Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Э ХХК, Э ХХК-ийн

төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01239 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ХХК, Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

“Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Т, хариуцагчийн өмгөөлөгч Ө нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхболд, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийсайхан, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 тоот тогтоолоор “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирал Ш- намайг ажил албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг тогтоолыг гаргасан “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрхгүй /түдгэлзсэн статустай/ бөгөөд гаргасан тогтоол нь Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, “Э” ХХК-ийн Хамтын гэрээ болон надтай байгуулсан Контрактын холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Иймд “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 20/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

Тодруулбал: 2018 оны 01-р сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан “М” ХХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2018 оны 02-р сарын 09-ний өдрийн Дугаар 128/Ш32018/0983 тоот захирамжаар гомдлыг авч хэлэлцэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 -р сарын 09-ний өдөр гаргасан “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх асуудлуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 07-ны өдрийн Дугаар 221/ШТ2018/0160 тоот тогтоолоор баталгаажуулж эцсийн шийдвэр болсон.

Гэтэл 2018 оны 01 дүгээр сард өөрчлөн байгуулагдсан “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шат шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөрчин, түдгэлзсэн статустай, шийдвэр гаргах эрх хэмжээгүй байж намайг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан Контрактыг цуцлах ямар ч үндэслэл бүрдээгүй байсан болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 болон 41 дүгээр зүйлийн 41.2-д заасан Контрактыг цуцлахаас 45 хоногоос 2 сарын өмнө мэдэгдэнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. “Э” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар зөвхөн хууль болон дотоод журамд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Контрактыг цуцлахаар тусгасан байхад тодорхой шалтгаангүй ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.

Ийнхүү “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрх хэмжээгүй /эрх нь түдгэлзсэн/, шийдвэр гаргахгүй байхыг Шүүхээс даалгасан захирамж гарсан байхад шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн, хууль зөрчөн шийдвэр гаргаж Ш- намайг “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул уг шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсоныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож дүгнэлт гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 7 дугаар тогтоол гаргаж “М” ХХК-ийн шилжүүлэн авсан Э” ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчийн мэдэлд буцаан авч холбогдох төлбөр тооцоо, бүртгэл хийхийг Монгол Улсын Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Э” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл \цаашид ТУЗ гэх\, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, Тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байна.

Дээрх хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн ТУЗ-ийг томилсон байна.

ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18/2018 дугаар тогтоолоор "Э” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн өдрийн ТУЗ-ын 19/2018 дугаар тогтоолоор дэд захирал Ж.Эрдэнэбилэг, 20/2018 дугаар тогтоолоор Тэргүүн дэд захирал Ш-, 21/2018 дугаар тогтоолоор дэд захирал Д.Эрдэнэцогт, 22/2018 дугаар тогтоолоор дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нарыг “Э” ХХК-ний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ТУЗ-д хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

“Э” ХХК нь төрийн 100 хувийн өмчит компанийн хувьд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг билээ.

“Э” ХХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хууль, “Э” ХХК-ийн дүрэмд заасны дагуу тус компанийн хувьд эрх барих дээд байгууллага учир холбогдох хуульд заасны дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үйл ажиллагаа нь тус компанийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаар хангах зорилгоор гүйцэтгэсэн, холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, тогтоол болох нь дээр дурдсан хууль, эрх зүйн актуудад заасны дагуу үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ш-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01239 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ш-ыг “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК, “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/03629 дугаартай “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах, Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийсайхан нар давж заалдсан гомдолдоо:

Ш-ын нэхэмжлэлтэй “Э ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Э ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсоныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож Дүгнэлт гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 07 дугаар тогтоол гаргаж “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шилжүүлэн авсан “Э" ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчийн мэдэлд буцаан авч холбогдох төлбөр тооцоо, бүртгэл хийхийг Монгол Улсын Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Э“ ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл \цаашид ТУЗ гэх\, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, Тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байна.

Дээрх хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу Э ХХК нь 100% төрийн өмч болсонтой холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Э ХХК-ийн ТУЗ-ийг томилсон байна.

Төрөөс томилогдсон Э ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дуггдр сарын 12-ны өдрийн 18\2018 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн өдрийн ТУЗ-ын 19Ү2018 дугаар тогтоолоор тэргүүн дэд захирал Ш-ыг Э ХХК-ний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ТУЗ-д хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Э ХХК нь төрийн 100 хувийн өмчит компанийн хувьд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг билээ. Өөрөөр хэлбэл: “Монголиан коппер корпорейшн” ХХК нь Э ХХК-ийн 49%-ийн энгийн хувьцааг эзэмшиж байхдаа ТУЗ-д санал оруулж тус компанийн тэргүүн дэд захирал Ш-ыг томилуулсан бөгөөд хувийн компанийн төлөөлөл учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь үндэслэлтэй билээ.

Э ХХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хууль, Э ХХК-ийн дүрэмд заасны дагуу тус компанийн хувьд эрх барих дээд байгууллага учир холбогдох хуульд заасны дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үйл ажиллагаа нь тус компанийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаар хангах зорилгоор гүйцэтгэсэн, холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, тогтоол болох нь дээр дурдсан хууль, эрх зүйн актуудад заасны дагуу үндэслэлтэй болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш- нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, цалин хөлс аваагүй тохиолдолд тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэл бий болох байсан. Гэтэл нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөөгүй, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учраагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь хуулийн адил хүчинтэй байхад уг тогтоолын хүрээнд зохион байгуулагдсан төрийн байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагааг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр тухайн хуулийг зөрчиж 142/ШШ2018/01239 дугаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш- “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, Б.Эрдэнэбадрах нар ”... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус компаний Төлөөлөн Удирдах зөвлөлийг томилож улмаар компаний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан нэхэмжлэгчийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ш-ын ажиллаж буй албан тушаал нь анхнаасаа тус компанид байгаагүй, Тэргүүн дэд захирал Ерөнхий инженер гэсэн албан тушаал байсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ш-ыг “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ш-ыг Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаар тогтоолоор тус компаний Тэргүүн дэд захирлын албан тушаалаас чөлөөлсөн ба тэрээр өнөөдрийг хүртэл хугацаанд үүрэгт албан ажлаа гүйцэтгэж байгаа болох зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа контракт болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулагдах бөгөөд  нэхэмжлэгч Ш- ажил олгогч нарын  хооронд байгуулагдсан  контрактын гэрээний хугацаа тодорхой бус байгаагаас гадна уг харилцааг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл үүсээгүй тохиолдолд ажилтанг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль бус болно.

Нэхэмжлэгч Ш-ыг тус компаний Тэргүүн дэд захирлын албан тушаалаас чөлөөлсөн ажил олгогчийн гаргасан тушаал хууль бус  байх тул Э ХХК-ийн ТУЗөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12 –ны өдрийн  20/2018 дугаар  тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч Ш-ыг Э ХХК-ийн Тэргүүн дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч Ш- нь тус компаний Тэргүүн захирлын үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа, үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүх  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх шаардлагагүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Их хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолд “...Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Э” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Засгийн газарт даалгсугай” гэж заасныг баримтлан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1,5,6 дугаар заалтууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А-1/666 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, Б.Эрдэнэбадрах, өмгөөлөгч Г.Өлзийсайхан нарын гаргасан “...нэхэмжлэгч Ш- Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш- ажлаа хүлээлгэж өгөөгүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь хуулийн адил хүчинтэй байхад уг тогтоолын хүрээнд зохион байгуулагдсан төрийн байгууллагуудаас явуулж байгаа үйл ажиллагааг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах  боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01239 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.т заасны баримтлан Э ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш-ыг Э ХХК-ийн Тэргүүн дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах, Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийсайхан нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ