Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0392

 

2023 04 25                                128/ШШ2023/0392

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б****би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Э*****нар

Хариуцагч: Н**** и**** Т**** Х***

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г***-И***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С*****нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1*** дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: П.Э***, Ш.Н***, Э.М***, Э.Х*****нар нь 2016 оны 05 сарын 09-ний өдөр Х дүүргийн засаг даргын А/2**тоот захирамжаар Х дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Гэвч 2018 оны 07 сарын 19-ний өдөр Х дүүргийн засаг дарга А/2**тоот захирамж гаргаж Д.Га******** газартай давхацсан байна гэх үндэслэлээр бидний газар эзэмших эрхэнд хууль бусаар халдаж хүчингүй болгосон. Бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоол зэргээр бидний эзэмшлийн газар Д.Га******** газартай давхцаагүй бөгөөд аливаа холбогдох хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа сэргээлэгдсэн. Ингээд 2021 оны 04 сарын 06-ний өдөр нийслэлийн засаг даргын А/263 тоот захирамжаар бидний газар эзэмших эрхийг сэргээж 2021 оны 07 сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгосон. Гэтэл 2021 оны 07 сарын 05 өдөр буюу гэрчилгээгээ хүлээн авахын өмнөх өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл ирж 2021 оны 08 сарын 03-ний өдөр нийслэлийн засаг дарга А/6**, A/6**, A/6**, А/6**тоот захирамжуудыг гаргаж цахилгаан түгээх сүлжээний шугамтай давхацсан гэх үндэслэлээр бидний шүүхээр сэргээлгэсэн эрхэнд дахин халдсан. Бид мөн адил нийслэлийн захиргааны шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхээс шийдвэр, давж заалдах шатны шүүхээс магадлал гарч аливаа холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэдгийг тогтоож хууль зөрчиж гаргасан нийслэлийн засаг даргын захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгож бидний газар эзэмших эрхийг дахин сэргээсэн. Энэ хугацаанд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1*** тоот тогтоол гаргаж бидний эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газар болгосон. Тус тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүйгээс гадна Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42,3-д заасныг илтэд зөрчсөн. Мөн бидний эзэмшлийн газар нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй. Иймд 1*** дугаар тогтоолоор "нийтийн Эдэлбэрийн газар болгоно" гэх үндэслэлээр бидний газрыг улс эргүүлэн авах, нийтийн Эдэлбэр болгох үндэслэлгүй юм. Тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй....," гэж заасныг зөрчиж бидний газар эзэмших эрхэнд удаа дараа халдаж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1*** дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, бидний зөрчигдсөн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага шүүхэд бичгээр тодруулж ирүүлэхдээ: Миний бие Т.Г**-И***нь П.****, Э.М***-И**, Ш.Н***, Э.Х*** нарын нэхэмжлэлтэй Н**** и**** Т**** Х***д холбогдох захиргааны хэрэг нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн оролцож байгаа билээ. Тус нэхэмжлэлийг анх 2022 оны 11 сард гаргасан бөгөөд тус хугацаанаас хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 2 ч удаа буцаагаад байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.У****нь 2022 оны 11 сарын 25-ний өдөр 9994 дугаартай бүрдүүлбэр хангуулах тухай захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу холбогдох бүрдүүлбэрийг хангаж хүргүүлсэн. Гэвч нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б****нь 2022 оны 12 сарын 15-ний 10**** дугаартай мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай захирамжийг гаргалаа. Тус захирамжийн Үндэслэх хэсэгт "Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-47.1.7-д тоочиж заасан аль үндэслэлээр Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 11 сарын 08-ны өдрийн 1*** дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгааг нэхэмжлэлдээ тайлбарлаагүй байх тул үүнийг нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай байна. " гэжээ. Анх захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасныг үндэслэн гаргасан билээ. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлтэй бүрэн танилцалгүй захиргааны хэрэг үндэслэлгүй шалтгаанаар удаа дараа үүсгэлгүй хойшлуулж нэхэмжлэгч нарын зөрчигдөөд буй эрх ашгийг дахин хохироож байгааг дурдах нь зүйтэй. Иймд захиргааны хэрэг үүсгэж холбогдох ажиллагааг эхлүүлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн. 2018 онд Х дүүргийн Засаг даргаас захирамж гарч иргэний газартай давхацсан гэх үндэслэлээр эзэмших эрхийг хүчингүй болгосон. Шүүхээс нэхэмжлэгч нарын газар нь иргэн Ганбаатар нарын газартай давхцалгүй, хууль, дүрэм журам зөрчөөгүй байна гэж үзэж газар эзэмших эрхийг сэргээсэн байсан. Ингээд А/263 тоот захирамжийг гаргасан байдаг. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ирж гэрчилгээгээ аваарай гэж мэдэгдсэн байдаг. Өмнөх өдөр нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэсэн. Маргааш нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг шугамын давхцалтай байна гэж үзээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Ингэж шийдвэрүүд дээр нэхэмжлэгч нар мөн л дүрэм журам холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гээд тус захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг сэргээсэн байдаг. Хариуцагч байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1*** тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 13 дахь хэсэгт нийтийн эдэлбэрийн газар болгосон байдаг. Нэгт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Захиргааны байгууллагаас акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Шууд нэхэмжлэгч нарын газрыг нийтийн эдэлбэр газар болгосон. Итгэл хамгаалах зарчим гэж байдаг. Н-ийн и*** Т**** ****тогтоол нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж гаргасан. 3 дахь удаагаа хууль бусаар гаргаж байгаа үйлдэл болж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1*** дугаар тоот тогтоолын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн П.Э***, Ш.Н***, Э.М***, Э.Х*****нарын нэхэмжлэлтэй Н-ийн и*** Т**** ****2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай" 1*** дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч иргэдэд 2016 онд анх тухайн байршилд газар эзэмшүүлсэн Х дүүргийн Засаг даргын шийдвэр нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн байсан тул энэхүү үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/6**, A/60*, A/6**, A6** дугаар захирамжуудаар дээрх нэр бүхий 4 иргэний газар эзэмших эрхийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон байна. Ийнхүү хүчингүй болгосон байсан байршлыг холбогдох газар /НГЗБА, НЗД/-ын саналыг үндэслэн Нийтийн эдэлбэр газарт хамруулахаар шийдвэр гаргасан нь Н**** и**** Т**** Х***д хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал болно. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлага нь тухайн гаргах актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд байгаа нөхцөлд л хийхээр хуульчилсан байх ба Н-ийн и*** Т**** ****2021 оны 1*** дугаар тогтоолыг гаргахад энэхүү актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд байхгүй байсан гэж үзэх хангалттай үндэслэл байна. Өөрөөр хэлбэл дээрх тогтоолоор нийтийн эдэлбэрт хамруулсан байршилд хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд тухайн газрыг эзэмшүүлсэн хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байсан буюу тухайн байршил нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн газар байсан болно. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллаас тусгай хэрэгцээнд авч болно", 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт "Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох" гэж тус тус заасны дагуу Н-ийн и*** Т**** ****2021 оны 1*** дугаар тогтоол нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус актад хамаарах нэг ч үндэслэл байхгүй бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор батлан гаргасан хууль ёсны акт гэж үзэж байна. Иймд иргэн П.Э*****нарын 4 иргэний гаргасан нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1*** дугаар тоот тогтоолын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засаг дарга бүрэн эрхтэй ард түмнээс сонгогддог төлөөллийн байгууллага. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1*** дугаар тоот тогтоол гарах үндэслэл нь Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тухай 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгүүдээр асуудлыг өргөн барьсан байдаг. Тогтоолын олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын хэлэлцэж Н**** и**** Т**** Х***д албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж 1*** дугаар тогтоолыг гаргаж хэрэгжүүлсэн. Энэ тогтоолын 13 дахь хэсэгт Х дүүргийн 8 дугаар хороо, нийтийн эдэлбэр газар буюу энэ байршилд ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон хүчин зүйлсийг авах шаардлагатай. Тогтоолыг батлахдаа хууль зөрчсөн гэж Нэхэмжлэгч нарын төлөөлөгч үзэж байна. Энэ нь ор үндэслэлгүй зүйл. Өөрөөр хэлбэл нөхцөл нь эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байвал тэдэнд мэдэгдэж сонсох ажиллагаа явуулна. Морин тойруулга гэх газрын иргэний гэр ахуй ямар ч хэлбэрээр төлөвлөгдөөгүй байршилд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн байдаг. Энэ нь өөрөө анхнаасаа хууль зөрчиж эзэмшүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өмнөх газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон. 11 дүгээр сарын 08 гэхээр 3 сарын хугацаа байгаа. Энэ хугацаанд тухайн газар нь иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлээгүй төрийн өмчийн газар байгаа. Иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, ашиглуулснаас бусад газар төрийн өмч байна. Энэ хугацаанд сонсох ажиллагааг хийх гэхээр хэнд ч эзэмшүүлээгүй газар байсан. Нийтийн эдэлбэрт авах удирдлагын тухай хуульд зааснаар тухайн төрийн өмчийн зүйлсийг хэрэгжүүлдэг. Энэ агуулгаар холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслээд чиг хандлагыг авч үзэж хамруулж, шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлага байгаагүй. Тухайн үед газрыг эзэмшээгүй байсан. Ингэж гаргасан акт байгаа. Тухайн Н-ийн и*** Т**** ****тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аймаг Н**** и**** Т**** Х***д хэрэгжүүлнэ гэж заасан байна. Нутаг дэвсгэрийн газрыг энэ дагуу хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1*** дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үйл баримтуудыг цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл:

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/6**, А/6**, А/6**, А/6**дугаар захирамжуудаар шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Улмаар маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрт авах асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас танилцуулга бэлтгэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжүүлсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 01/4*** дугаар Тогтоолын төсөл өргөн мэдүүлэх тухай албан бичгээр маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрт авах асуудлыг Н-ийн и*** Т**** ****даргад уламжилсан байна.

Харин маргаан бүхий захиргааны акт болох Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай 1*** дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах хамгаалах зорилго бүхий нийтийн эдэлбэр газраар тогтоосон газруудын байршил, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталсан байна. Дээрх тогтоолын хавсралтын 13-д нэхэмжлэгч нарын маргаж байгаа газар багтсан байна.

Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, маргаан бүхий Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 1*** дугаар тогтоолыг гаргах үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээ болгон тайлбарлан маргаж байгаа шүүхийн шийдвэрүүд гараагүй, байхгүй байсан болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн шүүхийн шийдвэрүүдээр тодорхой тогтоогдож байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий 1*** дугаар тогтоолыг гаргах үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгаа шүүхийн шийдвэрүүд гараагүй байсан байх тул маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан илт, илэрхий алдаатай захиргааны актыг ойлгоно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдохгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Хариуцагч нь маргаан бүхий 1*** дугаар тогтоолыг гаргахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 з, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг үндэслэсэн байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 з-д нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах гэж хурлын бүрэн эрхийг, 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2."з", 18.1.3."в", 18.1.3."г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: гэж заасан байна.

Дээрх Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч нь маргаан бүхий  1*** дугаар тогтоолыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай 1*** дугаар тогтоолын хавсралтын 13 дах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 з, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э***, Ш.Н***, Э.М***, Э.Х*****нарын Н**** и**** Т**** Х***д холбогдуулан гаргасан Н-ийн и** т**** х*** Т****2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай 1*** дугаар тогтоолын хавсралтын 13 дах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э***, Ш.Н***, Э.М***, Э.Х*****нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ