Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

“Р” сууц өмчлөгчдийн холбоонд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/01157 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Р” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дутуу цалин 1.060.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөг нийт 1.960.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Р” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ц Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э- миний бие “Р” СӨХ-д 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр харуулаар ажилд орж 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр халагдсан. Энэ өдөр ажлаас буух өглөө орж ирээд “ чи 70353511 утас руу гомдол гаргасан байна. Чамайг халлаа” гэж хэлсэн. Учир нь цалингаа дутуу өгөөд байсан учир манай эхнэр 70353511 утсанд гомдол гаргасан байсан. Тэрнээс хойш цалингаа авахаар удаа дараа шаардсан боловч битгий ирж лай болоод бай гээд өгөхгүй байсан учир би хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Мөн ажлаас халагдсан тушаалаа авах гэж шаардсан боловч одоо болтол надад өгөхгүй байна. Анх ажилд ороход 240 000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 17-оос нэг харуул ажлаас гарангуут үлдсэн 2 харуулыг та 2 тулж ажил цалинг чинь 300.000 болголоо гэсэн тул 3-6 сарыг дуустал 2 харуул 48 х 48 цагаар ажиллаж байсан. Намайг ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхойгүй, ажлаас халагдсан тушаалыг мөн өгөхгүй, ажилласан хугацааны цалингийн дутууг ч олгохгүй намайг хохироож байна. Би цалингаа нэхэж олон удаа очсон, бас утастсан боловч өгөхгүй байна. Иймд энэ асуудлыг хянан шалгаж, ажилд эгүүлэн тогтоож, ажилласан хугацааны дутуу цалин болох 1.060.000 /нэг сая жаран мянга/, ажилгүй байсан хугацааны цалин болох 900.000 /есөн зуун мянга/ нийт 1.960.000 төгрөгийг “Р” СӨХ-ийн захирал Д-аас гаргуулж өгнө үү. Мөн ажлаас халагдсан тушаалыг надад өгөхгүй байгаа тул Д-ас гаргуулж өгнө үү. Аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст мөн тушаалыг өгсөн байх гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч: “Р” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э-ыг 2017 оны 10 дугаар сарын 18-нд Р СӨХ-д манаачаар ажиллуулахаар харилцан зөвшилцөж, эрх үүрэг хариуцлага хийх ёстой ажлыг сайн тайлбарлаж ажил хүлээлгэн өгч, гэрээг байгуулсан. Э- нь манаачаар ажиллаж байхдаа ажлын байран дээрээ согтуурч, айл өрхүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, ажилчдыг байнга хэл амаар доромжилж сүүлийн үед байнга согтуу ажилдаа ирдэг болсон. Айлуудын хаалгыг нүдэн мөнгө нэхэж машиныг нь зогсоолд тавиулахгүй, элдэв бусын ааш авир гаргадаг байсан. Гэр рүүгээ харь гэхээр явдаггүй. Эхнэр лүү нь залгаж хэлэх гэхээр утсаа авдаггүй. Маргааш өдөр гарах байсан манаач Б-г дуудан ирүүлж, манаачийн ажлын байранд унтуулсан. Энэ байдлаас болж айлуудаас удаа дараа гомдол олон удаа ирсэн. Э-т байрандаа камер тавих болсон тул 2 хүн цалинжуулах боломжгүй, Б- та хоёрын аль нэг нь ажлаас чөлөөлөгдөнө гэж хэлж байсан. Э- нь ажлаас чөлөөлөгдөх дундын өмчлөлийн хаалга болон гражийн хаалгыг эвдэж сүйтгээд өглөө ажлаасаа буусан байсан. Дараа гарах манаачийг ирэхэд эвдсэн зүйлээ би мэдэхгүй гэж хэлсэн байсан. Манаач Б- утсаар надад хэлсэн. Би ирж үзэнгүүтээ зургийг нь авч удирдах зөвлөлийн дарга Ж-д энэ байдлын хэлсэн 2017 оны 3 сард 11-р хороолол 85 байрны 6 тоотод оршин суугч Т-аас 100 000 төгрөг авсан байсныг 2 сарын дараа оршин суугч Батчулуун нь хэлсэн. Тэр даруйд нь Э-аас асуухад авсан гэж хэлсэн. Ингэж айлуудаас мөнгө түрүүлж нэхэж авч болохгүй гэж хэлсэн. Тэгээд 100 000 төгрөгийг 5 сарын цалингаас суутгасан. Энхбаяр өөрөө мэдэж байгаа. Цалингийн цэсэд бүртгэсэн байгаа. Үйлчлэгч Р-ээс байнга мөнгө нэхэж, Д та хоёрт мөнгө байгаа өгөхгүй байна хэмээн байнга хэл амаар доромжилдог байсан. Удаа дараа сануулсан боловч засрахгүй байсан учраас Э-ыг 2018 оны 06 дугаар сарын 23-нд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш би ерөөсөө уулзаагүй, утсаар ч яриагүй. Харин айлуудаас мөнгө орж ирвэл данс руу чинь хийнэ данс чинь байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэлийн хувьд 70353511 утас руу эхнэр нь залгаж гомдол гаргасан тухай би мэдээгүй, эхнэр нь ч яриагүй, ирж уулзаагүй болохоор би эхнэрийг нь хэл амаар доромжлоогүй болно. Ажлаас чөлөөлсөн тушаалаа надаас шаардаагүй. Цалингийн хувьд бэлэн гар дээрээ авч байсан мөнгөнүүдээ тусгаагүй байна. 2017 оны 10, 11, 12 дугаар сарын цалинг бүтэн авсан. Харин 2018 оны 01 дүгээр сард 240.000 төгрөг авах байснаас 220.000 төгрөг бэлнээр авсан. 20.000 төгрөг үлдсэн. 2018 оны 02 сард 280.000 төгрөг авах байснаас 140.000 төгрөг, 60.000 төгрөг бэлэн авсан. 80.000 төгрөг үлдсэн. Дансруугаа ч хийлгээгүй. 2018 оны 03 сард 300.000 төгрөг авах байснаас 40.000 төгрөг бэлэн авсан. 100.000 төгрөг дансруу нь хийсэн. 160.000 төгрөг үлдсэн. 2018-оны 4 сард 300.000 төгрөг авах байснаас 100.000 төгрөг бэлэн авсан. 100.000 төгрөг данс руу нь хийсэн. 100.000 төгрөг үлдсэн. 2018 оны 5 сард 300.000 төгрөг авах байснаас Батчулуунаас 100.000 төгрөг авсныг суутгаад 100.000 төгрөг бэлэн авсан. 100.000 төгрөг данс руу нь хийсэн. 100.000 төгрөг үлдсэн.2018 оны 6 сард 300.000 төгрөг авах байснаас ажлаас чөлөөлөгдсөн учраас 7 гарааны 140.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Нийт авах ёстой үлдэгдэл 600.000 төгрөг байгаа. Иймд 1.960.000 төгрөгийг өгөх боломжгүй болно гэжээ.

Хариуцагч: “Р” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Э- нь Р сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байхдаа өөрийн хариуцсан ажлын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэж зарим эд ангийг нь сэргээн засварлах боломжгүй болтол нь эвдэж сүйтгээд явсан байсан. Уг эвдрэлийг засах боломжгүй 3 сар хаалга үүд онгорхой оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулж машин тэрэг нь ил задгай иргэдийг их бухимдалтай байдалд хүргэсэн. Хаалга үүдийг засварлах хүн олдохгүй байсан учир Улаанбаатар хотоос хаалга засварын “Номонгоо" ХХК-ийн засварчдыг дуудан ирүүлж засуулсан. Одоо энэ компанд засварын зардал болох 600.000 төгрөг төлөөгүй байна. Уг зардлыг Э-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Э- сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт:

Миний бие "Р” сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байхдаа өөрийн хариуцсан ажлын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн явдалгүй. Харин ч гэрэл шатсан бол солих, мэдрэгч нь ажиллахгүй бол шууд холбох, хаалга үүд эвдэрсэн тохиолдолд янзалж сэлбэж ирсэн. Жишээ нь 2017 оны 12 дугаар сард цасан шуургатай орой гаражийн хаалга хаагдахаа байлаа ирж янзал гэж СОХ-н дарга Доржханд хэлэхэд харуул Б-тэй элбэж янзалсан СӨХ-н даргаас илүү цагийн мөнгө цаас нэхэж үзээгүй, цалингаа нэхэхээр би та нарт өртэй юм уу дандаа мөнгө нэхэж байх юм гэж аашилдаг. Миний ажилласан хугацааны цалин мөнгийг өгөхгүй удаа дараа хэл амаар доромжилж гүтгэн гүжирдэж байгаад би гомдолтой байна. Миний бие эмчийн хяналтанд. группт байдаг, амьдралын эрхэнд СӨХ-д орсон. Бие сэтгэл амьдрал ахуйгаар хохирсондоо туйлын гомдолтой байна. Иймд 600.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/01157 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч “Р” сууц өмчлөгчдийн холбооноос дутуу олгосон цалин 990.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц Энхбаярт олгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөг, дутуу олгосон цалин 70.000 төгрөг нийт 970.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцсан ажлын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох гражийн хаалга зассаны төлбөр 600.000 төгрөг гаргуулах тухай “Р” сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э- улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч "Р" сууц өмчлөгчдийн холбооноос 28.310 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч: “Р” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Д давж заалдсан гомдолдоо:

Манаачийн үүрэг гүйцэтгэж байхдаа нэхэмжлэгч Э- нь СӨХ-ны эд хөрөнгө болох гаражийн хаалгыг эвдэлсэн байхад шүүх уг хаалгыг засаж янзалсан "Номонгоо" ХХК-ийн удирдлагын тамга бүхий зарлагын баримтыг үл үндэслэн ердийн элэгдлээр эвдэрсэн үү, хүний санаатай үйлдлээр эвдэрсэн үу гэдгийг тогтоох шаардлагагүй гэж үзсэн, аливаа байгууллагад ажиллаж буй ажилтан ажил үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний эд хөрөнгө хариуцах үүрэгтэй байдаг атал гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан, гэрч Д.Б-гийн ажлаас гарсны дараа эвдэрсэн гэсэн тайлбараар шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Монгол улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ, түр ажиллах гэрээ зэрэг хууль эрх зүйн аливаа актанд ажилд орсон цагаас тодорхой хэмжээний эд хөрөнгийн хариуцлагыг бичгэн болон аман гэрээгээр хүлээдэг, мөн тухайн компанийн зарлагын баримтыг үл харгалзан үл хянан дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэлийг тооцохгүй шүүхийн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. нэхэмжлэгч Э-т олгуулахаар шийдвэрлэсэн 990.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, бэлнээр авсан цалин 300.000 төгрөг, ажил үүргийнхээ хуваарийн дагуу хариуцан ажиллаж байсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэлийг дараагийн ээлжийн манаач Д.Б-д хүлээлгэн өгөөгүй орхиж явсныг буруутган "Номонгоо" ХХК-ийн тамга бүхий зардлын баримтыг үндэслэн 600.000 төгрөгийг суутган тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э- хариуцагч Р СӨХ-нд холбогдуулан манаачын ажилд эгүүлэн тогтоолгох, дутуу олгогдсон болон ажилгүй байсан хугацааны цалин-1.960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дын хаалга эвдсэн төлбөр 600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан ба хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлээр манаачийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн саналаар цуцалсан байх ба нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан, ажил олгогч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын цалин хөлсийг зохих журмын дагуу олгоогүйгээс гадна авах ёстой цалин хөлснөөс 990.000 төгрөг дутуу олгосон болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Д нь нэхэмжлэгч Э-ыг манаачийн ажил гүйцэтгэгч байхдаа орон сууцны байрны хаалгыг эвдсэн тул засварын хөлс 600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э- орон сууцны хаалгыг эвдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  хуульд нийцсэн байна.

Хариуцагч Д нэхэмжлэгч Э-т  цалин хөлс олгохдоо бэлэн мөнгө өгч байсан тухай баримт хэрэгт авагдаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй  байх тул түүний гаргасан “...ажлын хөлсөнд тооцож бэлэн мөнгө, жимс эд зүйл өгсөн мөн хаалга засахад 600.000 төгрөгийн зардал гарсан тул цалингаас суутган тооцож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/01157 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Р” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Дын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ