Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/04581

 

 

 

 

 

 

 

 

2023 10 23 101/ШШ2023/04581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 тоот хаягт оршин суух, М******* М******* /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ХХК-д /РД: / холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******с,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л*******,

Хариуцагчийн өмгөөлөгч П.А*******,

Гэрч С.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М******* ХХК-ийн эмнэлэгт мэдрэлийн эмчийн албан тушаалд 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн.

2023 оны 02 сарын 13-ны шөнө 01 цагт ХХК-ийн захирал Ж.Л******* Оройн мэнд эмч ээ, гүйцэтгэлийг нилээн харлаа, энэ гүйцэтгэлээр таньд цалин хөлс өгөх боломжгүй. Ингээд туршилтын хугацааг дуусгавар болгоё доо гэсэн чат бичсэн ба маргааш нь өдөр 3 цагт Ж.Л******* захиралтай уулзахад цаашид ажиллуулахгүй гэсэн.

М.М******* тус эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажил, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж байсан ба түүнийг халсан шалтгаан бол хууль бус эмчилгээ хийлгэх, илүү цагаар ажиллуулах зэрэг байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учраас халагдсан.

Илүү цагийн мөнгө өгдөггүй, хүн бүрт компьютер томографын шинжилгээ хий гэсэн даалгаврыг өгдөг ба уг шинжилгээг хүн бүрт хийх боломжгүй, ялангуяа хавдартай хүнд хийх боломжгүй гэж маргаан үүсгэсэн учир ажлаасаа халагдсан.

М.М******* 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1,209,090 төгрөгийг хариуцагч ХХК олгосон.

Иймд М.М*******ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 02 сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 12,697,674 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулан М.М*******д олгож, 2023 оны 01, 02 сарын болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

М.М******* 1 сарын цалин 1,500,000 төгрөг бөгөөд 2023 оны 02 сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл 12,000,000 төгрөг ба 2023 оны 10 сарын 13-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл 10 хоногийн цалин 697,674 төгрөг, нийт 12,697,674 төгрөг болж байгаа гэв.

 

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М******* эмчийг ажилд авах шаардлага байсан ба түүнийг 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 1 сарын туршилтын хугацаагаар мэдрэлийн эмчийн ажилд томилсон. Энэ хугацаанд ажилдаа таарч тохирох эсэхийг харж үздэг.

М.М******* эмчийн тухайд гэвэл цагаасаа эрт явдаг, бусад эмч нартайгаа таарамж муу, үйлчлүүлэгч нь эмчийг хайсан асуудлууд гарсан. Тэрээр 3,000,000 төгрөгийн цалин авахыг хүссэн, манайх түүнд 1,500,000 төгрөгийн цалин санал болгосон ба эмч үндсэн цалин дээрээ гүйцэтгэлээр нэмэлт цалин авах боломжтой.

Гүйцэтгэл нь олсон орлогоосоо шалтгаалдаг ба шинжилгээний 5 хувь, багажийн шинжилгээний 10 хувь гэх мэтээр хувь тооцогддог. М.М******* эмчийн 2023 оны 01 сарын гүйцэтгэл маш бага байсан.

Хөдөлмөрийн гэрээнд 17:30 цагт ажил тарна гэж заасан, 16:30 цагаас ажил тарна гэсэн ойлголт байхгүй, бямба гаригт 9 цагаас 14 цаг хүртэл ажилладаг. М.М******* эмч дур мэдэн эрт тарж үйл ажиллагааны хэвийн байдлыг удаа дараа алдагдуулсан тул хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, цаашид ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн.

Ингээд 2023 оны 02 сарын 09-ний өдөр хүний нөөц н.Ц дуусгавар болгоё гэдгийг хэлсэн бөгөөд н.Ц би М.М*******д хэлчихлээ, ойлголоо гэж хэлсэн гэсэн боловч 2023 оны 02 сарын 10-ны өдөр М.М******* ажил дээр ирсэн байсан.

Би М.М*******аас утсаар асуухад надад тийм зүйл хэлээгүй гэсэн. Ингээд би дэд захирал н.Э руу туршилтын хугацаа нь дууслаа гэж сануулсан. н.Э захирлыг М.М*******д хэлэхгүй байхаар нь олон хоног дэмий байлгаад яахав гэж бодоод 2023 оны 02 сарын 13-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн шөнө би өөрөө М.М*******д туршилтын хугацааг дуусгавар болгоё гэдгээ хэлсэн.

М.М******* эмчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн тушаалыг түүнд танилцуулсан эсэхийг би мэдэхгүй, боловсон хүчин танилцуулах ёстой. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул М.М******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч М.М******* нэхэмжлэл, итгэмжлэл, хариуцагч байгууллагын захирал гэх Ж.Л*******тэй харилцсан захидал, нийгмийн даатгадын шимтгэл төлөлтийн лавлагаа, ХХК-тай 2023 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хаан банк дахь тоот дансны хуулга,

Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 03 сарын 13-ны өдөр гаргасан гомдол, мөн хорооны 2023 оны 03 сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 тоот тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл, өмгөөлөгч П.А*******тэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар,

М.М*******ыг ажилд томилох тухай 2023 оны 01 сарын 09-ний өдрийн А/04 тоот тушаал, М.М******* хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2023 оны 02 сарын 10-ны өдрийн А/12 тоот тушаал, ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Шүүхийн журмаар:

2023 оны 05 сарын 17-ны өдрийн 12548 дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр М.М******* фэйсбүүк хаяг, ХХК-ийн захирал Ж.Л*******гийн гэсэн фэйсбүүк хаяг дахь захидалд 2023 оны 06 сарын 12-ны өдөр,

2023 оны 07 сарын 05-ны өдрийн 17103 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр ХХК-ийн эмнэлгийн эмч С.А*******гаас гэрчийн мэдүүлэг авахаар, мөн нэхэмжлэгч М.М******* ажиллаж байх хугацаан дахь ХХК-ийн дотоодын S HR групп чат дахь хоорондын харилцсан байдалд үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2023 оны 10 сарын 23-ны өдөр тус тус хийсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.М******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалинг хариуцагч ХХК олгосон хэмээн тайлбарласан бөгөөд ийнхүү цалин олгосонтой холбоотой дүн, хугацааны талаар хариуцагч тал маргаагүй болно.

Нэхэмжлэгч М.М******* Хаан банк дахь тоот дансанд хариуцагч ХХК нь 2023 оны 02 сарын 13-ны өдөр мөн банк дахь тоот данснаас цалин 1 сар гүйлгээний утгатай, 500,000 төгрөг, 2023 оны 03 сарын 13-ны өдөр тоот данснаас 1 сарын үлдэгдэл цалин ХХК гүйлгээний утгатай, 511,833 төгрөг, 2023 оны 04 сарын 05-ны өдөр М******* 2 сар гүйлгээний утгатай 496,634 төгрөг тус тус шилжүүлжээ.

Хаан банк дахь , тоот дансны эзэмшигч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л******* болох нь, тоот данс хариуцагч ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь данс болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон болохыг дурдлаа.

ХХ-ийн 54-56 дугаар тал/

 

ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С 2023 оны 01 сарын 09-ний өдрийн А/04 тоот тушаалаар М.М*******ыг эмнэлгийн мэдрэлийн эмчийн албан тушаалд томилон ажиллуулсан ба мөн өдөр нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

/ХХ-ийн 6-9, 59 дүгээр тал/

 

ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С 2023 оны 02 сарын 10-ны өдрийн А/12 тоот М.М*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн мэдрэлийн эмч албан тушаалтай М******* М*******тай харилцан тохиролцож 2023 оны 02 сарын 10-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

/ХХ-ийн 60 дугаар тал/

 

Ажил олгогч ХХК нь эмч М.М*******ыг 2023 оны 02 сарын 10-ны өдрийн тушаалаар ажилтантай харилцан тохиролцсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухайгаа 2023 оны 02 сарын 13-ны өдөр түүнд мэдэгдсэнээ хариуцагч тал шүүх хуралдаанд тайлбарлалаа.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 12548 дугаар шүүгчийн захирамжаар М.М******* фэйсбүүк хаяг, ХХК-ийн захирал Ж.Л*******гийн гэсэн фэйсбүүк хаяг дахь захидалд 2023 оны 06 сарын 12-ны өдөр үзлэг хийжээ.

Үзлэгээр дараах байдал тогтоогдсон ба ХХК-ийн захирал Ж.Л*******гийн гэсэн фэйсбүүк хаягаас М.М******* фэйсбүүк хаяг руу 2023.02.13-ны өдрийн 01:15 АМ цагт:

Оройн мэнд эмчээ. Гүйцэтгэлийг нилээн л харлаа. Ийм гүйцэтгэлээр таны хүсэж байгаа цалинг өгөх боломжгүй юм байна. Туршилтын хугацаагаар ингэсгээд дуусгавар болгох уу дөө эмчээ.

Тэр нь танд ч бидэнд ч цаг алдахгүй зүгээр байх. Харамсалтай байна. Таны мэдлэг чадварыг ашиглаж чадаагүй манай эмнэлэг. Манай маркетингийнхан ч олигтой ажиллаж чадсангүй бололтой гэсэн мессэжийг илгээсэн бөгөөд мөн энэ талаараа шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

/ХХ-ийн 40-44 дүгээр тал/

Ажилтан М.М******* түүнийг ажлаас чөлөөлсөн талаар 2023 оны 02 сарын 13-ны өдөр мэдэж 2023 оны 03 сарын 13-ны өдөр ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрлөх эрхтэйгээ холбоотой гомдол гаргахад тус хороо хүлээн авч талуудыг оролцуулан маргааныг шийдвэрлэх гэсэн боловч ХХК оролцоогүй тул 2023 оны 03 сарын 27-ны өдөр иргэний гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 11-12, 36, 57-58, 104-105 дугаар тал/

Нэхэмжлэгч М.М******* уг хорооны шийдвэрийг хүлээн авч тус шүүхэд 2023 оны 03 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргахад 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 8689 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах талаар заасан ба 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй,

79.2Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно,

79.3Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж тус тус заасан байна.

 

Ажил олгогч ХХК нь ажилтан М.М*******тай 2023 оны 01 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 1 сарын туршилтын хугацаагаар байгуулсан гэж тайлбарлаж байх ба хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд гэрээний хугацааны талаар заасан байна.

Уг гэрээний 3.1-т Энэхүү гэрээний туршилтын хугацаа нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш /.../ сар байна. Хэрэв туршилтын хугацааг дуусахаас өмнө талууд гэрээг цуцлах санал тавиагүй бол, эсхүл ажил олгогч тухайн ажилтныг туршилтын хугацаанд хангалттай сайн ажилласан хэмээн үзэж гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах санал /нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах гэх мэт/ тавиагүй бол туршилтын хугацааг дуусмагц талууд цуцлах санал тавиагүй бол гэрээ нь нэг жилийн хугацаатайгаар цаашид үргэлжлэх болно гэж заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний талаар заасан ба 64.1-т Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно,

64.2Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно,

64.5Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж заасан байна.

 

Хариуцагч ХХК нь ажилтан М.М*******тай 1 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч талуудын хооронд байгуулсан дээр дурдсан хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг 1 сар хэмээн тодорхойлон заагаагүй, энэ байдал нь тогтоогдсонгүй.

 

Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

эмнэлгийн дотрын эмч С.А******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2022 оны 09 сарын 05-ны өдрөөс дотрын эмчээр ажиллаж байна. Дотор болон мэдрэлийн эмч нар хамтран ажиллан үйлчилгээ үзүүлдэг. ... Дөнгөж ажилд орсных нь дараа танилцах гээд өрөөнд нь ороход хүйтэн хөндий, яах гэж орж ирсэн юм бол гэсэн хандлагатай байсан учир би энэ хүнтэй ярилцаад нэмэргүйгэсэн бодолтой болсон.

Манайх 1-3 сарын туршилтын хугацаанд ажиллуулдаг. Үйлчлүүлэгч дотрын эмчид үзүүлээд мэдрэлийн эмчид үзүүлдэг ба М.М******* эмч ажлын байрандаа байхгүй, удаа дараа угтахын ажилтнаас асууж байсан.

М.М******* эмч алдаагаа засья гэж боддоггүй, цаашид ажиллуулаагүйд эь удирдлагадаа баярлаж байгаа. Хувь хүний харилцаа хандлагын хувьд манай байгууллагад хохирол учруулахаар хүн байсан... гэжээ.

Нэхэмжлэгч М.М******* ажиллаж байх хугацаан дахь ХХК-ийн дотоодын S HR групп чат дахь хоорондын харилцсан байдалд үзлэг хийлгэх тухай хариуцагч талын хүсэлтийг хүлээн авч, үзлэгийг 2023 оны 10 сарын 23-ны өдөр хийсэн байна.

Үзлэгийн тэмдэглэлд 2023 оны 02 сарын 07-ны 16:59 минутанд дотрын эмч С.А******* Өдрийн мэнд. Мэдрэлийн эмч хэдэн цагт тарж байгаа бэ. 16.10-16.15 хооронд хүн үзүүлэх гэхэд байхгүй байгаад байна. Зөрөөд байдаг юм болов уу. Цагийн хуваарийг нь хэлж өгнө үү.

Хариу болгож М******* эмч: Оройн мэнд. 16:30 хүртэл ажиллах гэрээтэй байгаа. Гэхдээ ихэнхидээ 5 дөхүүлж харьж байгаа. Өдрийн эмчилгээнд хүн авахаар дээш доош их явдаг. Тэр үед таараад байгаа байлгүй дээ. Итгэхгүй гэвэл хурууны хээ шүүгээд хар гээд дуусав гэжээ.

/ХХ-ийн 109-112 дугаар тал/

Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд ажил олгогч ХХК нь ажилтан М.М*******тай 2023 оны 01 сарын 09-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, ажилтантай тохиролцсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Мөн ажилтан М.М******* ажлын цаг ашиглалт муу, мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй гэж хариуцагч тал тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч М.М*******ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

Ажилтан М.М*******тай байгуулсан 2023 оны 01 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т түүний сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөгөөр тогтоосон ба хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд ажилтаны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг уг хэмжээгээр тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М.М******* 2023 оны 02 сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсөнд 12,697,674 төгрөг нэхэмжилж байна.

Үүнд: 2023.02.13-2023.10.13 хүртэл / 8 сар, 8*1,500,000 төгрөг=12,000,000 төгрөг,

1,500,000 төгрөг/21,5 хоног= 69,767 төгрөг,

2023.10.13-2023.10.23, 10 хоног*69,767 төгрөг= 697,674 төгрөг хэмээн тодорхойлсон ба ажлын өдрийг нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрч тооцсоноор буюу 21 хоногоор бус 21,5 хоногоор тооцсон болно.

Иймд ажилтаны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,697,674 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулан М.М*******д олгож, нэхэмжлэгч М.М******* болон хариуцагчийн төлбөл зохих 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан ба энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn сайтад байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М*******ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,697,674 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулан М.М*******д олгож, нэхэмжлэгч М.М******* болон хариуцагчийн төлбөл зохих 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ХХК-иас 218,112 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН