Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 13

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Х  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 282 дугаартай шийдвэртэй,

З.Э, З.Т, З.Т, З.Т нарын нэхэмжлэлтэй, Ц.Б, Б.П нарт холбогдох, Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах,

“ЗТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

“ЗТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-***********дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, *********** дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З З.Э, З.Т, З.Т, З.Т нарын эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон С.З-н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.З-н өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.З-н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б-с 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , Д.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Х ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                     З.Э, З.Т, З.Т, З.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч             Д.Энхбаяр, Б.М ,  М.Д ,

Хариуцагч                                       Ц.Б, Б.П

Хариуцагчийн өмгөөлөгч                М.Энхболд                             

Нарийн бичгийн дарга                     Долгор нар оролцов.

 Нэхэмжлэгч З З.Э, З.Т, З.Т, З.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний аав З нь үр хүүхдүүд бидний хамтаар Б зочид буудлын хөрөнгийг худалдан авахаар 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн өмч хувьчлалын комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн нийтийн аж ахуйн харьяа Б зочид буудлын барилга үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа бидний 5 хүүхдийн өмч хувьчлалын ягаан тасалбаруудыг оролцуулан, түүнчлэн бэлэн мөнгөө нийлүүлэн бид ягаан тасалбар худалдан авч түүгээрээ хөрөнгийг худалдан авч байлаа. Үл хөдлөх хөрөнгийг 1994 онд худалдан авсан бөгөөд З.Э, Ц.Б нар нь 1995 онд гэр бүл болсон тул уг үл хөдлөх хөрөнгө нь тэдний хамтын хөрөнгө болох боломжгүй байгаагаас Ц.Б хөрөнгийг өвлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг нэхэмжлэлийг гарган хууль ёсны өвлөгч нарыг тогтоолгох хүсэлтэй байна. Аймгийн өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Д , бидний аав С.З, ээж М.Ц, дүү З.Э нар байлцан хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан юм. Бидний аав С.З нь 2012 онд нас барах хүртлээ ЗТ ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Б зочид буудлыг худалдан авсан цагаасаа эхлэн орон нутагт нь амьдарч байсан дүү З.Э.г компанийн захирлаар томилон хариуцуулан ажиллуулж байсан. Бидний аавд эмнэлгийн тусламж байнга шаардлагатай байсны улмаас эмч мэргэжилтэй дүү З.Т.д амьдарч, амьдарлынхаа сүүлчийн саруудыг З.Т, Ц.О нарын асаргаанд байсаар Улаанбаатар хотод нас барсан. Бидний аав таалал төгсхийнхөө өмнө гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцан байсан дүү З.Э-д миний хүү энэ үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан ах эгч нараа байр орон сууцтай болгон өгөөрэй гэж гэрээслэснийг үндэслэн эгч дүү бид 5 ярилцан 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эцгийн өвлөсөн хөрөнгийг хуваах хэлцэл байгуулсан билээ. Үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж амжилгүй дүү З.Э 2016 онд нас барсан. Эцгийн хүлээлгэсэн итгэл найдварыг үл алдан гүйцэтгэх захирлын ажлыг сайн хийдэг байсан тул бидний эгч дүүс компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байлаа. Гэтэл дүү З.Э.г нас бармагц хууль ёсоор эцгээс бидэнд өвлөгдсөн хөрөнгө эзгүйдэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр Ц.Б компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхдаа 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 04 сарын хооронд гарсан үйл ажиллагааны зардлуудыг төлөхгүйгээр хуримтлуулан байсаар их хэмжээний өр үүсгэн бий болгосон байна.

Тухайлбал өнөөдрийн байдлаар

  1. Б ХХК-д 12 000 000 төгрөг,
  2. Булган аймгийн Татварын хэлтэст 1 900 000 төгрөг,
  3. Нийгмийн даатгалын хэлтэст 1 500 000 төгрөг, нийт өр төлбөрийн хэмжээ 15 400 000 төгрөг хүрсэн байна.

Ийнхүү өрөнд оруулаад байгаа байдлын улмаас эгч дүү бидний гэр бүлийн хуваарьлагдах хөрөнгө өрийн барьцаанд очих, үрэгдэж үгүй болох аюултай нөхцөл байдал үүсч, бидний эрх зөрчигдөн хөрөнгөндөө хяналт тавихаас аргагүй байдал бий болсон юм.

Эгч дүү бид нар хөрөнгөө өв залгамжлах хүсэлтүүдээ Булган аймгийн тойргийн нотариатч Э.П.д бичгээр гаргахад зөвхөн Б зочид буудлын 1 давхарт байрлах 8 өрөө 288 м.кв талбайтай эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарган гардуулан өгсөн. Би З ХХК үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрээ бидэнд өгсөн.

Бидний 5 хүүхдийн хоорондоо байгуулсан хэлцлийг өөрөө баталж хууль ёсны болгосон атлаа маргаантай байгаа эд хөрөнгийг Ц.Б.т өвлөх эрх нээсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Нас барсан дүү З.Э.н эхнэр Ц.Б.т З.Э.д хууль ёсоор өвлөгдөх хөрөнгийн хэмжээгээр бус З ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр бус З ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр мөн өв нээсэн хөрөнгийг хүртэл давхардуулан хөрөнгө өвлөх эрх олгосон, мөн нотариатч Б.П нь  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Б 2370 мкв газар олгосон байна. Уг гэрчилгээ нь Нотариатын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, нэхэмжлэгч нар тухайн газрын өвлөх эрхийн талаар маргаантай байхад нотариатч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот гэрчилгээгээр Ц.Б.т өв нээсэн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгож өгнө үү.

“З” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-***********дугаартай 45000000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, ***********дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв талбай бүхий газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т бидний эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон гэр бүлийн гишүүд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү,

Бидний эцэг С.З нь 2012 оны мал тооллогын А дансаар нийтдээ үхэр 12 толгой, адуу 23 толгой малыг бурхан болох хүртлээ өөрөө өсгөж үржүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан бөгөөд уг малыг Булган Булган аймгийн ... оршин суух Б.Х-р маллуулж байсан. Дээрх 23 толгой адууг нь Б.Х-с О.Ц-д маллуулахаар 2015 онд шилжүүлсэн юм. Дээрх мал сүрэгт хурдан удмын адуу, үүлдэр угшил сайтай эцэг мал байсан болохыг тухайн малыг маллаж байсан малчин гэрчилдэг. Эцэг С.З.г бурхан болсны дараа үр хүүхдүүд бид ярилцан тохирч дээрх малыг отгон дүү З.Э.н нэр дээр тоолуулж А дансны бүртгэлд бүртгүүлж малыг малчин Б.Х, О.Ц нар маллаж байсан. Дүү З.Э.г нас барсны дараа бидний өв нээгдээгүй байхад Ц.Б дээрх малыг дур мэдэн зарж борлуулахаас гадна ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан гэдгийг малчин Б.Х, түүний гэргий н.О нар гэрчилж байгаа. Эцэг С.З маань өөрийн өмчлөлийн малыг бидний хэн нэгэнд хууль ёсоор болон гэрээслэлээр өвлүүлж өгөөгүй бөгөөд энэ нь бидний эцгийн өв хөрөнгө болох нь малын А Дансны бүртгэлээс тодорхой харагддаг. Одоогийн байдлаар малчин Б.Х.н нэр дээр тоологдож байгаа 2 үнээ, 2 тугал, 1 бяруу нь анх хүлээлгэж өгсөн үхэр сүргийн төл мал болохыг бид 2019 оны 03 дугаар сарын 10-нд малчныд очиж тодруулсан болно. Иймд бидний эцэг С.З өмчлөлийн нийт 110 /нас гүйцсэн үхэр 16, өсвөр насны үхэр 22, нас гүйцсэн адуу 33, өсвөр насны адуу 39/ толгой  малыг С.З.н хөрөнгө болохыг тогтоож, Ц.Б.с түүний дур мэдэн захиран зарцуулсан 110 толгой малын үнэ 80 450 000 төгрөгийг гаргуулж өнгө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие З.Э.тэй 1993 онд танилцаж, 1994 онд хамтран амьдарч, 1995 онд гэрлэлтээ батлуулсан. Би 1994 онд тохиролцооны дэлгүүрт худалдагч хийдэг байсан. 1993 оны 12 дугаар сард хадам аав, ээж хоёртойгоо уулзаж, 1994 оны Цагаан сарын баярын шинийн нэгний өглөө З.Э “ээж, аав хоёр чамайг хүрээд ир гэж байна” гэхэд шинийн нэгэнд танихгүй айлд очихгүй гээд би очоогүй. Гэтэл шинийн гуравны өдөр З.Э дахин ирээд “аав, ээж чамайг явган болохоор ирэхгүй гэж байгаа юм байна, миний хүү бенз машинтайгаа очоод аваад ир гэж явууллаа” гэж ирж байсан. Ангийн аж ахуй тухайн үед ногоон өнгийн бензтэй байсан. Өнөөдөр энэ хүмүүс түүх мэдэхгүй байж ээж, гэр бүлтэй маань доромжилж байна. Энийгээ шүүх хуралдаан дээр ч олон удаа гаргалаа. З.Э.г нэхэмжлэгч нар “Ц.Б.т тархиа угаалгадаг, жаахан, тэнэг эргүү юм” гэж хэлдэг. Миний хань тийм биш байсан. Харин ч ах, эгч нараа энэрдэг байсан. З.Э бид хоёрыг “Б” буудлыг авах гэж байхад хадам аав С.З Ангийн аж ахуйн дарга байсан. 1994 оны 3 дугаар сард “Б” зочид буудлыг худалдах дуудлага худалдаагаар хүмүүс авахгүй байгаа талаар мэдсэн. 1994 оны 03 дугаар сард “Б” зочид буудлыг авах тухай хадам аав, ээж намайг дуудаж ярилцсан. Ингэхдээ “Б.Эта хоёрын нэр дээр авна, чи миний хүүтэй суух чинь үнэн биздээ” гэж хэлж байсан. Би банкнаас зээл авч “Б” зочид буудлыг худалдаж авсан. Тухайн үед хадам аав Ангийн аж ахуйн дарга байхдаа эвэр ав гэж өгсөн н.Б  даргын  2000 долларыг ягаан тасалбар болгосон. Тухайн үеийн Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн Хаан банкнаас зээл авахад миний бэр эгч н.Отгончимэг тусласан. Тухайн үед тэрээр Монгол банкинд нягтлан бодогч хийдэг байсан ба ягаан тасалбар авсан 2000 долларыг буцаан төлөх гэтэл банк зээл өгөхгүй байсан. Ингээд Монгол банкны захирал н.Тэрбиш, ерөнхий нягтлан бодогч н.Батсуурь н.Даш, н.Отгончимэг нартай  хуйвалдаж байж зээл авсан байдаг. Гэтэл авсан зээлээ төлж чадахгүйд хүрч “Б” буудлын тавилгуудыг зарж байсан. Энэ хүмүүс төрсөн дүүгээ хайралдаггүй. Энэ хоёр давхар байшингийн төлөө тэмцэлддэг. Хадам аавыг амьд байхад бид хувааж авъя гэж хэлж байгаагүй. Тийм ч нүүр байгаагүй. 2017 оны 12 дугаар сард миний хадам эгч З.Э нөхөртэйгээ луйврын хэргээр шоронгоос суллагдсан. Хэдий 10 жилийн ял авсан ч  өршөөлийн хуулиар хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг. Анх “Б” зочид буудлыг авахад л З.Э “Б” ББХК-ийг анх үүсгэн байгуулсан. С.З гэдэг хүн түүний аав болохоос энэ компанийн захирлаар ажиллаж байгаагүй. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно. Хадам аав, ээж хоёр тухайн үед  хадгаламжгүй байсан. “Б” ББХК нь 1997 онд “ЗТ” ХХК болсон. “ЗТ” гэдэг нэр нь хадам аав, ээж миний гурван хүүхэд нялх байна. Тиймээс нялх гэдэг үгийн утгыг оруулж өгье гэж нэрлэсэн. 1994-2016 он хүртэл “Б” буудлаас ах, эгч, тэдний хүүхдүүд бүгд тэжээгдэж байсан. Хадам аав, ээж хоёр Улаанбаатар хотод амьдарч байхдаа 3 өрөө байртай байсан ба З.Э, З.Т нарт тус байраа өвлүүлж өгсөн байдаг. Гэтэл З.Э байраа зарж, дампуурч Булган аймагт ирсэн. Хадам аав Булган аймагт байрлах 13 дугаар байрны 2 өрөө орон сууцаа З.Э бид хоёрыг гэрлэхэд өгч нэрээ шилжүүлж өгсөн байсан. Гэтэл З.Э Дорнод аймаг руу явахдаа тус байрыг мөн л зараад явсан байдаг. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар компаниас дэмжлэг авч байсан. 1994-2015 он хүртэл Б буудалд манай гэр бүл амьдарч ирсэн. 2008 оны 12 дугаар сард З.Тэхнэрээ дагуулж ирж манай буудалд амьдарч байсан. “ЗТ” ХХК нь татварын дарамтнаас зугтаж “Г” ХХК-ийг байгуулж, түүний захирлаар З.Т ажиллаж байсан. “Б” зочид буудал ажиллаж байхдаа “Б” ТӨХК-өөс халаалт авдаг байсан ба халаалтын төлбөр сард 2000000 гаруй төгрөг гардаг тул төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл хадам аав өөрийн төрсөн дүү болох С.Б ыг Хөвсгөл аймгаас дуудаж авчирсан. З.Т-н одоо амьдарч буй байшин нь тухайн үед уурын зуух байсан ба түлээ нүүрсээр халааж эхэлсэн. Энэ нь халаалтын зардлыг хэмнэнэ гэж үзэж байсан. З.Т нь “Г” ХХК-ийг хариуцаж байхдаа “Хотш” банкнаас гуанзандаа засвар хийх, тоног төхөөрөмж авна гэх нэрийдлээр 3500000 төгрөгийн зээлийг авч үр ашиггүй зарцуулж эргэн төлж чадахаа больсон. Ингээд гуанзыг орхин зугтааж Улаанбаатар хот явсан. “Г” ХХК-ийн авсан энэхүү зээлийг “Б” зочид буудлаас олсон орлогоор  З.Э хариуцан төлж барагдуулсан. Ингээд “Г” ХХК-ийг татан буулгасан ба байшин нь нэг дор тул “ЗТ” ХХК-д нэгтгэсэн. Хадам аав Ажил олгогч эздийн холбооны дарга хийж байхдаа тухайн үеийн “Б” ТӨХК-ийн удирдлага, аймгийн Засаг даргатай ярилцаж халаалтын зардлыг хямдруулах хүсэлт тавьж хэлцэл хийсэн. Ингээд аймгийн нэгдсэн халаалтыг эргүүлэн авсан. Хадам аав “З” ХХК-ийн захирлаар нэг өдөр ч ажиллаж байгаагүй. Үндэслэл нь Булган аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүнийг нас барталаа хийсэн байдаг. “ЗТ” ХХК нь 4 гишүүнтэй байгаагүй, анхнаасаа л 2 гишүүнтэй байсан. 1998 онд тус компанийн хөрөнгө оруулагч н.Х ын дүү н.Б  надтай уулзаж” танай хадмууд ашиггүй ажиллаж байна, чи үнэнийг нь хэлээд өгөөч” гэсэн. Би олон зээлтэй учир ашиггүй ажиллаж байгаа тухай хэлсэн. Ашиггүй ажиллаж байгаа болохоор танайд оруулсан хөрөнгөө аваад танай өмчийн хөрөнгийг З.Э.н нэр дээр шилжүүлээд салцгаая гэж хэлсэн. н.Х т 5000000 төгрөгийг төлж, тэрээр компаниас татгалзсан байдаг. Тухайн үеийн баримтууд нь манай гэрт хадгалагдаж байгаа. “ЗТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хууль ёсны дагуу надад өвлөгдөж ирсэн. Миний хүү Э.А сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэх эмчийн дүгнэлтийг үндэслэн өвлөх эрхээ эдлэж чадахгүй байна. Э.А нь 2013 оны 06 дугаар сард хүнд зодуулж тархины хүнд гэмтэл авсан. Одоог хүртэл эмчлэгдээгүй байна. Нэхэмжлэгч нар нэг жил ажиллуулсан тухайгаа ярьж байна. Гэтэл би 22 жилийн туршид асар их хөдөлмөөрөө зарцуулсан байхад 2018 оны  04 дүгээр сарын 20-ны өдөр намайг гэртээ унтаж байхад жижүүрүүдийг хөөж, өрөөний бүх түлхүүрийг авсан байдаг. Энэ тухай сонсоод очин түлхүүрийг өгөх тухай хэлж, хэрүүл болсон боловч өгөөгүй.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох малын тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:С. З гэдэг хүний малыг миний бие зараагүй. Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн нотлох баримтын дагуу аавынх нь мал 1998 онд нийгмийн даатгалын өрөнд явсныг өнөөдөр мэдлээ. З.Эн нэр дээр байсан малыг тэрээр амьд байхдаа өвчний учир 1 ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй эмийг /стом/ өдөрт 2-3 удаа уудаг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд өдрийн 25000 төгрөгийн эмийг хэрэглэдэг байсан. Бид энэхүү эмэнд гэхэд 35000000 төгрөгийг зарсан байна. Энэ хүн өвчнөө давахын тулд адуугаа зарсан. Манай гэр бүл С.З-н нэр дээр байсан малыг шилжүүлж авч байгаагүй. Дундаа амьдраад аав, ээжийнхээ малыг идэш болгоод нэхэмжлэгч нар бүгдээрээ хуваагаад идсэн. Гэрч Д.Н  мэдүүлэхдээ “Тухайн үед З.Э 2 малыг ачъя гэхэд Ц.Б малыг ачъя гэж хэлсэн” гэдэг нь үнэн. Учир нь тухайн үед З.Э шоронд байсан ба өмгөөлөгчид нь мөнгө өгөх шаардлагатай байсан учир нэмж авсан. Тэр үед З.Э дургүйцэж, энэ мал цөөрөөд байна гэж хэлж байсан. 1 үхрийг нь З.Э-н өмгөөлөгчид, нөгөөг нь З.Тл, З.Т нарыг хувааж ид гээд өгч байсан. Манай гэр бүлийн данстай мал нь 1994 онд З.Э бид хоёрыг гэрлэх гэж байхад н.Б , Д.Н , С.Б ах нар миний хүү Э.А-д тус бүр унага бэлэглэж байсан. Ингээд манайх адуутай болох үндэс тавигдсан. Энэ хүмүүс бидний түүхийг мэдэхгүй болохоор манай аавын адууг зарсан гэж хэлдэг. 2013 онд З.Э бид хоёр н.Х  ахынд өөрсдөө малаа аваачиж өгсөн. З.Т тэнд байгаагүй. З.Т малчны нэрийг н.Х  гэж буруу хэлж байна.  н.Х  ахынд аваачиж өгөх болсон шалтгаан нь улсын нөөцийн 30-40 тооны малыг тэрээр малладаг байсан ба би тэр газрын нягтлан бодогч байсан тул танилын хүрээгээр аваачиж өгч байсан. Хувийн малыг маань тоолж байсан баримт гэрт маань байгаа. Хүний малыг авч зараагүй. Би тийм ч учраас малын А дансыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрвээ эцгийнхээ малыг байгаа гэж үзэж байвал тэрийгээ нотлоод энд байхгүй байгаа З.Эс нэхэмжил. Миний бие хадам аав С.З гэдэг хүний А данстай малнаас нэгийг ч идээгүй, зараагүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хийсэн хэлцлийн тухайд тайлбарыг эхлээд яръя. 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус хэлцлийг хийсэн. Энэ хэлцэл нь одоо ч гэсэн хүчинтэй. Энэ хэлцлийг ажлын бус өдөр биш ажлын цаг дууссаны дараа хийсэн байдаг. Намайг гэрээс минь очиж авсан. Энэ хэлцлийг бичгийн машинаар нэхэмжлэгч нарын нэг нь бичсэн.  Би дэргэд нь байсан.

 “Тус хэлцэлд “ЗТ” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ************* дугаар бүхий 2369 мкв га газрын хамт З.Э-н нэр дээр байдаг бөгөөд миний эцэг С.З таалал төгсөхийн өмнө З.Э-д захиж үлдээхдээ “миний хүү энэ үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан, ах эгч нараа байр, сууцтай болгоорой” гэснийг үндэслэн  З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э нар байгуулсан. Үүнд: 

1. Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

1.1 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар  Булган аймгийн Хас банкнтай хийсэн ************* тоот гэрээний дагуу 40000000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг түүний хүүгийн хамт төлөх; Компанийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан үүссэн торгууль, алдангийг төлөхгүй болно.

 1.2 Өнөөдрийн байдлаар Булган аймаг дахь “Э” сангаас авсан 9000000 төгрөгийг маргаангүй төлөх,

1.3 Том ах З.Т-д уурын зуух байсан байшингийн 2 давхарыг орон сууц болгон тохижуулахад зориулсан 40000000 төгрөгийг тус тус төлж барагдуулах.

2 Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

2.1 З.Э болон түүний гэр бүлийн гишүүд болох Ц.Б, Э.А нарт борлуулсан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2,1.3 дах заалтуудад заагдсан үнийн дүнг хасаж тооцсоноос үлдэх хэсгийн 30 хувийг;

2.2 З З.Э, З.Т, З.Т, З.Т нарт борлуусан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2, 1.3, 2.1-т заасан заалтуудад заагдсан  үнийн дүнг хасаж тооцон үлдэгдэл үнийн дүнг ижил тэнцүү хувааж авах;

Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан төлбөрийг З.Э-н Хаан банк дахь ********* тоот дансанд төвлөрүүлэн ажлын 7 хоногийн дотор тус хэлцлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заагдсан хэсгийг төлж барагдуулсны дараа хэлцэл хийгч нарт өөрт ногдох хэсгийг олгоно.

 Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүртэл “ЗТ” ХХК-ийн үйл ажиллагаанд хэлцэл хийгч нар  оролцохгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны дараа “ЗТ” ХХК нь З.Э-н мэдэлд үлдэнэ” гэж хэлцлийг байгуулсан.

Энэхүү хэлцэл нь Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн дагуу одоо ч гэсэн хүчинтэй. Энэхүү хөрөнгө худалдан борлуулагдаагүй мөн хөрөнгийг цааш нь авч явах хүн нас барсан. Хуульд заасны дагуу 1 жилийн дараа өв нээгдэж, жилийн дотор өв нээлгэх хүсэлтээ гаргадаг. Нэхэмжлэгч нар надтай уулзаж зөвлөгөө авч байсан. Тухайн үед гурван объектод өв нээлгэх хүсэлт нэхэмжлэгч нар гаргасан. Би нэхэмжлэгч нарт эцгийн нэр дээр байх хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах эрхтэй. Хэрвээ нэг нь өвлөж авах бол бусад нь татгалзаж буйгаа илэрхийлж бичиг хийж өгнө, хүүхдүүдийн нэр дээр тус тусдаа хөрөнгө байдаг бол Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасны дагуу өв авах дарааллын дагуу өв нээгдэнэ харин бусад хүмүүст өв хүлээн авах эрх хуулийн дагуу үүсэхгүй тухай хэлсэн. Нэхэмжлэгч З.Т надад “Эрдэнэт хотын нотариатч нараас зөвлөгөө авахад тантай адил зүйл хэлж байна” гэж хэлж байсан. Үүний дараа нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгч нар Ц.Б миний аавын хашаа байшинг худалдана гээд явж байсан гэж байна. Энэ нь тийм биш юм. Таалийгаач З.Э амьд байхдаа шинэ хороонд байрлах хашаа байшингаа өвлөж авъя гэж над дээр ирж байсан. Би түүнд “танайх ах дүү олуулаа тул ах, эгч нараасаа тус байшинг өвлөх эсэхийг нь асуугаад тэд татгалзсан тохиолдолд чи хүсэлтээ өгч болно” гэж хэлсэн ба тэрээр хааяа нэг энэ талаар асууж, та нээгээд өгөөч хэлдэг байсан. Би өмнө хэлсэн зүйлээ дахиад л түүнд хэлдэг байсан.  З.Э.г нас барсны дараа  уг хашаа байшин, “ТХ” сургууль, “ЗТ” ХХК-ийг өвлөх хүсэлтийг нэхэмжлэгч нар гаргасан. Миний бие тухай бүр нь  хүсэлтийг нь танхимдаа гаргаж, танхим бүртгэж аваад энэ хүсэлтийн дагуу ямар нэгэн өв нээгдээгүй, гэрээслэл байхгүй талаар хариу ирж би ч энэ тухай танилцуулдаг байсан. Ингээд хашаа байшинг З.Т-д өв нээж, “ЗТ” ХХК-ийн 1 давхарт байсан “ТХ” сургуулийн 8 өрөөг нь С.З-н 5 хүүхдэд тэнцүү хувааж хүсэлтийнх нь дагуу өв нээж өгсөн.  “ЗТ” ХХК-ийн өв нээлгэх асуудал үлдэж нэхэмжлэгч нар өөрсдөө өвлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би “хуулийн дагуу эхнэр, хүүхдэд нь өвлөгддөг учиртай, шүүхээр хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлж болно. Мөн нэгдүгээр ээлжийн өв хүлээн авагч нь  Иргэний хуулийн 535 дугаар зүйлд 535.1-д заасны дагуу олсон орлогоос нь хүртээж болох хуулийн зохицуулалт байдаг тул өөрсдөө сайн тохиролц” гэж нэхэмжлэгч нарт хэлсэн. Би танхимаасаа энэ талаар асуухад шүүхээр асуудал нь  шийдвэрлэгдсний  дараа өв нээх тухай надад хэлсэн. Ц.Б татгалзах шийдвэрээ авахаар хамгийн түрүүнд ирсэн ба нэхэмжлэгч нарын хүсэлтүүдийг нь давхар өгчихсөн байсан. Нэхэмжлэгч нарт татгалзах шийдвэрээ өгтөл тэд энэ асуудлыг дахин сөхөхгүй нэг хэсэгтээ чимээгүй болсон. Гэтэл 2 сарын дараа Ц.Б хууль ёсны дагуу өвөө нээлгэж авна, үүний дараа асуудал үүсвэл өөрөө хариуцна гэж хэлсэн. Ингээд хуулийн дагуу Ц.Б-т өвийг нээж өгсөн. Үүний дараагаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нар бичсэн хүсэлтүүдийнхээ хувийг авъя, зөвхөн татгалзах хүсэлт өгсөн байна гэж ирсэн. Ц.Б-тэй холбогдож нэхэмжлэгч нарын хүсэлтүүдийг чиний материалтай хамт өгсөн байна, хүсэлтээ авах тухай хэлснийг түүнд дамжуулсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өв нээлгэх тухай хүсэлтүүдийг нь түдгэлзүүлсэн бөгөөд түүнээс хойш шүүхэд талууд тухайн үед маргаан гаргаагүй байсан учир хууль ёсны дагуу нээж өгсөн.  Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа “Б.П гуай шалгаж үзэлгүйгээр өвийг нээсэн” гэсэн. Бид албан ёсны бичиг баримтыг үндэслэж өв нээх ёстой.

Миний бие шүүхэд дараах тайлбарыг өмнө нь өгсөн. Үүнд: Нэхэмжлэгч  нар намайг хариуцагч Ц.Б-н хамтран хариуцагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:  “ЗТ” ХХК нь   З.Э агсны өмч бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх нь түүний мэдлийнх байхыг 2006 оны компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2013 оны компанийн дүрэм, газар эзэмших гэрчилгээ зэргээр нотлогдож байна. З.Э агсан нь 1995 оны  02 дугаар сарын 03-ны өдөр Ц.Б тэй гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрлэлтийн 06 тоот гэрчилгээ авсан, тэдний хүү Э.А нь  1995 оны  03 дугаар сард төрсөн төрсний гэрчилгээ тус тус байсан. 2019 оны 12 дугаар сарын 19-ныг хүртэл ам бүл гурвуулаа амьдарч байсан нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,  Булган аймгийн  өрхийн бүртгэлийн ********* дугаартай бүртгэлийн дэвтрээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн  520 дүгээр зүйлийн 520.1.1, 528.2-т зааснаар эхнэр Ц.Б-г хууль ёсны өвлөгчөөр тогтоон өв нээж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хүү Э.А хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай, сэтгэцийн өвчтэй гэх эмчийн дүгнэлт гарсан тул Ц.Б-гт өвийг нээж өгсөн. “ЗТ” ХХК-ийг  2006-2016 оны 02 дугаар сар хүртэл З.Э агсан удирдан үйл ажиллагаа явуулж, санхүүгийн үйл ажиллагааг эхнэр Ц.Б хариуцан хийж байсан нь Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06/604 тоот албан бичгээр нотлогдож байсан.  З.Э агсан нь эцгийн захиасын дагуу ах, эгч нараа ирүүлэн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцлийн дагуу “ЗТ ХХК-ийн хөрөнгө болон үйл ажиллагааны эрхийг хуулийн дагуу эхнэр Ц.Б-т өвлүүлсэн. Бичиг баримтад тулгуурлаж өвийг нээхээс биш хэрхэн үүссэн, хэний өмчлөлд байсныг тогтоох эрхгүй юм. Нэхэмжлэгч  нар “Б.П гуай 2 давхар “Б” зочид буудлыг 100 хувь Ц.Б-т өв нээсэн ” тухай ярьж байна. Энэ нь 2 давхрын гэж бичих байгаад 2 давхар гэж бичиж тухайн үед техникийн алдаа гаргасан байна.

Хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч З.Т-н өмгөөлөгч Д.Энхбаяр хүсэлт гаргасан байдаг. Үүнд тайлбар хэлье. 1. З З.Э, З.Т, З.Т, З.Т, Ц.Б нарын 2017 оны  12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн аваад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өв хүлээн авагч нарт “ТХ” дунд сургуулийн өвийг 20, 20 хувиар нээсэн тул тус тусад нь гэрчилгээ гарч хураамжид тус бүр 300000 төлөгдсөн тухай материал архивт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.З агсны нэр дээр байсан хашаа байшинг З.Т-д өвийг нээсэн байдаг. Нэхэмжлэгч нар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр   “ЗТ” ХХК-ийн хөрөнгийг өвлөх хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч нь байгаа учир эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлэн хүсэлтүүдийг буцаан өгч, өөрсдөөр нь гарын үсэг зуруулан хувийг нь авч үлдэж  матералыг нь буцааж Ц.Б-т өгч, бусад өвлөхийг хүсэгчдийн материалыг Ц.Б-т хамт өгсөн байсныг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ц.Б-с авч өөрсдөд нь өгсөн гэх тайлбарыг өгсөн.

 Нэхэмжлэгч нарт хүсэлтүүдийг түдгэлзүүлэн буцааснаас хойш Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар Ц.Б-с бусад нь дахин хүсэлт гаргаагүй бөгөөд Ц.Б 2018 оны 07 дугаар сарын 19,20-ны өдөр өв нээлгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу  хууль ёсны өвлөгчид өвийг нээж өгсөн. Миний бие Ц.Б-тэй хуйвалдаж, тохиролцсон зүйл байхгүй.  Нэхэмжлэгч нарын 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сард гаргасан хүсэлт нь бүгд өвийн материалд байгаа. 2018 оны  05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг өөрсөд нь буцаан олгож, түдгэлзүүлсэн материалын хуудсанд нэхэмжлэгч нараар гарын үсэг зуруулан хавсаргасан. Дутуу буюу хууль зөрчсөн хүсэлтийг бүртгэдэггүй, өөрөөр хэлбэл өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор гаргаж байгаа өв хүлээн авах хүсэлт, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатын нэгдсэн өвийн санд бүртгүүлж, харин нэг жил өнгөрснөөс хойш гаргаж буй хүсэлтийг нэгдсэн сангийн бүртгэлд тусад нь бүртгэдэг журамтай. Энэ хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгодог. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгосон мөн нотариатын өв бүртгэх хүсэлт, материалыг хавсаргасан архивладаг. Мөн танхимд цахимаар хүмүүсийн гаргасан хүсэлтийг нэгтгэн 2018 оны 05 дугаар сарын 04, 07-ны өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийн лавлагааны хариунууд 2018 оны 05 дугаар сарын 07-ны 1107, 1111, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1742 тоот хариу ирүүүлснийг хүлээн авч өвийг хуулийн дагуу нээж өгсөн. Ийм тайлбарыг тухайн үед гаргаж байсан. Өв нээсэн нь хууль ёсны дагуу юм. Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагад дараах тайлбарыг өгье. Нэхэмжлэгч нар эцэг С.З “Б” буудлыг өмч хувьчлалаар авч “Б” ББХК-г  1994 оны 03 дугаар сарын 24-ны өдөр байгуулан үйл ажиллагаа явуулж эцэг С.З ерөнхий захирлаар, ээж М.Ц нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан гэжээ. Монгол улсын аж ахуй нэгжийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.24-т заасны дагуу З.Э худалдааны зориулалттай “Б” ББХК-ийн гэрээг 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулан дүрмийн хамт 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн улсын нотариат н.Д гээр батлуулан 04 тоот тэмдэг даруулсан тухай баримт нь байдаг. Уг гэрээний дүрмийн сан 6500000 төгрөгөөр бүрдүүлэн 2 гишүүнтэй үүсгэн байгуулж З.Э 5500000 төгрөг, н.Х  1000000 төгрөгийн хувь нийлүүлсэн. Мөн тус дүрмийн 7-д З.Э байхгүй үед өөрийн томилсон төлөөлөгч удирдан гэсний дагуу 1994,1995, 1998, 2005 онуудад С.З агсан ажлыг нь орлон гүйцэтгэж байхдаа  гарын үсэг зурсан бичиг баримтыг нь нэхэмжлэгч нар хараад тэгж ойлгосон байна.  Өвийн гэрчилгээ нээснээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 282 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 125 дугаар зүйлийн 125.1,  520  дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримтлан Ц.Б, Б.П нарт холбогдуулан

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,

“ЗТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

“ЗТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-***********дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, ***********дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З З.Э, З.Т, З.Т, З.Т нарын эцэг С.З, эх М.Цнарын бий болгосон С.З-н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.З-н өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.З-н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б-с 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1611545 төгрөгөөс 1353595 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 257950 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Ц.Б-н “ЗТ” ХХК-ийн “Б” зочид буудлын Ү-***********дугаартай 502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, ***********дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газрыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан болохыг дурьдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т нар давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Бидний эцэг С.З , М.Ц  нарын бий болгосон С.З н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитойгоор, үнэн зөв эргэлзээгүй талаас нь огт үнэлээгүй үйл явдлын үнэн бодит байдлыг тогтоолгүйгээр шүүх шийдвэр гаргасан байдаг. 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн протокол өнөөдрийг хүртэл өөрчлөлт хийгдээгүй, хүчин төгөлдөр байгаа учир З.Э г дан ганцаар энэхүү хөрөнгийн эзэн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Мөн 1998 онд хүүхдүүддээ өмч хуваарилан “Г ” ХХК-д З.Э.г, “З” ХХК-д З.Т.г хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байгаа нь энэхүү үл хөдлөх хөрөнгө бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь нотлох баримтуудаар нотлогдож байдаг. Ийнхүү тухайн үл хөдлөх хөрөнгө хэрхэн, ямар байдлаар хэн худалдан авч, үйл ажиллагааг хэрхэн явуулж байсныг хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан байтал тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өв залгамжлах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэж шүүх дүгнэж байгаа боловч бидний таван хүүхдийн хэн нь ч эцгээс үлдсэн хөрөнгийг өв залгамжлах хүсэлт гаргаагүй, зөвхөн хоорондоо тохиролцон хэлцэл хийснээр энэхүү асуудал тодорхойлогдож байдаг. З.Э , Ц.Б нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө биш, уг үл хөдлөх хөрөнгө нь ганц З.Э гийн хөрөнгө ч биш, Ц.Б банкны зээлээр худалдаж авсан гэж зохион худал ярьдаг боловч тэр нь нотлох баримтгүй учир нотлогддоггүй бөгөөд С.З н үр хүүхдүүд бидний эгч дүү 5 хүний дундын хөрөнгө болохыг 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн бидний хооронд хийсэн хэлцэлд тусгагдсан байгааг үнэн зөв бодитойгоор шүүх үнэлээгүй гэж үзэж байна.

2. Нотариатч Б.П нь 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бидний эгч дүү таван хүний хоорондоо хийсэн хэлцлийг баталж, гэрчилж өгснөөрөө С.З н таван хүүхэд эцэг, эхээс үлдсэн үл хөдлөх хөрөнгийг хамтран захиран зарцуулж, тодорхой хувиар хувааж авах асуудал нь бидний гэр бүлийн дундын хөрөнгө болох тухайд хууль зүйн тодорхой ойлголттой байсан учраас л Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гартал өвийн гэрчилгээ олгохыг түтгэлзүүлсэн байдаг. Түтгэлзүүлснээс хойш 2 сарын дараа Ц.Б  “хууль ёсны дагуу өвөө нээж авна, үүний дараа асуудал үүсвэл өөрөө хариуцна” гэсний дагуу өвийг нээж өгсөн гэж мэдүүлж байгаа нь нотариатчийн ажлаа хуулийн дагуу бус хэн нэгний хэлсний дагуу хийж хууль зөрчдөг гэж ойлгогдож байна. Нотариатч энэхүү өвийн талаар Танхимаасаа асуухад шүүхээр асуудал нь шийдэгдсэний дараа өв нээх тухай мэдэгднэ гэсэн мөртлөө З.Э  агсны өмч гэдгийг 2006 оны компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг үндэслэсэн гэх боловч 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэг гишүүнтэй болгон гэрчилгээ авахдаа хууль эрх зүйн ямар бичиг баримт, өөрөөр хэлбэл гэрээ, дүрмийн ямар өөрчлөлтөнд үндэслэн олгосон эсэх нь тодорхойгүй байдаг. Хууль бусаар нэг гишүүнтэй болгон олж авсан гэрчилгээнд тулгуурлан үндэслэж өвлөх эрх нээсэн байгаа нь хууль ёсны гэж үзэх ямар ч боломжгүй хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нотариатч Б.П өвийн гэрчилгээ олгохыг түтгэлзүүлсэн үндэслэлийг хуулийн дагуу заасан байтал шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх, дундын өмчийн гишүүдийг эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээд биш гэж үзэж шийдвэр гаргасан нь шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой байна. Мөн нотариатч Б.П  З.Э гийн хүү Э.А  өв нээхээс байнга татгалзаж, зөвхөн түүний эхийнх нь ярьснаар эмч нарын зөвлөгөөний хөдөлмөрийн чадвар алдалтын дүгнэлтэд тулгуурлаж шийдвэр гаргадаг байдал нь хууль зөрчиж өв нээдэг бас нэг хууль бус үйлдэл юм. Ц.Б.т өв нээж өгөхдөө бидэнд өв нээсэн Б зочид буудлын нэг давхрын найман өрөөг давхардуулан өв нээж 1502 м.кв талбайтай 2 давхар барилга 100% гэсэн асуудлаа техникийн алдаа гаргасан гэж өөрийн хууль бус үйлдлээ хаацайлж тайлбар өгсөн байдаг. Олон хүний хөрөнгийн асуудлыг шийдэхдээ хууль бус үйлдэл гаргасныгаа техникийн алдаа гэсэн үгээр халхавчлан хаацайлж өөрийгөө хамгаалах оролдлого хийж буй байдал нь хуульч, тэр тусмаа нотариатч хүний хувьд байж боломгүй хууль бус үйлдэл гэж үзэж маш их гомдолтой байна. Бичиг баримтанд тулгуурлаж өвийг нээхээс биш хэрхэн үүссэн, хэний өмчлөлд байсныг тогтоох эрхгүй гэсэн боловч энэ бүгдийг шүүхээр тогтоолгосны дараа өв нээх асуудлыг шийдвэрлүүлэхийг Нотариатын танхим нь мэдэгдэж бид бүгд ч хүссэн атал яаравчлан хууль бусаар өв нээсэн нь хууль бус үйлдэл болсон гэж бид үзэж байна.

3. “Б” ББХК нь 1996 онд “З” ХХК нэртэйгээр өөрчлөн байгуулагдаж, мөн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр З.Э , Н.Х , С.Б , З.Түмэнжаргал нарын 4 гишүүнтэй болон өөрчлөгдсөн нь хуулийн дагуу Компаний дүрэм, гэрээний өөрчлөлт зэргээр нотлогддог. Шүүх “З” ХХКомпани 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр З.Э , Н.Х  нарын 2 гишүүнтэй, 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдөр З.Э  гэх нэг гишүүнтэйгээр компаний дүрэм баталж гэсэн байгаа нь нотлох баримтаар нотлогддоггүй, байдлыг будлиантуулан тусгаж шийдвэр гаргасан нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “З” ХХК-ний дүрмийн өөрчлөлтөнд үүсгэн байгуулагч нарын оруулсан хөрөнгийн хэмжээ тусгагдсанаас биш 2 гишүүнтэй болох эсэх талаар огт дурьдагдаагүй байдаг бөгөөд компаний хөрөнгийн хэмжээ 60.3 сая гэж байгаа нь 1998 онд 2 гишүүний нэмж гишүүнчлэлээр орохдоо оруулсан хөрөнгийн хэмжээ бичигдсэн байдаг. 1998 онд нэмж орсон 2 гишүүн хасагдаагүй, гишүүнчлэлийн тоо 4 хэвээрээ байтал шүүх санаатайгаар 2 гишүүнтэй гэж үзэж дүгнэсэн байдал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “З” ХХК-ний гишүүний тоог 1 болгон улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг боловч хэрхэн нэг гишүүнтэй болсон нь эргэлзээтэй, хууль ёсны үндэслэл болох дүрмийн өөрчлөлт, гэрээний өөрчлөлт байхгүй байгаа байдал нь зөвхөн З.Э гийн хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд энэхүү байдлуудыг шүүх үнэлэхгүйгээр Ц.Б.т өвлөх эрх олгох шийдвэр гаргасан нь хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргасан байгаагаас хуулийн дагуу нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

4. Бидний эцэг С.З н 110 толгой мал нь түүний хөрөнгө болохыг тогтоолгож, бусдын хөрөнгийн дур мэдэн захиран зарцуулсан Ц.Б.с 80 450 000 төгрөгийг гаргуулах тухайд хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнээ заагаагүй байгаа явдлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх бидний гаргасан хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг хангахаар захирамж гардаг боловч тэдгээр захирамжууд нь бүрэн хангагддаггүй, зарим нь огт хангагдаагүй байхад яаравчлан хүчээр тулган шүүх хуралдаан явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг ноцтойгоор зөрчиж, шүүх эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж маш гомдолтой байна.

6. Шүүхийн шийдвэрт зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар байр, 2373 м.кв талбайтай газар бүхий хөрөнгө бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэжээ. Гэтэл хэрэгт “А" ЗБН, “И” ЗБН, “И” ББХК, “Г” ХХК, “Г ” ХХК, “Т” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь Б зочид буудлын барилга байшин, үл хөдлөх хөрөнгө, газарт тулгуурлан үйл ажиллагаа явуулж байсан бүхий л нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. С.З н гэр бүлийн гишүүд бид бүгдийн оролцоотой эдгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байсныг ч нотлох хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэж байгаа нь хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд үнэн зөв, бодитой, эргэлзээгүй байдлаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байх тул бид маш их гомдолтой байна.

7. Хариуцагч Ц.Б.н гаргасан тайлбарууд нотлох баримтуудаар огт нотлогддоггүй, өөрөө ч түүнээ нотолж чаддаггүй байдал, бодит байдалд нийцсэн тайлбар өгч чадахгүй байгаа байдал шүүх хуралдааны туршид үргэлжлэн гэрчүүдийн мэдүүлгүүдээр бүх үйл явдал бодит байдлууд нотлогдон гэрчлэгдсэн байхад шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, үнэн бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргаж, илт хариуцагчийн талд үйлчлэн бидний эрх ашгийн хохироосон гэж үзэж байна.

8. Шүүгчийн захирамжуудын биелэлтүүдийг бүрэн хангуулах, тухайлбал: Ц.Б.н ХААН банкнаас зээл авсан эсэх лавлагааг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсныг хангуулах, хариуцагч Ц.Б.н нотлох баримт гэрт байгаа гэгдэх нотлох баримтуудыг гаргуулан тал бүрээс нь хэргийн нотлох баримтуудыг бодитойгоор үнэн зөв үнэлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүх 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2102 тоот захирамжиндаа өөрчлөлт оруулан алдаагаа засварлан 2131 тоот давж заалдах эрхтэй захирамж гаргасан байдаг. Шүүгчийн туслах н.Мичидмаагаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирамжийг гардаж авахаар нэхэхэд цааргалан, алдаатай шийдвэрээ засаж дахин захирамж гаргахаар болсон, түүний гарахаар гардуулж өгнө гэсэн мөртлөө 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2131 тоот давж заалдах эрхтэй захирамжийг шаардлагагүй гээд мөн л гардуулж өгөөгүй. Энэхүү үйлдлийг нь тухайн шүүгчийн захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх явцад маш олон алдаатай, хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж эгэл жирийн иргэд биднийг хохироож, хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байсанд гомдолтой байдаг. Тухайлбал:

-Шүүгчийн мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага дутмагаас болдог юм уу, эсвэл санаатайгаар будлиантуулдаг ч юм уу, гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээж авлаа гэчихээд захирамжиндаа заримыг нь тусгалгүй үлдээж захирамжаа гаргадаг

-Зарим хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг боловч хууль зүйн үндэслэлээ огт заадаггүй, дур зоргоороо шийдвэрээ гаргадаг

-Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан хугацаанд албажуулдаггүй, гомдол гаргахаар тухайн хуралдаан болсон өдрийн огноог тавин албажсан мэтээр харагдуулах оролдлогыг удаа дараа гаргаж байсан. Энэ тухай Иргэний хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахаар хариуг бичгээр өгдөггүй, тухайн гомдол нь хэргийн материалд авагддаггүй. Хугацаандаа албажаагүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамж 2-р хавтасны 8-9 хуудасны хооронд дугаарлагдаагүй, нөхөн хийж үдэгдсэн, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж 2-р хавтасны 70-71-р хуудасны хооронд хийгдсэн нь мөн дугаарлагдаагүй сүүлд нөхөн хийгдсэн байдаг. Шүүхийн захирамжаар ирсэн лавлагаанууд хуулбар үнэн дарагдаагүй байхад шүүх хуралдаан явуулахаар санаархсан үйлдэл гаргаж хариуцсан ажилдаа хайнга, хайхрамжгүй хандаж, шүүх хуралдаан зарлаж, иргэдийг хол ойроос дуудан ирүүлж чирэгдэлтэй байдал үүсгэж байсан 2018 оны 12-р сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар өмгөөлөгч Ж.Энхбаяр, нэхэмжлэгч З.Т нарыг шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар тус бүрийг 50.000 төгрөгөөр торгоно гэж хуулинд заагаагүй арга хэмжээ авч, түүнийгээ шүух хуралдааны тэмдэглэл, захирамжиндаа тусгаагүй байдаг боловч хурлын бичлэгт бичигдсэн байдаг. Энэ талаараа 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх хуралдаан дээр программын гацалтаас болоод дугаар аваагүй, зохимжгүй гээд хэвлээгүй, арга хэмжээ аваагүй гэж хуулинд байхгүй үндэслэлээр тайлбарлаж буруутай үйлдлээ хаацайлж эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байсан. Мөн өмгөөлөгч М ийг 100.000 тооцох нэгжээр торгосон шийдвэр гаргаж мөн л хуулинд заагдаагүй арга хэмжээ авч, шүүх хуралдаан дээр шийдвэр гаргасан байсан нь бичлэгт бичигдэн үлдсэн байдаг. Нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээж авчихаад хурлын тэмдэглэл, захирамжийн агуулгадаа огт тусгадаггүй, 110 толгой бод малын асуудал яригдаж байхад 39 толгой, 12 тоот гэрчилгээ олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байхад 14 тоо гэрчилгээ гэж хольж хутган, ямар нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэх гэж буй байдал нь тодорхойгүй байсаар шүүх хуралдаан явуулсан. Шүүгчийн өмнө нь гаргасан шүүхийн заалтууд бүрэн хангагдахгүй болохоор дахин хүсэлт гаргахад шийдвэрлэсэн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа тул гээд хүлээн авахаас удаа дараа татгалздаг боловч гаргасан захирамжууд нь бүрэн хангагдахгүй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд ирээгүй байсаар байтал хүчээр тулган шүүх хуралдаан явуулсан. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй байтал нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг шүүх гаргасан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхболд шүүх хуралдаанд хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтын шаардлага хангасан хүсэлт ирүүлэлгүй удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байхад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт авдаг арга хэмжээгээ шүүх авдаггүй, хуулийг адил тэгш хэрэглэдэггүй, хариуцагч талд үйлчилж хууль бус үйлдэл гаргаж байсан Шүүгч О.О  удаа дараа эдгээр эргэлзээтэй байдлууд үүсгэж байсан учир тухайн шүүгчээс 3 удаа татгалзаж байхад хуульч хүний ёс зүйгээ бодоод өөрөө тухайн хэргийг шийдвэрлэхээс татгалзах хүсэл эрмэлзэл, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байсан нь түүний гаргасан шүүхийн шийдвэрээр ямар зорилготойгоор улайран шүүх хуралдаан явуулж, өөрөө шийдвэр гаргах гэж зүтгээд байсан үйлдэл нь тодорхойлогдож байна. Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч З.Т  өмгөөлөгчийнхөө хажууд сууж өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах гэсэн боловч зөвшөөрөл олгохгүй, З.Э-н шүүгчээс дахин татгалзах хүсэлт гаргахад хүлээн авахаас татгалзаж, нэг бол шүүх хуралдаанд ор, үгүй бол шүүх хуралдааны танхимаас гар гэдэг шаардлага тавин тулгаж, шүүх хуралдаанд оролцохоос аргагүй байдал үүсгэн хүчээр шүүх хуралдааныг явуулсан. Шүүх хуралдаан дуусмагц нэг цагийн дараа ир гэж хэргийн оролцогчдыг тараасан үйлдэл нь шүүгч О.О  нь нэг цагийн дотор ямар шийдвэр гаргахаа ч, шийдвэр гаргах хугацаагаа ч урьдчилан тооцоолсон, зөвлөлдөх тасалгаанд орохоосоо өмнө тухайн хэргийн шийдвэрийг гаргасан байсан гэдэг хар төрүүлж байна. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буюу шүүхийн шийдвэр албажсан байх хугацаанаас даруй 5 хоногийн дараа шүүхийн шийдвэрийг гардан авахаар очсон боловч “Бүрэн эхээр нь бичгээр үйлдэж албажуулаагүй, нарийн бичгээсээ өнөөдөр хүлээж авсан ойлгоорой” гэж хуулинд заагаагүй тайлбар хэлэн гардуулаагүй шүүхийн шийдвэр, хурлын тэмдэглэлээ бэлэн болгоогүй байсан. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үдийн өмнө очиход “Хуралдааны тэмдэглэл дөнгөж сая бэлэн боллоо” гээд шүүгчийн туслах тэмдэглэлийг гардуулж байхад шүүгч О.О  нь шүүхийн шийдвэр оруулж ирж өгөөд үдээс хойш аваарай гэснээр очиж авсан. Эдгээр үйлдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрт удирдлага болгон тогтоох 4 дэх заалтандаа “Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж “З” ХХК-ний Б зочид буудлын Ү-***********дугаартай 502 м2 хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө” гэж хөрөнгийн хэмжээг буруу тусгаж шийдвэр гаргасан, шийдвэрээ шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргүүлээгүй байсаар байна. Энэ мэтчилэн алдаатай байдлууд олныг гаргадаг, түүнийгээ техникийн алдаа гэдгээр халхавчлан тайлбарласан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх бидний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн маш олон үйлдэл гаргаж иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулан хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлэлгүйгээр, ямар ч нотлох баримтгүй байсаар байтал хэт хариуцагчийн талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж бид маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М  давж заалдах гомдолдоо: “...Миний бие Булган аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр бодитой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр анх шүүхэд хандан 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “З” ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн 12 тоот гэрчилгээг Ц.Б-т олгосон нотариатч Б.П-н үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, З.Э нар “З” ХХК- ий 2 давхар үл хөдлөх хөрөнгө, газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийг хүлээн аваад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэх тухай 01717 тоот захирамж гарсан. Уг захирамжд нэхэмжлэлийн агуулгыг нэхэмжлэлийн шаардлагад дурьдснаас огт өөр агуулгаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгох гэж шаардлагыг буруу томьёолж хэрэг үүсгэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгох гэсэн агуулгаар шүүхээс гарсан захирамж, тогтоол бүрт дурьдагдаж байснаас гадна зарим нэг захирамжинд ямар нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцсэн талаар огт дурьдаагүй байдаг.

2. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 02102 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гараад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг захирамжинд өөрчлөлт оруулах тухай 02131 тоот захирамж гарсан. Уг захирамжинд зохигчд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхад уг эрхийг нь хангаагүй, уг захирамжийг нэхэмжлэгч нарт гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дах заалтыг зөрчсөн.

3. Нэхэмжлэгч нар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэгч нарыг эцэг С.З н өв залгамжлагчаар тогтоолгох, “З” ХХК, түүний үл хөдлөх хөрөнгө бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хариуцагч Ц.Б  дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр болгосон байх тул улсын бүртгэл. газрын албанд хийлгэсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан боловч шүүх 2018 оны 12 дугаар сарын 11-ний 02450 тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “З” ХХК-ий 2 давхар үл хөдлөх хөрөнгө, газар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00373 тоот захирамж гаргаж хүлээн авсан бөгөөд хариуцагч Ц.Б  дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр болгосон байх тул улсын бүртгэл, газрын албанд хийлгэсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулах, С.З н өв залгамжлагчаар тогтоолгох гэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний 02450 тоот захирамж гаргасан атлаа 2019 оны 05 дугаар сарын 30-ны 00282 тоот шийдвэрээр тэдгээр шаардлагыг хүлээн аваад хянан хэлэлцээд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4. Шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг дүгнэж шийдвэр гаргахдаа хэзээ болсон ямар үйл явдалд ямар хууль тогтоомжийг ямар үндэслэлээр хэрэглэж байгаа талаар огт дурьдаагүй. Нэхэмжлэгч нар нотариатч Б.П.н 2018 онд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийн талаар нэхэмжлэл гаргасан учраас нотариатч тус үйлдлийн талаарх хууль зүйн дүгнэлт хийхэд 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэгдэнэ. Шийдвэрт хэдэн оны Нотариатын тухай хууль хэрэглэж байгаа талаар огт дурьдаагуй.

5. Нэхэмжлэгч нар нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүх уг үйлдэлд огт хамааралгүй Нотариатын үйлдэл хийхээс татгалзах тухай 31 дүгээр зуйл. 31.3 дугаар зүйлийг тус тус хэрэглэж тус хуулийн 31.3-т заасан “сонирхогч этгээд” гэдгийг “тухайн нотариатын үйдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгох...” гэж хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэл үгүй. Нэхэмжлэгч нар нотариатчийг үйлдэл хийхээс татгалзсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй, харин хийсэн үйлдэл нь хууль бус бидний эрхийг хөндөж байна гэж үзэж шүүхэд хандсан.

6. Шийдвэрт “нэхэмжлэгч нарыг ... шүүхэд хандах эрх бүхий сонирхогч этгээд биш” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл үгүй. Нэхэмжлэгч нар 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сард нотариатч Б.П д хандаж хүсэлт гаргасан, уг хүсэлтийн дагуу “ З” ХХК-ний 2 давхар үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын “Т” сургуулийн 8 өрөөг С.З н 5 хүүхдэд тэнцүү хувааж өв нээж өгсөн атлаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “З” ХХК-ий үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн 12 тоот гэрчилгээг олгохдоо тус гэрчилгээндээ 2 давхар үл хөдлөх хөрөнгө гэж бичиж Ц.Б-т өвлүүлээд Ц.Б уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлээд байгаа нь нэхэмжлэгч нарын эрхийг хөндөж байгаа гэж үзэх хангалттай үндэслэл юм.

7. Хариуцагч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа “... энэ нь 2 давхрын гэж бичих байгаад 2 давхар гэж бичиж тухайн үед техникийн алдаа гаргасан” талаар дурьдсан бөгөөд нотариатын буруу бичсэн үйлдэл техникийн алдаа бус нотариатын хууль бус алдаатай үйлдэл буюу 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ гаргасан хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

8. Шүүх “...үйл баримт тогтоогдохгүй”. “...нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн боловч уг байдлаа хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөөгүй учраас шийдвэр нь бодитой байх хуулийн шаардлагыг хангаагүй.

9. Шүүх "Булган" зочид буудал хэрхэн бий болсон, хэрхэн бусдын өмчлөлд шилжсэн, “З” ХХК хэрхэн үүсэн байгуулагдсан, үүсгэн байгуулах баримт бичигт ямар өөрчлөлт орж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад уг баримтыг огт үнэлээгүй.

10. Нэхэмжлэгч нар өвлөгдөх эд хөрөнгөө хамгаалах талаар үйлдэл хийх хүсэлтийг нотариатч хандан гаргаж байсан. Нотариатч нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн талаар хангалттай мэдэж байж Нотариатын тухай хууль зөрчсөн нь түүний өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нотариатын үйлдлийн талаар Нотариатын танхимд хандсан талаар шийдвэртээ огт дурьдаагүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Булган аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 282 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо: ”...Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нотариатын үйлдлийг хууль бус болох шаардлагын талаар: Нотариатч П нь хариуцагч Б-т 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12, 14 дугаар бүхий 2 ширхэг Өвлөх эрхийн гэрчилгээ бичиж олгосон үйлдэл нь хууль бус болсон гэж маргаж, нотариатын өв нээсэн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Нотариатаас олгосон дээрх өвийн гэрчилгээг үндэслэл хариуцагч Б  нь “З” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Ү-*********/2 дугаартай 1502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө болох Б зочид буудлын барилга болон ***********дугаар нэгж талбар бүхий 2370 м.кв газар зэргийн 100 хувь өмчлөгч нь болсон бөгөөд энэхүү эд хөрөнгийг хүүхдүүддээ зориулан хувьчилан авч үр хүүхдүүдийн хамтаар дотор нь олон төрлөөр хуваан ажиллуулж ирсэн “З” ХХК-ний үүсгэн байгуулагч, ерөнхий захирал З  агсны хүүхдүүд болох Энхжаргал нарын 4 нэхэмжлэгч нарын эрх ашиг хохироход хүрсэн учраас шүүхэд хандан зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах, цаашид энэхүү маргаанаа эцэслэн үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа. Нотариатч П хариуцагч Б нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын асуудал дээр З  агсны үр хүүхдүүдээс адил тэнцүү хуваан авахаар маргалддаг, хувь хүртэж хуваан авах талаар яриа хэлцэл байдаг гэдгийг мэдэж байсан мөртөө зориудаар тэдэнд мэдэгдэхгүйгээр ийм үйлдэл хийсэн. Үнэхээр Б 100 хувь өвлөгч гэдэг дээр маргалдах этгээд байхгүй бол нотариатч Б.гтэй хамт өв нээлгэх хүсэлт гаргасан З.Э, З.Т, З.Т, З.Т нарын нүдэн дээр энэхүү үйлдлээ хийх байсан. Нотариатч нь шүүхээр шийдвэрлүүл, тэр болтол өвийн асуудлыг чинь түдгэлзүүллээ гэсэн хариуг бичгээр 2018 оны 05 дугаар сарын 10-ны өгчихөөд үүнд нь итгэсэн бусад өвлөгч нарыг хуурч өвийн түдгэлзэл арилаагүй шүүхээр маргаан шийдэгдээгүй байхад тэдэнд мэдэгдэхгүйгэар нууцаар Б т өв нээж байгаа үйлдлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Мөн хэрэгт 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хэлцэл хавсаргагдсан байдаг. Уг хэлцэлд өвлөгдөх хөрөнгө болох “З” ХХК-ний өмч болох 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг ижил тэнцүү хэмжээгээр хуваан авах тухай зохицуулалт бүхий хэлцэл байгаа. Энэ хэлцэл үнэн болохыг тухайн үед нотариатч П өөрөө баталж өгсөн. Өвлөгдөх хөрөнгө дээр Б-с гадна өвөлж авах хүсэлтэй 4 хүн байгаа, эдгээр хүмүүс өвлөгдөх хөрөнгө дээр 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хэлцэл байгуулсан байгаа гэдгийг П нотариатч мэдсээр байж ийм үйлдэл гаргасан нь хууль бус болохыг давхар нотолж байна. Нотариатчийн үйлдлийг буруутгаж байгаа бас нэг зүйл бол “З” ХХК-ний нэр дээр өмчлөлтэй зочид буудлын зориулалттай 1502 мкв талбайтай 2 давхар ул хөдлөх хөрөнгө 1 давхрын “Т” сургуулийн зориулалтаар ашиглаж байсан 288 мкв талбайг Б  болон 1 нэхэмжлэгч нар адил тэнцүү хуваан өвлүүлэх гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон байгаа. Гэтэл энэхүү 288 мкв талбай нь дээрх 1502 мкв-аас хасагдах байтал хасахгүйгээр давхцуулан олгосон явдал байгаа. Нотариатын энэхүү үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан шударга ёсыг сахиж ажиллах зарчмын заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн нотариатчийн чиг үүргийн зохицуулалтаас 4.4.1-д заасан үл маргах шинжтэй үйлдэл дээр нотариат ажиллагаа хийх чиг үүргийн заалтыг зөрчсөн. Мөн хуулиар нотариатчийн үйл ажиллагаанд хоргилосон буюу 21.3.3-д заасан нотариатчийн үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн учраас хууль бус гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрт нотариатын хууль бүс үйлдлийг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заахдаа Нотариатын түхай хуулийн 31.3, 31.1-д зааснаар нотариатын олгосон 12, 14 тоот өвлөх гэрчилгээнүүдийн улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй, нотариатын үйлдлийг  хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрх бүхий сонирхогч этгээд биш, нотариатын үйлдлийг хууль бусад тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй зэрэг дүгнэлт хийсэн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл нь Нотариатын үйлдэл хийхээс татгалзах гэсэн зохиуцуулалт байх бөгөөд 31.1-д Нотариатч дараах тохиолдолд үйлдэл хийхээс татгалзана, 31.3-д энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан нь бидний маргаанд хамаарах хуулийн зөв оновчтой заалт болж чадаагүйгээс гадна огт өөр зохицуулалт бүхий заалтыг баримталсан байгаа учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

2. “З” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Ү-***********дугаартай 1502 мкв хэмжээтээ 2 давхар үл хөдлөх хөрөнгө болох Б зочид буудлын барилга болон ***********дугаар нэгж талбар бүхий 2370 м.кв газар зэргийг дундын эд хөрөнгөд тооцуулах, мал гаргуулах шаардлагын талаар:  Өвлөх эрхийн хуулинд заасан хугацаанд гаргаагүй асуудал дээр маргахгүй боловч гэр бүлийн  гишүүдийн дундын эд хөрөнгө болох хангалттай нотлох баримтаар нотлогдсон тул нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах бүрэн боломжтой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай хамааралтай бүгд нэхэмжлэгч талаас гаргагдсан, хуулийн дагуу бэхжигдсэн баримтууд байгаа. Харицагч талын татгалзал нотлогдоогүй. Шүүх талуудаас ирсэн нотлох баримт нэг бүрт үнэлэлт өгч хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь дүн шинжилгээ хийх үүрэгтэй.  Үүний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон үгүйд дүгнэлт өгч шийдвэртээ тусгадаг. Ингэж чадаагүй шийдвэр хууль ёсны болж чадахгүй. Малны хувьд үр хүүхдүүдэд нь очих байтал бэр Б  өөрийн дураар хэрэглэж, зарж  үрсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоод байхад шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагын талаар  ямарч дүгнэлт шийдвэр гаргаагүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т нар нь хариуцагч Ц.Б, Б.П нарт холбогдуулан

1.Наториатч Б.П-н 2018 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 12,14 тоот “З” ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Б-т олгосон  үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах,

2.  З.Э, З.Т, З.Т, З.Т нарыг “З”ХХК-ний Ү-***********дугаартай 1502 м.кв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон ************* дугаар бүхий 2370 м.кв газрын хууль ёсны газрын өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эцэг С.З н өмчлөлийн 110 малыг С.З н  хөрөнгө болохыг тогтоолгох, малын үнэ 80 450 000 төгрөгийг хариуцагч С.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасаннаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн өв залгамжлалын харилцаа болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг  зохицуулсан Иргэний хууль, Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Тухайлбал зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн гэх хэлцэл нь хуулийн хүчин төгөлдөр байгаа төдийгүй, “З” ХХК-ний 1 давхарт байсан гэх “Т” сургуулийн 8 өрөөг С.З   агсаны 5 хүүхдүүдэд өв нээж өгсөн байхад түүнд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь буруу болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдсан нэхэмжлэгчид болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 343 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР                                               

                                             ШҮҮГЧ                               М.Х