Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо,   тоот хаягт оршин суух С овогт У М /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 71-46 тоот хаягт оршин суух   М овогт М М /РД: /-д холбогдох,

Зуслангийн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч У.М нь хариуцагч М.Мд холбогдуулан зуслангийн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

“Миний бие, 2018 оны 5 сарын 28 өдөр Фэйсбүүк дээрээс Гоодойд байшин зарна гэсэн зар хараад *, * дугаарын утсаар ярихад Гансүхийн Т гэдэг хүн утсаа аваад би тэр хүнтэй уулзаж СБД-ийн 19 дугаар хорооны задгайд байрлах газарт очиход 5х5м хэмжээтэй дутуу барьсан/шал таазгүй, цонх хагархай, хаалга эвдэрхий/ ямар ч бичиг баримтгүй байшин байсан боловч би түүнийг авахаар ярилцаж, уг байшинг худалдаж авахаар тохирч Т дүү Г овогтой Т ХААН банкин дахь * тоот дансаар урьдчилгаа 500,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь цувуулж 2018 оны 6 дугаар сарын 12 гэхэд үлдэгдэл болох 7,000,000 төгрөгийг дээрх дансанд бүрэн шилжүүлж дуусгасан.

Г.Т нь газрын гэрчилгээ, байшингийн бичиг баримт нь одоохон гарна, гэрчилгээ гарсны дараа дээрх мөнгөн дээр нэмж 3,000,000 төгрөг надаас авахаар тохирсон. Би сүүлд мөн оны 6 дугаар сарын сүүлчээр энэ байшин нь Тийнх биш болж, өөр хүнийх буюу М овогтой М гэдэг хүнийх болж таарсан. Гэхдээ М овогтой М нь найз болох Төөр дамжуулан уг байшинг заруулсан болохоо СБД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мэдүүлсэн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан болно. Гэтэл одоо болохоор уг байшингийн эзэн М эх О гэгч нэгэн эмэгтэй гэнэт гарч ирээд надаас уг байшинг авна гэж элдвээр дарамтлан улмаар 7,500,000 төгрөгөө буцааж өгөөгүй мөртлөө миний эзэмшилд шилжсэн байшин болон эд хөрөнгөнд халдаж миний зөвшөөрөлгүйгээр уг байшингийн цоожийг сольж хууль бусаар эзэмшилдээ авчихсан байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ”, мөн хуулийн 114 дугаар зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно”, мөн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэсэн заалтуудыг тус тус баримталбал, У.М миний бие маргааны зүйл болж байгаа байшингийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалт ёсоор “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” хэмээснийг үндэслэн маргааны зүйл болж буй уг байшингийн хууль ёсны өмчлөгчөөр У.Мыг тогтоолгох, Ц.О гэгч эмэгтэйн хууль бус эзэмшлээс уг байшинг чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “У.Маас байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. У.М нь миний ээж Ц.Оийн өмчлөлийн байшинг Г.Төөр дамжуулан худалдан авахаар тохирсон ч мөнгөө одоог хүртэл өгөөгүй. 2018 онд 2 давхрын цонх, дотор 2 давхарруу гарах шат, паркетан шалгүй дутуу баригдсан 5x5 хэмжээтэй мансардын давхартай байшинг газрын зөвшөөрөл гараагүй учраас зарах бодолтой байгаагаа Г.Тд хэлж байсан ба 5 сарын орчимд худалдан авах хүн олсон гэж байсан.

Тухайн үед У.М надруу ярьсан чиний байшин юм байна газрын гэрчилгээгүй юм байна, газрын гэрчилгээг нь гаргуулахаар Г.Ттэй ярьсан гэж байсан. Миний хувьд байшингийнхаа л мөнгийг авмаар байна та нар тэр газрын гэрчилгээгээ тусдаа ярь гэж хэлсэн. Түүнээс хойш У.М нь мөнгөө өгөхгүй болохоор нь түүнтэй ярихаар “Г.Тд газрын гэрчилгээ гаргуулахаар мөнгө өгсөн, гэрчилгээ нь гарахгүй байна, мөнгөө буцаагаад авахаар чамд мөнгийг чинь төлнө” гэдэг байсан. У.М байшинг худалдан авахаар мөнгө төгрөг надад огг төлөөгүй, намайг байшинг зарж байгаа гэдгийг худалдан авахынхаа өмнө анхнаасаа мэдэж байсан хирнээ мэдээгүй мэтээр бичсэнд гайхаж байна. Г.Т хэлэхдээ “У.М уг байшингийн хажуу талын газрыг хамтад нь гэрчилгээ гаргуулна гээд 6 сая төгрөгийг нэг өмгөөлөгчид хамт очиж өгсөн. Надад байшингийн мөнгө У.М өгөөгүй, газрын гэрчилгээ гаргаж байж байшингийн мөнгөө өгнө гээд байгаа” гэж хэлж байсан.

У.М, Г.Т нарын хэн нь ч надад байшингийн мөнгө гэж өгөөгүй. Ээж маань уг байшинг анх 2009 онд бариулсан ба өвчтэй 2013-2020 хүртэл гадаад оронд эмчлүүлж байгаад Монголд ирээд, байшингийн мөнгөө нэхэж олон удаа эдгээр хүмүүстэй холбогдсон ч өгөөгүй.

У.М 2022 он хүртэл Төөс мөнгө аваад цувуулаад ч хамаагүй өгье гэж байснаа сүүлдээ 2023 оноос мөнгөө өгчихсөн байшин минийх гэж ээжид хэлсэн байсан. Г.Т болохоор “байшингийн мөнгө У.М надад өгөөгүй тэр мөнгийг нь газрын гэрчилгээ гаргуулна гэсэн өмгөөлөгчид бид 2 хамт очиж өгсөн” гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн юм. Миний ээж Ц.О өмч хөрөнгөө өөрийн мэдэлд авах нь хууль бус гэж үзэхгүй байна. Харин хүний өмч хөрөнгийг төлбөрийг нь төлөхгүйгээр олон жил эзэмшиж ашигласан У.М хөрөнгийг чөлөөлж өгөх ёстой.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн У.Мын харилцах дансны гүйлгээний 4 удаагийн гүйлгээний 7,000,000 төгрөгийг “Тд мөнгө зээлэв”, “Тд газар авахаар мөнгө зээлүүлэв”, “Тд газар авахаар урьдчилгаа төлөв” гэсэн утгатайгаар 5063343029 дансанд шилжүүлжээ. Энэ данс бол миний болон манай ээжийн данс биш. Нөгөө талаар байшингийн үнэ төлбөр гэсэн утгаар биш газрын үнэ төлбөр гэсэн утгатай шилжүүлэг байна. Би байшин зарсан болохоос газар зараагүй юм. Газрын гэрчилгээ гаргуулна гэж мөнгө төгрөг Тд болон бусад хүнд өгсөн нь надад огт хамаагүй бөгөөд У.М өөрт учирсан хохирлоо мөнгө авсан хүнээрээ арилгуулах нь зүйтэй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Г.Т, У.М нарын хооронд үйлдсэн гар бичвэр /хх-7/, У.Мын Хаан банк Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх8-15/, фото зураг, хариуцагчаас итгэмжлэл /хх-22/, хариу тайлбар /хх-24/, Зуслангийн байшин барих тухай гэрээ /хх-41/, И.Ж-н тодорхойлолт /хх-42/, фото зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас У.Мын гомдлын материал /хх53-66/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч  нь Г.Төөр дамжуулан зуслангийн байшингаа надад худалдсан. Би байшингийн үнийг бүрэн төлсөн. Иймд маргаан бүхий байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Оийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Нэхэмжлэгчтэй байшин худалдах-худалдан авах гэрээ огт хийгээгүй, байшингийн үнийг аваагүй гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч У.М нь хариуцагч М.Мд холбогдуулан зуслангийн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

5. Талуудын хооронд эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг эд хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэх, тухайн эд хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны эсэх зэрэг нь маргааны зүйл байна.

 

6. Хэргийн 7 дугаар талд авагдсан 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Г.Т, У.М нарын хооронд үйлдсэн гар бичвэрт “Г.Т би өөрийн газар 5х5 харьцаатай байшинг бичиг баримт гаргуулахаар өгөхдөө урьдчилгаа болох 7 сая төгрөг /долоон сая төгрөг/ өөрийн төрсөн дүү болох Г.Түвшинзаяагийн дансаар авав. Үлдэгдэл болох гурван сая төгрөгийг тухайн бичиг баримтыг гарсны дараа авахаар харилцан тохиролцов.” гэжээ.

Мөн дээрх тохиролцсоны дагуу З.Н, У.М нарын Хаан банк ХК-ийн 5020748309 дугаарын хамтран эзэмших данснаас 5063343029 дугаарын дансруу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг /гүйлгээний утга нь Тд мөнгө зээлэв/, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг /гүйлгээний утга нь Тд газар авахаар мөнгө зээлүүлэв/, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг /гүйлгээний утга нь Тд газар авахаар мөнгө зээлдүүлэв/, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг /гүйлгээний утга нь Тд газар авахаар мөнгө зээлдүүлэв/, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 4,900,000 төгрөг /гүйлгээний утга нь Г.Тд газар авахаар урьдчилгаа өгөв/ гэж тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “...5063343029 дугаарын данс нь Г.Тийн дүү Г.Тн дансанд 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч У.М нь “Г.Төөр дамжуулан М.Мтай худалдах-худалдан авах гэрээг байгуулж зуслангийн байшингийн үнэ 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн учраас хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч У.М, Г.Т нарын хооронд хийгдсэн хэлцэл, нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээс үзэхэд хариуцагч М.Мтай маргаан бүхий зуслангийн байшинг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авсан гэж нэхэмжлэгч У.Мыг үзэх, түүний эзэмшил хууль ёсных, улмаар өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Худалдах-худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд зохигчийн тайлбарт дурдсанаар төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх ба энэ тохиролцоог хариуцагч М.Мтай хийсэн, мөн байшингийн үнэд 7,500,000  төгрөгийг хариуцагчид өгсөн талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай. 

 

Гэтэл нэхэмжлэгч У.М Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны задгайд байрлах 5х5 хэмжээтэй зуслангийн байшинг хууль ёсны дагуу М.Мас худалдан авах замаар, гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Зуслангийн байшин барих тухай гэрээ”-г И.Жүгдэртэй байгуулсан /хх-41/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгай тоот байх зуслангийн байшинг нэхэмжлэгч хууль бусаар эзэмшиж байсан, байшингийн үнийг төлөөгүй, мөн маргаан бүхий газар болон байшин зохих этгээдийн шийдвэрийн дагуу эзэмших эрхийг одоо ч олж аваагүй байгаа гэж маргаж, энэ талаар мэтгэлцсэн. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч М.М болон Г.Т нарын хооронд зуслангийн байшинг худалдах эрхийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж, 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэж заасан ба нэхэмжлэгч У.Мыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгай тоот байх зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

 

10. Иймд нэхэмжлэгч У.Мын гаргасан зуслангийн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1 дэх заасныг баримтлан М.Мд холбогдуулан зуслангийн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай У.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ