Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/00012

 

 

 

 

 

 

 

 

2023 12 21 101/ШШ2024/00012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Б овогт Г ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 2 тоот хаягт оршин суух, Ц******* ******* овогт Д*******гийн Э******* /РД:*******/-д холбогдох,

 

22,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*******,

Гэрч Б.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Г.******* нь Баянзрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж Т үйлчилгээтэй 6 давхар орон сууцны барилгад гадна дулааны ажлыг Д******* овогтой Э******* гэдэг хүнээр хийлгүүлэхээр тохирч ажлын хөлс гэж 2018.08.07-нд 2.000.000 төгрөг, 2018.08.28-нд 300.000 төгрөг, 2018.09.25-нд 10.000.000 төгрөг, 2018.10.01-нд 2.500.000 төгрөг, 2018.10.12-нд 4.000.000 төгрөг, 2018.10.13-нд 4.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дугаар данснаасаа Д.Э*******гийн ХААН банкны дугаартай дансанд хийж шилжүүлсэн. Ингээд Д.Э******* нь нийт 22.800.000 төгрөгийг авсан.

Д.Э******* нь манай хүргэн хүү Дулааны шугам шүлжээнд ажилладаг, энэ ажлыг чинь хурдан сайн чанартай хийгээд өгнө гэж хэлсэн учраас би итгээд бүх мөнгөө өгчихсөн юм.

Гэтэл Д.Э******* ажил хийж өгнө гэж миний мөнгийг авчаад олдохгүй гэнэт алга болсон тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.06.10-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Д.Э*******гийн оршин суух хаяг, хаана байгаа эсэх нь тодорхойгүй байсан учир Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Э*******г эрэн сурвалжлах шийдвэр гарч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2021.03.04-ны өдөр олж тогтоосон. Үүний дагуу түүний оршин суудаг нь тогтоогдсон учир харьяалалын дагуу дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Д******* овогтой Э******* нь надад барилгын гадна дулааны ажил хийж өгөөгүй тул 22.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э******* татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.******* нь 2018 оны 8-р сарын эхээр хэд хэдэн удаа дуудаж санал тавихдаа дүгээр хорооны иргэн Ж.Т үйлчилгээтэй 6 давхар орон сууцны арилгын дулааны техникийн нөхцөлийг гаруулах ажлын хөлсөнд надад 20.000.000 төгрөгийг өгөхөөр ам тохиролцоо хийсэн юм.

Өмнөх барилгын техникийн нөхцлийг гаргуулахад 70 сая төгрөг төлж байсан одоо 20 сая төгрөг л гаргах боломжтой илүү бол чадахгүй тэгвэл би өөр хүнээр гаргуулна гэж ярьж байсан.

Би тэгэхэд Г.*******ыг энэ ажлыг хийж гүйцэтгэхэд Ж.Т надад итгэмжлэл авч өг гэхэд гэхэд тань руу итгэмжлэл өгөхгүй байх гээд та бид 2 бие биеэ мэдэхгүй биш гээд та миний хэлсэн тохиролцооны дагуу 20,000,000 төгрөгөнд багтааж, Баянзүрх дүүргийн -р хорооны Иргэн Ж.Т үйлчилгээтэй 6 давхар орон сууцны Дулааны техникийн дүгнэлтийг зохих журмынх нь дагуу гаргуулах ам тохиролцоонд хүрсэн нь үнэн.

Ам тохиролцооны дагуу Г.*******аас Д******* Э******* гэх мэссэнжер хаягруу 6 ш баримтыг/ Түшинжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Ж.Т үйлчилгээний орон сууцны барилгын скиз зураг-2 хуудас/ гэх мэт баримтыг надруу илгээсэн дараагаар ажлын урьдчилгаа 2.000.000 төгрөгийг 2018.08.07-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Ингээд Э******* миний бие Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д өргөдөлд Ж.Т өмнөөс өргөдөл, өргөдлийн агуулгыг бичиж, өмнөөс нь гарын үсэг, зурж, өргөдөл дээр өөрийн утас болох дугаарыг оруулж, цахимаар бүртгүүлэх бух бичиг баримтаа болгоод бэлэн болсон тухай Г.*******д хэлж мөнгөө шилжүүл гэж хэлсний дагуу Г.******* нь 2018.09.25-ны өдөр 10.000.000 төгрөгийг надруу ажлын хөлсөнд шилжүүлсэн. Ингээд би тус материалыг цахимаар 2018 оны 09-р сарын 27-ны өдрийн 13:27 минутад илгээсэн.

Ингээд Д.Э******* миний Ж.Т 6 давхар үйлчилгээтэй орон суцны барилгын дулааны техникийн нөхцөлийн дүгнэлт гаргахад шаардсан бүх бичиг баримтын бүрдүүлбэр хийсэн бүх нотлох баримт хууль дүрмийн дагуу бүртгэгдэж бүхэл шалгуурыг хангасан учраас 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн УБДС ТӨХК-н техникийн комиссын цахим хурлаар орж техникийн нөхцөлийн № тоот дүгнэлт гаргуулснаар миний тохиролцсон ажлаа хийж дууссан тухайгаа Г.*******д мэдэгдэж үлдэх төлбөр 2018.10.12-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 10-р сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус миний хаан банкны тоот дансруу шилжүүлж би биеэрээ очиж техникийн № тоот дүгнэлтийг эх хувиар нь Г.*******д гардуулж өгснөөр миний ажил дууссан. Түүнээс биш нэхэмжлэлд дурдагдаад байгаа гадна дулааны ажлын талаар огт тохиролцоонд хүрээгүй.

Г.******* нь 2018.08.28-ны өдөр над руу шилжүүлсэн 300.000 төгрөг нь техникийн нөхцөлийн хөлсөнд хамааралгүй бөгөөд Г.*******ы өөрийнх нь баригдсан хорооны нутаг дэвсгэр дээр баригдсан 35 айлын орон сууцны 3 шт орон сууцны гэрчилгээг -н улсын бүртгэлийн газраас гаргуулахад бичиг баримтын бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамж төлөх, нотариат зэргийн төлбөрт тооцон 300.000 төгрөгийг шилжүүлж байсан.

Мөн 2018.10.01-ны өдөр миний хамтран ажилладаг орос компаний захирал С машиныг нь барьцаалаад 5 сая төгрөг зээлсэн, тэр зээлсэн мөнгөний эхний төлбөрийг над руу шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ 2.500.000 төгрөг нь миний ажлын хөлсөнд өгөөгүй.

Г.******* нь өөрөө энэ мөнгийг шилжүүлэхдээ 5 сая буцаана гэх утгаар шилжүүлсэн байх бөгөөд энэ мөнгийг би С эхнэр Э.-н данс руу буцаан 2019.10.02-нд шилжүүлсэн.

2.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний хийсэн ажлын хөлсөнд огт хамааралгүй юм.

Г.******* нь надтай харилцаа холбоотой байсан төдийгүй, техникийн дүгнэлт гаргуулсаны дараа өөр хэд хэдэн ажлыг гуйж хийлгүүлж байсан нь ба үүнээс хойш над руу өөр ажлын мөнгө шилжүүлж байсан. Үүнд :

2019.04.26-нд 2.000.000 ₮ Т.гийн барилгыг Улсын бүртгэлд бүртгүүлэх ажил гүйцэтгэхэд, 2019.05.09-нд 170.000 ₮ 38 А байрны 17 тоотын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах ажлыг хийж гүйцэтгэхэд, 2019.06.10-нд 500.000 ₮-Барилга эхлүүлэх зөвшөөрөл авах ажлыг хийж гүйцэтгэхэд, эхнэр Т. нь Хаан банкны тоот өөрийн данснаас 1.500.000 ₮ -ийг Дулааны комиссын актанд гарын үсэг зуруулах ажлыг хийж гүйцэтгэхэд зориулан 2020.04.29-нд шилжүүлж байсан.

Иймд Г.*******тай барилгын гадна дулааны ажил хийх гүйцэтгэх талаар тохиролцоогүй тул 22.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Гэрч Б.Э******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Хэргийн 132 талд авагдсан иргэн Ж.Т үйлчилгээтэй орон сууцны № дугаартай техникийн нөхцөл УБДС ТӨХК-иас олгогдсон техникийн нөхцөл мөн байна. Уг техникийн нөхцлийг манай байгууллагын өмнөөс хэн нэгэн хуулийн этгээд, иргэн хөндлөнгөөс төлөвлөх, олгох боломжгүй, техникийн нөхцлийг олгоход гаднын ямар нэгэн нөлөөлөл байх ёсгүй. Техникийн нөхцөл олгоход шаардлагатай тухайн газрын гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг, план зураг болон бусад шаардлагатай баримтыг шаарддаг. Зарим тохиолдолд цахимаар ирүүлсэн баримтууд шаардлага хангадаггүй тул хүсэлт гаргагчтай утсаар ярьж тодруулж авах тохиолдол гардаг. Шаардлага хангасан баримтыг үндэслэн дулаанаар хангах техникийн нөхцөл олгогддог, шаардлага хангаагүй бол олгох боломжгүй гэв.

 

4. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

4.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн : нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******аас 2021.12.01-ний өдөр Б.Ч*******ад олгосон итгэмжлэл, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.03.04-ний албан бичиг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн байгууллагад Д.Э*******гийн 2020.02.05-ны өдөр гаргасан баталгаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 3102 дугаар албан бичгийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.06.17-ны өдрийн 9615 дугаар захирамж, Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018.07.20-ны өдрийн Итгэмжилсэн зөвшөөрөл олгох тухай, 000077926 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.06.15-ны өдрийн 286/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Г.*******ы Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,Т буянт дуут ХХК-ийн 2019.02.28-ны өдрийн УБДС ТӨХК, УСУГ- т хаягласан албан бичиг, 2019.02.28-ны өдрийн 232 бүртгэлийн дугаартай Г.*******, нарын хоооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ /1 хх-ийн 1-, 36-60, 74-76/,

4.2.Хариуцагчаас ирүүлсэн: Д.Э*******гаас 2021.01.06-ны өдөр И.Э*******т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, УБДС ТӨХК-ийн 2022.03.09-ний өдрийн албан бичиг, УБДС ТӨХК-д гаргасан хүсэлт, Д.Э*******гаас 2022.03.22-ны өдөр И.Э*******т олгосон итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Д.Эн*******гийн Хаан банкны дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, Мобикомын 2022.04.05-ны өдрийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Э*******гаас 2023.05.30-ны өдөр И.Э*******т олгосон итгэмжлэл /1 хх-ийн 21-22, 77-78, 3, 4-5, 172-173, 174-182, 2 хх-ийн 75/,

4.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Т.гийн мэдүүлэг, 2022.03.21-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, УБДС ТӨХК-ийн 2022.03.17-ны өдрийн 01/440 дугаартай албан бичиг,  дугаартай Техникийн нөхцөл, 2018.08.22-ны өдрийн 6 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралтууд, гэрч А.ы мэдүүлэг, гэрч Ц.ы мэдүүлэг, гэрч Г.ын мэдүүлэг, гэрч Д.ын мэдүүлэг, УБДС ТӨХК-ийн 2023.08.21-ний өдрийн 01/1809 тоот албан бичиг, гэрч  Б.Э*******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 91-93, 97-130, 131-2, 211-218, 2 хх-ийн 2, 9, 103-106 / зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь орон сууцны барилгын гадна дулааны ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Д.Э*******д холбогдуулан гаргасан.

2. Хариуцагч нь барилгын гадна ажил гүйцэтгэх талаар тохиролцоогүй, харин барилгын дулааны техникийн нөхцөл гаргуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, үүний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, иргэн Ж.Т үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна дулааны ажлыг хийлгэхээр тохиролцож, 22,800,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч уг ажлыг гүйцэтгээгүй тул ажлын хөлсийг буцаан шаардсан гэж тайлбарласан.

 

5. Хариуцагч нь барилгын гадна дулааны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй, харин уг барилгын техникийн нөхцлийг гаргуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, 20,000,000 төгрөгийг хүлээн авсан, уг ажлыг хийж гүйцэтгэн техникийн нөхцлийг хүлээлгэн өгсөн, 2018.08.28-ны өдрийн Taivan утгаар шилжүүлсэн 300,000 төгрөг, 2018.10.01-ний өдрийн "Zeel 5 say buzaana" утгаар шилжүүлсэн 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг нь энэхүү ажилд хамааралгүй гэж тайлбарласан.

6. Нэхэмжлэгч Г.******* нь 2018.08.07-ны өдөр Dulaan khai утгаар 2,000,000 төгрөг, 2018.08.28-ны өдөр Taivan утгаар 300,000 төгрөг, 2018.09.25-ны өдөр  dulaan утгаар 10,000,000 төгрөг, 2018.10.01-ний өдөр Zeel 5 say buzaana утгаар 2,500,000 төгрөг, 2018.10.12-ны өдөр  dulaan утгаар 4,000,000 төгрөг, 2018.10.13-ны өдөр  dulaan утгаар 4,000,000 төгрөг, нийт 22,800,000 төгрөгийг 2018.10.12-ны өдөр  dulaan утгаар 4,000,000 төгрөг, 2018.10.13-ны өдөр  dulaan утгаар 4,000,000 төгрөг, нийт 22,800,000 төгрөгийг Хаан банкны дугаарын данснаас хариуцагч Д.Э*******гийн  дугаарын данс руу шилжүүлсэн, зохигч үүнтэй маргаагүй. /1 хх-ийн 9-/

 

7. Хариуцагч нь 2018.09.27-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд хандаж Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамж, 484 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, 398 мкв талбайтай газар дээр үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай, зоорийн давхар бүхий 6 давхар барилгыг дулаанаар хангах техникийн нөхцлийг гаргуулах хүсэлт-ийг иргэн Ж.Т нэр, регистрийн дугаар, өөрийн эзэмшиж буй утасны дугаар бичсэн хүсэлтийг гаргасан байна. /1-хх-ийн 2/

8. Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг, энэ хуулийн 22.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бөгөөд хүсэлтэд эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, барилга барих газрын нэгж талбарын кадастрын зураг, түүний нөхцөл, байдлыг харуулсан гэрэл зураг, хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,өргөдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх тохиолдолд итгэмжлэл, барилга архитектурын загвар зураг, техникийн нөхцөл олгоход шаардагдах барилга байгууламжийн хүчин чадал, инженерийн хангамжийн хэрэгцээг тодорхойлсон мэдээлэл зэрэг баримт бичгийг хавсаргахыг заасан.

8.а. Үүний дагуу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Ж.Т нэр, регистрийн дугаар бичигдсэн дээрх хүсэлт, түүний өмчлөх эрх бүхий, Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамж, 484 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 398 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, барилгын архитектур төлөвлөлтийн 6 дугаар даалгавар, байршлын тойм зураг, орон сууцны барилгын зураг зэрэг баримт бичгийг үндэслэн № дугаар техникийн нөхцлийг олгосон байна./1 хх-ийн 131-1/

 

8.б. Энэхүү техникийн нөхцлийн талаар гэрч Б.Э******* нь шүүх хуралдаанд :УБДС ТӨХК-ийн өмнөөс хэн нэгэн хуулийн этгээд, иргэн дулааны техникийн нөхцөл олгохоор төлөвлөх, үүний үндсэн дээр олгох боломжгүй, техникийн нөхцлийг ямар нэгэн гаднын нөлөөлөл, оролцоогүй олгодог... гэж мэдүүлсэн.

 

8.в. Дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь барилгын гадна дулааны ажил хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэх, хариуцагч нь техникийн нөхцөл гаргуулахаар тохиролцсон гэх, өөрөөр хэлбэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлийг зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай.

 

9.а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан УБДС ТӨХК-иас ирүүлсэн баримт, Хаан банкны дансны хуулга, гэрч Б.Э*******ын мэдүүлэг зэрэг баримтаас үзэхэд хариуцагч Д.Э******* нь дулааны техникийн нөхцөл гаргах эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдож байх тул тэрээр дулааны ажил утгаар нэхэмжлэгч Г.*******аас шилжүүлсэн 20,000,000 төгрөг буцаан өгөх үүрэгтэй, тодруулбал тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй юм.

 

Харин нэхэмжлэгчээс 2018.08.28-ны өдрийн Taivan утгаар шилжүүлсэн 300,000 төгрөг, 2018.10.01-ний өдрийн "Zeel 5 say buzaana" утгаар шилжүүлсэн 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг нь дээрх үйл баримтад хамаарахгүй, өөрөөр хэлбэл хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

10. Иймд хариуцагч Д.Э*******гаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан, хариуцагч Д.Э*******гаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32022/07376 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ