Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2024/00162

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2024/00162

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* гомдолтой,

Хариуцагч: ******* ******* ******* эмнэлэгт холбогдох,

 

******* ******* ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч: *******

Гэрч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* эмнэлэгт холбогдуулан ******* ******* ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргаж гомдлын шаардлагын үндэслэлээ:

- Шүүхэд гаргасан гомдолдоо: Би 1988 онд нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд орсон. Хамгийн сүүлд ажлаас чөлөөлөгдөх өдөр хүртэл энэ байгууллагад ажилласан. Ажлаас халагдах үедээ ******* ******* ******* эмнэлгийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажлыг хийж байсан. Энэ хугацаанд би ямар нэгэн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй арга хэмжээ авагдаж байгаагүй.

Гэтэл эмнэлгийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний ******* тоот тушаалаар Дэмжих үйлчилгээний дарга ******* нь хариуцсан албаны ажилтан ******* эмнэлгийн албаны машинаас бензин авч өөрийнхөө эзэмшлийн дугаартай автомашинд хийж байгаа үйлдлийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан учраас ажлаас чөлөөлж байна гэсэн үндэслэл зааж намайг ажлаас халж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь би байгууллагын эд хөрөнгийг завшсан байна гэж огт мэдэхгүй, нөгөөтэйгүүр би байгууллагад огт хохирол учруулаагүй, намайг хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж буйг хүлээн зөвшөөрөхгүй учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

- Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ******* ******* эмнэлэгт 35 жил ажиллаж байна. ******* ******* ******* эмнэлгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тушаалаар намайг хулгайн хэрэгт холбогдуулан ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор анх 2023 оны 4 дүгээр сарын 10-нд нэгдсэн эмнэлгийн механикч ...камерын бичлэгт таны машинд бензин хийсэн байна... гэдэг зүйлийг танилцуулсан. Тэр өдөр нь би надад түүгээд өгсөн цаасыг аваад бензин хийсэн жолоочийг дуудаж уулзахад ... би ажлын хөлсөн өгсөн бензинийг хангаж байсан. Түүнийг авсан юм. Би зудын үзлэгт явах болоод машиныхаа банкаа суллах шаардлага байсан учраас би таны машинд хийсэн... гэж надад хэлсэн. Мөн 4 дүгээр сарын 17-ны өдөр н.Дүүрэнбат орлогч дарга намайг дуудаж энэ талаар танилцуулсан. Тэр үед би ...энэ ажлын хөлсөнд өгсөн бензин хийсэн гэж байна. Ийм, ийм учиртай юм байна. Энэ бол эмнэлгийн бензин биш. Яагаад гэвэл эмнэлэг жолооч нарыг ажилд явах бүрд бензинийг дор дор нь өгдөг учраас бензиний үлдэгдэл гэж байхгүй. Явах км тооцож бензинийг нярав өгдөг учир үлдэгдэл байх боломжгүй... гэдгийг тайлбарласан. Энэ тухай яриа 5 дугаар сарын 03-ны өдөр болсон хурал дээр болсон явдлыг ярьсан. Тухайн жолооч тус хуралд оролцсон. Тус хурал дээр тухайн асуудлыг шийдвэрлээгүй. Энэ асуудлыг нээлттэй үлдээж, асууж тодруулах зүйл байна гэж шийдсэн. дарга нь ******* ******* Засаг даргын захирамжаар 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөх гэж байсан учраас би ...та байгаа үедээ энэ асуудлыг шийдвэрлээд өгчих, хойшлуулах зүйл байхгүй. Бүх асуудал нь тодорхой байгаа байна... гэхэд ...би ажлаа өгөхгүй. Үүнийг хойшлуулж дараа хэлэлцэн... гэж хэлээд орхисон. Тэр хооронд намайг дарга 2-3 удаа дуудаж уулзахдаа ...Чи хуулийн хүнээс зөвлөгөө аваарай. Би ч гэсэн зөвлөгөө авч байгаа шүү. Энэ ямар бензин байх нь хамаагүй улсын өмч юм байна... гэж хэлж байсан. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар шийдвэр гараагүй. 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь хурлаа хийсэн. Хурал эхлэхээс өмнө намайг халах тухай шийдвэр гаргаад дэлгэц дээр байрлуулчихсан байсан. Энэ талаарх асуудлыг ярьсан. Би мөн болсон явдлыг болсноор нь ...энэ хулгайн хэрэгт би хамаагүй. Энэ хүн авсан нь үнэн юм байна.. тайлбарласан. Ямар шалтгаантай бензин байснаа хийсэн гэдгээ тэр хүн мөн тайлбарласан. 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр халагдах тушаал гарсны дараагаар би даргатай уулзахад нэг биш удаа ...чи өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолго... гэдэг шаардлагыг тавьсан. Би шаардлагын хүлээн зөвшөөрөөгүй. Дараа намайг дуудахад би өргөдөл бичиж ороход ...миний өргөдлийг хүлээн аваад ийм зүйл байхгүй. Чи буруугаа хүлээсэн тохиолдолд өргөдлийг чинь шийдвэр гэж харна. Түүнээс бусад тохиолдолд шийдвэр гэж харахгүй... гэж хэлсэн. 9-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байгаа гарсан. 23-ны өдрийн хурал дээр надад ...зөвхөн албан тушаал бууруулах арга хэмжээ тооцно. Өөр арга хэмжээ байхгүй шүү... гэж хэлсэн. Би ... үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар нэгэн холбогдол байхгүй. Би үнэн мөн гэдгийг нь шүүхээр шийдвэрлүүлье... гэдэг зүйлийг ярилцаад хурал дээрээс гарсан. Би 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил хүлээлцэж, миний ажлыг комисс хүлээж авсан. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Ер нь бол ...өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолго... гэх шаардлагыг 2-3 удаа тавьсан. Би ...энэ бол ажлын байрны дарамт юм. Та надад ийм шаардлага тавих эрх байхгүй. Та манайг хулгайч гэж тушаал гаргачхаад өнөөдөр намайг тэтгэврээ тогтоолго эсхүл албан тушаалыг чинь авна гэж байгааг би зөвшөөрөхгүй. Ийм тушаал гараагүй байсан бол би нийтийн жишгээр тэтгэврээ тогтоолгоод өөр албан тушаалд ажиллах боломж надад байсан... гэж хэлсэн. Түүнээс хойш тэр тухай яриа өрнөөгүй. Иймд би намайг ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч, гомдолтой байгаа учраас ажлаа эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн гэрч 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болсон үйл явдлыг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болсон мэтээр тайлбарлаж байна. н.Бямбасүрэн гэдэг хүн үнэн бодит үйл явдлыг гэрчилсэн байдаг. Хариуцагч хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд /шинэчилсэн найруулга/ хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ дараах тохиолдол гэж заасан байдаг. Мөн хуулийн 158.2-т ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ. Мөн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан байна. Хариуцагчийн тайлбарлаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох гэдэгт ******* ******* маргаан таслах комисс байхгүй, суманд байхгүй байгаа нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу хуульд заасан журмыг биелүүлэх ямар ч боломжгүй байдал үүссэн тул хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж бодож байна. Мөн аймагт 3 талт хороо байгуулсан гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн гаргаж ирсэн 3 талт хороотой холбоотой тогтоол нь нотлох чадамжгүй байна. Яагаад гэвэл суманд хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороо, аймагт болохоор аймаг нийслэлийн хөдөлмөр,нийгмийн түншлэлийн 3 талт хороо гэж байна. Гэтэл тус тогтоолд ******* аймагт хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх 3 талт хороо байгуулав гэж бичсэн байна. Энэ талаар би судалж үзсэн. Комисс, тогтоол гарч ирэхэд байсан талаар мөн ярьж байна. Гэтэл би өнөөдөр дахин тодруулахад ...нэгдүгээрт би энэ тогтоолыг мэдэхгүй. Хоёрдугаарт өчигдөр н.Сайнцогт дарга энэ хороо байгууллагад журам, тогтоол нь ирсэн чинь 2 хүн ажлаасаа гарсан, 1 хүн ажлаасаа чөлөөлөгдөж өөр ажил шилжсэн учраас энэ хороо огт ажиллаагүй. Дүрэмд заасны дагуу тус хороо нь тушаалаар томилсны дараа анхны хурлаа хийж дарга, нарийн бичгээ сонгож цааш үйл ажиллагаа нь үргэлжлэх байтал тус хороо нь дарга, нарийн бичиг сонгоогүй, анхны хурлаа ч хийгээгүй, өнөөдрийг хүртэл ******* ******* сум болон аймагт нэг ч хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн 3 талт хороогоор хэлэлцэж байгаагүй юм байна... гэж хэлсэн. Журамд суманд ханд гэх үг байгаа болохоос аймагт ханд гэх үг байхгүй. Гэхдээ суманд байгаад ажилдаг байсан бол шүүх миний нэхэмжлэлийг хүлээж авахгүй ...та 3 талт хороонд ханд... гэх байдлыг хэлэх байх гэж бодож байна. Ер нь бол тушаалын гол зорилго нь ажлаас халах гэх тушаалыг далимдуулж миний ажил, албан тушаалыг авах зорилготой байсан. Түүнээс би нийтийн жиших болох 55 нас хүрчихсэн тул тэтгэврээ тогтоолгох боломж байсан. Би хулгай хийсэн гэх тушаалтай санал нийлэхгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл эрсдэл хүлээгээд шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Цагдаа, прокурор нь намайг шалгаж үзээд энэ хэргийн холбогдогч биш, оролцоогүй гэдгийг бүх шатанд нотолсон. Ажил хүлээлцсэн, элдэн бичиг, цаас өгсөн, худлаа тайлбар өгч байгаа нь хариуцлагаас зугтаах арга гэж харж байна. Өнөөдөр би эрүүл мэндийн салбар 35 жил ажилласан. 2019 онд алтан гадас, 2022 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, сүүлийн 12 жилийн турш ******* ******* Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Би хэзээ ч ажлаа муу хийж байгаагүй. Би ******* эмнэлэгт олон даргатай энэ албан тушаалд ажиллаж ирсэн. Эцэс сүүлд нь энэ тушаалаас болж эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй хэмжээнд намайг хохироож байна. Тийм учраас өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч байгууллагын нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ******* ******* ******* эмнэлэгт холбогдуулан гаргасан Б.******* нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг хүргүүлж байна.

Тус эмнэлгийн Дэмжих үйлчилгээний алба-ны дарга ******* нь өөрийн хариуцсан ажилтан болох Б.Чинбаатараар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эмнэлгийн дуудлагын гражид байсан машинаас шатахуун нууцаар авхуулж хийлгэсэн зөрчил гаргасан нь хамт олны хурал болон камерын бичлэгээр тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар /2023.06.05 өдрөөр тасалбар болгож/ дуусгасан.

Өөрөөр хэлыэл камерийн бичлэгт:

1.    2023.03.24-ний өдрийн 16:54 цагт өөрийн эзэмшлийн СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг гражид оруулан 16:56 цагт СЭҮ улсын дугаартай эмнэлгийн машинаас 5 литр бензин, 16:28 цагт 5 литр бензин, 17:00 цагт 5 литр, нийт 15 литр бензин хийлгүүлсэн, 17:03 цагт 10 литр бензин саванд хийж жолооч Б.Чинбаатар нь автогражийн хэсэгт байх хувцас солих өрөөнд нуусан.

2.    2023.04.07-ны өдрийн 12:34 цагт 10 литр бензин, 12:44 цагт 15 литр бензин,12:48 цагт 10 литр бензин, 12:49 цагт 5 литр бензин авч өөрийн эзэмшлийн СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгүүлсэн.

3.    2023.04.14 өдөр 17:31 цагт 10 литр бензин авч 17:55 цагт СЭҮ дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хйлгүүлсэн байна.

Энэ асуудлыг байгууллагын зүгээс өмнө огт мэдээгүй ба эмнэлгийн өмч болох зурагтын төхөөрөмж алга болсноор камерийн бичлэгийг шалгах үед энэ зөрчил илэрсэн болно.

Манай эмнэлгийн тус камерийн бичлэг нь 21 хоногийн хугацаатай хадгалагддаг ба өмнө нь энэ асуудлууд удаа дараа гарч байсныг үгүйсгэхгүй ба зөвхөн сүүлийн өдрүүдийн бичлэгээр эдгээр удаа дараагийн асуудлууд гарч ирсэн байна.

******* эмнэлгийн удирдлагын багийн зүгээс хурал хийж энэ асуудлыг тодруулахад хурлын тэмдэглэл болон бичлэгт өөрийнх нь эзэмшлийн машинд шатахуун хийсэн гэдгийн мэдэж байсан гэж хэлсэн учраас энэ баримтыг шүүхэд гаргаж өгнө.

Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь хэдийгээр өөрөө гардан гүйцэтгээгүй боловч тухайн шатахууныг байгууллагын хөрөнгө гэдгийг мэдэж байсан хэрнээ жолооч Б.Чинбаатараар өөрийнхөө тээврийн хэрэгсэлд хийлгүүлсэн, хийсэн гэдгийг мэдсэн хэрнээ энэ талаар байгууллагын удирдлагад мэдэгдээгүй зэрэг нь хөдөлмөрийн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчил үйлдэл гэж үзсэн тул сахилгын арга хэмжээ авсан болно.

Байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчийг энэ байгууллагад олон жил ажилласныг харгалзан үзэж одоо хашиж буй албан тушаалаас нь бууруулж, өөр ажил хийх эсхүл тэтгэврийн насанд хүрсэн байх тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх боломжийг олгосон боловч хүлээн аваагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх зөрчил гаргасан үйлдэлээ биш гэж шүүхэд гомдол гаргаж, байгаа тул нэхэмжлэгч болон жолооч Б.Чинбаатар нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан байх эсэхийг шалгуулхаар Цагдаагийн байгууллагад гомдлыг гаргаж байгаа болно гэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүсэлт гаргах эрхтэй. Түүнийхээ дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна. Үндэслэлээ өмнөх хурал дээр хэлсэн. Одоо дахин давтаж хэлэхэд Монгол улсын Их хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийг 2021 онд баталсан. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөж улс даяар 9 дүүрэг, 21 ******* хэмжээнд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны тогтоолоор 2020 оны 8 дугаар сараас эхэлж байгуулагдсан. ******* ******* Сүхбаатар суманд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны тогтоолоор 3 талт хороо байгуулагдсан. Энэ бол нийтэд илэрхий баримт учраас нотлох шаардлагагүй. Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 51261416, 99269945 дугаар руу залгаж бүрэн лавлах боломжтой. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хэрвээ хөдөлмөр эрхэлдэгч буюу маргалдагч тал хөдөлмөр цуцалсан харилцааг буюу эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэнээс хойш 30 хоногийн дотор 3 талт хороонд хандах процессын зааж өгсөн байгаа учраас шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах шаардлагатай байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах шүүгчийн захирамж гаргаж завсарлаж шийдвэрлэсний дараа хурал үргэлжлэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлттэй байна. Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь хэрэг хэлэлцэх шаардлага байхгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдахаар нэхэмжлэл буцаах шаардлага байгаа тул үүнийг шийдвэрлэж өгсний дараа цааш хурлыг үргэлжлүүлнэ үү.

Сүүлд сумын Засаг дарга гэдэг хүнээс нөгөө тал байхгүй гэдэг тодорхойлолт авсан байдаг. Гэтэл чинь өөрөө 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хороо байгуулагдахад өөрөө нийгмийн дарга байсан. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хороо байгуулагдахад гарын үсэг зурж байлцсан хүн байдаг. Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн хэлтэст 3 талт хороо байгуулагдсан байдаг. Гэтэл Тамгын газарт байгаа 3 талт хороог Засаг дарга нь өөрөө мэдэхгүй. Албан байгууллагын хувьд буруу чиг үүргээс тодорхойлолт авсан. Мөн гэх хүн байгуулагдах гарын үсэг зурчихсан байдаг.

Миний хувьд тушаалтай огт маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа болон Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан ...хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн болон мэдэх ёстой байсан... гэх миний хөдөлмөрийн эрхийн харилцааг хэзээ цуцалж байна. Мэдсэнээс хойш буюу тушаал гардаж авснаас хойш 30 хоногийн дотор хандах ёстой. Нэхэмжлэгч 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа гардаж авсан гэдгээ өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр ярьсан байсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу нэхэмжлэгч тухайн өдрөө мэдээд 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тушаалаа гардаж авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан.

Би тэй очиж уулзахад ...Суманд байтугай аймагт байхгүй... гэж хэлсэн учраас би ийм хороо байхгүй юм байна гэж ойлгоод шүүхэд гомдол гаргасан. Энэ хүний тайлбарлаж байгаа худлаа. Би 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тушаал гардаж авсан гэж огт яриагүй. Би 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэд дэх өдөр байсан билээ л гэж ярьсан камер байвал шүүж үзэх хэрэгтэй. Хүнийг ингэж худлаа гүтгэж болохгүй. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан. 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр даргатай уулзах гэж очиход дарга байхгүй гэж хэлсэн.

Эхлээд бензиний асуудлыг хуралдаж тэмдэглэл хөтөлсөн. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хурлын тэмдэглэл хөтөлж, тухай өдрөө тушаал гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч ...би тушаалаа харсан. Намайг хална гэдгийг мэдэж байсан... гэж тайлбарласан. Тушаал гардаж авсан тал дээр 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр буюу ажлын 5 дахь өдөр өөрөө даргаас гардаж авсан. Нэхэмжлэгч тайлбартаа ...би 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан. Маргааш нь даргатай уулзсан... гэж байна. Тухайн уулзсан өдрөө гардаж авсан. Түүнийгээ өөрөө анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр байдаг.

Нэгдүгээр асуудал болох нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсэгт заасан ...хэрэв 3 талд хороонд хандах боломжгүй бол... гэдэг шууд шүүхэд хандах эрхийг зааж өгсөн байдаг. Гэхдээ боломжгүй гэдэг бол аливаа нэг талын хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой. Хэрэв 3 талт хороо байгуулагдаагүй бол шүүхэд хандах эрхтэй. Гэтэл тус хороо нь байгуулагдсан байдаг. Энэ байгуулагдсан тогтоол нь ...канондсон цаас... гэж тайлбарлаж байна. Энэ чинь хэм хэмжээний акт юм. Хөдөлмөрийн тухай хууль батлагдаад 3 жил болсон буюу олон нийтэд илэрхий баримтыг дахин нотлох шаардлага байхгүй. Энэ бол хэм хэмжээний акт буюу байгуулагдсан зүйл учир түүнийг гаргаж өгч байна. Дараагийн асуудал болох хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хороонд хандана гэж хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нь үүсээд нэхэмжлэгч шаардах эрхээ өөрөө хэрэгжүүлнэ. Нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн бол гомдлоо гаргах боломжтой байсан. Түүгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй буюу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхтэй гэж заасны дагуу бид татгалзаж байна. Хоёрдугаарт н.Бямбаа гэж ярьж байна. Шүүх хуралдаанд дээр би асуухад нотариатын үйлдэл байна хэрэг хамаагүй гэж тайлбарласан. Би түүнийг яагаад ярьсан бэ гэвэл тэр тодорхойлолт нь ******* ******* ******* эмнэлгийг төлөөлж ******* ******* ******* эмнэлгийн архив, бичиг хэргийн ажилтан гэж гаргасан тодорхойлолт байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байдаг. Хуулбар хувьд тамга тэмдэг, баримтын эх хувь байгууллагын даргын тамга, тэмдэгтэй байх ёстой. Гэтэл аль алин биш байгаа юм. Тийм учраас би бичмэл нотлох баримт уу? эсхүл хувь хүний гэрчийн мэдүүлэг авсан уу? гэдгийг тодруулсан. Хэрэв гэрчийн мэдүүлэг байсан бол гэрч шиг шүүх танхимд ирж мэдүүлснээр нотлох баримтад үнэлэгдэх байсан. Тийм учраас би асуусан. Тамганы хувьд үйлдлийг гэрчлэх гэж байсан нь 2022 оны Нотариатын тамга тэмдэг гэрчлэх журам өөрчлөгдөж гарын үсэг үнэн зөв гэх дардас, тэмдэг байхгүй болж үйлдлийг гэдэг үг орсон байдаг. Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд нотариатын үйлдэл нь гэрээ, хэлцэл гэрчлэх, гэрээслэл гэрчлэх, итгэмжлэл гэрчлэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх, баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх, баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх гэх баримтыг гэрчлэх эрхтэй. Түүнээс нотариат тодорхойлолтыг үнэн. Үнэхээр Ө.Түвшинтөгсөд өгсөн гэдэг зүйлийг гэрчлэх Нотариатын тухай хуулиар тэр эрх хэмжээ нь байхгүй. Тиймээс учраас н.Бямбасүрэн гэдэг хүний гарын үсэг зурсан зөв шүү гэдгийг гэрчилсэн үйлдэл учраас бичмэл баримт уу? гэрчийн мэдүүлэг үү гэж асуусан юм. Хэрэв манай байгууллагыг төлөөлж гаргасан тодорхойлолт болох бичмэл нотлох баримт бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангах ёстой гэв.

 

5.Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр ахлах санхүүчтэй хамт орж ирсэн. Би ойлгохдоо тушаал гарсан байна болохоор бага зэрэг хямарсан орж ирсэн. Орж ирэхдээ ажлын хувцастай байсан. Манай өрөөний үүдэнд 3 сандал байдаг. Хамгийн цаана нь ******* сууж байсан. Наад талын сандал дээр ахлах санхүүч сууж байсан. ******* нь тухайн үед дуугүй,гартаа барьсан цаасаа эргүүлээд байх шиг байсан. Ажлаас халсан байна гэх зүйл яригдаж байсан. Тэр үед нарийн бичиг үүдээр тушаал бариад орж ирээд над руу өгөх гэхээр нь би *******т өгчих гэсэн үйл явдал болсон. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тушаал гарсан. 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тушаалын гардуулсан. 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажил хүлээлцэхээр байсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* эмнэлэгт холбогдуулан ******* ******* ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 

1. Маргаан бүхий ******* ******* ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, ******* эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5.5 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2, 5.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн тушаалын 1 дэх заалтаар

Дэмжих үйлчилгээний албаны дарга ******* нь: Хариуцсан албаны ажилтан нь нэгдсэн эмнэлгийн автомашинаас бензин /камерын бичлэгт 3 удаагийн үйлдлээр нийт 95 орчим литр/ авч өөрийнх нь эзэмшлийн автомашинд хийж байгаа үйлдлийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй, албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан нь камерын бичлэг болон өөрийн мэдүүлснээр нотлогдсон тул хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу Дэмжих үйлчилгээний албаны дарга Б.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргажээ.

 

Энэхүү гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

2. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч *******т тушаалыг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах 30 хоногийн хугацаа өнгөрсөн гэсэн тайлбарыг гаргав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан бөгөөд энэ зохицуулалт нь ажилтан тушаалыг татгалзахгүйгээр хүлээн авах, татгалзсан аль ч тохиолдолд ажил олгогч шийдвэрээ хүлээлгэн өгч, гомдол гаргах хугацааг тоолж эхлүүлэх боломжийг ажил олгогчид олгосон зохицуулалт юм.

 

Шүүх хуралдаан дээр гэрч нь нэхэмжлэгч *******т тушаалыг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр архив бичиг хэргийн ажилтнаар дамжуулан хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн боловч хариуцагч байгууллага нь хуулийн этгээд тул архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт журмыг мөрдөгдөх тул тушаал шийдвэрийг хүлээлгэн өгсөн нь тухайн этгээдийн гарын үсгээр баталгаажиж нотлогдох ёстой.

 

Мөн нэхэмжлэгч нь өмнөх шүүх хуралдаан дээр 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тушаалтай танилцсан гэсэн тайлбар өгсөн боловч энэхүү тайлбар нь хариуцагчийн татгалзлалыг нотлох нотлох баримт болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлалаа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тушаалыг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж шүүхээс дүгнэлээ.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:

158.2.1.ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан;

158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар хөдөлмөрийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй нь хариуцагч байгууллагад маргаан таслах комисс байхгүй гэсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон ******* ******* Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03/51 дугаартай Тус суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо одоогоор байгуулагдаагүй байна...нэрсийг хүргүүлсэн. Сүхбаатар сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороог байгуулах тогтоол ирсэн даруйд танай байгууллагад хүргүүлэх болно гэсэн албан бичгээр нотлогдож байна.

 

Хариуцагч талын ******* ******* хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэж тайлбар, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай тогтоолыг нотлох баримтаар гаргасныг шүүхээс үгүйсгээгүй бөгөөд гагцхүү он дарааллын хувьд сүүлд байгаа ******* ******* Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03/51 дугаартай албан бичгийг илүү ач холбогдолтой гэж үзэж, ******* ******* Сүхбаатар суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай тогтоолоор байгуулагдсан ******* ******* хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван хорооны дүрэм-д зааснаар маргаан шийдвэрлэх байгууллага биш бөгөөд тус дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.6-т зааснаар маргаан шийдвэрлэх сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны орох гишүүний нэрсийг Үндэсний хороонд хүргүүлэх үүрэгтэй хороо юм. Улмаар аймаг, нийслэлийн хорооноос хүргүүлсэн нэрсээс Үндэсний хороо сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүнийг томилж, хороог байгуулах дүрмийн зохицуулалттай байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн маргаан зохицуулах байгууллагын шийдвэрийг маргалдагч талууд эс зөвшөөрвөл эс зөвшөөрвөл шүүхэд хандах хуулийн зохицуулалтай тул маргааныг энэ шүүх хуралдаанаар таслан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байсан Б.Чинбаатар нь 2023 оны 3 дугаар сарын 24, 4 дүгээр сарын 07-ны өдөр, 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд нэхэмжлэгчийн 0707 СЭҮ улсын дугаартай автомашинд нийт 75 литр шатахуун хийсэн үйл баримт ******* ******* Прокурорын газрын прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 341а дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заажээ.

 

Хариуцагч байгууллага нь дэмжих үйлчилгээний албаны даргар ажиллаж байсан нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан ямар хэм хэмжээг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргээ хэрэгжүүлээгүй болохыг нотлох баримтаар нотолж чадсангүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Гэрч нь нэхэмжлэгч *******тэй дэмжих үйлчилгээний албаны даргаар томилогдсоны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн боловч энэхүү хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслнл хангалттай тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан боловч энэхүү хуулийн зохицуулалт нь ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийг харилцаа үүсгэхийг зохицуулсан бөгөөд ажил олгогч, ажилтан нар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг тохирсон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан зөрчлийг хуульд ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан гаргасан тохиолдолд энэхүү хуулийн зохицуулалт хамаарахаар заажээ.

 

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Дэмжих үйлчилгээний албаны дарга-ын ажлын байрны тодорхойлолтоос үзвэл дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг байхгүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. Тушаалын хуулийн үндэслэлд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалт нь ажилтны үндсэн үүрэг бөгөөд энэхүү үүргийн зөрчил нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй юм.

 

8. ******* ******* ******* эмнэлгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гаргасан байх бөгөөд талууд энэ асуудал маргаагүй тул шүүхээс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь дээрх тушаалыг гаргах эрхтэй байсан гэж үзлээ.

 

 

9. Иймээс шүүхээс дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж, ******* ******* ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг ******* ******* ******* эмнэлгийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчээс цалин хөлсний олговорт 27,664,994 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин болох 2023 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн дунджаар олговрыг 9 сар 10 хоногоор тооцож, үр дүнгийн урамшуулал, илүү цагийн хөлс, хоолны мөнгө гэсэн нийт 8,219,102 төгрөгийн шаардлага нь бодит бус буюу нэхэмжлэгчийг үр дүнтэй, илүү цагаар ажиллах байсан гэж шууд дүгнэх боломжгүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 19,914,892 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******* ******* ******* эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Монгол овогт ******* Эрдэнэчимэгийг ******* ******* ******* эмнэлгийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний олговорт 19,914,892 төгрөгийг ******* ******* ******* эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 8,219,102 төгрөгийн цалин хөлсний олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Цалин хөлсний олговроос хуульд заасан татвар, хураамж суутгахыг дурдсугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Б.******* 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* эмнэлэгт даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  6.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

6.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

6.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

6.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН