Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00397

 

Их хунт ББН-ийн нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 45 дугаар магадлалтай,

 Их хунт ББН-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох, 

14,396,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Их хунт ББН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Их Хунт ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгөнөөс завшиж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдснийг 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 5/20 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоосон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас тус нөхөрлөлд 13,543,532 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү хохирлоос Г.Үүлэнсолонгийн аав Ц.Гал-Од 500,000 төгрөг, ээж Д.Янжиндулам 100,000 төгрөг барагдуулсан бөгөөд ******* дэлгүүрийн орлогоос мал авахаар А.Мандалбаярт дансаар 300,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг шилжүүлснээ хүлээн зөвшөөрч А.Мандалбаяраас 600,000 төгрөгийг буцаан авахыг хүлээн зөвшөөрсөн тул 4 удаагийн гүйлгээгээр авсан 600,000 төгрөгөө хасахад үлдэгдэл 12,343,532 төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Цэвэр ашгийг тодорхойлж гаргах боломжгүй ч дээрх үнийн дүнгийн банкны зээлийн хүүг тодорхойлж, гаргуулж авах нь бизнесийн хувьд алдалгүй ажиллаж буй хэлбэр буюу олох ёстой байсан ашиг юм. Нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Р.Басангомбо 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкнаас нэг жилийн 26,4% -ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийн зээл авч бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч ******* 13,543,532 төгрөг завшсанаар манай нөхөрлөл бизнесийн ашигаа алдахын зэрэгцээ хохирол учирсан үнийн дүнгийн хүүг үр ашиггүй төлж Г.Үүлэнсолонгийн гэмт үйлдлээс болж бизнесийн эрсдэл үүрч байна.

Иймээс Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нөхөрлөлд учирсан хохирлоос түүний аав, ээжийн барагдуулсан болон бусдаас хохиролд тооцож авсан 1,200,000 төгрөгийг хасаж барагдуулаагүй үлдсэн хохирол болох 12,343,532 төгрөгөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл өдрийг хүртэл 230 хоногийн хүү 2,053,440 төгрөгийн хүү нийт 14,396,972 төгрөгийг хариуцагч *******ос гаргуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 2 сар 17 хоногийн хугацаанд Р.Басангомбын эхнэр У.Оюунбилэгийн хүсэлтээр Их хунт дэлгүүрт худалдагчаар ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй. Ажиллаж байх хугацаандаа өдөр бүр дэлгүүрийнхээ орлогыг тушааж гарын үсэг зуруулдаг байсан. Склад болон дэлгүүрийн түлхүүрийг орой явахдаа гэрт нь үлдээгээд явдаг байсан. Өглөө 9 цагт дэлгүүрээ онгойлгож орой 21 цагт хаадаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Р.Басангомбо нь өөрөө дэлгүүрийнхээ түлхүүрийг аваад явж бай гэж хэлсэн. Түүнээс хойш байнга авч явдаг болсон. Бараа таваар илүү их татаж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна гээд илүү цагаар ажиллуулдаг байсан. Илүү цагаар ажиллуулсны мөнгийг өгдөггүй байсан. Оройд дэлгүүрээ хаахад өөрөө хяналт тавиад, өдөр бүрийнхээ орлогыг аваад намайг явуулдаг байсан. Шинэ бараа хүлээж авах үед ямар нэгэн шалтгаангүйгээр байнга доромжилж, уурлаж, загнадаг байсан. Ийм нөхцөл байдлыг удаа дараа гаргаад байхаар нь худалдагчаар ажиллахгүй гэсэн санал хэлсэн боловч өөр худалдагч байхгүй зогс гэж хэлсэн гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ос 12,343,532 /арван хоёр сая гурван зуун дөчин гурван мянга таван зуун гучин хоёр/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их Хунт ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2,053,440 /хоёр сая тавин гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Их хунт ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяагийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,805 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 182,130 /нэг зуун наян хоёр мянга нэг зуун гуч/ төгрөгийг нэхэмжлэгч Их хунт ББН-өөс гаргуулж төрийн санд оруулж, хариуцагч *******ос улсын тэмдэгтийн хураамж 212,447 /хоёр зуун арван хоёр мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их Хунт ББН-д олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 45 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ны өдрийн 45 дугаартай Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт прокуророос хэрэг бүртгэлийг хааж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан зохицуулалт хамааралгүй гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 132-136 дугаар зүйлүүдээр ажил олгогчоос ажилтанд эд хөрөнгийн хариуцлага харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Учир нь ажилтны ажил олгогчид хохирол учруулсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллагаас хааж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байх эрх зүйн үндэслэл биш гэж үзэж байна. Их хунт ББН-ийн орлогыг
тодорхойлсон татварын тайлан хавтаст хэрэгт байхгүй, Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна гэжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно гэжээ. Барааны бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны баримт хөтөлж тооллого, тооцоо, бодолтоо баримтжуулаагүй байхад анхан шатны шүүх нь бараа, материал, бэлэн мөнгө 12,343,532 төгрөг дутагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч Их хунт ББН нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш санаачлагаараа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд өөрчлөөгүй. Гэхдээ шүүхийн цагаатгах тогтоолоор иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисон, эсхүл эрүүгийн хэргийг прокурор, шүүх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай гэж үзэхгүй бөгөөд улмаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Их хунт ББН нь 12,343,532 төгрөгийн орлого олох хэмжээний бараатай байсан эсэх, хэдэн төгрөгийн бэлэн мөнгө дутаасан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэг бүрчлэн тодорхойлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй. Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.3-т Удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар бүртгүүлэх, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно гэжээ. Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж эрх зүйн байдлыг тодруулсангүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 сарын 24-ны өдрийн 2929 дугаартай албан тоотод Эдийн засгийн шинжилгээ хийхэд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргаагүй байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дэх заалтыг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт бичиг биш, санхүүгийн эрх бүхий албан тушаалтны дүгнэлт хийх боломжгүй гэсэн. Гэтэл шүүх нь эргэлзээтэй нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ны өдрийн 45 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ. 

ХЯНАВАЛ 

Их хунт ББН нь *******ос 14,396,972 төгрөг гаргуулах шаардлагыг дутагдуулсан барааны үнэ  12,343,532 төгрөг, олох байсан орлого 2,053,440 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 12,343,532 төгрөгийн шаардлагыг хангахдаа ...зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагч ажиллаж байх хугацаандаа бараа, материал, бэлэн мөнгө дутагдуулсан гэсэн дүгнэлт хийжээ.  

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ ...Г.Үүлэнсолонгын 12,343,532 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бичгийн баримт, 9 ш дэвтэр дээрх бичилт нь тохирч байгаа бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, ...татгалзлаа нотолж чадаагүй... гэжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Р.Басангомбо, У.Оюунбилэг нар нь Их хунт ББН-ийн гишүүн бөгөөд ******* нь 2017.5.27-ны өдрөөс 2017.8.15-ны хооронд тус нөхөрлөлийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.  

Хариуцагч нь худалдагчаар ажиллаж байхдаа бараа дутагдуулсан болох, төлбөрийг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог. 

******* дэлгүүрт худалдагчаар ажиллах, нэхэмжлэгч нь хөлс төлөхөөр тохиролцсоноос үзвэл талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, анхан шатны шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, уг алдааг давж заалдах шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу.  

Зохигчийн хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэн аль нь гэрээнд заасан үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлд Г.Үүлэнсолонгын ...зөрүү үлдэгдэл 12,943,532 төгрөг болохыг зөвшөөрч байна гэх 2 баримт, мөнгө болон бараа нийт 4,304,300 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэх баримт болон Их хунт ББН гэж бичсэн дэвтрийг дурдсан байх ба эдгээр нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Г.Үүлэнсолонгыг анх худалдагчаар ажилд авахдаа хичнээн нэр төрлийн, ямар үнийн дүнтэй бараа хүлээлгэн өгсөн, өдрийн орлого, зарлагыг хэрхэн тооцдог байсан, өр төлбөрийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан бараагаа дутагдуулсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.  

Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ямар төрлийн хэдэн төгрөгийн барааг хариуцагч хүлээн авсан, үүнээс хэдийг буцааж өгсөн болох, дутагдуулсан барааны тоо хэмжээний талаар дурдаагүй тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан баримтаар нэхэмжлэлийг хангах боломжгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна, 42.2.-т зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж заасан ба хариуцагчийн ...ямар нэг гэрээ байгуулаагүй,...орой дэлгүүр хаахад хяналт тавиад өдрийнхөө орлогыг авдаг гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Харин хариуцагч ажиллаж байх хугацаандаа 4,304,300 төгрөгийн бараа, бэлэн мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 45 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2019/00360 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т заасныг баримтлан хариуцагч *******ос 4,304,300 /дөрвөн сая гурван зуун дөрвөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Их хунт ББН-д олгож, нэхэмжлэлээс 10,092,672 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ...212,447... гэснийг ...83,819... гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 212,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

 Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД