Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 34

 

 

        Т-н е г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                                                     Хэргийн индекс: 150/2019/00042/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч                               Б.Батзориг

                             Шүүгчид                                           Д.Буянжаргал

                                                                                      Г.Давааренчин

                             Оролцогчид:

                               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

                               төлөөлөгч                                           С.О

                               Хариуцагчийн итгэмжлэгдсэн

                              төлөөлөгч                                           Б.Б,

                                                                                              Э.Н

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Татварын ерөнхий газрын харъяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын нэхэмжлэлтэй “Ц Ш” ХК-д холбогдох  “Татварын өр 9.140.006.419 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан  тайлбартаа: 

“Ц Ш” ХК нь 2017 оны 04-р улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 12.327.455,6 төгрөг, 2018 оны 11 сарын байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл 9.048.166.988,4 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210.022.547 тоот актын үлдэгдэл болох Нэмэгдсэн өртгийн албан татварын 75.430.180,6 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 4.081.794,0 төгрөг нийт 9.140.006.419,0 төгрөгийг өнөөдрийг хүртэл төсөвт төлөөгүй байна.

Дээрх төлбөрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан шат дараалсан арга хэмжээ авч “Ц  Ш” ХК-д 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн DNP170309001550 дугаартай мэдэгдэх хуудсаар татварын өрийг 10 хоногт багтаан төлөхийг мэдэгдсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн DNP181022001-2 дугаартай мэдэгдэх хуудсаар татварын өрийг 2 хоногт багтаан төлөхийг мэдэгдсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Голомт банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Худалдаа хөгжлийн банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Капитал банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Улаанбаатар хотын банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Төрийн банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Капитрон банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Хаан банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, мөн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын банкинд DNP181112001-1 дугаар мэдэгдэх хуудас, Худалдаа хөгжлийн банкинд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудсаар тус тус хүргүүлж харилцах дансыг хаасан. Татварын Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Ц Ш” ХК-ийн өмчлөлийн Дулааны станц буюу түгээлтийн төв узель, хяналтын самбарыг тус тус битүүмжилсэн бөгөөд өнөөдрийг хүртэл татварын өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул 9.140.006.419,0 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ...Дээрх өр төлбөрийн Татварын хуулийн дагуу дэс дараалсан арга хэмжээ авч байсан боловч одоог хүртэл төлөөгүй учраас 9.140.006.419 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч “Ц Ш” ХК анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Улсын төсвийн орлого хяналтын газраас манай компанид холбогдуулан 2017 оны 04 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр, 2018 оны 11 дүгээр сарын байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022547 тоот актын үлдэгдэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэргийг нэхэмжилсэн байна.

“Ц Ш” ХК-ийн зүгээс нэхэмжлэгч түүний төлөөлөгчийг иргэний процесс хуулийг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийг зөрчиж нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг хуулийн 65 дугаар зүйл 65.1.3 дахь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж тусгайлан тусгасан.

Мөн татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж 5.1 дэх хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино” гэж тус тус тусгайлан заасан байдаг. Иймд нэхэмжлэгч Улсын төсвийн орлого хяналтын газрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн урьдчилсан шийдвэрлүүлэх, эвлэрлийн журмаар шийдүүлэх ажиллагааг хийлгэж өгнө үү.

 Манай компани 3 жилийн хугацаанд татварын өрийг төлж барагдуулах санал гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.  2017 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 12.327.455,6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн үүнээс 10 орчим сая төгрөгийг төлж үлдэх 2.327.455,6 төгрөгийг зөвшөөрөхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөрийн үлдэгдэл 11 сарын хэдний байдлаар 9.048.166.988,40 мөнгө гэж байгаа юм бэ. Манай компаний үлдэгдэлтэй таарахгүй, тооцоололын хувьд зөрүүтэй байгаа тул  хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яг хэдэн төгрөгийн зөрүү гарч байгааг хэлж мэдэхгүй байна. Тиймээс дахин нотлох баримт гаргаж өгөх юм байна

Манай Ц Шй ХК бол үйлдвэрлэлийн хувьд алдагдалгүй ажилладаг. Харин дулааны станцын хувьд алдагдалтай ажилладаг. Улсаас татаас өгнө гэж хэлдэг боловч энэ татаас өгөөгүйгээс болоод өнөөдрийн байдлаар ийм хэмжээний өр хуримтлагдаад байгаа Ийм учраас 9140006419 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.. Үнийн дүн зөрүүтэй байгаа  тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 79 дугаартай шийдвэрээр:

- Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц Ш” ХК-аас 9.140.006.419 /есөн тэрбум нэг зуун дөчин сая зургаан мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгож,   

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45857982  төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар зааж, эрх бүхий этгээд хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.             

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэн эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах гэж заасныг үндэслэн уг гомдлыг гаргаагүй бол тухайн актын эрх зүйн болоод тоцооллын үндэслэл, үнэн зөв байдлыг дахин хэн ч хянах эрхгүй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл нь татвар төлөгчийн эдлэх эрхүүдийг заасан зүйл юм. Өөрөөр хэлбэл олгосон эрхийг эдлэх эсэх нь тухайн объектын сонголтын асуудал байдаг төдийгүй түүнийг албадах, эсхүл эрхээ эдлээгүйгээс цаашид шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх үед мэтгэлцэх боломжоо хязгаарлуулах үндэслэл болох учиргүй гэсэн атал дээрх тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэгч болоогүйн төлөөсөнд уг актын эрх зүйн болоод тооцооллын үнэн зөв эсэхийн талаар маргах боломжгүй буюу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой ямар ч нотлох баримт, үндэслэл бүхий тайлбарыг гаргасан ч татварын улсын байцаагчийн актыг маргах шаардлагагүй нотлох баримт гэж үзэн хариуцагчийн эрхийг хязгаарлаж байна.

Зүй нь манай компани гомдол, нэхэмжлэл гаргаагүй боловч шүүхээр хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэхдээ хэргийн оролцогчийн хувьд эдлэх бүхий л эрхээ эдэлж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн тэгш эрхтэй оролцох учиртай юм. Гэтэл шүүх дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр бидний гаргасан бүхий л тайлбар, нотлох баримт урьдчилан няцаагдаж байна.

  1. Хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн тухайд:

Монгол Улсын хууль ёсоор оршин байгаа хувь хүн, хуулийн этгээд нь хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд хараат бус шүүхээр хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх эрхтэй. Шүүх хэрэг маргааныг хараат бусаар үнэн зөв, эргэлзээгүйгээр хянан шийдвэрлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болдоггүй.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй тул татварын улсын байцаагчийн ... актын зөв бурууг нягтлахгүйгээр шууд хөдөлбөргүй нотлох баримтаар үнэлж, хариуцагчийг энэ талаар маргах боломжгүй болгож буй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсон хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.  Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан.  Татварын хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухайн татвар төлөгчийн  сонголт бөгөөд  улсын байцаагчийн тавьсан актыг заавал шүүхээр хянуулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн ойлголт хуульд байхгүй.  Тухайн татварын өрийг барагдуулах талаар Татварын газраас холбогдох бүхий л арга хэмжээг авсан энэ талаар холбогдох баримт шүүхэд авагдсан байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:   

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон  зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар нь хариуцагч “Ц Ш” ХК-аас татварын өр 9.140.006.419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасныг хариуцагч “Ц Ш” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах заалдах гомдлын үндэслэлээ   хариуцагчаас гаргуулахаар  нэхэмжилж байгаа  татварын өр нь манай компаний өрийн тооцоотой таарахгүй зөрүүтэй байхад  шүүх хариуцагчийн  шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, нэхэмжлэгчтэй мэтгэлзэх хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарласаны дагуу хэргийг судлан үзвэл: Татварын алба  нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 03 сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлийг шүүгчийн  2019 оны 03 сарын 20-ны өдрийн 190 дугаартай захирамжаар  нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх  журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь  гомдол гаргасан бөгөөд  шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 01 дугаартай захирамжаар шүүгчийн нэхэмжлэл хүлээн авах тухай 190 дугаартай захирамжийг  хүчингүй болгосон байна.

 Ийнхүү шийдвэрлэсний дараа  шүүх  Татварын албаны нэхэмжлэлд   2019 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн иргэний хэрэг үүсгэн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2019 оны 04 сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан өгсөн байна.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн авсны дараа 2019 оны 05 сарын 07-ны өдөр  шүүхэд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд тухайн тайлбартаа  зөвхөн шүүх хэргийг урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэсэн буюу урьд шүүх шийдвэрлэсэн асуудлын талаар тайлбар ирүүлжээ.     

2019 оны 05 сарын 30-ны өдрийн 414 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарган  шүүх хуралдааныг 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 11 цагт хийхээр  товлосон байна. Тухайн захирамж гарсны дараа  хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулж,  шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт  мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй тул  шүүх зохигчдын мэтгэлзэх эрх болон хариуцагчийн төлөөлөгчийг биечлэн оролцуулах эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 05 хоногийн хугацаагаар  хойшлуулж  улмаар хэргийг  2019 оны 06 сарын 10-ны  өдөр шийдвэрлэсэн байна.

 Ийнхүү шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 58 хоногийн дотор хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд хариуцагч талаас зөвхөн нэг удаа  нэхэмжлэгч  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан буюу  шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх тухай шүүхэд тайлбар ирүүлснээс өөрөөр ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.  Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед   хариуцагчаас   нэхэмжлэгчтэй  төлбөрийг хэсэгчлэн төлөх  талаар эвлэрэх хугацаа олгох үүднээс шүүх хуралдаан хойшлуулах талаар хүсэлтийг амаар гаргасан бөгөөд нэхэмжлэгч эвлэрэх хүсэлгүй гэсэн тул түүний хүсэлтийг  хангахаас татгалзан хэргийг шийдвэрлэсэн,   хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх  хуралдаанаар  хэргийг шийдвэрлэх явцад   нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан   татварын хэдэн оны  татварын өрийн тооцоо  хэдий хэмжээгээр зөрж байгаа, энэхүү тооцоололын зөрүүг арилгах болон нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх талаар  шүүхэд ямар нэгэн  тайлбар,  хүсэлт ирүүлээгүй ба  энэ талаараа  холбогдох нотлох баримтыг  хуульд заасан хугацаанд  шүүхэд  гаргаж өгөөгүй  байх тул  хариуцагчийн хуулиар  олгосон эрх болон талуудын мэтгэлзэх эрхийг  шүүх зөрчсөн гэх  хариуцагчийн гомдол  үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт  татвар төлөгч “татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол  гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд  ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргах” үүрэгтэй,  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан  таслах зөвлөлд  татвар төлөгч  гомдол гаргах хугацаа тоологдоно” гэж заажээ. 

Хэрэгт авсан баримтаас үзэхэд татварын улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 210022547 дугаартай актыг татвар төлөгч “Ц Ш” ХК-нд тухайн өдрөө гардуулж татварын төлөгчийг төлөөлөн  актыг зөвшөөрч компаний  захирал болон  ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байна.  Тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар  хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчөөс  гомдол гаргаж шийдвэрлүүлсэн  тухай  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  тул  улсын байцаагчийн  210022547 дугаартай актыг    хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч “Ц Ш” ХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан “татвар ногдуулах зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй,  мөн хуулийн  63, 64 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагчийн  татвар ногдуулалт, төлөлтийн талаар шалгасан актаар нөхөн татвар болон торгууль ногдуулсныг цаг тухайд нь  татвар төлөгч “Ц Ш” ХК нь биелүүлээгүйн улмаас  татварын албанаас  татварын өрийг үл маргах журмаар гаргуулах  ажиллагааг явуулсан боловч татварын өрийг барагдуулах боломжгүй болсон  тул  Татварын ерөнхий  хуулийн  70 дугаар зүйлийн 70.1 зааснаар  Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй  байна.

 Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  гомдол гаргаж байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл түүнтэй холбоотой   баримтыг  өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий  байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй  байна

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  Сайхан сум дахь сум дундын  шүүхийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 79 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

“1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.5, 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц Ш” ХК-аас 9.140.006.419 /есөн тэрбум нэг зуун дөчин сая зургаан мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгосугай” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 45.857.982 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН