Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01728

 

 

 

 

 

 

    2023         09         08                                        210/МА2023/01728

 

 

 

Н.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03382 дугаар шийдвэртэй,

Н.П-ийн нэхэмжлэлтэй, Б.Л-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 31,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Би Б.Л-тай найз нөхдийн холбоотой ба Б.Л нь надаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд гэрээний дагуу 21,000,000 төгрөгийг Б.Л-гийн дансанд шилжүүлсэн.

1.2. Зээлийн гэрээг наториатаар гэрчлүүлсэн, уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний талаар маргаж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Шүүхэд үндсэн зээл 21,000,000 төгрөг, хүү 10,920,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байсан. Дээрх шаардлагаа үндсэн зээл 21,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,680,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, нийт 33,600,000 төгрөг гэж тодорхойлж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,680,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх алданги 10,920,000 төгрөг, нийт 33,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б.Л- би нэхэмжлэгч Н.П-ийг танихгүй, түүнтэй уулзаж, ярилцаж, танилцаж байгаагүй, бодит байдалд би түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцлийн харилцаанд оролцож байгаагүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр надтай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү зээлийн гэрээ нь хэлбэрийн шинжтэй дүр үзүүлсэн  үүрэг үүсээгүй ба уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. Тодруулбал, Б.Л- би “Б” гэх авто ломбард болон уг ломбардны ажилтан А.Х- нараас олон удаа зээл авч, авсан зээлээ эргэн төлж байсан.

2.2. Миний хувьд зээлийн эргэн төлөлтөнд илүү төлөлт хийсэн  учир А.Х-аас илүү төлсөн мөнгөө нэхэж, өдий хүрч байна. 2021 оны 10 сард А.Х нь над руу залгаж “чи 22-ын товчооны авто худалдааны төв дээр манай ажил дээр хүрээд ир, манайд шалгалт орох гээд чи нэг хүнтэй 21 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулчих, тэр хүний данс руу нь би 21 сая төгрөг хийгээд тэр хүн чиний данс руу миний шилжүүлсэн мөнгийг хийхэд нь буцаагаад над руу шилжүүлчих ямар ч асуудалгүй, найздаа туслаач” гэхээр нь би урьдын харилцааны явцад бий болсон нөхөрлөлөө бодож, түүний ажил руу очиж, А.Х-ын хэлсний дагуу түүний зааж өгсөн Н.П гэх танихгүй, харилцаж ч байгаагүй хүнтэй зээлийн гэрээ байгуулсан. А.Х-аас Н.П руу шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг Н.П над руу шилжүүлж, уг мөнгийг нь би тэр дор нь А.Х-ын данс руу буцаагаад шилжүүлсэн. Банкны лимитийн дагуу 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлээд, үлдэх 1,000,000 төгрөгийг АТМ-ээс 500,000 төгрөгөөр 2 удаа өгсөн.

2.3. Гэрээг баталсан наториатч гэрээний үр дагаврыг надад тайлбарлаж өгөөгүй. Тэгээд ч нэхэмжлэгч Н.П-той танил биш, найз нөхдийн холбоогүй байж бага биш хэмжээний 21,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай хүүтэй, барьцаа авахгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсон гэдэг өөрөө дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Солонгос явсан бөгөөд манай ээж рүү танихгүй хүн утсаар ярьж, фэйсбүүк, сошиалаар мөнгө авсан, түүнийгээ өг гэж дайрч эхэлсэн. Сүүлд нь тэр үзлэг хийсэн бичлэг дээр А.Х надад намайг Н.П дарамтлаад байгаа учраас тэр хүний хэл гэснийг хэлээд өгөөч гэхээр нь видео колл хийж хэл гэдэг үгийг нь хэлсэн болохоос түүнээс зээлж аваагүй. Энэ бүх үйл баримт нь миний болон нэхэмжлэгч Н.П-ийн дансны хуулгаар хангалттай нотлогдоно. Түүнчлэн, зээлийн гэрээг дүр үзүүлсэн байдлаар байгуулсан үйл баримтын зохион байгуулагч нь А.Х болох нь бусад баримтаар нотлогдоно. Түүнээс биш би Н.П-той бодитой гэрээ байгуулж, түүнээс мөнгө зээлж аваагүй. Дансны хуулгаас харахад тухайн өдрийн 09:54, 10:19 цагт Хатнаа гэсэн нэрээр Н.П-ийн дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Н.П- нь Б.Л-д, Б.Л- нь буцаагаад А.Х-т шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд мөнгө буцаад А.Х-ын дансанд орсон болох нь тогтоогдоно. А.Х зээлийн гэрээний үүрэгт надаас илүү авсан мөнгөө багасгахын тулд дээрх этгээдээр үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргуулж байгаа нь хууль бус байна. Иймд Н.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                                                    

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Л-гаас үндсэн зээл 21,000,000 төгрөг, хүү 1,680,000 төгрөг, нийт 22,680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.П-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Л-гаас улсын тэмдэгтийн хураамжид 271,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.П-ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч талын татгалзал, тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулж үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь зээлийн гэрээний талууд болох нэхэмжлэгч Н.П, хариуцагч Б.Л бид хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг гэрээг байгуулсан учраас уг гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ. Би энэ тухай өөрийн тайлбартаа “... А.Х над руу залгаж, ажил дээр хүрээд ир, манайд шалгалт орно гэнэ, чи нэг хүнтэй 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад би тэр хүний данс руу 21,000,000 төгрөг хийхээр тэр хүн чиний данс руу хийнэ, тэхээр нь чи над руу буцаагаад хийчих, найздаа туслаач гэхээр нь би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө ажил руу нь очсон. Намайг очиход А.Х-аас гадна Н.П гэх зүс мэдэхгүй, танихгүй залуу байсан бөгөөд А.Х надад “...одоо би энэ залуугийн данс руу 21,000,000 төгрөг хийнэ, тэгээд энэ залуу чиний данс руу миний шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг хийхэд нь чи над руу буцаагаад хийчих” гэсэн. Тэгээд бид 3 хамт байх үед А.Х Н.П гэх залуугийн данс руу өөрийн данснаас 19,000,000 төгрөг, эхнэр н.Сарантуяагийн данснаас 2,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг шилжүүлсний дараа А.Х “...одоо та 2 энэ нотариат руу ороод зээлийн гэрээ байгуулчих гэхээр нь бид нотариат руу орж, зээлийн гэрээ байгуулсан.

Дээрх гүйлгээнүүдийн талаарх дансны хуулга хэрэгт авагдсан. А.Х- нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 54 минутад өөрийн данснаас 19,000,000 төгрөг, мөн өдрийн 10 цаг 19 минутад эхнэр н.Сарантуяагийн данснаас 2,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг “Хатнаа” гэх утгаар нэхэмжлэгч Н.П-ийн Хаан банк дах данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч Н.П нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 31 минутад Хаан банк дах өөрийн данснаас “зээл олгов” гэх утгаар дээрх 21,000,000 төгрөгийг хариуцагч Б.Л миний данс руу шилжүүлсэн. Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 41 минутад 20,000,000 төгрөг, мөн өдрийн 10 цаг 52 минутад 500,000 төгрөг, 10 цаг 55 минутад 500,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг гэрч А.Х-ын данс руу буцаан шилжүүлсэн. Эдгээр гүйлгээнүүдийг хийх үед А.Х, Н.П бид 3 хамтдаа 22-ын товчооны ойролцоох авто худалдааны төв, А.Х-ын ажлын байрны дэргэд нотариатын гадаа хамт байсан. Энэ талаар бидний хэн аль нь маргаагүй.

4.2. Шүүх хэргийн баримтаар эх сурвалж нь нотлогдоогүй гэрч А.Х-ын мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Учир нь гэрч А.Х-ын “...Б.Л нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс манай “Б” ХХК-аас зээл авч эхэлсэн, тэрээр нийт 12 удаагийн гүйлгээгээр 70,500,000 төгрөгийн зээл авсан. “... Б.Л нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр надаас 20,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээл нь 4 сарын хүүгийн хамт 20,500,000 төгрөг болсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.Л нь 20,500,000 төгрөгийг “зээл төлөв” гэсэн утгатай над руу шилжүүлсэн. Уг нь түүнээс мөнгөө төлөхийг шаардахад тэрээр найдвартай хүн олоод өгөөч гэхээр нь Н.П-ийг зааж өгсөн гэх мэдүүлэг нь хэргийн баримтаар нотлогдоогүй. Харин уг мэдүүлэг худал болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Л би “Б” ХХК болон А.Х нараас их хэмжээний зээл авч, уг зээлээ төлөөгүй, тэдгээр зээлийг төлөхийн тулд би нэхэмжлэгч Н.П-оос зээл авсан мэтээр зохиомол үйл баримтыг бий болгон А.Х мэдүүлдэг. Гэтэл хэргийн бодит байдал буюу нэхэмжлэгч бид 2-ын хооронд байгуулагдсан “зээлийн гэрээ” гэх гэрээний дүр үзүүлсэн байдал нь хэрэгг авагдсан дараах баримтаар нотлогдоно. Үүнд: гэрч А.Х-ын “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Б.Л-д 20,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх мэдүүлгийн эх сурвалж хэрэгт авагдаагүй, энэ нь нотлогдоогүй байгаа нь үүгээр Б.Л би Н.П-оос 21,000,000 төгрөгийн зээл авах үндэслэлгүй болох нь нотлогдоно. Нэхэмжлэгч Н.П нэхэмжлэлдээ “...би хариуцагч Б.Л-тай найз нөхдийн харилцаа холбоотой юм гэж тайлбарлаж, энэ үндэслэлээр тэрээр надад зээл өгсөн мэтээр тайлбар гаргасан. Гэтэл би нэхэмжлэгч Н.П-ийг танихгүй, бид 2 найз нөхдийн хоорондын хамаралтай байсан гэх түүний тайлбарын худал болох нь гэрч А.Х-ын “...уг нь би Б.Л-гаас мөнгөө төлөхийг шаардахад тэрээр найдвартай хүн олоод өгөөч гэхээр нь Н.П-ийг зааж өгсөн” гэх мэдүүлгээр давхар нотлогддог.

Түүнчлэн, гэрч А.Х-ын “...Б.Л- надад зээл өгөх найдвартай хүн олоод өгөөч гэхээр нь Н.П-ийг зааж өгсөн” гэх мэдүүлэг нь хэргийн баримтаар үгүйсгэгддэг. Хэрэгт Н.П-ийн дансны хуулга авагдсан байгаа бөгөөд уг баримтаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А.Х-, Н.П- бид гурвын хооронд хийгдсэн гүйлгээнүүдээс хойш 38 минутын дараа буюу мөн өдрийн 11 цаг 33 минутад “Б” ХХК-ийн ********** тоот данснаас “зээл олгов” гэх утгаар Н.П-ийн данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нотлогддог ба А.Х- нь гэрчээр мэдүүлэхдээ Н.П нь уг зээлээ одоо хэр нь төлөөгүй гэж мэдүүлсэн. А.Х нь “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай, зөвхөн түүнтэй зээлийн гэрээ байгуулж, “Б” ХХК-аас мөнгө зээлэх юм.  Өөрөөр хэлбэл А.Х нь Н.П-ид мөнгөний хэрэгцээ гарсныг ашиглан 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Н.П-оор дүр үзүүлэн надтай байгуулж, уг гэрээ байгуулагдсаны дараа түүнд 8,000,000 төгрөг зээлдүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Нөгөө талаар нэхэмжлэгч Н.П нь өөрийн хүсэл зоригийн дагуу бус, харин А.Х-ын шахалт, нөлөөллөөр дүр үзүүлсэн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө огт оролцоогүйгээс гадна хэрэгт авагдсан 2 ширхэг итгэмжлэлээр давхар нотлогдох юм. Уг итгэмжлэлүүдийн нэг нь А.Х-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт гаргасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэн Баасандоржийг томилсон, нөгөө итгэмжлэл нь нэхэмжлэгч Н.П нь надад холбогдуулан гаргасан иргэний хэрэг маргаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөн Баасандоржийг томилсон байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болох бүхий л нотлох барммтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхзлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх дээр энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Дүр үзүүлсэн хэлцэл болохыг нотлохоор ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Энэ агуулга нь өөрөө нотлогдоогүй тул ээлийн гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан. Шүүх зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэрч А.Х нь шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Харин А.Х, Б.Л нарын хооронд мөнгөний харилцаа үүссэн асуудал шүүх дээр яригдсан бөгөөд яригдаж байгаа тэрхүү хэрэг нь энэ зээлийн гэрээтэй ямар ч хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Б.Л-д холбогдуулан шүүхэд  зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 21,000,000 төгрөг, зээлийн хүү 10,920,000 төгрөг, нийт 31,920,000 төгрөг гэж өөрчилжээ. /хх-ийн 14/

 

2.а. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг, хүү 1,680,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, нийт 33,600,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, 21,000,000 төгрөгийг хүлээн авсан даруйд гэрч А.Х-ын дансанд буцаагаад шилжүүлсэн тул уг гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь 21,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлээ эргүүлэн төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх16-19/

 

3.а. Нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Б.Л-гийн өмчлөлд дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн 6 дугаар талд авагдсан “ХААН банк” ХХК дахь Н.П-ийн эзэмшлийн дансны хуулгаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцно.

 

3.б. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасны дагуу  хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан  зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.в. Харин хариуцагч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь боловч  татгалзлын үндэслэлээ  хуульд заасан журмын дагуу баримтаар нотолоогүй болно.

 

3.г. Түүнчлэн, гэрч А.Х нь шүүхэд “...2021.10.27 өдөр бид 3 уулзсан, Б.Л мөнгө зээлэх хүн байна уу гэхээр нь би найз Н.П-ийг танилцуулж мөнгө зээлэхэд нь тусалсан...би 2021.10.27-ны өдөр Н.П- руу 17 сая, мөн өдөр эхнэр Ч.С-гаас 2 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн...харин Б.Л мөн өдөр надад зээлтэй байсан тул зээл төлөв гээд 20,500,0000 төгрөг  шилжүүлсэн...Б.Л нь надаас 2021.06.24-ний өдөр 20,000,000 төгрөг зээлсэн бөгөөд хүүгийн хамт 20,500,000 төгрөг болсон гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Уг  гэрчийн мэдүүлгийг хариуцагч Б.Л нь өөр бусад нотлох баримтаар няцааж чадаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хх-ийн 90-98/

 

3.д. Анхан шатны шүүх талуудын хүү, алданги төлөхөөр тохиролцсон нь  хуульд нийцсэн боловч алданги шаардсан шаардлагыг шүүхэд бичгээр ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн, хариуцагч Б.Л-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон 2 сарын хугацааны хүү 1,680,000 төгрөг, нийт 22,680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.П-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Хариуцагч “...тус гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. 

 

4.а. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

5. Харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Л- нь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Н.П-оос хүлээн авч, мөн өдөр “ХААН банк” дахь өөрийн ************* тоот данснаас *********** тоот данс руу 20,000,000 төгрөг болон 500,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба бусдад шилжүүлсэн мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,350  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

              ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ