Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Ч.Тунгалаг,

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                  Г.Банзрагч,

                                  Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0045 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ыг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 106 хоногийн олговор 5378933 /таван сая гурван зуун далан найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0045 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгосугай”, “2.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б.Б-ыг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйл. Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн.

5. Шүүхийн магадлалын хянавал хэсгийн 2-т “Б.Б-ыг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “төрийн Жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө”, 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 23.5-д “Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно”-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч гурван сараас дээш хугацааны сургалтад суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох ёстой. Маргаан бүхий захиргааны актыг гарах үед Баян-Уул сумын Засаг дарга, Б.Б-ын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/3 дугаар захирамжаар “Шинэ дадлага сургалт эзэмших магистрын сургалтад хамрагдах болсон” гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д 2017 оны 2-4 сар хүртэлх хугацаанд үндсэн цалинг олгож, бусад хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байхаар 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх чөлөө олгосон. Б. Батнайрамдал тухайн үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөж ажил үүргээ гүйцэтгээгүй байсан, өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдож байсан. Энэ талаар ямар нэг маргаангүй байжээ” гэжээ.

6. Нэхэмжлэгч би төрийн албаны нөөцөд байгаад тооцогдож байсан талаар маргаан гаргаагүй учир нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/3 дугаар захирамж гарснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдож байсныг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар Б/3 дугаар захирамжаа хүчингүй болгосон. Дараа гарсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн байгаа үйлдэл нь Б/15 дугаар захирамжтай маргах шаардлагагүй болгосон тул, ажлаас чөлөөлөгдсөн Б/16 дугаар захирамжид л нэхэмжлэл гаргаж маргасан юм. Өөрөөр хэлбэл, би нөөцөд байгаад тооцогдож байсныг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 захирамжаар хүчингүй болгосноор буцаж ажилдаа орох эрхтэй болсон боловч 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн нь нөөцөд байх боломжгүй болгосон. Миний маргах гол үндэс нь ажилдаа буцаж орох асуудал байсан.

7. Шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 6 дугаар хуудасны 9 дүгээр мөр “Хэдийгээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д чөлөө олгосон өөрийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/3 дугаар захирамжийг хариуцагч албан тушаалтан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон боловч энэ талаар маргаагүй тохиолдолд шүүх дүгнэлт хийж, улмаар албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй” гэжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/3 дугаар захирамжийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдож байсан асуудлыг хүчингүй болгосон. Шүүхийн магадлалд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаар захирамж гэж дурджээ. Гэтэл Засаг даргын Б/15 дугаар захирамж 2017оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарсан байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шинжлэн судлаагүй хэтэрхий нэг талыг барин шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн үндсэн хуулийн үндсэн зарчмыг гажуудуулжээ. Яагаад нэг талыг барьсан шийдвэр гаргасан байж болзошгүй гэвэл 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарсан захирамжийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гарсан захирамж болгож нотлох баримтыг үнэлсэн байгаа бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа нөөцөд байгаа мэт ойлголт төрүүлсэн, хууль бус шийдвэр гаргаж, миний эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүх танхимд танилцуулахдаа “Б.Б нь ажилдаа буцаан томилогдоно. Харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал шимтгэл, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох боломжгүй гэж тайлбарлаж байсан. Давж заалдах шүүхийн шийдвэрийг хэлбэржүүлж гаргахдаа утга агуулгыг нь өөрчлөн тогтоох хэсэгт “Б.Б-ыг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.” гэжээ. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон байгаа бөгөөд намайг төрийн албанд ажил ч үгүй, нөөц ч үгүй болгосон шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэр ойлгомжтой, салаа утгагүй байх ёстой гэж би иргэн хүний хувьд үзэж байна.

9. Иймд хууль зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

12. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

14. А/ Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар “Б.Б нь магистрын сургалтанд сурахтай холбогдуулан 1 жилийн чөлөө авсан атлаа сургуульдаа албан ёсоор сураагүй болох нь тогтоогдож төрийн албан хаагчийн тангараг, ёс зүйг зөрчсөн, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан нь тогтоогдож, хөдөлмөрийн дотоод журамд тусгасан хөдөлмөрийн харилцааг дуусгах ноцтой зөрчлийг гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

15. Хариуцагч Баян-Уул сумын Засаг дарга нь дээрх захиргааны актаар Б.Б-ыг “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч энэ үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, тодруулбал түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа хариуцагчаас тамгын газрын эд хөрөнгөнд тооллого явуулж, эзэмшигч нь тодорхойгүй, дутсан эд хөрөнгийг нэхэмжлэгчид хамаатуулж хувьдаа завшсан, ашигласан гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ үндэслэлээр түүнийг буруутгах үндэслэлгүй. Харин тус захиргааны актын өөр нэг үндэслэл нь нэхэмжлэгчийг магистрт суралцахаар 1 жилийн чөлөө авсан боловч албан ёсоор сураагүй, мөн сургуулийн албан бичигт өөрөө засвар оруулан өөрчилж зөрчил гаргасан гэж үзсэн, нэхэмжлэгч энэ байдлыг үгүйсгээгүй, гэвч энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

16. Түүнчлэн, сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2-т зааснаар төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч, түүний эрх зүйн байдал нь энэ хуулиар зохицуулагдах байтал хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан Б.Б-ыг албан тушаалаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүйн гадна хариуцагч нь захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй нь тогтоогджээ. 

17. Иймээс маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн, маргаан бүхий Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна. 

18. Б/ Нэхэмжлэгч Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хуульд нийцээгүй үндэслэлээр шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд  эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна. 

19. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө: ... 23.3.2-т гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, ...23.5-т “Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, ...төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж тус тус заажээ.

20. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Хоёрт нөөцийн сангийн бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлсон байх бөгөөд 2.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд хамаарах үндэслэлийг, ...2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу... гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон, ...зэрэг мөн хуулийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн бол төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд” гэж тодорхойлсон байна.

21. Дээрх хууль, журмын зохицуулалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлийг, тухайлбал төрийн жинхэнэ албан хаагч гурван сараас дээш хугацаагаар суралцахаар бол төрийн албанаас түр чөлөөлөгдөж, төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор заасан.  

22. Хариуцагч нь Б.Б-ыг түүний гаргасан хүсэлтийг харгалзан, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/3 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг баримтлан, магистрт суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлж, 1 жилийн чөлөө олгосон байх тул түүнийг энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцно.

23. Иймд төрийн албан хаагчийн нөөцөд байгаа Б.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, улмаар тухайн албан тушаалд ажиллаж байсан гэж үзэж хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

24. Харин нэхэмжлэгч Б.Б-д чөлөө олгосон 2017 оны Б/3 дугаар захирамжийг хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх боловч дээрх журмын Дөрөвийн 4.2-т “Энэхүү журмын ...2.2.1, ...-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Б-ыг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох бөгөөд нэхэмжлэгч нь ажлын байрны сул орон тоо зарлагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сангаас нэр дэвшиж, өрсөлдөх боломжтой юм.

25. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0045 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА