Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/59

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Э.Б, Б.С,

хохирогч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э-ын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б-гийн С нарт холбогдох 201708000086 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Э-ын Б /РД:ЕЙ89041110/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, 92-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр, найруулагч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Б-ийн С /РД:ЕВ86060501/, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараа-17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Э.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “SET” нэртэй баарны гадна талд иргэн Б.У, Б.С, Б.А нарыг зодож Б.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.С, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “SET” нэртэй баарны гадна талд иргэн Э.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохих, чулуугаар чулуудах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед иргэн Б.У, Б.С, Б.А нарыг баарны бүжгийн талбай дээр хэрүүл маргаан үүсгэснийг шалтгалан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “SET” нэртэй баарны гадна талд хэрүүл маргаан үүсгэж улмаар Б.А-ын толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.С-гын толгойн тус газарт чулуугаар цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.У-ын цээжин тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “SET” нэртэй баарны гадна талд Б.А-ыг зодлоо гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж Э.Б-ын толгойн тус газарт цохиж,  зодолдон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би У, А нартай маргалдаж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Өөрийн чадлаараа хохирлыг төлж барагдуулсан. Бид эв зүйгээ олоод эвлэрсэн байгаа. Бааран дотор Солонгоотой маргалдсан. Би уурлахаараа юу болсноо санадаггүй юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоорондоо маргалдсанаас болоод зодоон үүссэн. Уянгад 297 000 төгрөг өгсөн. А, С-оо нартай ярилцаад эвлэрсэн. Би осолд ороод тархиндаа хүнд гэмтэл авч байсан. Түүнээс хойш юмаа мартаж санадаг болсон. Эрүүл мэнд гайгүй, сая эмчилгээ хийлгэсэн. Одоо групп тогтоолгохоор хөөцөлдөж байгаа гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар манай гэрт 2 том пиво уугаад 1 цаг бааранд орж бүжиглэе гээд “Set” бааранд орсон. Баттулга өөдөөс бүжиглээд байхаар нь би түлхсэн. Тэгтэл намайг мөр лүү цохиод түлхэж унагасан. Гадаа гараад А-ыг цохиж байхыг хараад болиоч гээд хашгирахад Б өөдөөс гүйгээд ирсэн. Тэгээд намайг цохихоор нь би өөдөөс нь сарвалзсан. Би чулуу аваагүй, шороо авч цацаад гараараа цохисон.  Б-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үед бөгжөөрөө цохиж  гэмтэл учруулсан байж магадгүй. Хэн хэндээ гэмтэл учруулсан болохоор зохицоод Б-тай эвлэрсэн. Б-ын биед учирсан гэмтлүүд нь миний үйлдлээр учирсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.3. Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хамгийн сүүлд тооцоогоо хийгээд 10-15 минутын дараа баарнаас гарч ирсэн. Намайг гарч ирэхэд Б С-г газар унагаад цохиж зодсон байдалтай байсан. Нөхрийгөө хартал замын хажууд тонгойсон сууж байсан. Нөхөр дээрээ очих гэж байснаа болиод Б дээр очоод чи яагаад эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй, ална шүү гээд намайг цохисон. Тухайн үед С-гын толгойноос цус гарсан, харин Б гартаа чулуу атгасан зогсож байсан. Би айсандаа болоод зугтаатал араас нурууруу хүчтэй цохиод би газарт унахад хавиргаруу чулуугаараа 2-3 удаа цохисон. С-г бүжиглэж байхад хажууд нь ирж бүжиглээд байхаар С Б-ыг түлхтэл Б зөрүүлээд С-г цохиод цааш нь түлхсэн. Тэгтэл С-оо газар унасан. Бид яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд маргасан. Миний 5, 6 дугаар хавирга хугарсан, өөр гэмтэл учраагүй. Надад 297 000 төгрөг өгсөн. Баттулгаас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.4. Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэрийн эгч С-гийн төрсөн өдөр болсон гээд эхнэр Уянга бид хоёрыг гэртээ урихаар нь 20 цагийн орчим гэрт нь 2 пиво авч очсон. Тэгээд хоол, цай идэж уугаад нэг пиво уугаад дуусч байхад гаднаас Мөнхсаруул, Дүнжингарав нар ирээд үлдсэн пивоо уугаад дуусч байхад Солонгоогийн нөхөр Төрмөнх орж ирсэн. Тэгтэл С-оо ганц цаг бааранд орж бүжиглэе гээд бид нар “Set” бааранд ороод нэг нэг лааз пиво захиалсан. Манай эхнэр Уянга, Солонго, Дүнжингарав нар талбай дээр бүжиглэх гээд гарсан ба М бид хоёр гадаа гарч тамхи татаад ороод ирсэн чинь С-оо бүжгийн талбай дээр уначихсан байсан. У-аа Б-тай муудалцаад бие биенийгээ түлхээд байж байхаар нь М бид хоёр очоод юу болж байна гээд Б-ыг боль гэж хэлээд Солонго, У, Д нарыг дагуулаад ширээн дээрээ ирж суугаад үлдэгдэл пивоо уусан. Б хамт явсан хүмүүстэйгээ баарнаас гарч байгаа харагдсан...Би чигээрээ яваад засмал замын явган хүний зам дээр зогсож байсан чинь Б баарны хойд талаас надруу гүйж ирээд гараа далайхаар нь чи хүн андуураад байгаа юм биш биз гэж хэлээд цаашаа харсан чинь Б миний араас чулуутай гараараа цохисон ба би суун тусаад хөөе толгой хагалчихлаа гэж хэлсэн чинь Б чулуутай гараараа дахиад миний толгойг цохисон. Миний толгойноос цус гойжоод доошоо тонгойгоод сууж байхад Б баарны гадаа орилж байсан Солонгооруу гүйж байгаа харагдсан. Намайг цусаа гойжуулаад сууж байхад Б-тай хамт явж байсан хоёр залуу замын цаад талд зогсож байгаа харагдсан...Би Б-ыг цохиж зодоогүй. Миний толгойноос цус гойжоод цохиулсан газраа сууж байсан. Би Б У-г цохиж зодсоныг хараагүй. Миний толгойн зулай хэсэгт хагарч оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 22-23 хуудас/,

 

1.5. Гэрч М.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Бид нар пиво ууж дуусгаад SET бааранд ороод нэг нэг пиво захиалаад уусан. Солонгоо, Уянгаа бид гурав бүжиглэхээр талбай дээр гарсан ба А, М нар тамхи татахаар гарсан. Бид гурав бүжиглээд байж байхад нэг сахалтай залуу Солонгоог өдөөд тулж бүжиглээд байхаар нь С-оо уурлаад жаахан зайтай бүжиглээч гээд тэр залууг түлхсэн чинь нөгөө сахалтай залуу уурлаад Солонгоог түлхээд унагаасан. Гаднаас М, А нар орж ирээд бид нарыг ширээн дээр суулгасан...Тэгтэл манай дүү утсаар яриад хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь М бид хоёр нөгөө гуравтаа бид хоёр явлаа хүүхэд уйлаад байна дараа мөнгөтэй болохоороо тухтай сууя гээд түрүүлээд баарнаас гараад ТБ центрийн баруун талаар хойшоо чиглэлтэй явж байхад 98-тай дугаараас Уянгаа надруу залгаад нөгөө сахалтай залуутай чинь А-той муудалцаад зодолдоод байна, хүрээд ир гэж хэлсэн. М бид хоёр буцаад SET баар луу очсон чинь А SET баарны баруун талд байдаг засмал замын явган хүний зам дээр зогсож байсан. Сахалтай залуу нь С-г унагаачихсан зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд харахад нөгөө сахалтай залуу хамт явсан хоёр залуутай Андуудын хажуугаар явж байгаа харагдсан. Тэгээд би С-оо дээр очоод юу болсон юм гэж асуусан чинь баарнаас гарч ирээд зодоон болсон гэж байсан...Намайг очиход А толгойгоо хагалуулчихсан зам дээр тонгойчихсон зогсож байсан. Би У-г хаана байсныг санахгүй байна. Баарны гадаа байсан байх. Сахалтай залуу С-г газар унагаачихсан өшгилж байгаа харагдсан. С-г зодож байхад С-оо өөдөөс нь мөн гар нь сарвалзаад байж байсан. Бодвол өөдөөс нь биеэ хамгаалаад цохисон байх. Б У-г цохиж зодохыг хараагүй. Б, С-оо нар нилээн согтуу байсан. А, У хоёр тийм айхтар тасартлаа согтуу байгаагүй. Эмнэлэг дээр очиход А-ын толгой хоёр газраа хагарсан байсан. С-гийн толгой нэг газраа хагарсан. Өөр биед ил харагдах шарх сорви харагдаагүй. Уянгаа цээж өвдөөд байна гээд маргааш нь зураг авахуулсан чинь хавирга нь хугарсан байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/,

 

1.6. Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэд нар баар оръё гэхээр нь би гэртээ машинаа тавиад SET бааранд ороод нэг нэг пиво аваад ууж байгаад А бид хоёр тамхи татахаар гарсан. Тэгээд ороод ирсэн чинь баарны талбай дээр Солонгоо нэг залуутай муудалцаж байсан. А бид хоёр тэд нарыг салгаад ширээн дээрээ очиж суусан. Нөгөө залуу хоёр залуутай ширээн дээр сууж байгаад баарнаас гараад явсан. Бид нар эргэж босоод бүжиглэж байгаад эргэж ширээн дээрээ очоод үлдсэн пивоо ууж байхад манай хүүхэд уйлаад байна гээд утсаар ярихаар нь эхнэр Д бид хоёр түрүүлээд баарнаас гараад явсан. Бид хоёр ТБ центрийн хажуугаар гараад явган хүний замаар хойшоо явж байсан чинь манай эхнэр лүү Уянгаа яриад хүрээд ир гэхээр нь би түрүүлээд бааран дээр очсон чинь баарны урд засмал замын гарцны зүүн талд А, С-оо, У нар Со-той бааранд муудалцдаг залуутай маргалдаад зогсож байсан. А-ын толгойноос цус гарсан байсан. Би баар луу орж цагдаа дуудах гэсэн чинь баарны эмэгтэй утсаа өгөхгүй байсан. Тэгээд эргээд баарнаас гараад ирсэн чинь С-оо газар унаад босч ирж байгаа харагдсан ба нөгөө залуу У-г унагаачихсан дээрээс нь хөлөөрөө дэвсээд зодож байхаар нь би хөөе болиоч гээд хашгирсан чинь нөгөө залуу урагшаа хамт явж байсан залууруу гүйгээд явсан... Тэд нар нилээн согтуу байсан. Би тэр залуутай муудалцаагүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 31 хуудас/,

 

1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Намжаагийн хамт явж байгаад 15 цагийн үед Б-тай төмөр замын дэлгүүрийн гадаа уулзаад Дэлгэрэх дэлгүүрээс 2 том пиво аваад төмөр замын халуун усны хажууд очиж ууж байхад А ирсэн. Тэгээд 4-лээ хоёр пиво уусан. Тэндээсээ яваад дахиж дэлгүүр ороод 1 шил архи, 4 жижиг пиво аваад төмөр замын баруун талд гарсан. З гэдэг залуутай таараад хамт SET бааранд орсон. SET баарнаас нэг шил архи, ус, ундаа аваад ширээн дээр уугаад сууж байхад Баттулга талбай дээр хоёр хүүхэнтэй бүжиглэж байсан. Намайг нэг харахад Б талбай дээр хоёр хүүхэнтэй муудалцаж байсан. Тэгсэн чинь Б нэг эмэгтэйг түлхээд унагаасан ба З бид хоёр очоод Б-ыг салгаад ширээн дээр суулгасан. Б-тай муудалцсан хоёр эмэгтэй Б-ыг хөлөөрөө араас нь өшиглөж байгаа харагдсан. З бид хоёр ширээн дээр сууж байгаад тамхи татахаар гарсан чинь баарны баруун урд талын машины зогсоол дээр нэг жижиг эмэгтэй суучихсан утсаар яриад цагдаа дууд гээд орилоод байсан. Мөн нэг залуу толгойгоо хагалуулсан зогсож байсан. Нэг согтуу эмэгтэй тэрүүгээр хэрүүл хийгээд орилж чарлаад яваад байсан. Б-ын толгойноос нь цус гарчихсан тэд нартай хамт явж байсан залуутай маргалдаж зогсож байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/,

1.8. Гэрч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр З, Б, Б нарын хамт SET бааранд 23 цагийн үед орсон. Тэнд 1 шил архи аваад уусан. Тэгээд байж байхад Баттулга бүжиглэж байсан эмэгтэй хүмүүстэй талбай дээр муудалцаад байсан. Би өдөр нь уусан байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд ирсэн байсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 34 хуудас/,

 

1.9. Насанд хүрээгүй гэрч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би өдрийг нь сайн санахгүй байна. Намайг 23-24 цагийн хооронд гэртээ хэвтэж байхад манай хашааны гадаа буюу SET баарны гадаа хүмүүс хэрэлдээд байх шиг байсан. Манайх нялх хүүхэдтэй болохоор зөөлөн бай гэж хэлэх гээд би гэрээсээ гарч ирэхэд манай хашааны баруун талд нэг бүдүүн ах нэг залуутай маргалдаж байсан. Тэгтэл тэр бүдүүн ах тэр ахыг толгойруу нь цохих шиг болсон. Тэгээд байж байхад баарнаас нэг эмэгтэй гарч ирээд бүдүүн ахтай маргалдаад тэр эгч нь газраас юм аваад шидсэн. Тэгтэл бүдүүн ах нөгөө газраас юм авч шидсэн эгчтэй муудалцаад тэр эгчийг цохисон. Нүүр лүү нь цохисон байх. Тэр эгчийг газар унагаж байгаад дээрээс нь цохиод байсан. Тэр эгч тэр бүдүүн ахын өөдөөс зөрүүлээд гараараа нүүр лүү нь цохиод байсан. Тэгтэл хамт явсан намхан эгч тэр хоёр дээр ирээд яагаад байгаа юм болиоч гэсэн чинь нөгөө бүдүүн ах босч ирээд салгах гэж байсан намхан эгчийг хөөгөөд газар унагаж байгаад цохиж байгаа харагдсан. Тэгэхэд хашаанаас манай дүү Батцэцэг, манай ах М нар гарч ирээд тэр эгчийг өргөж явсан. Анх бүдүүн ахад цохиулсан эгч бүдүүн ахруу газраас том чулуу бол авч шидээгүй ямар ч байсан газраас чулуу авч нүүр лүү нь шидсэн. Тухайн үед тэр эгчийг газраас чулуу шидэхэд бүдүүн ах тэр эгчийн өөдөөс алхаж байгаа харагдсан. Тэр бүдүүн ах өөдөөс нь учир зүггүй хэрэлдээд байсан. Тэр бүдүүн ах арай гайгүй байсан. Нөгөө хоёр эмэгтэй нь нилээн согтуу байсан. Тэр 2 эмэгтэй нь орилж хашгираад байсан. Тэр хоёр эгчтэй явж байсан бүдүүн ахад цохиулсан гээд байгаа ах гайгүй байсан. Тэр бүдүүн ах эрэгтэйн толгойг чулуугаар цохисон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 94 хуудас/,

 

1.10. Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 06 дугаар сар шиг санаж байна. Шөнө гэртээ унтах гэж байхад гадаа хүмүүс хашгираад байхаар нь манай дүү Б гэрээс гараад явсан. Удалгүй би дүү Б-тэй гарсан чинь Т-ийн эхнэр билүү түүний дүүг нэг бүдүүн залуу гараараа цохиж байхаар нь дүү Б бид хоёр очиж болиоч гээд салгаад тэр эмэгтэйг хоёр талаас нь босгосон. Тэр бүдүүн залуу хүн болгонруу дайрч байгаад урагшаа 2 залуутай яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 95 хуудас/,

 

1.11. Шинжээч Г.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б-д учирсан зулайн хуйханд шарх, баруун зовхинд үүссэн зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг хуйханд үүссэн шарх нь хуруундаа металл бөгжтэй гараар хүн цохиход үүсэх боломжтой. Д.У-ын биед учирсан гэмтэл нь бүхэлдээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 49 хуудас/,

 

1.12. Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэнд: “Б.С-ын биед баруун чамархайн хуйханд шарх, баруун мөр, бугалганд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 38 хуудас/,

1.13. Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 217 дугаартай дүгнэлтэнд: “Б.А-ын биед зулайн хуйх, дагзны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Х гэжээ. /х.х-ийн 41 хуудас/,

 

1.14. Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаартай дүгнэлтэнд: “Э.Б-ын биед зулайн хуйханд шарх, дух, хүзүү, нуруу, баруун, зүүн хацарт зулгаралт, баруун зовхи, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан гаргасан шинжээч эмч Г.Х гэжээ. /х.х-ийн 44 хуудас/,

 

1.15. Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 216 дугаартай дүгнэлтэнд: “Б.У-ын биед зүүн талд 5,6 дугаар хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Х гэжээ. /х.х-ийн 47 хуудас/,

 

1.16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-6 хуудас/

 

1.17. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 7-13 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Б.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул прокуророос зүйлчилсэн хуулийн зүйлчлэл нь зөв байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна. Учир нь: уг гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн ба гэмт хэрэг гарахад 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. 2002 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгч Э.Б, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч М.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Уянгаа, Солонгоо бид гурав 2010 онд политехникийн коллежид нэг ангид сурч байсан. Түүнээс хойш нөхөрлөж байна. С надтай нийлж байхдаа ямар нэг ааш зан гаргаад байдаггүй. Сургуульд сурч байхдаа гайгүй сурдаг байсан. П-ийн коллежид сурч байхдаа нялх хүүхэдтэй байсан. Хааяа нийлэхээрээ пиво уудаг” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 30 хуудас/,

 

2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Б-ыг 10 жилийн сургуулийн хүүхэд байхаас нь мэднэ. Даруу төлөв зантай хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй. Урьд 1-2 удаа архи ууж байсан. Архи уухаараа хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/,

 

2.3. Гэрч Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Б-тай найзлаад 5 жил болж байна. Б нь муу зангүй. Яриа хөөрөөтэй, хөгжилтэй. Хүний эв дүй олохдоо сайн. Ажилсаг хүнд тусархуу зантай. Сул тал нь гэвэл хүнд жаахан итгэмтгий, шударга зантай. Манай найз Б намайг нийлэхээс өмнө ажил хийж байгаад давхар дээрээс унаж бэртэж байсан. Жаахан бие муутай. Тамхи татдаг. Архи айхтар уудаггүй. Хааяа найз нөхдийн хүрээнд тааруулаад уучихдаг. Архи уухаараа даруухан, дуугүй, мөрөөрөө байдаг юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/,

 

2.4. Гэрч Б.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Э.Б нь 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн. Манай 3 дахь хүүхэд байгаа юм. Багадаа цэцэрлэгээр хүмүүжээд сургуульд ороод 10 дугаар ангийг төгссөн. Сургуульд байхдаа сурлагадаа сайн, урлаг, спортын талаар авъяас байхгүй. Ангийн дарга хийдэг, нийгмийн ажилд идэвхитэй оролцдог сайн сурагчаар үнэлэгддэг байсан. 10 дугаар анги төгсөөд Төмөр замын коллежид жижүүрийн ангид орж нэг жил сураад төгссөн. Төгсөж ирээд төмөр замын 14, 16, 31 дүгээр зөрлөгүүдэд жижүүрээр ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотод 2 давхрын тагтны хаалт нурж унаад манай хүү унаж толгойдоо хүнд гэмтэл авч үүнээс болж ажилдаа тэнцэхээ байгаад одоо ажилгүй байгаа. Ажил хийж байхдаа хариуцлагатай сайн ажиллаж байсан. Зан байдлын хувьд хүнд тусархуу, өөрийн энергиэр хүмүүсийг барьж анагаадаг хүүхэд байгаа юм. Надаас нуугаад тамхи татдаг юм шиг байгаа юм. Архи уугаад байдаггүй. Хааяа пиво уудаг байх. Архи уухаараа толгойд нь нөлөөлдөг байх гэж боддог. Унаж татдаг өвчин байхгүй. Өөрийн үйлдлийг ухамсарлаж хүнтэй зүгээр харьцдаг. Сүүлийн үед толгой өвдөөд байдаг болсон. Толгой мөрөнд нь хүрэхээр их уурладаг хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 35 хуудас/,

 

2.5. Гэрч С.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би С-той суугаад 11 жил амьдарч байна. 14, 10, 3 насны хүүхдүүдтэй. С бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй. Барилгын засал чимэглэлийн ажилд сайн. Ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Одоогоор гэрт хүүхдээ хараад ажилгүй байгаа. Архи тамхи, хэрэглээд байдаггүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 105 хуудас/,

 

2.6. Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоорондоо эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.7. Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоорондоо эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 77-78, 97 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсөн тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Учир нь: шүүх хуралдаанд хохирогч Э.Б нь  “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн” гэх байдал нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, мөн түүний эрүүл мэнд болон хувийн байдлыг тус тус харгалзан торгох ялаар шийтгэж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Б, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Баттулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овогт Б-гийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн шүүдэгч Б.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттулгад оногдуулсан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд, сар бүр 50 000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч Э.Б, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАТТУЛГА