Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00297

 

Татварын ерөнхий газрын харъяа

Улсын төсвийн орлого хяналтын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 79 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалтай,

Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын нэхэмжлэлтэй,

Цемент шохой ХК-д холбогдох

  Татварын өр 9,140,006,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Цемент шохой ХК нь 2017 оны 04-р улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 12,327,455,6 төгрөг, 2018 оны 11 сарын байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл 9,048,166,988.4 төгрөг, 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 210022547 тоот актын үлдэгдэл болох Нэмэгдсэн өртгийн албан татварын 75,430,180.6 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 4,081,794.0 төгрөг нийт 9,140,006,419.0 төгрөгийг өнөөдрийг хүртэл төсөвт төлөөгүй байна. Дээрх төлбөрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан шат дараалсан арга хэмжээ авч Цемент шохой ХК-д 2017 оны 03 сарын 13-ны өдрийн DNP170309001550 дугаартай мэдэгдэх хуудсаар татварын өрийг 10 хоногт багтаан төлөхийг мэдэгдсэн. Мөн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн DNP181022001-2 дугаартай мэдэгдэх хуудсаар татварын өрийг 2 хоногт багтаан төлөхийг мэдэгдсэн. Мөн 2017 оны 05 сарын 24-ний өдөр Голомт банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Худалдаа хөгжлийн банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Капитал банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Улаанбаатар хотын банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Төрийн банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Капитрон банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, Хаан банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудас, мөн 2018 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын банканд DNP181112001-1 дугаар мэдэгдэх хуудас, Худалдаа хөгжлийн банканд DNP170522001550 дугаар мэдэгдэх хуудсаар тус тус хүргүүлж харилцах дансыг хаасан. Татварын Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасны дагуу 2017 оны 10 сарын 13-ны өдөр Цемент шохой ХК-ийн өмчлөлийн Дулааны станц буюу түгээлтийн төв узель, хяналтын самбарыг тус тус битүүмжилсэн бөгөөд өнөөдрийг хүртэл татварын өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул 9,140,006,419.0 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх өр төлбөрийн Татварын хуулийн дагуу дэс дараалсан арга хэмжээ авч байсан боловч одоог хүртэл төлөөгүй учраас 9,140,006,419 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Улсын төсвийн орлого хяналтын газраас манай компанид холбогдуулан 2017 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр, 2018 оны 11 сарын байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл, 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 210022547 тоот актын үлдэгдэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэргийг нэхэмжилсэн байна. Цемент шохой ХК-ийн зүгээс нэхэмжлэгч түүний төлөөлөгчийг иргэний процесс хуулийг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг хуулийн 65 дугаар зүйл 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж тусгайлан тусгасан. Мөн татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана гэж 5.1 дэх хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино гэж тус тус тусгайлан заасан байдаг. Иймд нэхэмжлэгч Улсын төсвийн орлого хяналтын газрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн урьдчилсан шийдвэрлүүлэх, эвлэрлийн журмаар шийдүүлэх ажиллагааг хийлгэж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллагын зүгээс урьд өмнө татварын өрийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэх санал гаргасан. Сая гаргасан эвлэрэх саналаа 2 жилийн хугацаанд татварын өрийг барагдуулах санал гаргасан боловч хугацаа дээрээ тохироогүй. Цемент Шохой ХК бол үйлдвэрлэлийн хувьд алдагдалгүй ажилладаг. Харин дулааны станцын хувьд алдагдалтай ажилладаг. Улсаас татаас өгнө гэж хэлдэг боловч энэ татаас өгөөгүйгээс болоод өнөөдрийн байдлаар ийм хэмжээний өр хуримтлагдаад байгаа болно. 2017 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 12,327,455.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Үүнээс 10 орчим сая төгрөгийг төлөх болно. Үлдэх 2,327,455.6 төгрөгийг зөвшөөрөхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөрийн үлдэгдэл 11 сарын хэдний байдлаар 9,048,166,988.40 гэж байгаа юм бэ. Манай үлдэгдэлтэй таарахгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөрийн 9,048,166,988.40 зөрүүтэй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өнөөдрийн байдлаар энэ дүн өөрчлөгдсөн явж байгаа. 5 сарын байдлаар 10 тэрбум гарчихсан явж байгаа. Энэ цаг хугацаагаар салгасан үлдэгдлээ хэвлээгүй байна. 2018 оны 11 сарын 01-ээс 30-ны хоорондох хугацааг хэвлэхгүйгээр 3 сарын 31-ний байдлаар харж чадахгүй байгаад байна. Ийм учраас 9,140,006,419 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яг хэдэн төгрөгийн зөрүү гарч байгааг хэлж мэдэхгүй байна. Тиймээс дахин нотлох баримт гаргаж өгөх юм байна. Үнийн дүн зөрүүтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 79 дүгээр шийдвэрээр: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч Цемент шохой ХК-аас 9,140,006,419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,857,982 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 79 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1,18.1.5, 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч Цемент Шохой ХК-аас 9,140,006,419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Цемент Шохой ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дах хэсэгт заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 34 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах гэж заасныг үндэслэн уг гомдлыг гаргаагүй бол тухайн актын эрх зүйн болоод тооцооллын үндэслэл, үнэн зөв байдлыг дахин хэн ч хянах эрхгүй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Гэтэл Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл нь татвар төлөгчийн эдлэх эрхүүдийг заасан зүйл юм. Өөрөөр хэлбэл, хуулиар олгосон эрхийг эдлэх эсэх нь тухайн субъектийн сонголтын асуудал байдаг төдийгүй түүнийг албадах, эсхүл эрхээ эдлээгүйгээс цаашид шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх үед мэтгэлцэх боломжоо хязгаарлуулах үндэслэл болох учиргүй. Гэтэл уг маргаанд хариуцагч нь нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэгч болоогүйн төлөөсөнд уг актын эрх зүйн болоод тооцооллын үнэн зөв эсэхийн талаар маргах боломжгүй буюу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой ямар ч нотлох баримт, үндэслэл бүхий тайлбарыг гаргасан ч татварын улсын байцаагчийн актыг маргах шаардлагагүй нотлох баримт гэж үзэн хариуцагчийн эрхийг хязгаарлаж байна. Зүй нь манай компани гомдол, нэхэмжлэл гаргаагүй боловч шүүхээр хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэхдээ хэргийн оролцогчийн хувьд эдлэх бүхий л эрхээ эдэлж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн тэгш эрхтэй оролцох учиртай. Гэтэл шүүх дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр бидний гаргасан бүхий л хүсэлт, тайлбар, нотлох баримт урьдчилан няцаагдаж байна.

Түүнчлэн, магадлалын үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1.5-т татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй байгаа бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 хоногт багтаан бичгээр гаргах үүрэгтэй, мөн хуулийн 34.3-т татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд татварын улсын байцаагчийн 2016.12.28-ны өдрийн 210022547 дугаартай актыг татвар төлөгч Цемент Шохой ХК-д тухайн өдрөө гардуулж, компанийг төлөөлөн захирал болон ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байна. Тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хуульд заасан.

Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж процесс алдаа гаргасан тухайд: Монгол Улсад хууль ёсоор оршин байгаа хувь хүн, хуулийн этгээд нь хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд хараат бус шүүхээр хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх эрхтэй. Шүүх хэрэг маргааныг хараат бусаар үнэн зөв, эргэлзээгүйгээр эцэслэн шийдвэрлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болдоггүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй тул татварын улсын байцаагчийн оногдуулсан актын зөв бурууг нягтлахгүйгээр шууд хөдөлбөргүй нотлох баримтаар үнэлж, хариуцагчийг энэ талаар маргах боломжгүй болгож буй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар нь хариуцагч Цемент шохой ХК-аас татварын өр 9,140,006,419 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийг зөрчиж нэхэмжлэл гаргасан, ... өрийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэх санал гаргасан боловч тохироогүй. 9,140,006,419 төгрөгийг зөвшөөрөхгүй, ...дүн зөрүүтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Цемент шохой ХК-аас 9,140,006,419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

1. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар нь Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу хариуцагчаас хугацаандаа төлөөгүй татварын өрийг шаардсан байна.

Хариуцагч Цемент шохой ХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татваруудыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон татварын улсын байцаагчийн 2016 оны №210022547 дугаар акт, №210022547 тоот актын хавсралт, Татварын хяналт шалгалтын ажлын карт, Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөр тооцоо, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тооцоо, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тооцоо 2014, 2015 оны Хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо, Ярилцлагын тэмдэглэл, Татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Хариуцагч Цемент шохой ХК нь татварын өрийн үнийн дүн зөрүүтэй, өрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, З8 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргана гэж хуульчилсан ба хариуцагч нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад бичиг баримтыг хүлээн авснаас хойш гомдол гаргаагүй байх тул хариуцагч Цемент шохой ХК нь татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн хоёр шатны шүүх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.     

            Хэргийн баримтаас үзэхэд татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022547 тоот акт, ярилцлагын тэмдэглэлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай акт, тэмдэглэл, мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудас хүлээн авсан тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар нь Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба мөн хуулийн 63-69 дүгээр зүйлд зааснаар татварын өрийг хураах ажиллагаа зохих журмын дагуу хийгдсэн, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Цемент шохой ХК-аас хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 9,140,006,419 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан хууль хэрэглээний зарим өөрчлөлт нь зохигчдын хооронд үүссэн татварын маргаанд шууд хамааралгүй байх тул хяналтын шатны шүүхээс энэ алдааг залруулах боломжтой байна.

3. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл, агуулга нь түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой адил байх тул давж заалдах гомдлын үндэслэл тус бүрт хийсэн магадлалын дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн гэж үзнэ.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэгдэж байх үед 2008 оны Татварын ерөнхий хууль үйлчилж байсан тул 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх шинэчилсэн найруулсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэхгүй.

Иймээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...18.1.5, 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 гэснийг хасч, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,857,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН