Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Их  хунт ББН-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

                Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Мөнххайрхан сум, Сэнхэр багт байрлах, 2240971 дугаарын регистртэй, Их хунт ББН-ийн нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, ПЙ94043001 дугаарын регистртэй, Оорцог овогт Гал-Одын Үүлэнсолонгод холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12,343,532 төгрөг, олох байсан орлогод 2,053,440 төгрөг нийт 14,396,972 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлий агуулга:” Хариуцагч Г.Үүлэнсолонго нь Их Хунт ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгөнөөс завшиж, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдснийг 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 5/20 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоосон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас тус нөхөрлөлд 13,543,532 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү хохирлоос Г.Үүлэнсолонгийн аав Ц.Гал-Од 500,000 төгрөг, ээж Д.Янжиндулам 100,000 төгрөг барагдуулсан бөгөөд Г.Үүлэнсолонго дэлгүүрийн орлогоос мал авахаар А.Мандалбаярт дансаар 300,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг шилжүүлснээ хүлээн зөвшөөрч А.Мандалбаяраас 600,000 төгрөгийг буцаан авахыг хүлээн зөвшөөрсөн тул 4 удаагийн гүйлгээгээр авсан 600,000 төгрөгөө хасахад үлдэгдэл 12,343,532 төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нөхөрлөлд учирсан хохирол нь найман нэрийн хүнсний дэлгүүрийн бараа, материал бэлэн мөнгөний орлого бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авч, авсан зээл, түүний хүүг төлж ашиг олохын тулд худалдаа, үйлчилгээний бизнесээ эрхэлдэг. Нэгэнт 13,543,532 төгрөгийн цэвэр ашгийг тодорхойлж гаргах боломжгүй ч дээрх үнийн дүнгийн банкны зээлийн хүүг тодорхойлж, гаргуулж авах нь бизнесийн хувьд алдалгүй ажиллаж буй хэлбэр буюу олох ёстой байсан ашиг юм. Нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Р.Басангомбо 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкнаас бараа татан авах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар нэг жилийн 26,4% -ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 30,000,000 / гучин сая төгрөг/-ийн зээл авч бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. Г.Үүлэнсолонго нь дэлгүүрийн хөрөнгө, мөнгөнөөс 13,543,532 төгрөг завшаагүй байсан бол үндсэн зээлээс дээрх дүн хасагдаж, хасагдсан үнийн дүнгийн хүү хэмнэж алдалгүй ажиллаж улмаар нэмэлт ашиг олох байсан. Гэвч Г.Үүлэнсолонго 13,543,532 төгрөг завшсанаар манай нөхөрлөл бизнесийн ашигаа алдахын зэрэгцээ хохирол учирсан үнийн дүнгийн хүүг үр ашиггүй төлж Г.Үүлэнсолонгийн гэмт үйлдлээс болж бизнесийн эрсдэл үүрч байна. Иймээс Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нөхөрлөлд учирсан хохирлоос түүний аав, ээжийн барагдуулсан болон бусдаас хохиролд тооцож авсан 1,200,000 төгрөгийг хасаж барагдуулаагүй үлдсэн хохирол болох 12,343,532 төгрөгөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл өдрийг хүртэл 230 хоногийн хүү 2,053,440 /12,343,532*26,4%/365= 8928 төгрөг (1 өдрийн хүү), 8928*230хоног= 2,053,440/ төгрөгийн хүүг олох ёстой байсан орлогод тооцож нэхэмжилж байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12,343,532 төгрөг, олох байсан орлогод 2,053,440 төгрөг нийт 14,396,972 /арван дөрвөн сая гурван зуун ерэн зургаа мянга есөн зуун далан хоёр төгрөг / төгрөгийг хариуцагч Г.Үүлэнсолонгоос гаргуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээж өгнө үү “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 2 сар 17 хоногийн хугацаанд Р.Басангомбын эхнэр У.Оюунбилэгийн хүсэлтээр Их хунт дэлгүүрт худалдагчаар ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй. Ажиллаж байх хугацаандаа өдөр бүр дэлгүүрийнхээ орлогыг тушааж гарын үсэг зуруулдаг байсан. Склад болон дэлгүүрийн түлхүүрийг орой явахдаа гэр нь үлдээгээд явдаг байсан. Өглөө 9 цагт дэлгүүрээ онгойлгож орой 21 цагт хаадаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Р.Басангомбо нь өөрөө дэлгүүрийнхээ түлхүүрийг аваад явж бай гэж хэлсэн. Түүнээс хойш байнга авч явдаг болсон. Бараа таваар илүү их татаж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна гээд илүү цагаар ажиллуулдаг байсан. Илүү цагаар ажиллуулсаны мөнгийг өгдөггүй байсан. Оройд дэлгүүрээ хаахад өөрөө хяналт тавиад, өдөр бүрийнхээ орлогыг аваад намайг явуулдаг байсан. Шинэ бараа хүлээж авах үед ямар нэгэн шалтгаангүйгээр байнга доромжилж, уурлаж, загнадаг байсан. Ийм нөхцөл байдлыг удаа дараа гаргаад байхаар нь худалдагчаар ажиллахгүй гэсэн санал хэлсэн боловч өөр худалдагч байхгүй зогс гэж хэлсэн гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Үүлэнсолонгоос 12,343,532 /арван хоёр сая гурван зуун дөчин гурван мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их Хунт ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2,053,440 /хоёр сая тавин гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Их хунт ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяагийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,805 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 182,130 /нэг зуун наян хоёр мянга нэг зуун гуч/ төгрөгийг нэхэмжлэгч Их хунт ББН-өөс гаргуулж төрийн санд оруулж, хариуцагч Г.Үүлэнсолонгоос улсын тэмдэгтийн хураамж 212,447 /хоёр зуун арван хоёр мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их Хунт ББН-д олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Прокуророос хэрэг бүртгэлийг хааж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан зохицуулалт хамааралгүй гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 132-136 дугаар зүйлүүдээр ажил олгогчоос ажилтанд эд хөрөнгийн хариуцлага харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Их хунт ББН-ний орлогыг тодорхойлсон татварын тайлан хавтаст хэрэгт байхгүй, Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгууллага гэжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсаныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно гэжээ. Барааны бүртгэлийн тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны баримт хөтөлж тооллого тооцоо бодолтоо баримтжуулаагүй байхад анхан шатны шүүх нь бараа, материал, бэлэн мөнгө 12,343,532 төгрөг дутагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2929 дугаартай албан тоотод эдийн засгийн шинжилгээ хийхэд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргаагүй байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дэх заалтыг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт бичиг биш, санхүүгийн эрх бүхий албан тушаалтаны дүгнэлт хийх боломжгүй гэсэн. Гэтэл шүүх эргэлзээтэй нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нв хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Үүлэнсолонгоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12.343.532 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл өдөр буюу 230 хоногийн хүү 2.053.440 төгрөг бүгд 14.396.972 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Г.Үүлэнсолонго нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Их Хунт ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 12.343.532 төгрөгийн дутагдал гаргаж, үүнийгээ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн зөвшөөрч баталгаа болгож, баримт бичиж өгсөн. ... тус дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгийг дутагдуулж, завшсан үйлдэлд 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан “Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5/20 дугаартай Ховд аймгийн Прокурорын газрын тогтоолоор тогтоогдсон...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ нотлохоор Их Хунт бүх гишүүд  бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5/20 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, /1 дүгээр хх-ийн 5, 8-10 дугаар тал/  эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан С.Оюунжаргал, Ү.Энхтуяа, Ц.Тунгалаг, Х.Хандсүрэн, Б.Цогзолмаа, Б.Галбадрах, Р.Басангомбо, Ц.Гал-Од нарын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 14-36 дугаар тал/ талууд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Г.Үүлэнсолонгоогийн бичиж өгсөн гэх баримт, У.Оюунбилэгийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, депозит дансны хуулга, /1 дүгээр хх-ийн 11-13, 37-39, 53-61, дугаар тал/ Эд мөрийн баримтаар тооцох тогтоол тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хх-ийн  172-174  дугаар тал/   Г.Үүлэнсолонгод бараа хүлээлгэж өгсөн, авсан тухай /9 ширхэг тооцоолсон барааны дэвтэр/ 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5/20 дугаартай Ховд аймгийн Прокурорын газрын тогтоол зэрэг бичмэл баримтуудыг гаргаж өгчээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардлага 12.343.532 төгрөг нь хэдэн нэр төрлийн хичээн тоо ширхэгтэй, зах зээлийн үнэлгээгээр хэдэн төгрөгийн үнэтэй ямар бараа материал байгаа нь тодорхойгүй, мөн олох ёстой байсан орлого 2053440 төгрөгийг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй байх тул түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Бодит байдал дээр Г.Үүлэнсолонго нь Их Хунт бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн найман нэрийн хүнсний барааны дэлгүүрт 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Дээрх үйл баримтаас үзвэл худалдагч нь тохиролцсоноороо худалдагчийн ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь түүнд хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд талуудын дээрх тохиролцоонд үндэслэж, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрч С.Оюунжаргал, Энхтуяа, Ц.Тунгалаг, Х.Хандсүрэн, Б.Цогзолмаа, Б.Галбадрах, Р.Басангомбо, Ц.Гал-Од нарын мэдүүлэг, У.Оюунбилэгийг хохирогчоор байцаасан тэмдэглэл зэрэг бичмэл баримтууд нь энэ иргэний хэрэгт хамааралтай, уг гэрчийн мэдүүлгүүдийн агуулгад дурдагдсан гэх үйл баримт 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5/20 дугаартай Ховд аймгийн Прокурорын газрын тогтоолоор тогтоогдсон байна.

Уг тогтоолоор Г.Үүлэнсолонго нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан “Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч тал Г.Үүлэнсолонгын үйлдсэн гэх “Мөнххайрхан сумын Их Хунт хоршооны дэлгүүрт худалдагчаар 2017 оны 05 дугаар сарын 25-нд ажилд орж 2 сарын гэрээтэй ажиллахдаа бараа материал бэлэн мөнгө дутагдуулсан зөрүү үлдэгдэл 12.943.532 төгрөгийг зөвшөөрч байна” гэсэн агуулгатай бичмэл баримтыг нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Уг нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь Г.Үүлэнсолонго 12.943.532 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан Г.Үүлэнсолонгын 12.943.532 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бичгийн баримт, 9 ширхэг дэвтэр дээрх бичилт нь тохирч байгаа бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна. 

Нэхэмжлэгч тал  “Г.Үүлэнсолонго анх Их Хунт ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд ороход түүнд худалдаалах барааг (төрөл, тоо ширхэг, үнээр нь ангилж) хүлээлгэж өгсөн”, “хүлээлгэж өгсөн бараанаас худалдсан барааны тоо, ширхэг, үнэ”,” Г.Үүлэнсолонго нь худалдагчаар ажилласан хугацаанд орлогыг бэлэн мөнгөөр хүлээлгэж өгсөн тооцоо”, “лангууд худалдагдаагүй үлдсэн барааны тоо, ширхэг, үнэ”, “анх хүлээлгэж өгсөн бараанд бараа нэмж хүлээлгэж өгсөн тухай жагсаалт”, “Г.Үүлэнсолонгын худалдагчийн ажлаас чөлөөлөгдөхдөө барааг хүлээлцсэн” “эд хөрөнгийн алдагдал хүлээсэн барааны тоо, төрөл, үнэ”   зэрэг бичмэл баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэхэд  чухал ач холбогдолтой гэж шүүхэд гаргаж өгчээ.(хэрэгт тусгайлан нотлох баримт гэж ирүүлсэн 9 ширхэг дэвтэр)

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, бодитойгоор харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа үүссэн ба хөлсөөр ажиллуулагч Их Хунт ББН нь ажиллагч Г.Үүлэнсолонгоос өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж, үндэслэлээ Г.Үүлэнсолонго нь худалдагчаар ажиллах хугацаанд худалдаалах эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгүүлэгчийн эд хөрөнгийг алдагдалд оруулсан гэж үзэж, үүрэг гүйцэтгэгчээс дутагдуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн алдагдлын үнэ 14.396.972 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                       Б.ДАМБА

                     

                                                                                                    Н.ТУЯА