Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/00986

 



 

 

 

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/00986

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, *гудамж, өөрийн байранд байрлах, *

Хариуцагч:Баянгол дүүрэг, *дүгээр хороо, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух, * овогт * 

Хариуцагч:Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух, * овогт *

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 240 253 243 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай үндсэн,

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 2 000 000 төгрөг гаргуулах,

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 222 022 093 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч * * хариуцагч * * өмгөөлөгч * шинжээч * гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч *нь хариуцагч * * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 240,253,243 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Хариуцагч * * нар нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *-тай * дугаартай зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 365 хоногт 20 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.Банк нь зээлийн хөрөнгийг 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хас банкин дахь * эзэмшлийн * дугаартай харилцах дансанд шилжүүлж зээлийг олгосон.

Талууд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр* дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн *дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байр, * давхарт байрлах *талбайтай орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 17,854,214 төгрөг, зээлийн хүүд 221,940,649.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 82,253.91 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь 2019 оны 11 дүгээр сараас хойш сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй 611 хоног хугацаа хэтрүүлж 58 107 457 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан ба зээл нь муу ангилалд шилжин цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон.Банкны зүгээс Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан * дугаартай зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан болно.

Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 182,145,786 төгрөг, үндсэн хүү 58,015,603.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 91,854 төгрөг, нийт 240,253,243.38 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн * дугаартай, Сонгинохайрхан дүүргийн*дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байр, * давхрын хэсэг тоот хаягт байрлах * талбайтай орон сууцаар хангуулж өгнө үү. 

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банк зээлийн тооцооллыг * ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн *дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу боддог, манай банк ч бас энэ журамд заасан аргачлалын дагуу хүүг боддог тул төлбөр, хүүг буруу тооцоогүй, зээлийн гэрээнд хүү буурах талаар тохироогүй гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Бид тус банкнаас 200,000,000 төгрөгийг зээлсэн, бид нар зээлээ төлж байсан боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүрэн төлж чадаагүй юм.Банк төлбөрийн тооцоог буруу тооцож гаргасан байна, 2014 онд хүргэн ах энэ зээлийг авсан, хүүг сар тутамд буурч явна гэж ойлгосон боловч хүү буураагүй, 200 000 000 төгрөг эргүүлж төлсөн, хувьсах хүү буураагүй, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гэрээнд зээлийн хүүг 20 хувь гэж заагаагүй, 16,5 хувь+3,6 хувь нэмж төлнө гэж байсан, банкны суурь хүүг 2014 онд тогтоогоод өөрчилсөн зүйл байхгүй, 2017 оны 6 дугаар сарын 7-нд суурь хүүг тогтоосон шийдвэр байхгүй, 3,5 хувиар бодох ёстой гэж үзэж байна.Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь ойлгогдохгүй, төөрөгдүүлсэн шинжтэй байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:Бид *-тай 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр * дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон.Хас банк зээл олгохдоо зээлийн хүү авахаар заасан атлаа үйлчилгээний шимтгэл нэрийдлээр гэрээний үнийн дүнгийн 1 хувь буюу 2 000 000 төгрөгийг суутган авсан.Шимтгэл авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

* шимтгэл авч байгаа нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасныг зөрчсөн тул бидний *-тай 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан * дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 2 000 000 төгрөгийг гаргуулна,

-* *нар нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *-тай * дугаартай зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, хувьсах хүү /жил бүр тогтоосон суурь хүү дээр+3,5 хувийн хүү/-тэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн.

Уг зээлийг авах үед банк бидэнд хувьсах хүүтэй зээлийн нөхцөлийг санал болгосон, тухайн үед банкны ажилтны тайлбарлаж байснаар хувьсах хүү нь жил бүр тогтоогдож, улмаар таны зээлийн хүү тухай бүр буурах боломжтой гэж ойлгуулсан.Бид хувьсах хүүтэй нөхцөлөөр зээл авбал жил бүр хүү буурах юм байна гэсэн ойлголтоор уг зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.

Энэхүү нөхцөлийг талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр * тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Банк нь зээлдэгчид 200 000 000 төгрөгийн зээлийг, 240 сарын хугацаатай олгоно.Зээлийн жилийн буюу 365 хоногийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3,5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна гэж тусгасан.

Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Банк нь жил бүрийн 6, 12 дугаар саруудад зээлийн хувьсах хүүг Банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, суурь хүүд өөрчлөлт орсон тохиолдолд дараагийн хуанлийн хагас жилд мөрдөх зээлийн жилийн хүүг тогтоож, дараа сарын 1-ний өдрөөс мөрдөнө.Банк зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар, эсхүл бичгээр мэдэгдэж, хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг банканд хадгалагдаж байгаа гэрээний хувийн 2 дугаар хавсралт /зээлийн хүүгийн хувь хэмжээний өөрчлөлтөд/-д тэмдэглэнэ.Өөрчлөлт тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхөө зээлдэгч хүлээн зөвшөөрсөн болно.Өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг Банк зээлдэгчид мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон зээлийн хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Зээлдэгч нь зээлийн хүү, үндсэн төлбөрийг 1 дүгээр хавсралт /зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-д заасны дагуу сар бүрийн 10-ны өдөр, хэрэв энэ нь долоо хоногийн амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна гэж зааж, улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь зохиож түүнд гарын үсэг зуруулсан.Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бидний зүгээс сайн ойлгоогүй бөгөөд хүүгийн төлбөрийг тодорхой тусгаагүй байсан учир ямар хэмжээний хүү төлөөд байгаагаа мэдэлгүйгээр гарын үсэг зурсан.

Гэтэл уг зээлийн гэрээ байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд үндсэн зээлд 17 854 214 төгрөг, үндсэн хүүд 221 940 648 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 82 253 төгрөг нийт 239 877 117 төгрөг төлсөн байхад өнөөдрийн байдлаар *үндсэн зээл 182 145 786 төгрөг, үндсэн хүү 58 015 603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91 854 төгрөг, нийт 240 253 243 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Энэ бол санхүүгийн луйвар бөгөөд *зээлдэгч нарт илт хохиролтой нөхцөл тогтоож, санхүүгийн дарамт учруулж байна.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлогдоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан.Нэхэмжлэгч нь банкны тухай хуульд зааснаар Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авсан субъект тул банк зээлийн гэрээг байгуулахдаа үйлчлүүлэгчийн саналыг харгалзахгүйгээр урьдчилан баталсан нөхцөлийг санал болгож, уг нөхцөлөөр шууд гэрээ байгуулдаг.Үүнээс харвал талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн * тоот зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ байна.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн * тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дах заалт нь зээлдэгч нарт илт хохиролтой, харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул уг гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь * 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үндсэн хүүгийн төлбөрт 221 940 649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 82 253 төгрөг, нийт 222 022 903 төгрөгийг төлсөн байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн * тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дах заалтууд хүчин төгөлдөр бус нөхцөлд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт болох 222 022 903 төгрөгийг Хас банкнаас буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд * болон * * нарын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн *   дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, *-аас 222 022 093 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч хариу тайлбартаа:Дээд шүүхийн тогтоолд хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглосон зохицуулалтыг зөрчсөн байхыг ойлгохоор заасан бөгөөд зээлийн гэрээний 2.9 дэх заалт нь хуулийн ямар хориглосон зохицуулалтыг зөрчсөн нь тодорхой бус байна.Нөгөө талаас банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддагаас бус харилцааг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээгээр зохицуулагдахгүй тул уг хэм хэмжээг зөрчих боломжгүй.Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан * дугаартай зээлийн гэрээний 2.2 дахь заалт нь Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3,5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна гэж тохирсон.

Энэ нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т...Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно, 10.3-т Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсэн заалтын дагуу өөрөө зээлийн нөхцөл, хүүг тогтоон гэрээг бичгээр байгуулан зээлийг олгосон ба Иргэний хуулийн 451.1, 451.2 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 21.2, 22.1, 22.2 дугаар зүйлүүдэд зааснаар зээлдэгчтэй хүүгийн хэмжээг гэрээгээр тохирч, гарын үсэг зурж хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан гэрээг байгуулсан.

Гэрээний 2.3 дахь заалт нь зөвхөн зээлийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд зээлдэгч талд амаар болон бичгээр мэдэгдэх, гэрээний 2 дугаар хавсралтад тэмдэглэл хийхээр тохирсон заалт болно.Зээл олгосноос хойш 2017 оны 6 сар хүртэл хугацаанд банкны төгрөгийн суурь хүүгийн хэмжээ болох 16,5 хувьд өөрчлөлт огт ороогүй, гэрээний хүү 20 хувь байсан тул зээлдэгчид бичгээр мэдэгдэх, гэрээний 2 дугаар хавсралтад тэмдэглэл үйлдэх шаардлага үүсээгүй болно.Мөн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн банк орон сууцны зээлийн хүүгээ нийтэд нь бууруулан тогтмол 18 хувь болгосноо нийтэд зарласан ба энэ нь хүүгийн хэмжээ буурч зээлдэгчид ашигтай нөхцөл үүссэн гэж үзэж байна.

* *нар нь эргэн төлөлтийн хуваарийг сайн ойлгоогүй бөгөөд хүүгийн төлөлтийг тодорхой тусгаагүй байсан тул ямар хэмжээний хүү төлөөд байгаагүй мэдээгүй гарын үсэг зурсан, ийм учраас их хэмжээний хүү төлсөн гэжээ.

Зээлийн гэрээний 2.5 дахь заалт нь...Зээлдэгч зээлийн хүү, үндсэн төлбөрийг * дүгээр хавсралт /Зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-д заасны дагуу сар бүрийн 10-ны өдөр, хэрэв энэ нь долоо хоногийн амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна гэж тодорхой тусгасан.

Гэрээний 1 дүгээр хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт он тус бүрээр нь сар бүр төлөх үндсэн зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр оруулсан, мөн сар бүр төлөх зээлийн хүүг бодохдоо зээлийн өмнөх сарын үлдэгдлийг зээлийн жилийн хүүгээр үржүүлээд гарсан дүнг ашигласан хоногоор үржүүлж бодно гэж тодорхой тусгасан, үндсэн зээлийн үлдэгдлийг жил бүрээр мөнгөн дүнгээр тусгаж ойлгомжтой хэлбэрээр хийсэн.Гэрээний хугацаа 20 жилээр байгуулагдсан, хувьсах хүүтэй тул суурь хүүд өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд зааснаар зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт орж төлөх хүүгийн хэмжээ өөрчлөгдөх, зээлдэгч сар бүр төлөх үндсэн зээлийн хэмжээгээ гэрээнд зааснаас өөр дүнгээр төлсөн нөхцөлд бодогдох хүүгийн хэмжээ нь хуваарьт заасан дүнгээс өөрчлөгдөх зэрэг нөхцөлүүд үүсэх эрсдэлтэй тул эргэн төлөлтийн хуваарьт сар бүр төлөх хүүгийн хэмжээг тогтмол мөнгөн дүнгээр оруулах боломжгүй юм.

Зээлдэгч нар нь сар бүр зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан нь /зээлийн дансны хуулга/ эргэн төлөх хуваарийг бүрэн ойлгосон, гэрээний төлбөр төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, биелүүлж байсан гэж үзэж байна.Зээлдэгч нар нь хүүгийн хуваарийг ойлгоогүй, стандарт гэрээ тул их хэмжээний хүү төлж илтэд хохиролтой нөхцөл үүссэн тул гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Гэтэл зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн хүүг бууруулах талаар банканд бичгээр болон амаар санал хүсэлт огт ирүүлж байгаагүй, банк нь бусад банкнаас хэт өндөр үндэслэлгүй хүү тогтоож гэрээ хийгээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Талууд нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйл, 195 дугаар зүйлийн 195.1 дүгээр зүйлд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн элдэв дарамт шахалтгүйгээр, гарын үсэг зурж зээлийн гэрээг байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /3хх 5-6/

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, * гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн * дүгээр тушаал, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн * тоот зээлийн гэрээ, мөн өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1* тоот баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, * өмчлөлийн * тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, *-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн * тоот зээлийн төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн * тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн * дугаар захирамж,* дүүргийн * дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, Хас банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн * 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн * 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн *, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн *, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн * дугаар тушаалууд, орон сууц худалдах авах, барьж дуусгахад зориулан ам доллароор олгох зээлийн нөхцөл, нийтийн орон сууц худалдан авахад зориулан ам доллароор олгох тогтмол хүүтэй зээлийн нөхцөл зэрэг нотлох баримтууд, ** тоот данснаас *төлсөн 2 000 000 төгрөгийг зээл олгосны шимтгэлд суутган авсан мемориалын ордер,*-ийн гэрчилгээ, дүрэм, гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн * дугаар тушаал, хавсралтуудыг шүүхэд гаргаж өгсөн./хх 8-35, 54-57,150-163, 2хх 35, 3хх 96-138/

Хариуцагчаас:* зээлийн дансны хуулгыг шүүхэд өгсөн. /3хх 52-54/,

Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан шинжээчийн дүгнэлт, хавсралт баримтууд /1хх 236-237, 238-250, 2хх 1-25/, Монгол банкнаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хавсралт /2хх 37-44/, * ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн 3, 4 дүгээр хавсралт, /2хх 66-73/, *-аас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн баримтууд /2хх 105-25, 3хх 1-4/, *-аас 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн баримтууд /3хх 14-33/, *-аас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн баримтууд /3хх 42-49/, *-аас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн баримтуудыг /3хх 65-88/ шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

*-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөр 182 145 786 төгрөг, үндсэн хүү 58 015 603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91 854 төгрөг нийт 240 253 243 төгрөгийг хариуцагч * * нараас гаргуулж, энэхүү үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байр, * давхарт байрлах * талбайтай орон сууцнаас хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Зээлийн хүү 6 сар тутамд буураагүй, 200 000 000 төгрөг буцаан төлсөн, гэрээнд зээлийн хүүг 20 хувь гэж заагаагүй, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр суурь хүүг тогтоосон шийдвэр байхгүй тул 3,5 хувиар бодох ёстой, гэрээний эргэн төлөлтийн хуваарь ойлгомжгүй, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хүүг яаж тооцсон нь тодорхойгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй, хүү 18 хувь болсныг хариуцагч нар мэдээгүй, гэрээний хавсралтад тэмдэглэл үйлдээгүй, үндсэн зээл, хүү төлж байгаа хэмжээг мэдээгүй, эргэн төлөлтийн хуваарийн хүснэгтийн гол үгнүүдийг хассан нь зээлдэгчид хохиролтой гэж тайлбарласан.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ:* 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, шимтгэл авах эрхгүй, зарцуулалт тодорхойгүй тул 2 000 000 төгрөг, мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт 222 022 903 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний 2.9 дэх заалт нь хуулийн хориглосон зохицуулалтыг зөрчсөн нь тодорхой бус байна, зээлийн үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддаг ба нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээгээр зохицуулагдахгүй тул зөвшөөрөхгүй.

Зээлийн гэрээний 2.2 дахь заалт нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-т зааснаар зээлийн нөхцөл, хүүг тогтоон гэрээг бичгээр байгуулан зээлийг олгосон, Иргэний хуулийн 451.1, 451.2 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 21.2, 22.1, 22.2 дугаар зүйлүүдэд заасан хэлбэр, шаардлагыг хангасан.

Зээлийн гэрээний 2.3 дахь заалт нь зээлдэгчид ашигтай нөхцөл үүссэн гэж үзэж байна.Зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг гэрээний 1 дүгээр хавсралтад тодорхой тусгасан байгаа, зээлдэгч нар нь зээлийн хүүг бууруулах талаар банканд бичгээр болон амаар санал хүсэлт ирүүлж байгаагүй, банк хэт өндөр үндэслэлгүй хүү тогтоож гэрээ байгуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж зээлийн гэрээг байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн *тоот зээлийн гэрээ, мөн өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн * тоот баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, * өмчлөлийн * тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, *-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн * тоот зээлийн төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн * тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1* дугаар захирамж, * дүүргийн* дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, Хас банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/393, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн *, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/761, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн *, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн * дугаар тушаалууд, орон сууц худалдах авах, барьж дуусгахад зориулан ам доллароор олгох зээлийн нөхцөл, нийтийн орон сууц худалдан авахад зориулан ам доллароор олгох тогтмол хүүтэй зээлийн нөхцөл, шинжээчийн дүгнэлт, хавсралтууд, зээлдэгчийн хувийн хэрэг, Хас банкны гүйцэтгэх захирлын 2011 оны* тоот тушаалаар батлагдсан * зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, Хас банкны гүйцэтгэх захирлын 2014 оны * тоот тушаал, 2015 оны* тоот тушаал, 2015 оны *тоот тушаал, 2017 оны * тоот тушаал, 2014 оны * тоот тушаал, * актив пассив удирдлагын хорооны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын шийдвэр, Хас банкны гүйцэтгэх захирлын 2013 оны А/689 тоот тушаал, хавсралт, 2018 оны * тоот тушаал, хавсралт, *зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

* Ч* нар *-тай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, 365 хоногт 20 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна./1хх 11-17/

* Ч* нар * 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1160017538-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол,* гудамж, * дүгээр байр, *давхарт байрлах * талбайтай орон сууцыг барьцаалсан байна./1хх 18-23/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. 

  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д...Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хэмжээний хувьсах хүүтэй байна, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна гэж тус тус зааснаар хариуцагч нар зээлийн хүү төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн  452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь хугацаандаа төлөөгүй зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж зааснаар *нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч нар 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 17,854,214 төгрөг, зээлийн хүүд 221,940,649.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 82,253.91 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 11 дүгээр сараас гэрээний үүргийн биелэлт доголдож гэрээгээр тогтоосон хэмжээ, хуваарийг зөрчиж гүйцэтгэсэн, 2021 оны 12 дугаар сараас хойш эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагч нарыг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж зааснаар зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөр цуцалсан байна.

Иймд хариуцагч * * нараас зээлийн үндсэн төлбөрт 182,145,786 төгрөг, үндсэн хүүд 58,015,603.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 91,854 төгрөг нийт 240,253,243 төгрөг 38 мөнгө гаргуулан Хас банк ХК-д олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

* * нар дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцааны хөрөнгө болох *өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байрны * давхарт байрлах, * талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигч талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-т Зээлдэгч нь зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлийг олгох үед банканд бэлнээр төлнө, 2.2-т Банк нь зээлдэгчид 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг, 240 сарын хугацаатай олгоно, Зээлийн жилийн буюу 365 хоногийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3,5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна.2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна, 2.3-т Банк нь жил бүрийн 6, 12 дугаар саруудад зээлийн хувьсах хүүг Банкны жилийн хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, суурь хүүд өөрчлөлт орсон тохиолдолд дараагийн хуанлийн хагас жилд мөрдөх зээлийн жилийн хүүг тогтоож, дараа сарын 1-ний өдрөөс мөрдөнө.Банк зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар, эсхүл бичгээр мэдэгдэж, хүүгийн хувь хэмжээний өөрчлөлтийг банканд хадгалж байгаа гэрээний хувийн 2 дугаар хавсралтад тэмдэглэнэ.Өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээг мөрдөхөө зээлдэгч хүлээн зөвшөөрсөн болно.Өөрчлөн тогтоосон зээлийн хүүгийн хувь хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй, 2.5-т Зээлдэгч нь зээлийн хүү, үндсэн төлбөрийг 1 дүгээр хавсралтад заасны дагуу сар бүрийн 10-ны өдөр, хэрэв энэ нь долоо хоногийн амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна гэж тус тус заасан байна.

*/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д *хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж заасан байна.

* 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн * дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам батлах тухай журмыг шинэчлэн баталсан байх бөгөөд энэхүү журмын 1.3.17-д шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заасан байх тул шимтгэл төлөх тухай талуудын тохиролцоог хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар хэлцлийн тодорхой нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагууд нь гэрээний маргаанд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох учиртай бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч байгууллагын Ерөнхий захирлын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Орон сууц худалдан авах, барьж дуусгахад зориулан олгох зээлийн нөхцөлийг шинэчлэн батлах тухай * тоот тушаалын 3-д * орон сууц худалдан авах, барьж дуусгахад зориулан төгрөгөөр олгох зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг жилийн 18,0 хувь байхаар тогтоож, 4-д 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө олгосон, идэвхтэй бөгөөд жилийн 18,0-аас дээш хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар олгосон зээлийн хүүг энэ тушаалын 3-дахь хэсэгт нийцүүлэн бууруулан өөрчлөхийг зөвшөөрсөн байна./1хх 159/

Зээлийн гэрээний 2.3-т ...Өөрчлөн тогтоосон зээлийн хүүгийн хувь хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэж талууд тохирсон байхад энэхүү өөрчлөлтийг зээлдэгч нарт мэдэгдээгүй, зээлийн гэрээний хавсралт 2-д тэмдэглээгүй гэх үндэслэлээр хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй юм.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох, 222 022 093 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний дээрх заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэлгүй байна.

Харин *нь хариуцагч нараас авсан шимтгэлийн 2 000 000 төгрөгөөр ямар үйлчилгээний зардлыг санхүүжүүлсэн болох нь тодорхойгүй байх тул энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 1 429 416 төгрөг, хариуцагч нарын төлсөн 1 595 815 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 429 416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад, нэхэмжлэгч байгууллагаас 46 950 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар шинжээчийн зардлын 1 920 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан * дах * тоот дансанд олгох нь зүйтэй байна./1хх 235,238/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан * * нараас 240 253 243 /хоёр зуун дөчин сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун дөчин гурван/ төгрөг гаргуулан * олгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 2.2, 2.3, 2.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 222 022 093 /хоёр зуун хорин хоёр сая хорин хоёр мянга ерэн гурван/ төгрөг гаргуулах тухай хариуцагч * * нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан *-аас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулан * * нарт олгосугай.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч * * нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, *гудамж, * дүгээр байр, * давхрын хэсэг тоот хаягт байршилтай, * талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг * даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч * *г нараас 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулан *дах * тоот дансанд олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 1 429 416 төгрөг, хариуцагч нарын төлсөн 1 595 815 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * *нараас 1 429 416 төгрөг гаргуулан * байгууллагад, *аас 46 950 төгрөг гаргуулан * * нарт тус тус олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

з