Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00411

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00411

 

 

М.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04581 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.М- ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

С ХХК-ийн С эмнэлэгт мэдрэлийн эмчийн албан тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагт захирал Ж.Лхагвасүрэн туршилтын хугацааг дуусгавар болгоё, цаашид ажиллуулахгүй гэж чатаар мэдэгдсэн. Ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажил, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж байсан. Нэг сарын цалин 1,500,000 төгрөг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 12,697,674 төгрөг болж байна.

Иймд С эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

М.М эмчийн тухайд гэвэл цагаасаа эрт явдаг, бусад эмч нартай зан харилцааны хувьд таарамж муу, үйлчлүүлэгч нь эмчийг хайсан асуудлууд гарсан. Тэрээр 3,000,000 төгрөгийн цалин авахыг хүссэн, манайх түүнд 1,500,000 төгрөгийн цалин санал болгосон ба эмч үндсэн цалин дээрээ гүйцэтгэлээр нэмэлт цалин авах боломжтой. Гүйцэтгэл нь олсон орлогоосоо шалтгаалдаг ба шинжилгээний 5 хувь, багажийн шинжилгээний 10 хувь гэх мэтээр хувь тооцогддог. М.М эмчийн 2023 оны 01 сарын гүйцэтгэл маш бага байсан.

М.М эмч дур мэдэн эрт тарж үйл ажиллагааны хэвийн байдлыг удаа дараа алдагдуулсан тул хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, цаашид ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шөнө М.М д туршилтын хугацааг дуусгавар болгоё гэдгийг хэлсэн.

Туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул М.М ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, С эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,697,674 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулан М.М д олгож, нэхэмжлэгч М.М ын болон хариуцагчийн төлбөл зохих 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч С ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч С ХХК-аас 218,112 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

С ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар 20-оос дээш ажилтантай тул Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комисстой бөгөөд Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотойгоор ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандасны дараа Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч нь компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандалгүйгээр шууд Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороон дээр 2 удаа хурал зарласан бөгөөд хариуцагч компани ирээгүй. Тус компани хөдөлмөрийн маргаан таслах комисстой гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч С ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. М.М нь С ХХК-ийн С эмнэлэгт мэдрэлийн эмчийн ажил албан тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан, бөгөөдС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/12 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 59-60/.

 3.1. Анхан шатны шүүх ажил олгогч нь  хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, ажилтантай тохиролцсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, мөн ажилтны ажлын цаг ашиглалт муу, мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч М.М ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, С эмнэлгийн мэдрэлийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Мөн ажилд эгүүлэн тогтоосны үр дагаварт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,697,674 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

Дээрх анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт, үйл баримтын талаар хариуцагч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимднийцүүлэн давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараахь үндэслэлээр хангахгүй.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргаж буй тохиолдолд энэхүү гомдлоо шууд шүүхэд гаргахаар заасан. Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж болох маргаанд хамаарч байна.

Иймээс хариуцагчийн гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдол үндэслэлгүй болно.

Түүнчлэн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлаар маргаагүй, мөн өөрийн байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс ажилладаг болохыг баримтаар нотлоогүйг дурдвал зохино.

 5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД   Т.ГАНДИЙМАА

 Т.БАДРАХ