Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00586

 

 

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00586

 

 

 У.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/00485 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-д холбогдох, Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай гэх 5х5 м.кв хэмжээтэй зуслангийн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, уг байшинг Ц.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018 оны 05 сарын 28-ны өдөр Фэйсбүүкээс Гоодойд байшин зарна гэсэн зарын дагуу Г.Т гэдэг хүнтэй утсаар холбогдон уулзаад Сүхбаатар дүүргийн 19-р хорооны задгайд байрлах газарт очиход 5х5м хэмжээтэй дутуу барьсан /шал таазгүй, цонх хагархай, хаалга эвдэрхий/ ямар ч бичиг баримтгүй байшинг худалдаж авахаар тохирсон. Үүний дагуу Г.Тийн дүү Г.Т-гийн ХААН банк дахь 5063****** тоот данс руу урьдчилгаа 500,000 төгрөг шилжүүлж, 2018 оны 06 сарын 12-ны өдөр үлдэгдэл 7,000,000 төгрөг шилжүүлж дуусгасан. Г.Т нь газрын гэрчилгээ, байшингийн бичиг баримт нь одоохон гарна, гэрчилгээ гарсны дараа дээрх мөнгөн дээр нэмж 3,000,000 төгрөг авахаар тохирсон. Мөн оны 06 сарын сүүлээр энэ байшин нь Г.Т-ийнх биш М.М-нх болж таарсан. Гэхдээ М.М нь найз Г.Т-өөр дамжуулан уг байшинг заруулсан болохоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст мэдүүлсэн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл одоо уг байшингийн эзэн М.М-гын эх Ц.О гэгч надаас уг байшинг авна гэж элдвээр дарамтлан улмаар 7,500,000 төгрөгөө буцааж өгөөгүй мөртлөө миний эзэмшилд шилжсэн байшин болон эд хөрөнгөд халдаж миний зөвшөөрөлгүй цоожийг нь сольж хууль бусаар эзэмшилдээ авчихсан. Иймд зуслангийн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг байшинг Ц.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч У.М нь миний ээж Ц.О-ийн өмчлөлийн байшинг Г.Т-өөр дамжуулан худалдан авахаар тохирсон ч мөнгөө одоог хүртэл өгөөгүй. 2018 онд 2 давхрын цонх, дотор 2 давхар руу гарах шат, паркетан шалгүй дутуу баригдсан 5x5 хэмжээтэй мансардын давхартай байшинг газрын зөвшөөрөл гараагүй учраас зарах бодолтой байгаагаа Г.Т-д хэлж байсан ба 5 сарын орчимд худалдан авах хүн олсон гэж байсан. Тухайн үед У.М надруу ярьж чиний байшин юм байна газрын гэрчилгээгүй юм байна, газрын гэрчилгээг нь гаргуулахаар Г.Т-тэй ярьсан гэж байсан. Миний хувьд байшингийн мөнгөө авмаар байна та нар тэр газрын гэрчилгээгээ тусдаа ярь гэж хэлсэн. Түүнээс хойш У.М нь мөнгөө өгөхгүй болохоор нь түүнтэй ярихаар Г.Т-д газрын гэрчилгээ гаргуулахаар мөнгө өгсөн, гэрчилгээ нь гарахгүй байна, мөнгөө буцаагаад авахаар чамд мөнгийг чинь төлнө гэдэг байсан. У.М байшинг худалдан авахаар мөнгө надад төлөөгүй, намайг байшинг зарж байгаа гэдгийг худалдан авахын өмнө анхнаасаа мэдэж байсан хэр нь мэдээгүй мэтээр бичсэнд гайхаж байна. У.М, Г.Т нарын хэн нь ч надад байшингийн мөнгө өгөөгүй. Ээж минь уг байшинг анх 2009 онд бариулсан ба 2013-2020 хүртэл гадаад оронд эмчлүүлж байгаад Монголд ирээд, байшингийн мөнгөө нэхэж олон удаа эдгээр хүмүүстэй холбогдсон ч өгөөгүй. У.М 2022 он хүртэл Г.Т-өөс мөнгө аваад цувуулаад ч хамаагүй өгье гэж байснаа сүүлдээ 2023 оноос мөнгөө өгчихсөн байшин минийх гэж ээжид хэлсэн байсан. Миний ээж Ц.О өмч хөрөнгөө өөрийн мэдэлд авах нь хууль бус гэж үзэхгүй байна. Харин хүний өмч хөрөнгийн төлбөрийг төлөхгүй олон жил эзэмшиж ашигласан У.М хөрөнгийг чөлөөлж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан М.М-д холбогдуулан зуслангийн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай У.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.О-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан ч эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь уг эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж шүүхийн үзсэн хүний хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулах байсан. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд Ц.О-ийн эрх ашгийг шууд хөндөхөөр байсан. Дээрх байдлаар Ц.О-ийг зохигчийн хувиар оруулаагүй, энэ талаар хүсэлтийг хангаагүй нь шүүх анхнаасаа хэргийн талаар дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлага болон хариу тайлбартай холбогдуулан шаардлагатай баримтуудыг шүүхийн журмаар гаргалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2.  Уг маргаан бүхий эд хөрөнгө нь эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, газар нь холбогдох байгууллагад бүртгэлтэй эсэх, зохигч газар зохион байгуулалтын албанд ямар нэг өргөдөл гомдол гаргаж байсан эсэх, У.М-ын нэр дээр газрын эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ авахаар хандаж байсан эсэх, М.М болон Ц.О нарын байрыг зуучлалын шугамаар зарж өгсөн мөнгийг хүлээж авч газар хөөцөлдөхөөр мөнгө авсан гэх Г.Т нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, Г.Т-гийн дансаар шилжүүлэн авсан мөнгө нь байшингийн төлбөр байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой байх, хуульд нийцсэн эргэлзээгүй байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна гэжээ.

5.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Давж заалдах гомдолд хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй нь хэргийг анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл болно гэж дурдсан боловч энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Маргаан бүхий зуслангийн байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, газрын зөвшөөрөлгүй. Мөн хариуцагч М.М нь нэхэмжлэгчтэй гэрээ хэлцэл хийж, мөнгө шилжүүлж авсан талаар үйл баримт тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч У.М нь хариуцагч М.М-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай гэх 5х5 м.кв хэмжээтэй зуслангийн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, уг байшинг Ц.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 24-25/

3.   У.М нь Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай гэх 5х5 м.кв хэмжээтэй зуслангийн байшинг худалдан авахаар Г.Т-тэй тохиролцож, байшингийн үнэд нийт 7,500,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан гар бичмэл, ХААН банк ХК дахь депозит дансны хуулга зэргээр нотлогдсон. /хх 7, 8-15/

Иймд ...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

4.   Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай гэх 5х5 м.кв хэмжээтэй зуслангийн байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, газар нь газар эзэмших/өмчлөх эрхийн гэрчилгээгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан ...ямар ч бичиг баримтгүй байшин байсан... гэсэн тайлбар, хариуцагчийн гаргасан ...байшинг газрын зөвшөөрөл гараагүй учраас зарах бодолтой... гэсэн тайлбар зэргээр тогтоогдсон. /хх 1-2, 24-25/

Иймд маргаан бүхий байшин нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ...эрхийн зөрчилгүй... байх шаардлагыг хангаагүй буюу худалдах, худалдан авах гэрээний зүйл байж чадахгүй.

5.   Нэхэмжлэгч У.М-ыг маргаан бүхий зуслангийн байшин, газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ...Ц.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх... тухай шаардлагыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч У.М нь хариуцагчаар Ц.О-ийг тодорхойлоогүй атлаа түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

6.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр байшинг бариулсан гэх Ц.О оролцох нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул ...гуравдагч этгээдээр Ц.О ийг оролцуулах хүсэлтийг хангаагүй... гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /хх 21, 23/

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Г.Т-ийг гэрчээр асуулгах тухай... хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаагүй байх тул ...мөнгө авсан гэх Г.Т-өөс гэрчийн мэдүүлэг аваагүй... гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн адил хангахгүй.

8.   Нэхэмжлэгч У.М нь Г.Т-тэй хийсэн хэлцлийн улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/00485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР