Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 545

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... оршин суух, Х овогт З.Э,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ... оршин суух Н овогт З.Т,

Нэхэмжлэгч: Б аймаг ... оршин суух Н овогт З.Т,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... оршин суух Н овогт З.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, ... оршин суух Б овогт Ц.Б,

Хариуцагч: Б аймаг, ...  оршин суух, Я овогт Б.П  нарт холбогдох

“З” ХХК-ийн өмч болох Ү-************ дугаартай 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох  “Б” зочид буудал болон *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь  З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын эцэг С.З бий болгосон гэр бүлийн дундын эд хөрөнгө тул З.өв залгамжлагчаар тогтоолгох,

“З” ХХК-ийн өмч болох Ү-************ дугаартай 45000000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох  “Б” зочид буудал болон *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь  З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын эцэг С.З , ээж Ц нарын  бий болгосон гэр бүлийн гишүүд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох,

Нотариатч Б.П гийн 2018 оны 7 сарын 20-ний өдөр Ц.Б т олгосон  12, 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох,

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 3 ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Б ийн нэр дээр болгосон улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах,

110 толгой малыг С.З эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б ээс 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00502/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч З.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э , нэхэмжлэгч З.Т , З.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, М.Даваасүрэн, Ц.Энхбаяр, хариуцагч Ц.Б , Б.П , хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд, М.Найдан, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э , З.Т , З.Т , З.Т  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бидний аав С.З  нь үр хүүхдүүд бидний хамтаар Б зочид буудлын хөрөнгийг худалдан авахаар 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б аймгийн өмч хувьчлалын комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн нийтийн аж ахуйн харьяа Б зочид буудлын барилга үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа бидний 5 хүүхдийн өмч хувьчлалын ягаан тасалбаруудыг оролцуулан, түүнчлэн бэлэн мөнгөө нийлүүлэн бид ягаан тасалбар худалдан авч түүгээрээ хөрөнгийг худалдан авч байсан. Үл хөдлөх хөрөнгийг 1994 онд худалдан авсан бөгөөд З.Э , Ц.Б  нар нь 1995 онд гэр бүл болсон тул уг үл хөдлөх хөрөнгө нь тэдний хамтын хөрөнгө болох боломжгүй байгаагаас Ц.Б  хөрөнгийг өвлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг нэхэмжлэлийг гаргасан. ... Аймгийн өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Д , бидний аав С.З , ээж М.Ц, дүү З.Э  нар байлцан хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан юм. Бидний аав С.З  нь 2012 онд нас барах хүртлээ “3” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Б зочид буудлыг худалдан авсан цагаасаа эхлэн орон нутагт нь амьдарч байсан дүү З.Э г компанийн захирлаар томилон хариуцуулан ажиллуулж байсан.                 

... Бидний аав таалал төгсөхийнхөө өмнө гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцаж  байсан дүү З.Э д миний хүү энэ үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан ах эгч нараа байр орон сууцтай болгож өгөөрэй гэж гэрээсэлснийг үндэслэн эгч дүү бид 5 ярилцан тохиролцож, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эцгийн өвлүүлсэн хөрөнгийг хуваах хэлцэл байгуулсан билээ. Үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж амжилгүй дүү З.Э  2016 онд нас барсан. Эцгийн хүлээлгэсэн итгэл найдварыг үл алдан гүйцэтгэх захирлын ажлыг сайн хийдэг байсан тул бидний эгч дүүс компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байлаа. Гэтэл дүү З.Э г нас бармагц хууль ёсоор эцгээс бидэнд өвлөгдсөн хөрөнгө эзгүйдэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр Ц.Б  компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхдаа 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 04 сарын хооронд гарсан үйл ажиллагааны зардлуудыг төлөхгүйгээр хуримтлуулан байсаар их хэмжээний өр үүсгэн бий болгосон байна.

Тухайлбал өнөөдрийн байдлаар

  1. Б м ХХК-д 12 000 000 төгрөг,
  2. Булган аймгийн Татварын хэлтэст 1 900 000 төгрөг,
  3. Нийгмийн даатгалын хэлтэст 1 500 000 төгрөг,

Нийт өр төлбөрийн хэмжээ 15 400 000 төгрөг хүрсэн байна.

Ийнхүү өрөнд оруулаад байгаа байдлын улмаас эгч дүү бидний гэр бүлийн хуваарилагдсан хөрөнгө өрийн барьцаанд очих, үрэгдэж үгүй болох аюултай нөхцөл байдал үүсч, бидний эрх зөрчигдөн, хөрөнгөндөө хяналт тавихаас аргагүй байдал бий болсон юм.

Эгч дүү бид нар хөрөнгөө өв залгамжлах хүсэлтүүдээ Б аймгийн тойргийн нотариатч Э.П д бичгээр гаргахад зөвхөн Б зочид буудлын 1 давхарт байрлах 8 өрөө 288 м.кв талбайтай эд хөрөнгийн өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарган гардуулан өгсөн.  “3” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрээ бидэнд өгсөн.

Бидний 5 хүүхдийн хоорондоо байгуулсан хэлцлийг өөрөө баталж хууль ёсны болгосон атлаа маргаантай байгаа эд хөрөнгийг Ц.Б т өвлөх эрх нээсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

... Нас барсан дүү З.Э гийн эхнэр Ц.Б т З.Э д хууль ёсоор өвлөгдөх хөрөнгийн хэмжээгээр бус “3” ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр мөн өв нээсэн хөрөнгийг хүртэл давхардуулан өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатч Б.П  нь олгосон.

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Б т 2370 мкв газар олгосон байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Б зочид буудлын 1502 мкв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 100 хувь олгосон. Уг гэрчилгээнүүд нь Нотариатын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, нэхэмжлэгч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн талаар маргаантай байхад нотариатч Б.П  нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот гэрчилгээгээр Ц.Б т өв нээсэн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дээрх өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн өөрчлөлтүүдийг хүчингүй болгож өгнө үү.

“З” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-************ дугаартай 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 183924091127867 дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв талбай бүхий газар нь З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  бидний эцэг С.З бий болгосон гэр бүлийн гишүүд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү,

Бидний эцэг С.З  нь 2012 оны мал тооллогын А дансаар нийтдээ үхэр 12 толгой, адуу 23 толгой малыг бурхан болох хүртлээ өөрөө өсгөж үржүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан бөгөөд уг малыг Булган аймгийн ... оршин суух Б.Х гээр маллуулж байсан. Дээрх 23 толгой адууг нь Б.Х гээс О.Ц д маллуулахаар 2015 онд шилжүүлсэн юм. Дээрх мал сүрэгт хурдан удмын адуу, үүлдэр угшил сайтай эцэг мал байсан болохыг тухайн малыг маллаж байсан малчин гэрчилдэг. Эцэг С.З г бурхан болсны дараа үр хүүхдүүд бид ярилцан тохирч дээрх малыг отгон дүү З.Э гийн нэр дээр тоолуулж А дансны бүртгэлд бүртгүүлж малыг малчин Б.Х , О.Ц  нар маллаж байсан. Дүү З.Э г нас барсны дараа бидний өв нээгдээгүй байхад Ц.Б  дээрх малыг дур мэдэн зарж борлуулахаас гадна ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан гэдгийг малчин Б.Х , түүний гэргий н.О  нар гэрчилж байгаа. Эцэг С.З  маань өөрийн өмчлөлийн малыг бидний хэн нэгэнд хууль ёсоор болон гэрээслэлээр өвлүүлж өгөөгүй бөгөөд энэ нь бидний эцгийн өв хөрөнгө болох нь малын А дансны бүртгэлээс тодорхой харагддаг.

Иймд бидний эцэг С.З өмчлөлийн нийт 110 толгой малын үнэ 80 450 000 төгрөгийг гаргуулж өнгө үү  гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1 дүгээрт:  малын тухайд малыг бол 4 нэхэмжлэгчийн аав  С.З гаас өвлөж аваагүй. Малыг эцэг С.З  яагаад өвлүүлээгүй талаар тусдаа шүүхэд  нэхэмжлэл гарга. З.Э гийн нэр дээр байсан малыг тэрээр амьд байхдаа өвчний учир 1 ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй эмийг /стом/ өдөрт 2-3 удаа уудаг байсан. 2016 оны 04 дүгээр 05-ны өдрөөс 2016 оны  09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд  өдрийн 25000 төгрөгийн эмийг хэрэглэдэг байсан. Бид энэхүү эмэнд  гэхэд 35000000 төгрөгийг зарсан байна. Энэ хүн өвчнөө давахын тулд адуугаа зарсан. Манай гэр бүл С.З нэр дээр байсан малыг шилжүүлж авч байгаагүй. Дундаа амьдраад аав, ээжийнхээ малыг идэш болгоод нэхэмжлэгч нар бүгдээрээ хуваагаад идсэн. 2 дугаарт: Би  энэ 4 хүнийг тухайн үед ямар хөдөлмөр хийгээд хэдэн төгрөг олоод ягаан тасалбартай байсныг би мэдэхгүй. Би хүний хөрөнгө өвлөж аваагүй. 1994 онд З.Э тэй танилцаж 1995 онд  гэр бүлээ батлуулж нэг хүүхэд төрүүлсэн. Өнөөдийг хүртэл энэ компаний үйл ажиллагааг удирдан зохион байгуулаад явж байна.   2016 он хүртэл Б зочид буудалд амьдарсан. Би хэнийч хөрөнгийг булаацалдаж, хууран мэхэлж аваагүй. Хуулийн дагуу хууль ёсны эрхээ эдлээд өвлөөд явж байна. Өөрсдөө С.З өв залгамжлагч болох талаар надтай хамааралгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаач гэж хүсэж байна. Би өөрийн хууль ёсны гэр бүлийн эд хөрөнгийн гэрчилгээг 2018 оны 7 сарын 20-ны өдөр хүлээн авч З ХХК болон Б зочид буудал, газрын хамт гэрчилгээ гаргуулж авсан. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд гаргасан нэхэмжлэлдээ эд нар өвлөгч гэдгээ тодорхойлох гэж гаргаж байсан. Өнөөдөр гаргасан бүх нэхэмжлэл нь  бүгд надтай хамааралтай болоод явж байна. Шүүхээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан үзээд шийдвэр гаргахыг хүсэж байна. ... “3” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хууль ёсны дагуу надад өвлөгдөж ирсэн. Миний хүү Э.А  сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэх эмчийн дүгнэлтийг үндэслэн өвлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Э.А  нь 2013 оны 06 дугаар сард хүнд зодуулж тархины хүнд гэмтэл нь авсан. Одоог хүртэл эмчлэгдээгүй байна гэв.

Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хийсэн хэлцлийн тухайд тайлбарыг эхлээд яръя. 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус хэлцлийг хийсэн. Энэ хэлцэл нь одоо ч гэсэн хүчинтэй.

“Тус хэлцэлд “3” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын *********** дугаар бүхий 2369 мкв газрын хамт “3” ХХК-ний эзэн З.Э гийн нэр дээр байдаг бөгөөд бидний эцэг С.З  таалал төгсөхийн өмнө З.Э д захиж үлдээхдээ “миний хүү энэ үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан, ах эгч нараа байр, сууцтай болгож өгөөрөй гэж захисныг үндэслэн  үр хүүхдүүд болох З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нар байгуулсан. Үүнд: 

1. Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

1.1 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар  Б аймгийн Хас банктай хийсэн *********** тоот гэрээний дагуу 40 000 000төгрөгийн зээлийн үлдэгдлийг түүний хүүгийн хамт төлөх; Компанийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан үүссэн торгууль, алдангийг төлөхгүй болно.

 1.2 Өнөөдрийн байдлаар Б аймаг дахь “Э” сангаас авсан 9000000 төгрөгийг маргаангүй төлөх,

 1.3 Том ах З.Т д уурын зуух байсан байшингийн 2 давхрыг орон сууц болгон тохижуулахад зориулсан 40 сая төгрөгийг тус тус төлж барагдуулах.

 2. Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

 2.1 З.Э  болон түүний гэр бүлийн гишүүд болох Ц.Б , Э.А  нарт борлуулсан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2,1.3 дах заалтуудад заагдсан үнийн дүнг хасаж тооцсоноос үлдэх хэсгийн 30 хувийг;

 2.2  З.Э , З.Т , З.Т , З.Т  нарт борлуусан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2, 1.3, 2.1-т заасан заалтуудад заагдсан  үнийн дүнг хасаж тооцон үлдэгдэл үнийн дүнг ижил тэнцүү хувааж авах;

3. Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан  борлуулсан  төлбөрийг З.Э гийн Хаан банк дахь ********** тоот дансанд төвлөрүүлэн ажлын 7 хоногийн дотор тус хэлцлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заагдсан хэсгийг төлж барагдуулсны дараа хэлцэл хийгч нарт  өөрт ногдох хэсгийг олгоно.

 4. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүртэл “3” ХХК-ийн үйл ажиллагаанд хэлцэл хийгч нар  оролцохгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны дараа “3” ХХК нь З.Э гийн мэдэлд үлдэнэ” гэж хэлцлийг байгуулсан.

Энэхүү хэлцэл нь Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн дагуу одоо ч гэсэн хүчинтэй. Энэхүү хөрөнгө худалдан борлуулагдаагүй мөн хөрөнгийг цааш нь авч явах хүн нас барсан. Хуульд заасны дагуу 1 жилийн дараа өв нээгдэж, жилийн дотор өв нээлгэх хүсэлтээ гаргадаг. Нэхэмжлэгч нар надтай уулзаж зөвлөгөө авч байсан. Тухайн үед гурван объектод өв нээлгэх хүсэлт нэхэмжлэгч нар гаргасан. Би нэхэмжлэгч нарт эцгийн нэр дээр байх хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах эрхтэй гэж тайлбарласан. “Т” сургууль, “3” ХХК-ийг өвлөх хүсэлтийг нэхэмжлэгч нар гаргасан. Миний бие тухай бүр нь  хүсэлтийг нь танхимдаа гаргаж, танхим бүртгэж аваад энэ хүсэлтийн дагуу ямар нэгэн өв нээгдээгүй, гэрээслэл байхгүй талаар хариу ирж би ч энэ тухай танилцуулдаг байсан. Ингээд хашаа байшинг З.Т д өв нээж, “3” ХХК-ийн 1 давхарт байсан “Т” сургуулийн 8 өрөөг нь С.З 5 хүүхдэд тэнцүү хувааж хүсэлтийнх нь дагуу өв нээж өгсөн.  “3” ХХК-ийн өв нээлгэх асуудал үлдэж нэхэмжлэгч нар өөрсдөө өвлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би “хуулийн дагуу эхнэр, хүүхдэд нь өвлөгддөг учиртай, шүүхээр хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлж болно. Мөн нэгдүгээр ээлжийн өв хүлээн авагч нь  Иргэний хуулийн 535 дугаар зүйлд 535.1-д заасны дагуу олсон орлогоос нь хүртээж болох хуулийн зохицуулалт байдаг тул өөрсдөө сайн тохиролц” гэж нэхэмжлэгч нарт хэлсэн. Би танхимаасаа энэ талаар асуухад шүүхээр асуудал нь  шийдвэрлэгдсэний  дараа өв нээх тухай надад хэлсэн. Ц.Б  татгалзах шийдвэрээ авахаар хамгийн түрүүнд ирсэн ба нэхэмжлэгч нарын хүсэлтүүдийг нь давхар өгчихсөн байсан. Нэхэмжлэгч нарт татгалзах шийдвэрээ өгтөл тэд энэ асуудлыг дахин сөхөхгүй нэг хэсэгтээ чимээгүй болсон. Гэтэл 2 сарын дараа Ц.Б  хууль ёсны дагуу өвөө нээлгэж авахаар ирсэн. Ингээд хуулийн дагуу Ц.Б т өвийг нээж өгсөн.

“3” ХХК нь   З.Э  агсны өмч бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх нь түүний мэдлийнх байхыг 2006 оны компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2013 оны компанийн дүрэм, газар эзэмших гэрчилгээ зэргээр нотлогдож байна. З.Э  агсан нь 1995 оны  02 дугаар сарын 03-ны өдөр Ц.Б тэй гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрлэлтийн 06 тоот гэрчилгээ авсан, тэдний хүү Э.А  нь  1995 оны  03 дугаар сард төрсөн төрсний гэрчилгээ тус тус байсан. 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл ам бүл гурвуулаа амьдарч байсан нь Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,  Б аймгийн  өрхийн бүртгэлийн ************** дугаартай бүртгэлийн дэвтрээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн  520 дүгээр зүйлийн 520.1.1, 528.2-т зааснаар эхнэр Ц.Б ийг хууль ёсны өвлөгчөөр тогтоон өв нээж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хүү Э.А  хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай, сэтгэцийн өвчтэй гэх эмчийн дүгнэлт гарсан тул Ц.Б т өвийг нээж өгсөн. “3” ХХК-ийг  2006-2016 оны 02 дугаар сар хүртэл З.Э  агсан удирдан үйл ажиллагаа явуулж, санхүүгийн үйл ажиллагааг эхнэр Ц.Б  хариуцан хийж байсан нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06/604 тоот албан бичгээр нотлогдож байсан. Бичиг баримтад тулгуурлаж өвийг нээхээс биш хэрхэн үүссэн, хэний өмчлөлд байсныг тогтоох эрхгүй юм.

Нэхэмжлэгч нарт хүсэлтүүдийг түдгэлзүүлэн буцааснаас хойш Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар Ц.Б ээс бусад нь дахин хүсэлт гаргаагүй бөгөөд Ц.Б  2018 оны 07 дугаар сарын 19 болон 20-ны өдөр өв нээлгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу  хууль ёсны өвлөгчид өвийг нээж өгсөн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э , З.Т , З.Т , З.Т  нар нь хариуцагч Ц.Б , Б.П  нарт холбогдуулан

“З” ХХК-ийн өмч болох Ү-************ дугаартай 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох  “Б” зочид буудал болон *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь  З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын эцэг С.З бий болгосон гэр бүлийн дундын эд хөрөнгө тул З.өв залгамжлагчаар тогтоолгох,

“З” ХХК-ийн өмч болох Ү-************ дугаартай 45000000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох  “Б” зочид буудал болон *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь  З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын эцэг С.З , ээж Ц нарын  бий болгосон гэр бүлийн гишүүд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох,

Нотариатч Б.П гийн 2018 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Ц.Б т олгосон  12, 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох,

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 3 ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Б ийн нэр дээр болгосон улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах,

110 толгой малыг С.З эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б ээс 110 толгой малын үнэ болох 80.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Ц.Б , Б.П  нар эс зөвшөөрч маргажээ.

“З” ХХК-ийн өмчлөдд байдаг Ү-************ дугаартай 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох  “Б” зочид буудал болон *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь  З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын эцэг С.З бий болгосон гэр бүлийн дундын эд хөрөнгө тул З.өв залгамжлагчаар тогтоолгох, мөн 110 толгой малыг С.З эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б ээс 110 толгой малын үнэ болох 80.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нарын эцэг  С.З  нь 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон. Талийгаач С.З хууль ёсны өвлөгч нь нэхэмжлэгч нар мөн хэдий ч Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, 528 дугаар зүйлийн 528.2-т өвлөгч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй болох нь нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

110 толгой мал С.З г нас барахад үлдээгүй бөгөөд 2011 онд С.З нэр дээр адуу 22, үхэр 12 нийт 34 тооны мал тоологдсон болох нь нэхэмжлэгч З.Т ын тайлбар, 3-р хавтаст хэргийн 48-р хуудсанд авагдсан малын А дансны хуулбараар тогтоогдож байна. С.З өмчлөлийн 34 тооны бод мал өсөн үржиж 110 толгой болсон нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд 110 толгой малын үнэ зах зээлийн ямар үнэлгээгээр 80.450.000 төгрөг болсон тухай нотлох баримтаа нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлээгүй байна. С.З г нас барсны дараа хууль ёсны өвлөгч нараас малыг өвлөн авах талаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаагүй болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар С.З өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй  байна.

Нэхэмжлэгч нар “З” ХХК-ийн өмчлөлд байдаг Ү-************ дугаартай 45000000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох  “Б” зочид буудал болон *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь  З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын эцэг С.З , ээж Ц нарын  бий болгосон гэр бүлийн гишүүд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“З” ХХК-ийн өмчлөлд байдаг Ү-************ дугаартай 45000000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох  “Б” зочид буудал болон *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь  З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын дундаа хэсгээр өмчлөх дундын өмч болох нь  1-р хавтаст хэргийн 12-13-р хуудсанд авагдсан 29 дугаартай нотариатчийн баталсан 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн  С.З 5 хүүхэд болох З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын хийсэн хэлцлээр тогтоогдож байна.

Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Мөн хуулийн 108.3-т Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчид мэдэгдэх үүрэгтэй гэжээ.

Дундаа өмчлөх эрх нь хэлцлийн үндсэн дээр үүсч дараах хоёр тохиолдлоор дуусгавар болдог байна.

- хэлцлийн үндсэн дээр

-  хуульд зааснаар дуусгавар болно гэжээ.

З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын хооронд 29 дугаартай нотариатчийн баталсан 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцлийг дуусгавар болгох талаар хэлцэл хийгдээгүй. Мөн дундаа хэсгээр өмчлөгчид өөрийн оногдох хэсгийг нөгөө өмчлөгчид шилжүүлсэн тохиолдолд хуульд зааснаар дуусгавар болох нөхцөл бүрддэг тул хэлцэл хийсэн этгээдүүд хэн нэгэндээ өөрт оногдох хэсгээ шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар /тухайн хэлцэл хүчин төгөлдөр байгаа гэх/-аар нотлогдож байна.

Дундын өмчлөлийн зүйлийг өмчлөгчдөд ногдох хэсгийн дагуу хуваах боломжтой бол биет байдлаар нь хувааж, хэрвээ хуваах боломжгүй бол дундын өмчлөлийн зүйлийг худалдаж, олсон орлогыг ногдох хэсгийн дагуу хуваахаар Иргэний хуульд зохицуулсан байх тул З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын хооронд 29 дугаартай нотариатчийн баталсан 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцлийг зүйлийг хувааж болохгүй учир хэлцэл хийгч этгээдүүд худалдан борлуулсан орлогын ногдох хэсгийг хуваарилсан байна.

Иймд 1-р хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан 29 дугаартай нотариатчийн баталсан 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр С.З 5 хүүхэд болох З.Э , З.Т , З.Т , З.Т , З.Э  нарын хийсэн хэлцэл  хүчин төгөлдөр хэлцэл учир “З” ХХК-ийн өмч болох Ү-************ дугаартай 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, *********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газар нь З.Э , З.Т , З.Т , З.Т  З.Э  нарын дундаа хэсгээр өмчлөх хамтын өмч юм. З.Э  нь З ХХК-ийг удирдаж, тус хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй байсан болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээ,  зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Харин хэлцлийн 4-т зааснаар Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүртэл “З” ХХК-ийн үйл ажиллагаанд хэлцэл хийгч нар  оролцохгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны дараа “З” ХХК нь З.Э гийн мэдэлд үлдэнэ гэсний дагуу тус компаний хөрөнгийг худалдсаны дараа З ХХК-ний хууль ёсны өв залгамжлагч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ц.Б  болон түүний хүү Э.А  нар болохоор байна.  

Нотариатч Б.П гийн 2018 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Ц.Б т олгосон  12, 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох тухайд:

Нотариатч Б.П гийн 2018 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Ц.Б т олгосон  12, 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүд олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 529 дугаар зүйлийн 529.1, 530, 531, 532, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Нотариатч Б.П  2018 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Ц.Б т 12, 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо багийн засаг даргын тодорхойлолт, хүн амын анхан шатны бүртгэл болох хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгчид газар болон Б зочид буудлын өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгөөс хэн юу, ямар хэмжээгээр өвлөх эсэхээ хэлэлцэн тохиролцож хэлцэл хийсэн бол нотариатч уг хэлцлийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид олгоно. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгчдийн эд хөрөнгө хувиарлагдсан хэлцлийг заавал хавсаргахаар зохицуулсан байна.

 Гэвч Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар тухайн өвлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа эд хөрөнгүүд дээр өвлүүлэгч  нас барахын өмнө хэлцэл хийсэн байсан. Тухайн хэлцэл байгаа гэдгийг нотариатч Б.П  мэдэж байсан. Мөн нэхэмжлэгч нар 12 болон 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх хүсэлтээ 2018 оны 5 сард гаргахад өвийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг өгч байсан болох нь хариуцагч Б.П , нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1-д хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа тухайн өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ гэж заасан байх тул хэлцэлд тусгагдсан хөрөнгийн 30 /гуч/ хувь нь З.Э гийн эхнэр болон хүүд өвлөгдөхөөр байна.

Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д Өв хүлээн авах, Өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг орон нутаг аймгийн салбарын ...нэгдсэн санд оруулна гэснийг хариуцагч Б.П  зөрчсөн. Нотариатч хуульд зааснаар өв залгамжлалыг хэрэгжүүлэхэд өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг өвлөх эрх бүхий хууль ёсны өвлөгчдийг тогтоож, тэдгээр нь өв хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан эсэхийг шалгана гэсэн үүргээ биелүүлээгүй.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заана гэж хуульчилсан байхад Б.П  нотариатч Б зочид буудлын нийт талбайн хэмжээ 1502 мкв байхад  1 давхрын Т сургуулийн 8 өрөөнд өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарт  олгосон атлаа Ц.Б т 2 давхар 1502 мкв талбайтай Б зочид буудлын үл хөдлөх эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээг давхардуулж олгосон болох нь зохигчийн тайлбар  /хариуцагч Б ийн Т сургуулийн  288 мкв талбай Б зочид буудлын 1502 мкв-т орж байгаа гэх тайлбар, нэхэмжлэгч нарын Б зочид буудлын нийт талбай нь 1502 мкв гэх тайлбар/-аар тогтоогдож байна

Дээрх үндэслэлүүдээр Б аймгийн нотариатч Б.П гийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Ц.Б т олгосон үйлдлийг хүчингүй болгох нь Иргэний болон Нотариатын тухай хуульд нийцэж байна.

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн З ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Б ийн нэр дээр болгосон улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг харьяалан шийдвэрлэхийг заасан байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4-т зааснаар эрхийн улсын бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн, эрхийн улсын бүртгэл буруу, ташаа бол эрх нь зөрчигдсөн этгээд хүсэлт гаргасны улмаас улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэрээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасан байна.

 Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т  сумын газрын даамал нь засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ  олгоно гэсэн байх тул  улсын эрхийн бүртгэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрчлөх хүчингүй болгох асуудлыг холбогдох төрийн байгууллагад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хандан бүртгэлийг өөрчлөх эрх нээлттэй. Тухайн байгууллага нь өөрсдийн бүртгэлдээ хийгээгүй нөхцөлд харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх тул Иргэний хэргийн шүүх  Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас               Ү-****** дугаарт бүртгэлтэй 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох Б зочид буудал, нэгж талбарын *********** дугаартай 2370 мкв газар нь З.Э  //, З.Т  //, З.Т  //, З.Т  , З.Э  // нарын дундаа хэсгээр өмчлөх дундын өмч болохыг тогтоож, Б аймгийн нотариатч Б.П гийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож, Ү-************ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, ************* нэгж талбарын дугаартай 2370 мкв газрын ************* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 110 толгой малын үнэ 80.450.000 төгрөг гаргуулахыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1254445 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б , Б.П  нараас 881300 /найман зуун наян нэг мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт 694445 /зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/, Төрийн санд 186855 /нэг зуун наян зургаан мянга найман зуун таван тав/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 108 дугаар зүйлийн 108.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар Ү-****** дугаарт бүртгэлтэй 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох Б зочид буудал, нэгж талбарын *********** дугаартай 2370 мкв газар нь З.Э  //, З.Т  //, З.Т  //, З.Т  , З.Э  // нарын дундаа хэсгээр өмчлөх дундын өмч болохыг тогтоосугай.

2.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4 дэх хэсэгт зааснаар Б аймгийн нотариатч Б.П гийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгосугай.

3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар Ү-************ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, ************* нэгж талбарын дугаартай 2370 мкв газрын ************* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас110 толгой малын үнэ 80450000 /наян сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1254445 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б , Б.П  нараас 881300 /найман зуун наян нэг мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт 694445 /зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөг, Төрийн санд 186855 /нэг зуун наян зургаан мянга найман зуун тавин тав/ төгрөгийг тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Ц.Б ийн 3” ХХК-ийн “Б” зочид буудлын Ү-************ дугаартай 1502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, *********** нэгж талбарын дугаартай  2370 мкв газрыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.

6.Шүүхийн шийдвэрийг уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР