Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/03250

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 27 101/ШШ2023/03382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух, Н******* овогт Н*******ын П******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт оршин суух, Х******* б*******н овогт Б*******гийн Л******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Б.Л*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д /Ү№/,

Гэрч А.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.П*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.П******* би Б.Л*******тай найз нөхдийн холбоотой ба Б.Л******* нь надаас 2021.10.27-ны өдөр 21,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан юм.

Зээлийн гэрээний дагуу 21,000,000 төгрөгийг Б.Л*******гийн Хаан банкны  тоот дансанд шилжүүлсэн ба өнөөдрийг хүртэл мөнгийг маань буцааж өгөөгүй байна.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. Гэрээг наториатаар гэрчлүүлсэн, уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний талаар маргаж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүхэд үндсэн зээл 21,000,000 төгрөг, хүү 10,920,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байсан. Дээрх шаардлагаа үндсэн зээл 21,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,680,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, нийт 33,600,000 төгрөг гэж тодорхойлж байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр төлчихсөн байгаа болно.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,680,000 төгрөг, 2023.03.13-ны өдөр хүртэлх алданги 10,920,000 төгрөг, нийт 33,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Л******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлийг өмгөөлөгч Б.Дын хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Л******* би нэхэмжлэгч Н.П*******ийг огт танихгүй, түүнтэй уулзаж,ярилцаж, танилцаж байгаагүй, бодит байдалд би түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцлийн хаилцаанд оролцож байгаагүй.

Нэхэмжлэгч нь 2021.10.27-ны өдөр надтай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байна.

Энэхүү зээлийн гэрээ нь хэлбэрийн шинжтэй дүр үзүүлсэн байдалд үүрэг үүсээгүй ба уг гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ юм. Тодруулбал, Б.Л******* би " Капитал" гэх автоломбард болон уг ломбардны ажилтан А.Х нараас олон удаа зээл авч, авсан зээлээ эргэн төлж байсан. Миний хувьд зээлийн эргэн төлөлтөнд илүү төлөлт хийсэн байсан учир Хаас илүү төлсөн мөнгөө нэхэж, өдий хүрч байна.

2021 оны 10 сард Х нь над руу залгаж, Чи 22-ын товчооны авто худалдааны төв дээр манай ажил дээр хүрээд ир. Манайд шалгалт орох гэнэ. Чи нэг хүнтэй 21 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаадах. Тэр хүний данс руу нь би 21 сая төгрөг хийх юм. Тэгээд тэр хүн чиний данс руу миний шилжүүлсэн мөнгийг хийхэд нь буцаагаад над руу шилжүүлчих. Ямар ч асуудалгүй. Найздаа туслаач гэхээр нь би урьдын харилцааны явцад бий болсон нөхөрлөлөө бодож, түүний ажил руу очиж, Хын хэлсний дагуу түүний зааж өгсөн Н.П******* гэх огт танихгүй, харилцаж ч байгаагүй хүнтэй зээлийн гэрээ байгуулсан ба Хаас П******* руу шилжүүлсэн 21 сая төгрөгийг П******* над руу шилжүүлж, уг мөнгийг нь би тэр дор нь Хын данс руу буцаагаад шилжүүлсэн.

Банкны лимитийн дагуу 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлээд, үлдэх 1,000,000 төгрөгийг АТМ-ээс 500,000 төгрөгөөр 2 удаа өгсөн. Гэрээг баталсан наториатч гэрээний үр дагаврыг надад тайлбарлаж өгөөгүй. Тэгээд ч нэхэмжлэгч Н.П*******той танил биш, найз нөхдийн холбоогүй байж бага биш хэмжээний 21,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай хүүтэй, барьцаа авахгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсон гэдэг өөрөө дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Ингээд миний бие 2021.10.22-нд Солонгос явсан, гэтэл манай ээж рүү танихгүй хүн утсаар ярьж, фэйсвүүк, сошиалаар мөнгө авсан, түүнийгээ өг гэж дайрч эхэлсэн.

Сүүлд нь тэр үзлэг хийсэн бичлэг дээр А.Х надад, намайг П******* дарамтлаад байгаа учраас тэр хүний хэл гэснийг хэлээд өгөөч гэхээр нь видео колл хийж хэл гэдэг үгийг нь хэлсэн болохоос түүнээс зээлж гүй юм.

Энэ бүх үйл баримт нь миний болон нэхэмжлэгч Н.П*******ийн дансны хуулгаар хангалттай нотлогдоно. Түүнчлэн зээлийн гэрээг дүр үзүүлсэн байдлаар байгуулсан үйл баримтын зохион байгуулагч нь А.Х болох нь бусад баримтаар нотлогдоно. Түүнээс биш би Н.П*******той бодитой гэрээ байгуулж, түүнээс мөнгө зээлж гүй.

Дансны хуулгаас харахад тухайн өдрийн 09-54, 10-19 цагт Х гэсэн нэрээр П*******ийн дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Н.П******* нь Б.Л*******д, Б.Л******* нь буцаагаад А.Хт шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд мөнгө буцаад А.Хын дансанд орсон болох нь тогтоогдоно.

Ер нь А.Х зээлийн гэрээний үүрэгт надаас илүү авсан мөнгөө багасгахын тулд дээрхи этгээдээр үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргуулж байгаа нь хууль бус байна.

Иймд Н.П*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Гэрч А.Х нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

...2021.10.27-ны өдөр Б.Л******* мөнгө зээлдүүлэх найдвартай хүн байна уу гэхээр нь найз Н.П*******ийг танилцуулсан. Ингээд тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. ...Тухайн өдөр миний бие Н.П*******ийн данс руу 17,000,000 төгрөг, манай эхнэр Ч.Сгаас 2,000,000 төгрөгийг Х гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн. Б.Л******* нь 2016.03.04-ний өдрөөс манай компаниас зээл авч эхэлсэн, тэрээр нийт 12 удаагийн гүйлгээгээр 70,500,000 төгрөгийн зээл авсан, эдгээрийн 3-4 удаагийн зээлийг нотариатаар батлуулж байсан. Уг нь түүнийг мөнгө хэрэгтэй байна гээд утсаар ярихаар нь зээл олгов гээд компанийхаа данснаас шилжүүлдэг байсан. ...Эдгээр зээлээс зарим нэг зээлийн эргэн төлөлтийг, хүүгийн хамт миний хувийн данс руу шилжүүлдэг байсан. ...Б.Л******* нь надаас 2021.06.24-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээл авсан, энэ зээл нь 4 сарын хүүгийн хамт 20,500,000 төгрөг болсон байсан. Тэгээд 2021.10.27-ны өдөр Б.Л******* нь 20,500,000 төгрөгийг зээл төлөв гэсэн утгатай шилжүүлсэн. Ингэхдээ 20,000,000 төгрөгийг 1 удаа, 500,000 төгрөгийг 1 удаа шилжүүлсэн. Уг нь түүнээс мөнгөө төлөхийг шаардахад тэрээр найдвартай хүн олоод өгөөч гэхээр нь Н.П*******ийг түүнтэй танилцуулсан юм гэв.

 

4. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

4.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.П*******оос 2022.08.23-ны өдөр О.Бд олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2021.10.27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээнд хавсаргасан Н.П*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Л*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.П*******ийн Хаан банк ХХК-ийн дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Л*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Н.П*******оос 2023.01.31-ний өдөр Г.Баасандоржид олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, флаш диск, Н.П*******оос 2023.06.14-ний өдөр Б.Мид олгосон итгэмжлэл /хх 2-7,19,31,69, 79/

4.2. Хариуцагчаас ирүүлсэн: Б.Л*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, хариу тайлбар, Б.Л*******гийн Хаан банк ХХК-ийн дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.03.19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч Б.Дын шүүх хуралдаан хойшлуулах, гэрч асуулгах хүсэлт, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын тодорхойлолт, О.Дгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 10, 28-29, 35,38-39,41-42,55-56, 84-87/

4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Хын мэдүүлэг /хх 76-77/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.П******* нь хариуцагч Б.Л*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүд 10,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээл 21,000,000 төгрөг, хүү 1,680,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, нийт 33,600,000 төгрөг гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Шүүх, нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч Б.Л******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр,

зээлдүүлэгч Н.П******* нь мөн өдөр 21,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Зээлдэгч Б.Л******* нь тогтоосон хугацаанд үндсэн зээлээ эргүүлэн төлөх, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх 4-5/

-Гэрээний 3.4-т зээлдүүлэгч нь зээлийг 2021.10.27-ны өдөр бэлэн бусаар Хаан банкны 500 099 4471 тоот дансанд шилжүүлэхээр заасан, үүний дагуу мөн өдөр, дээрх тоот дансанд Л*******д зээл олгов утгаар 21,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон. /хх 6/

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл 21,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан тул уг гэрээний үүрэгт үндсэн зээл 21,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,680,000 төгрөг, алданги 10,920.000 төгрөг, нийт 33,600,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

6. Хариуцагч нь дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулагдаж, 21,000,000 төгрөгийг хүлээн авсан даруйд нь гэрч А.Хын дансанд шилжүүлсэн тул уг гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

7.1. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн гүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.

Тодруулбал талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.

8. Зохигчийн тайлбар, гэрч А.Хын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.П******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.Л*******тай байгуулсан зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу ХААН банк ХХК-ийн  тоот дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тус банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх 6/

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 21,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Харин хариуцагчийн, гэрээний зүйл 21,000,000 төгрөгийг мөн өдөрт нь гэрч А.Хын дансанд шилжүүлэн өгсөн гэх тайлбар, түүний Хаан банкны депозит дансны хуулга нь дээрх зээлийн гэрээ байгуулагдсаныг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэв./хх 35/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

10. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т сарын 4 хувийн хүүтэй байх, 3.7-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзнэ.

11. Хэдийгээр талууд хүү, алданги төлөхөөр тохиролцсон нь дээр дурдсан хуульд нийцсэн боловч нэхэмжлэгч нь шүүхэд үндсэн зээл, хүүд 31,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр ирүүлсэн, түүний бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийг хариуцагчид гардуулан өгснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжсэн гэж үзэх бөгөөд харин алданги шаардсан шаардлагыг шүүхэд бичгээр ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

12. Иймд хариуцагч Б.Л*******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон 2 сарын хугацааны хүү 1,680,000 төгрөг, нийт 22,680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.П*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

/21,000,000төгрөгх4хувь=840,000төгрөгх2сар=1,680,000төгрөг/

13. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу хариуцагч Б.Л*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 271,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Л*******гаас үндсэн зээл 21,000,000 төгрөг, хүү 1,680,000 төгрөг, нийт 22,680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.П*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Л*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 271,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.П*******ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/06595 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ