Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2018/ДШМ/06

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Б.Мөнхдөл, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал, шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, шүүгдэгч Ч.Эрдэнжаргалын өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгч Д.Пүрэвцэцэгийн өмгөөлөгч С.Ганбат, хохирогчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч С.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолтой, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал, Р.Баасанхүү нарт холбогдох 201508000235 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал болон шүүгдэгч Р.Баасанхүүгийн өмгөөлөгч Э.Сайханаа нарын гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь өөрийн нөхөр Ч.Эрдэнэжаргалтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа “Бүтээлч үйлс” ХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус компани үйлдвэрлэн нийлүүлсэн 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа иргэн Р.Баасанхүүгээр зарж борлуулсан орлогоос 40 533 049 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь өөрийн эхнэр Д.Пүрэвцэцэгтэй бүлэглэн “Бүтээлч үйлс” ХК-аас үйлдвэрлэн нийлүүлсэн 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд иргэн Р.Баасанхүүгээр зарж борлуулсан орлогоос 40 533 049 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Р.Баасанхүү нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Бүтээлч үйлс” ХК-аас үйлдвэрлэн нийлүүлсэн 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа борлуулсан орлогоосоо 14 131 666 төгрөгийг хувьдаа завшиж, үрэгдүүлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутанд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Р.Баасанхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалаас 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Пүрэвцэцэгт оногдуулсан 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалд оногдуулсан 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Баасанхүүд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдол эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Баасанхүүгийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: ...шүүгдэгч Р.Баасанхүүг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэжээ.

1. Анхан шатны шүүх Р.Баасанхүүг “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” ХХК-ний итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж дүгнэхдээ: “Шүүгдэгч Р.Баасанхүү нь сурагчийн дүрэмт хувцас худалдах үйл ажиллагаанд худалдагчаар ажиллахаар Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нартай харилцан тохиролцож сурагчийн дүрэмт хувцас зарж борлуулсан эхний өдрөөс үлдэгдэл барааг буцаан авах хүртэл худалдагчаар ажилласан ба падаан дээр гарын үсэг зураагүй боловч ирсэн барааг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдож байна. Гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр итгэмжлэн хариуцаж аваагүй гэх үндэслэл болохгүй” гэснээр дүгнэлтээ хязгаарласан нь хангалтгүй юм.

2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гипотиз нь “Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж зохицуулсанаас үзэхэд тухайн байгууллага өөрийн өмчийг итгэж хариуцуулж өгсөн этгээд нь уг итгэлийг эвдэж хохирол учруулсан байхаар зааснаас гадна аж ахуй нэгж  байгууллага өөрийн өмч хөрөнгөд хариуцлагатай хандаж хэнд итгэмжлэл гаргахаа шийдвэрлэхээр зохицуулжээ. Мөн шүүхийн дүгнэлтэнд “Итгэмжлэн хариуцаж аваагүй” гэж заасан нь ойлгомжгүй бөгөөд 150 дугаар зүйлд итгэмжлэн хариуцуулж өгөх тухай зохицуулсан.

Харин Р.Баасанхүү нь Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарын гуйлтаар сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулсанаас өөр хэлбэрээр Торгон хийц, Бүтээлч үйлс ХХК-тай эрх зүйн харилцаанд орж, дээрхи компаний өмнө нэг ч үүрэг хүлээгээгүй болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн субъект нь “Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд...” байхаар зохицуулсан бол Р.Баасанхүүгийн хувьд Торгон хийц, Бүтээлч үйлс ХХК-ний өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд болох нь нотлогдоогүй байна.

2. Хохирогч Оюунхүү 4-р хавтаст хэргийн 105-р талд хохирлын тооцоог 13 732 275 төгрөгнөөс нэр бүхий үнийн дүнг хасч 8 670 666 төгрөгийг Р.Баасанхүүгээс нэхэмжилсэн. ЭХХШ тухай хуулийн 8.2, 1.9-д хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг, мөн хуулийн 36.7, 3-3.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэхийг тус тус зохицуулжээ. Хохирогч Оюунхүү нь нэхэмжлэх эрхийн хүрээнд Р.Баасанхүүгээс 8 670 666 төгрөгийг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх 10 839 396 төгрөгийг Р.Баасанхүүгээс гаргуулахаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/01 шийтгэх тогтоолоор Р.Баасанхүүг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

            Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/01 тоот шийтгэх тогтоолоор Д.Пүрэвцэцэг намайг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг ашиглан онц хэмжээний хохирол учруулсан хэмээн ялласан билээ.

                Гэтэл Д.Пүрэвцэцэг миний бие уг ажлыг хийж гүйцэтгэхдээ БСШУЯамны өгсөн үүрэг болон тус яамны сайдын гаргасан тушаал шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд миний эрхэлж байсан албан тушаал нь аль нэгэн хувийн өмчийн компанид үүрэг даалгавар өгч, нөлөөлөх хэмжээний албан тушаал биш байсан билээ. Мөн тус компаний захирал Эрдэнэбилэг нь “Бид хүн хүч гаргаж өгөх боломжгүй, наанаасаа хүн олоод ажиллуулчих” гэсэн нь өөрсдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Д.Пүрэвцэцэг миний бие гэрээний дагуу захиалгаар ирсэн дүрэмт хувцасыг хүлээж аваагүй бөгөөд зөвхөн хянасан гэдэгт гарын үсэг зурсан нь баримтаар нотлогдож байтал өөрөө хүлээн авсан гэж хүчээр ял тулгаж байгаа. Худалдагч Баасанхүү нь мөнгийг Эрдэнэжаргал тоолж аваад дараа нь Пүрэвцэцэг гарын үсэг зурдаг байсан гэж мэдүүлсээр байхад Пүрэвцэцэг намайг мөнгө авч байсан мэтээр хилсээр ял оногдуулсан. Эрүүгийн хэрэгт нөхрийн хийсэн хэрэгт эхнэр нь оролцсон байх ёстой мэтээр нотлогдоогүй үндэслэлээр хамаатуулж ял оноосон зэрэг нь хэтэрхий үнэнээс зөрсөн нэг талыг барьж ял оноосон.

Давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын дагуу хийгдэх ёстой ажлуудыг хийж гүйцэтгээгүй зэрэг байдлыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэн намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ч.Эрдэнэжаргал миний бие Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор ЭХТА-н 150 дугаар зүйлийн 150.3-д заасны дагуу ял шийтгүүлсэн бөгөөд Ч.Эрдэнэжаргал надад оноосон ял нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж оноосон гэж үзэж гомдол гаргаж байна.

Үүнд: Хохирогч Оюунхүү, Эрдэнэбилэг нар нь анх өгсөн мэдүүлэгтээ Эрдэнэжаргал намайг огт танихгүй, цагдаад өргөдөл гаргасаны дараа энэ хүн гарч ирсэн гэж мэдүүлсэн боловч бараа материал хүлээлцсэн падаан, мөнгө шилжүүлсэн баримт тооцоо нийлж барагдуулахаар тохирч үлдсэн баримт зэргээр нотлогдож байхад нотлох баримтаар тооцож хэлэлцээгүй. Мөн сургууль тус бүрийн тооцоотой захиалсан цахим шуудан илгээж, түүнийг нь нотлох баримтаар тогтоогдож, үүнд нь татгалзсан хариу өгөөгүй, хариу өгөх боломжийн хугацаа өнгөрсөн байхад зөвхөн нэг талын хуурамч мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргасан.

Ч.Эрдэнэжаргал миний бие Торгон хийц ХХК болон Бүтээлч үйлс ХХК-ны итгэмжлэгдсэн ажилтан байсан үгүйг тогтоож, ажил үүргийн ямар хуваартай, ямар цалин хөлстэй ажиллаж байсныг тогтоож, цалин хөлсийг хасч тооцоогүй. Хохирлын хэмжээ үнэн зөв нэгдсэн байдлаар тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлт, яллах дүгнэлт, хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүн хоорондоо зөрүүтэй байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй. Худалдагч Гөлөгөөг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүй зэрэг байдлыг үндэслэн уг хэргийг зохиомлоор үүсгэж, нэг талыг баримтлан, хуурамч мэдүүлэгт үндэслэн шийдсэн гэж үзэж байна.

Иймд: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайханаа өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбоотой тайлбар хэлье. Анхан шатны шүүх хуралдаанд Баасанхүү нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээдэг. Анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээсэн гээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгтэл 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай ардчилсан парламент үүссэний 25 жилийн ойг тохиолдуулж Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан байгаа. Үүний 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Баасанхүү гэм буруугаа хүлээхээр нь анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх дээр өмгөөлөгч нь шүүгдэгчийн эсрэг гэм буруугийн асуудал дээр маргаантай гэм буруутай гэж тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан нь Баасанхүүгийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тиймээс гомдлыг хүлээн авах боломжгүй, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.

Шүүгдэгч Эрдэнэжаргал, Пүрэвцэцэг нарын хувьд анхан шатны шүүх хурал дээр гэм буруугийн асуудал хангалтай нотлогдсон. Мөрдөн байцаах ажиллагаанд хийгдвэл зохих бүхий л ажил хийгдсэн байдаг. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 3 талт гэрээний хэлэлцээр дээр бүтээгдэхүүн худалдан авагчийг холбож өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл Д.Пүрэвцэцэг нь төрийн албан хаагч Боловсрол, соёл, урлагийн газрын даргын хувьд хувийн компанийн асуудал дээр өөрөө бараа бүтээгдэхүүнээ хүлээж аваад нөхрөө энэ хэрэгт татаж оролцуулсан нь төрийн албан хаагчийн буруутай үйлдэл байгаа. Гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдалд нөхрийгөө татан оролцуулсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 101-119 хуудсанд худалдагч Баасанхүү орлогын мөнгийг Пүрэвцэцэгт хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ орлогын мөнгийг хүлээж авахдаа Пүрэвцэцэг дандаа гарын үсэг зурж авдаг. Энэ асуудал мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Өмгөөлөгч Эрдэнэбилэг хэлэхдээ эхнэр нөхөр гэдгээр нь энэ хэрэгт хамаатуулж байна гэж хэлдэг. Гэтэл мөрдөн байцаалтад авагдсан нотлох баримтаар энэ хоёрын үйлдэл Эрдэнэжаргал компаниас хоёр удаа очиж бараа татах үйлдэл хийсэн. Хэрэгт оролцсон оролцооны хувьд бүлэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдоод 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэм буруугийн асуудал үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Эрдэнэжаргал, Пүрэвцэцэг нар нь нэг гэр бүлийн хүмүүс. 2014 онд Боловсролын яам, дээд байгууллага, Ерөнхийлөгчийн хөтөлбөрөөр хувцас пором борлуулах сургуулийн сурагчдийг нэг ижил байлгах хөтөлбөр явагдсан. Энэ үед Д.Пүрэвцэцэгийг Бүтээлч үйлс ХК-ийн захирал нь 2013 энэ гэрээг хийж байсан учраас өөрөө дуудаад танайх энэ ажлыг үргэлжлүүлж хиймээр байна гээд гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу Пүрэвцэцэгт ямар үүрэг оногдож байна гэхээр ажлыг зохион байгуулах үүрэг олгогдсон байгаа. Пүрэвцэцэгийн үндсэн ажил нь төрийн байгууллагад ажиллаж Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ хүнд бол гэрээгээр үүрэг хүлээлгээд энэ ажиллагааг худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулаад өгөөч гэсэн гэрээ хийсэн. Тухайн үйл ажиллагааг эхлүүлэх гэхээр ажиллах хүч дутуу байдаг. Ажиллах хүчийг Бүтээлч үйлс ХК-ийн захирал хэлэхдээ өөрсдийн найдсан хүндээ хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Д.Пүрэвцэцэг нь итгэл найдвартай гэж үзсэн учраас өөрийн нөхрийг энэ ажлыг удирдаж зохион байгуулаарай гээд үүрэг өгсөн. Нийт 180 000 000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн ирснээс зарагдаж борлогдсон нь 97 000 000 төгрөгийн бараа борлуулсан. Үүнээс орлогын төлбөр 31 933,09 төгрөгийг төлөөгүй гээд хохирол төлбөрт тооцогдоод явж байгаа. Гэтэл энэ хоёр хүнийг онц хэмжээний хохирол учруулсан гэж байгаа. Гэтэл энэ хоёр хүн хэр хэмжээний хохирол учруулсан гэдэг нь ойлгомжгүй байдаг. Учруулж байгаа хохирлын мөнгийг хэн аваад ашигласан юм бэ? гэдгийг шүүх нарийн тодорхойлж тогтоогоогүй байж Эрдэнэжаргал энэ мөнгийг аваад хэрэглэсэн гэж хэлэхээр та хоёр бүлэглэсэн байж таарна гээд хоёуланг нь эрүүгийн хариуцлагад татчихсан. Гэмт хэргийн үйлдэл нь хэний үйлдэл байгаа юм. Гэм буруугийн шинжтэй үйлдэл нь хэний үйлдэл юм уу? хоёулаа үгсэн тохирч бүлэглэж үйлдээд байгаа юм уу? ямар үйлдлээр бүлэглэж үйлдээд байгаа юм уу? ямар оролцоо байгаа юм бэ? хохирол төлбөр төлүүлэхийн төлөө Д.Пүрэвцэцэгийг яллагдагчаар татаад байдаг зүйл харагдаж байгаа. Эрдэнэжаргал болохоор Бүтээл үйлс ХК-тай өөрөө биечилж уулзаж гэрээ байгуулаагүй. Амаар би энэ ажлыг хийхээр боллоо гэж хэлж байгаагүй. Үүрэг болгосон зүйлийг үндсэндээ хүлээгээгүй байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл анги нь эд хариуцагч байх юм уу? итгэмжлэгдсэн хариуцсан итгээд байх юм уу? гэдгийг тодорхой заасан. Д.Пүрэвцэцэг нь өнөөдөр хоёр хүүхэд төрүүлээд нөхөртөө ажил даатгаад үлдээсэн байхад одоо шийтгүүлээд явж байгаа нь хууль хэр шударга байгаа юм. Нэг гэр бүлийн хоёр хүн шийтгүүлэхээр энэ айл гэрийн амьдрал хүнд байдалд орно.

Төрийн байгууллагын ажилтан ял шийтгэлтэй болчихвол төрийн байгууллагад ажиллах нөхцөлгүй болно. Энэ байдлыг хууль шүүхийн байгууллага харж хэн нь буруутай юм бэ? буруутай хүнд нь ял шийтгэлийг оногдуулах юм уу? эсвэл хохирол төлбөрийг нь гаргуулах арга зам байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ хэргийг иргэний журмаар шийдэж болох хуулийн заалт байхад яагаад заавал эрүүгийн журмаар шийдэж байгаа юм бэ? энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудал байна уу? үгүй юу гэдэг зүйл харагдаж байгаа. Хөрөнгө мөнгөтэй танил талтай хүмүүст хуулийн байгууллага үйлчлээд байгаа юм шиг харагдаж байдаг. Шийтгэх болохоор Эрдэнэжаргал нь Бүтээлч үйлс ХК-ийн ажилтан болоод цалин мөнгө олгох болохоор чи манай ажилтан биш чамд цалин өгөхгүй гэдэг зүйл хэлдэг. Гэтэл Эрдэнэжаргал энэ ажилд гар бие оролцож хяналт тавьж байсан нь Баасанхүүгийн мэдүүлгээр тодорхой тусгагдаж байдаг. Одоо Торгон хийц ХХК, Бүтээлч үйлс ХК гээд нэг захиралтай 2 байгууллага байдаг. Эрдэнэжаргалын шилжүүлсэн мөнгө нь Торгох хийц ХХК-ийн захирлын хувийн данс руу мөнгө ороод байдаг. Энэ тэгээд Компаний тухай хуульд нийцэж байгаа юм уу? өгсөн мөнгийг хувьдаа завшиж авчихаад байгууллагын нэрээр гомдол гаргаад яваад байгаа юм уу? гэдэг зүйл ч байж болно. Эрдэнэжаргал нь Эрдэнэбилэгийн данс руу 67 000 000 төгрөг шилжүүлээд орсон байдаг. Өнөөдөр энэ хоёр хүн биечлээд ял эдлэхгүй байгаа ч гэсэн хүний нэр хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хохирч байна. Аз болоход өршөөлийн хуульд ороод өршөөлд хамрагдсан. Учруулсан хохирлыг бол төлөх ёстой. Эхнэр нь хоёр хүүхэд төрүүлчихээд дөнгөж саяхан ажилдаа орсон. Цалингийн зээл авах гэхээр байгууллага нь гэрээгээр ажлыг нь сунгаж өгөөгүй. Банк болохоор энэ хүн цаашаа ажиллах юм уу? гэдэг байдлаар цалингийн зээл гаргаж өгдөггүй. Тэгэхээр энэ мөнгийг төлөхөд хэцүү байгаа. Тэгэхдээ энэ мөнгийг бол төлөх ёстой. Эрдэнэжаргалын ажиллаж байсан цалинг хасч тооцож өгөх нь зүйтэй. Хохирлын мөнгийг учруулсан үр дагавараар тооцно гэхээр онц их хэмжээний хохирол руу орохгүй байгаа. Тэгтэл учруулсан хохирлыг онц их хэмжээний хохиролд тооцоод байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгч Эрдэнэжаргалийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгч Д.Пүрэвцэцэгийн өмгөөлөгч С.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д.Пүрэвцэцэгийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх шийтгэсэн. Энэ шийдвэрийг илт хууль бус шийдвэр гарсан гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Д.Пүрэвцэцэг нь нөхөртөө хэлэхдээ Баасанхүүгээс очоод орлогын мөнгийг аваад Бүтээлч үйлс ХК-ийн данс руу тушаачих гэж хэлсэн. Өөрөө тухайн үед тулгуур биетэй байсан учраас явж чадахгүй байсан. Гэтэл тэр мөнгийг нөхөр нь болох Эрдэнэжаргал тушаахгүй дансандаа байршуулж, мөн морь худалдаж авсан байдаг. Эрдэнэжаргал нь тухайн үед эхнэрээсээ нуугаад хэлч чадахгүй байсан гэдгээ анхан шатны шүүх хурал дээр ярьж байдаг. Тухайн үед Д.Пүрэвцэцэг эмнэлэгт хэвтэж байхад Бүтээлч үйлс ХК-иас утсаар залгаад Говьсүмбэр аймгаас мөнгө орж ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд нөхөртэйгөө утсаар яриад асуухад мөнгийг тушаагаагүй байсан. Дараа нь Бүтээлч үйлс ХК-ийн захирал ирээд Эрдэнэжаргалтай тэднээс тэдний дотор өгнө гэсэн гэрээг байгуулсан байдаг. Тэгээд энэ мөнгийг төлөөгүй байна гээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад 2002 оны Эрүүгийн хуулийн 148, 150 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, Д.Пүрэвцэцэгийг хохирогчоор тогтоогоод тогтоол гаргасныг дээд шатны прокурор хяналт тавиад хэрэгсэхгүй болгосон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т шударга ёсны зарчим гэж заасан байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэж болохгүй гэсэн зүйл байдаг. Тиймээс өмгөөлөгч миний хувьд шударга ёсны зарчим зөрчигдөж байна. Эрдэнэжаргалын үйлдсэн үйлдэл нь эхнэр нөхөр хамтарсан гэдэг байдлаар шийтгэж байгаа. Тиймээс энэ нь үндэслэлгүй, шударга ёсны зарчим хөндөгдөж байна гэж үзсэн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй байна. Иргэний журмаар шийдвэрлүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлыг сонслоо. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл хохирол мөнгөний асуудал шийдэгдээгүй. Шүүгдэгч Эрдэнэжаргалын ярьж байгаагаар хохирол төлбөр тодорхой биш цалин мөнгө өгөөгүй гэж хэлээд байна. Энэ бүх асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Цалин олгоогүй гээд хүний мөнгийг дур мэдэж ашиглах нь хууль бус асуудал. Тиймээс гомдол хүлээн авах боломжгүй гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь Говьсүмбэр аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа яамнаас өгсөн үүргийн дагуу сурагчийн дүрэмт хувцасыг зарж борлуулах ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн нөхөр Ч.Эрдэнэжаргалыг уг ажилд татан оролцуулж, улмаар бүлэглэн борлуулалтын орлогоос 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар  сарын 21-ний өдрийг хүртэл нийт 37 удаагийн үйлдлээр 97533049 төгрөгийг хүлээн авсанаас 40033049 төгрөгийг буюу бусдын онц их хэмжээний хөрөнгийг завшсан,

шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь өөрийн эхнэр Д.Пүрэвцэцэгийн албан үүргийнхээ хувьд сурагчийн дүрэмт хувцас зарж борлуулах ажилд хамтран оролцож улмаар бүлэглэн борлуулалтын орлогоос мөн хугацаанд нийт 37 удаагийн үйлдлээр 97533049 төгрөгийг хүлээн авсанаас 40033049 төгрөгийг буюу бусдын онц их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн,

шүүгдэгч Р.Баасанхүү нь Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нартай тохиролцсоны дагуу сурагчийн дүрэмт хувцсыг 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зарж борлуулахдаа борлуулалтын орлогоос 14484396 төгрөгийг буюу бусдын үлэмж хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс тэдний учруулсан хохирлын тооцоо болон гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Харин шүүгдэгч нарт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэн өршөөл үзүүлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарт ял оногдуулж, оногдуулсан ялаа өршөөн хэлтрүүлсэн, харин шүүгдэгч Р.Баасанхүүд ял оногдуулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 Энэ нь анхан шатны шүүх  “...Өршөөл үзүүлэх тухай” хуулийн  10 дугаар зүйлийн 10.9-д заасан “ Хэрэв ... шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Зүй нь энэ зүйлд заасан гэм буруугийн асуудлаар маргавал ердийн журмаар шийд гэсэн нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлээд өршөөлд хамруул гэсэн ойлголт болохоос гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ял оногдууж байгаад өршөөлд хамруул гэсэн ойлголт биш байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтанд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталсныг нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  дор дурьдсан өөрчлөлт оруулсугай.

А. Шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтны  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг хассугай.

Б. Шийтгэх тогтоолын 2, 3, 4 дүгээр заалтыг “ 2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж үрүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дугаар заалт болгон өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар заалтуудыг дугаарлалтыг нь 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 болгон өөрчилж, агуулгыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.