлээч гэж хэлээд 6,000,000 төгрөг авсан бөгөөд энэ мөнгөө буцааж өгөөгүй гэж, хариуцагч Д.Мөнхзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...нэхэмжлэгчийн над руу шилжүүлсэн 6,000,000 төгрөг нь би А.Батхишигийн эгч А.Навчаатай хамт амьдарч байх хугацаанд миний цалингийн зээл 9,000,000 төгрөг, миний ах Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг А.Навчаа дүү А.Батхишигээр дамжуулан надад буцааж өгсөн мөнгө учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлалаа.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.Мөнхзориг нь нэхэмжлэгч А.Батхишигийн эгч А.Навчаатай 2013-2018 оны хооронд гэр бүлийн харилцаатай, гэрлэлтээ бүртгүүлсэн байсан, улмаар тэдгээр нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-87/, хэрэгт авагдсан гэрэл зургууд /хх-22-23/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Д.Мөнхзориг, нэхэмжлэгч А.Батхишигийн эгч А.Навчаа нар нь гэр бүл байхдаа Швед улс руу хамтдаа виз гаргуулахаар Д.Мөнхзоригийн цалингийн зээл 9,000,000 төгрөг, Д.Мөнхзоригийн ах Д.Мөнгөн-Эрдэнээс 3,000,000 төгрөг авч иргэн Н.Мөнхбаярт залилуулсан, улмаар нэхэмжлэгч А.Батхишигийн эгч А.Навчаа нь 2017-2018 оны 1 дүгээр сар хүртэл БНСУ-д байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШТ/130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-51/, А.Навчаагийн гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-133/, гэрч А.Навчаагийн мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч А.Батхишиг нь өөрийн эзэмшилийн 5021299431 дугаартай ХААН банк дахь данснаас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Д.Мөнхзоригийн ХААН банк дахь 5059255309 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-36, 68/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд 5059255309 тоот данс нь хариуцагч Д.Мөнхзоригийн эзэмшилийн данс мөн болох нь Хаан банкны Ховд салбарын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 243 дугаартай албан бичиг, дансны хуулгаар /хх-63-64/ нотлогдож байна. Хариуцагч Д.Мөнхзориг нь мөн ХААН банк дахь 5863198446 дугаартай данс эзэмшдэг болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Д.Мөнхзориг нь ...нэхэмжлэгчийн над руу шилжүүлсэн 6,000,000 төгрөг нь би А.Батхишигийн эгч А.Навчаатай хамт амьдарч байх хугацаанд миний цалингийн зээл 9,000,000 төгрөг, миний ах Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг А.Навчаа дүү А.Батхишигээр дамжуулан надад буцааж өгсөн мөнгө... гэж тайлбарлах боловч хариуцагч Д.Мөнхзоригийн цалингийн зээлийг нэхэмжлэгч А.Батхишиг нь эгч А.Навчаагийн өмнөөс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д.Мөнхзоригийн эзэмшилийн 5863198446 тоот данс руу 6,313,633 төгрөг шилжүүлж хаасан болох нь хэрэгт авагдсан Д.Мөнхзоригийн нэр дээрх Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-65/, Мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-70/, А.Батхишигийн нэр дээрх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-125/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч А.Навчаагийн шүүхэд өгсөн ...Би тэр үед Солонгос улсад байсан. Би дүү А.Батхишигээр дамжуулан Д.Мөнхзоригийн цалингийн зээлийг хаалгасан. Д.Мөнхзориг бид хоёр эхнэр нөхөр байхдаа Швед явна гэж хүнд мөнгө өгөөд залилуулсан. Тэр үед Д.Мөнхзориг цалингийн зээл авсан байсан. 2017 оны 8 дугаар сарын 30-31-ний өдөр манай дүү А.Батхишиг, миний нөхөр Д.Мөнхзориг руу 6,000,000 төгрөг өгсөн гэдгийг би мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-144-150/-ээр,

-Д.Мөнхзоригийн ах Д.Мөнгөн-Эрдэнээс авсан гэх 3,000,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг А.Навчаагийн нэр дээрээс Х.Алтан-Очир нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Д.Мөнгөн-Эрдэний эзэмшилийн 110800046150 дугаартай данс руу шилжүүлсэн нь болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-155/, гэрч Д.Мөнгөн-Эрдэний шүүхэд өгсөн ...виз мэдүүлнэ гэж надаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийн зээл авахуулсан. Тэгээд 1 жилийн хугацаатай аваад цувуулж өгсөн. Энэ мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг миний данс руу Навчаа хийсэн. Д.Мөнхзориг бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-152-153/-ээр нотлогдож байх бөгөөд дээрх үйлдлээс зөрүү мөнгө үлдсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Учир нь Д.Мөнхзориг, А.Навчаа нар хамт амьдарч байх хугацаандаа авсан цалингийн зээл 9,000,000 төгрөг, Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийн зөрүү мөнгийг төлөх үүрэгт нэхэмжлэгч А.Батхишиг ямар хамааралтай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтууд болон дээрх үйл явдлаас үзэхэд нэхэмжлэгч А.Батхишиг нь хариуцагч Д.Мөнхзоригт 6,000,000 төгрөг төлөх ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэгч А.Батхишиг нь 6,000,000 төгрөгийг хариуцагч Д.Мөнхзоригоос гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Мөнхзориг нь нэхэмжлэгч А.Батхишигийн эгч А.Навчаатай хамт амьдарч байхдаа авсан цалингийн зээл 9,000,000 төгрөг, түүний ах Д.Мөнгөн-Эрдэнээс зээлсэн 3,000,000 төгрөгийг төлөх үүргийг нэхэмжлэгч А.Батхишиг хүлээгээгүй, энэхүү үйлдэлд нэхэмжлэгч А.Батхишиг нь хамааралгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эгч болох А.Навчаа нь дүү А.Батхишигээр дамжуулан Д.Мөнхзоригт шилжүүлээгүй болох нь гэрч А.Навчаагийн ...2017 оны 8 дугаар сарын 30-31-ний өдөр манай дүү А.Батхишиг, миний нөхөр Д.Мөнхзориг руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгийг би мэдээгүй..., ...Д.Мөнхзориг бид хоёр хамт амьдарч байхдаа авсан цалингийн зээл 9,000,000 төгрөг, Д.Мөнгөн-Эрдэнээс авсан 3,000,000 төгрөгт миний дүү А.Батхишиг ямар ч хамаагүй... гэх мэдүүлэгээр нотлогдож байна.

Хариуцагч Д.Мөнхзориг нь ...би А.Батхишигээс 6,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа хийнэ, зээлээч гэж хэлж аваагүй... гэж тайлбарлах боловч тэрээр энэхүү тайлбараа нотолсон баримтаа ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Мөнхзоригоос 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Батхишигт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Мөнхзоригийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь тус шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргана... гэж хэлээд шүүх хуралдааныг даргалагч шүүгчийн зөвшөөрөлгүйгээр орхин гарсан, даргалагч шүүгчээс энэхүү шүүгчийн захирамж нь хуульд заасан үндэслэлээр гомдол гаргах эрхгүй байна гэдгийг тайлбарласан боловч тэрээр шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралдааны танхимыг орхин явсан тул шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Учир нь шүүх хуралдаанд оролцож байсан хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас албадан гаргаагүй бөгөөд түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхзоригоос улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Батхишигт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Мөнхзоригоос 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Батхишигт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхзоригоос улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Батхишигт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МАРИНА