Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч

Э ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01145 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

Э ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, У нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, У, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын түр үүрэг гүйцэтгэгч Б технологийн товчооны тэргүүлэх инженер зохион бүтээгч Б бичиг хэргийн ажилтан Р нар 2018 оны 08 дугаар сарын 27- ны өдөр инженер зохион бүтээгч О миний биед шударга бус хандаж, Б тэргүүлэх инженерийн гаргасан илтгэх хуудсыг үндэслэж хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Учир нь миний бие хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа болно. Б тэргүүлэх инженер үүссэн маргаантай асуудалтай холбогдуулж миний биеийг тэнэг дурак, новшоор дуудаж, гарын салаавч гаргаж миний аманд хийхийг завдаж доромжилсон. Миний нэр төр, эрх чөлөөнд халдсан, биед гар хүрэхийг завдсан болно. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б тэргүүлэх инженер ажил хураан авч, ажлын байрнаас намайг хөөсөн болно. Сандал ширээ, компьютер техник хэрэгслийг булааж авч ажил тасалснаар тооцно чи яв гэж ажлын байрнаас хөөсөн болно. Энэ хүн ажлын байрнаас хөөх эрх бүхий албан тушаалтан биш ба ажлын байрны дарамт шахалт дарангуйлал, хүчирхийлэл үйлдэж байна. Иймд ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан зохисгүй үйлдэл гаргаж доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэн, ёс зүйн зөрчил гаргасан нэр төрд халдсан, хөдөлмөрийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдөр миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болтол, хэл амаар доромжлуулж, дарамтлуулж, ажлын байрны албан тушаалын дарангуйлал хүчирхийлэлд өртөж байна. Дээрх нэр бүхий хүмүүс нийлж хуйвалдаж, бүлэглэж, буруу шийдвэр гаргаж жирийн ажилтан миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироож байна. Иймд миний нэр төр, хөдөлмөрлөх эрх ашиг, хөдөлмөрийн харилцаа ноцтой зөрчигдсөн тул хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар Э ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д-ын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Зураг төсөл боловсруулах даалгавар"-ын дагуу баяжуулах үйлдвэрээс “Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотомашиныг шинэчлэх ажлын зураг” гаргах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төслийн менежментийн хэлтэст өгсөн. Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д нь дээрх техникийн даалгавар бүхий ажлыг хийж гүйцэтгэхийг технологийн процессын товчоонд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуваарилж, технологийн процессын товчооны Тэргүүлэх инженер, зохион бүтээгч Б нь өөрийн ажлын чиг үүргийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч О-д тус ажлыг тогтоосон хугацаанд /2018 оны 07 дугаар сарын 31-ны/ өдөр хүртэл/ хийж гүйцэтгэх үүрэг өгсөн байдаг. Дээрх ажил үүрэг нь нэхэмжлэгч  О-ийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг /ажлын байрны тодорхойлолт 3.1/ мөн бөгөөд О нь захиалагчаас ирүүлсэн техникийн даалгаварт заасан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломж бүрэн байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Удирдлагын зүгээс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс Од дээрх ажлыг хийж гүйцэтгэхээс өөр ажил нэмж өгөөгүй, ажлын явцад анхаарал тавьж туслуулахаар инженер зохион бүтээгч Э.Ганзориг, У, Э нарыг оролцуулсан зэрэг арга хэмжээ авч ажилласан. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д нь дээрх ажлын явц байдал болон тэргүүлэх инженер Б-ын өгсөн илтгэх хуудастай танилцаад Э ХХК-ийн «хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.7.10-т “Удирдах ажилтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар сахилгын “сануулах” шийтгэл ногдуулсан. Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 13- нд төслийн А/970 тоот “Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх” тухай -тушаалын хавсралт №1-ийн 1.3-т Хөдөлмөрийн сахилгын зөрчил /ажлаас халахаас бусад шийтгэл/-д хуульд заасан арга хэмжээ авах эрхийг уг тушаалын хавсралт №2-ын 11-т төслийн менежментийн хэлтсийн даргад олгосон байдаг тул төслийн даргын хэлтсийн дарга Д.Баярмаа нь ажилтанд сануулах сахилгын арга хэмжээ авах эрх хэмжээний субъект мөн юм. Мөн Э ХХК-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтад хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулах зөрчлүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн байх бөгөөд инженер зохион бүтээгч Оийн гаргасан үйлдэл нь уг зүйл заалтад нэрлэн заасан зөрчил учраас “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...Ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан, зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, ёс зүйн зөрчил гаргасан, нэр төрд халдсан...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг Э ХХК-д холбогдуулан гаргасан эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад нэхэмжлэгч энэхүү журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Миний бие тус шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Мөн асуудалтай холбоотой 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 тоот ТМХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Баярмаа нь дахин сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан байна.Уг тушаалд ерөнхий инженер Д.Тамирын тайлбар, тэргүүлэх инженер Г.Баттулгын илтгэх хуудас зэргийг үндэслэн, инженер зохион бүтээгч О нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БҮ-ийн НБХ-ийн молибедений флотоцын 1-р шугамыг FLSmidth компаний Wemco Inertgas флотомашинаар солих Т045.18-Х0-2018.02.26 тоот зураг төслийн даалгаврыг өнөөдрийг хүртэл зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй, 2018 оны 09, 10 дугаар сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан тул үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн байна. Дээрхи тушаалын үндэслэл бүхэлдээ огт ор үндэслэлгүй худал байна. Учир нь миний бие 2 сарын өмнө ажлаа хийж дуусгасан. Дуусгасан ажлыг Б, Т, А нар өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байгаа болно. Дээрхи зураг төслийн ажил дууссан дуусаагүй талаарх үнэн худал нь мэдэгдэхгүй хөдөлмөрийн маргааныг шалгаж тогтоогоогүй байж, үндэслэлгүй дутуу хагас, нэг талын байр суурь, санал дүгнэлтийг үндэслэж тушаал гаргасан байна. Иймд жирийн ажилтан миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон, буруутгасан, гүтгэсэн, хэлмэгдүүлсэн, үндэслэлгүй 2 удаагийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажил амьдралаар минь тоглож байна. Иймд хариуцагчийн гаргасан үндэслэлгүй тушаалуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч “Э” ХХК нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Оийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Од “Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг" гаргах ажлыг хийж гүйцэтгүүлэх техникийн даалгавар бүхий ажлыг төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь Технологийн процессын товчоонд 2018 оны 02 сарын 19-ний өдөр хуваарилж, тус товчооны тэргүүлэх инженер Б нь чиг үүргийн дагуу 2018 оны 03 сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч Од 2018 оны 08 сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар дээрх зураг төслийн ажлын явц удаашралтай, захиалагч байгууллагаас удаа дараа ажлыг хугацаанд нь яаралтай гүйцэтгэхийг шаардсан албан бичгүүд ирүүлж байсан тул төслийн менежментийн хэлтсийн өөр зохион бүтээгчид хувиарлалгүйгээр, Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг гаргахтай холбоотой мэдээллийг мэдэж байснаар нь инженер зохион бүтээгч Од 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл дуусгах хугацаатай үүрэг даалгаврыг дахин өгсөн. Үүнийг О нь уг ажлыг 10 сарын 12-ны өдрийн дотор гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн дээрх хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөнөөс хойш чөлөө олгох эрх бүхий албан тушаалтанд хэлэлгүйгээр өөрийн дураар ажлын байраа орхиж, ажлын цаг хангалтгүй байсан. Энэ нь төслийн менежментийн хэлтсийн гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт Оийн хийсэн тэмдэглэсэн бичилтүүдээс нотлогдоно. (гарах бүрдээ шууд харьяалан удирдах албан тушаалтнуудад мэдэгдэж зохих зөвшөөрөл аваагүй байдаг) Иймээс Э ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 тоот тушаалаар Оийн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 тоот тушаал нь нэхэмжлэгч Оийн 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хийж гүйцэтгээгүй ажилд ногдуулсан сахилгын шийтгэлийн арга хэмжээ бөгөөд, дээрх хугацаануудад Од Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг гаргах ажлаас өөр үүрэг даалгавар өгөгдөөгүй болно” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01145 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Э ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Оийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Э” ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, О нар давж заалдсан гомдолдоо:

Оийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 1145 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдсан гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хангаагүй гэж үзэж байна. Үүнд: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байдаг бөгөөд нотлох баримтыг Э ХХК-ийн нэг цех, хэлтсээс нөгөө цех хэлтэс рүү хуулбарлан авахаар албан бичгээр харилцах нотариатаар батлуулах цаг ашиглалтын дэвтрийг эх хувиар нь өгөхөд хуулбар хувийг нь хуулбарлан авах зэрэг ажиллагаа хийгдсэний улмаас шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд гаргаж өгөх боломжгүй нотлох баримтуудыг шүүхэд өгөх хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг хянан шийдвэрлэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчлөө. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байдаг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Баярмаа, гэрч Б нарын нэхэмжлэгч  О нь флот машины зураг төслийн ажил гүйцэтгэх хугацааг мэдэж байсан, ажлын цагийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр удаа дараа тасалсан, дахин хугацаа тогтоож ажил гүйцэтгэх даалгавар удирдлагаас өгөхөд тогтоосон хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй зэрэг байдлуудыг нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн 2018.11.21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс энэ нь тодорхой харагдана. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч  О нь шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа “...2018.07.31-ний өдөр энэ ажлыг гүйцэтгэж, дуусгахад боломжтой хугацаа биш...”, “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ажлын цагаар гарч орсон зүйл байгаа гэж хариулсан зэргээс харахад О нь өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх түүнийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэнгүй. /Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана./ Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч О нь “Э” ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан “Э” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг, мөн нэмэгдүүлсэн шаардлагаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн б/39 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Тус үйлдвэрийн технологийн процессын төслийн тэргүүлэх инженер Б нь Баяжуулах үйлдвэрийн молибден флотоцийн 1 дүгээр шугамыг шинэчлэх ажлын зураг төсөл гаргах ажлыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч Од үүрэг болгон даалгасан тухай үйл баримт талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Энэхүү ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хөдөлмөрийн дотоод журмын 8.7.10 дугаар заалтыг зөрчсөн үндэслэлээр “Э ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д-ийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн б/33 дугаар тушаалаар сахилгын “сануулах” шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч О нь флотомашиныг шинэчлэх зураг төслийн ажил нь судалгаа хийх хугацаа шаардагддаг өргөн цар хүрээтэй ажил учраас 2018 оны 07 дугаар сарын 31-нд хийж дуусгах боломжгүй гэж мэтгэлцэн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан ба хариуцагч байгууллага нь тухайн ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгахыг даалгасан гэж маргасан байна.

Хариуцагч байгууллага нь зураг төслийн ажлыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хийж дуусгах үүрэг өгсөн гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзалаа, тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгч Од зураг төслийн ажил хуваарилсан гэх баримтаа компьютерын программаас хувилан авсан, шүүхэд ирүүлсэн боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар давхар нотлоогүй байна. Мөн “Э” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7.3, 8.8.4, дэх заалт, ерөнхий инженер Д.Тамирын тайлбар, тэргүүлэх инженер Г.Баттулгын илтгэх хуудас зэргийг үндэслэн Од үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл дахин ногдуулжээ. Сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн молибдений флотоцийн 1 дүгээр шугамыг флотомашинаар солих зураг төслийн ажлыг биелүүлээгүй, 2018 оны 09, 10 дугаар сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн зөрчилд үндэслэн тодорхойлжээ. Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч Од Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн молибден флотоцын 1 дүгээр шугамыг флотомашинаар солих зураг төслийн ажлыг хүлээлгэн өгснөөс хойш уг ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэн тэргүүлэх инженер Бд 2018 оны 09 дүгээр сарын 18, 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд хянуулан дахин боловсронгуй болгох үүрэг авч дахин зурж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б, Э.Ганзориг, Б.Эрдэнэбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх явцад зураг төсөлд өөрчлөлт орох, дахин зурах тохиолдол гарч байсан нь дан ганц нэхэмжлэгч Оийн буруутай үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, Оийн гаргасан гэх зөрчлийг хариуцагч байгууллага нотлох баримтаар нотолж чадаагүй. Дахин зурах үүрэг өгснөөс хойш ямар үүрэг даалгавар өгсөн болохоо нотлоогүй, тодорхойгүй, харьяалах удирдах албан тушаалтны ямар шаардлагыг хэрхэн эсэргүүцсэн болох талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, 2018 оны 09, 10 дугаар сард хэдэн цагийн ажил тасалсан болохыг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй, холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэхээс өмнө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  нь үндэслэлтэй Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд гаргаж өгөх боломжгүй нотлох баримтуудыг шүүхэд өгөх хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй хэргийг хянан шийдвэрлэж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийхээр хойшлуулсан байх бөгөөд 11 дүгээр сарын 06-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд гардуулж хариу тайлбар, нотлох баримт, гаргах хугацааг хуульд заасан хугацаагаар тогтоосон. Хариуцагч тал хариу тайлбараа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн. Холбогдох нотлох баримтуудаа шүүхээс тогтоосон хугацаанд өгөөгүй 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй байна. Шүүх хариуцагч талд хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжит хуульд заасан хугацаа өгсөн байхад тухайн хугацаанд нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй болно. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, О нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдсан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                         С.УРАНЧИМЭГ