Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/04672

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/04672

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

гомдол гаргагч:  М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  Т овогт Б-ийн Х-д холбогдох,

 

мөнгө, эм барааны дутагдал хохирол 15 697 413,31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч Б.Х- нь М ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Фүүд сити эмийн санд жор баригчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2022 оны 3 сараас эхлээд өр төлбөр үүсгэсэн. 2022 оны 11сард хамт ажиллаж байсан эрхлэгч нь ажлаас гарах болсонтой холбоотойгоор 11 сард хоёулантай нь тооцоо нийлсэн. Ингээд тооцоо нийлэхэд тооцоо нийлсэн актаар 7,231,743 төгрөгийн өр төлбөр үүсэж, энийгээ бүрэн хүлээн зөвшөөрч барагдуулахаа илэрхийлсэн. Ингээд удаа дараа өр төлбөр үүсгэж ажлаас халах тушаал гаргах гэж байхад би ганцаараа ажиллаад ч болтугай өр төлбөрөө барагдуулъя гэдэг хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч үргэлжлүүлэн ажиллуултал дахин өр төлбөрийн асуудал үүсгэж, кассын орлогоо ч тушаахгүй, эм барааны дутагдал үүсгэж байсан учраас 2023 оны 4сард ажлаас чөлөөлсөн байдаг. Ингээд эцсийн тооцоог хийхэд тооллогын дутагдал 9,881,657 төгрөг, мөнгөний дутагдал 16,395,158 төгрөг, нийт 26, 276,816 төгрөг 41 мөнгөний дутагдал гаргасан. Ажиллаж байх хугацаанд нь цалингийн суутгал хийгдэж 5,579,403 төгрөгийг өр төлбөрт суутгаж, үлдэгдэл 20,697,413 төгрөг 31 мөнгөний өр төлбөртэй ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаасаа гарснаасаа хойш хөдөө ажиллаад олсон гээд 2023 оны 7 сард 5,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөө 8 сардаа багтааж төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргаггүй болсон. Иймд хариуцагч Б.Х-гаас нийт 15,697,413.31 төгрөгийг гаргуулж өгнө үү. 1,237,343 төгрөгийн хугацаа дууссан бараа нь бодитоороо байгаа гэж үзээд хасаж тооцъё... гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Х- нь 2022 оны 1 сарын 02-ний өдөр М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орсон байдаг. Гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй ажилссаар ирсэн. Тухайн ажиллаж байсан салбартаа 2-3 хүний хамт ажиллана гэсэн боловч ажилд орсон цагаасаа халагдах хүртлээ ганцаараа ажилласан байсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийг зөрчсөн байна гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа 15,697,413.31 төгрөгийг дараах байдлаар төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт дутаасан бараа бүтээгдэхүүний баримт дээр энэ үнийн дүн байхгүй байгаа. Хоёрдугаарт ямар төрлийн хэдэн төгрөгийн эм дутаасан гэдэг нь тодорхойгүй. Энийг өөрт ашигтай байдлаар нотлох баримтыг бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Гуравдугаарт хөдөлмөрийн тухай хуульд харилцан тохиролцож цалингаас нь суутгана гэж заасан байдаг. Гэтэл Б.Х-гийн цалингаас шууд суутгаж авч байгаа нь хөдөлмөрийн хууль зөрчиж байна гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох 15,697,413.31 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч МТ- шүүх хуралдаанд тайлбардалдаа: миний цалингаас суутгадаг байсан учраас цалингаа бүтэн авахын тулд кассын орлогоос авдаг байсан гэж хэлсэн. Энийгээ хариуцагч хүлээн зөвшөөрөөд 10,000,000 төгрөгийг бүрэн төлнө. Бусад хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж хэлсэн... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4-5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн харицлага хүлээх гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хэргийн 7-11 дүгээр тал/

Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хэргийн 12 дугаар тал/

2023 оны 04 сарын бараа материалын орлого, зарлагын товчоо тайлан /хэргийн13 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 36 дугаар тал/

Хаан банкны хуулга /хэргийн 42-43 дугаар тал/

2022 оны 07, 08, 09, 10, 11, 12, 2023 оны 01, 02, 03 сарын бараа материалын орлого зарлагын товчоо тайлан, посын борлуулалтын тайлан, борлуулалтын журнал, Эм барааны тооллогын акт баримтууд /хэргийн 46-63 дугаар тал/,

 

5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 21-22 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 23 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 44 дүгээр тал/

Б.Х-гийн Хаан банк дансны хуулга /хэргийн 64-101 дүгээр тал/ баримтууд,

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 107-110 дугаар тал/

гэрч З.Э-ийн мэдүүлэг /хэргийн 111-114 дүгээр тал/

2023.11.30 01/064 тоот Мгаас ирүүлсэн албан тоот баримтууд /хэргийн 123-140 дугаар тал /нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хариуцагч Б.Х- 2022 оны 02 сарын 14-ны өдөр гомдол гаргагч М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээг тус тус байгуулан Фүүд сити эмийн сангийн жор баригчаар ажиллаж, зохигч талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, ажлын байрны тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-11 дүгээр тал/

 

3. Б.Х-г ...ажиллаж байх хугацаандаа кассын орлого тушаахгүй эм бараа мөнгөний дутагдал үүсгэсэн... үндэслэлээр ажил олгогч 2023 оны 04 сард хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа, зохигчид энэ талаар маргаагүй.

 

4. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т энэ хуулийн 129.2, 130.1-д зааснаас бусад ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ажил олгогч хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар шүүхэд гомдлоо ирүүлснийг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.

 

6. Гомдол гаргагч ...15 697 413.31 төгрөг гаргуулах... гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч жор баригчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлогыг буцаан тушаалгүй бэлэн мөнгөний, эм барааны дутагдал үүсгэсэн ... гэж тайлбарласныг,

 

7. хариуцагч ...эм бараа бүтээгдэхүүн дутаасан нь баримтаар тогтоогдохгүй байгаа энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, цалингаа бүтэн авахыг тулд кассын орлогоос авдаг байсан гэж хэлсэн, энийгээ хүлээн зөвшөөрөөд 10 000 000 төгрөгийг төлнө бусад хэсгийг зөвшөөрөхгүй... гэж нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрийн хэмжээний талаар маргаж байна.

 

  8. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар жор баригч нь нэхэмжлэгч байгууллагын эм эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд жортой болон жоргүйгээр санал болгон худалдан борлуулж, борлуулалтын орлогыг тухай бүр компанийн харилцах данс болон кассанд тушааж, сар бүрийн 30, 31-д тооцоо нийлж акт үйлдэх ажил үүргийн хуваарьтай эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээдэг ажил албан тушаал болох нь тогтоогдож байна.

 

Б.Х- ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд гомдол гаргагч байгууллагад бэлэн мөнгөний дутагдал 16 395 158.85 төгрөг, эм барааны дутагдал 9 881 657.56 төгрөг нийт 26 276 816.41 төгрөгийн дутагдал хохирол төлбөр учруулснаас цалингийн суутгал 5 579 403.10 төгрөг хасаж тооцож нийт 20 697 413.31 төгрөгийн хохирол төлбөрийн дутагдал тооцоотой гарсан нь 2023 оны 04 сарын бараа материалын орлого зарлагын товчоо тайлан, 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12, 2023 оны 01, 02, 03 сарын бараа материалын орлого зарлагын товчоо тайлан, посын борлуулалтын тайлан, борлуулалтын журнал, эм барааны тооллогын акт, М ХХК-аас ирүүлсэн тооллогын баримт, цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч З.Э-ийн мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 13, 16-63,107-114, 123-140 дүгээр тал/

 

9. Хариуцагч тал хэрэгт авагдсан дээрх тооцоо баримтуудыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй, ...мөнгөний дутагдал 16 395 158.85 төгрөгийн... талаар тайлбарлахдаа ...цалингаа бүтэн авахын тулд кассын орлогоос авдаг байсан, энийгээ хариуцагч хүлээн зөвшөөрөөд 10 000 000 төгрөгийг бүрэн төлнө...гэх тайлбарын агуулгаас байгууллагад бэлэн мөнгөний дутагдал хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн маргаагүй гэж үзнэ.

 

10. Харин хариуцагч ямар төрлийн хэдэн төгрөгийн эм бараа дутаасан гэдэг нь тодорхойгүй нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна, хугацаа дууссан эм барааны үнэ хасагдах ёстой гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, хариуцагчийн тайлбар татгалзал 2023 оны 04 сарын 25-ны өдрийн Эм барааны тооллогын акт баримт, 2023 оны 04 сарын бараа материалын орлого зарлагын товчоо тайлан, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч З.Э-ийн мэдүүлэг баримтаар үгүйсгэгдэж байна.

 

11. Хариуцагчийн төлөөлөгчийн ...хугацаа дууссан эм барааны үнэ хасагдах ёстой... гэх тайлбар, үзлэг хийсэн цахим захидал дах Б.Х-гийн...өөрийнхөө авч үрсэн мөнгийг бол би буруугаа мэдэж байгаа учраас төлөөд дуусгана. Та надад хугацаа өгөх хэрэгтэй байна. зарим дутсан бараа хугацаа дууссан учраас зарим зүйлүүдийг төлөхгүй юмнууд бас байгаа... гэх бичмэл баримт, гэрч З.Э-ийн ...гараар үйлдсэн баримт Б.Х-д өөрт нь байгаа, ...хугацаа дууссан эмийг жор баригч өөрөө хариуцдаг, ...тооцоо бодохдоо гар баримттайгаа тулгаж байгаад эцсийн байдлаар тооллого гаргаад гарын үсэг зурж авдаг, гар тооллогыг 2 хувь хэвлээд нэгийг нь тухайн хүнд өгөөд нэгийг нь авч үлддэг... гэх мэдүүлэг баримтуудаар хугацаа дууссан эмний талаархи тооцоо баримтуудыг хариуцагч өөрөө гаргаж өгөх боломжтой боловч энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй өөрийн татгалзлаа нотлоогүй.

 

12. М ХХК-ийн шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 132 дугаар зүйлийн 132.2, 133 дугаар зүйлийн 133.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Б.Х-гаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол 14 460 070 гаргуулан төгрөг гаргуулан М ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13. М ХХК шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1 237 343 төгрөгийн хугацаа дууссан бараа бодитоороо байгаа гэж үзээд хасаж тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан болно.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 437 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

15. Хариуцагчийн хүсэлтээр гомдол гаргагч байгууллагаас эм бараа материал хүлээлцсэн акт баримтыг гаргуулахаар захирамжаар шийдвэрлэсэн ба М ХХК-аас 2022.07 сараас 2023.03 сар хүртэлх тооллогын гар бичмэл баримт манай байгууллагад аливаа хэлбэрээр байхгүй, 2023.04.25-д хийгдсэн гар бичмэлийг хавсралтаар шүүхэд хүргүүлсэн болохоо тайлбарласан болно. /хэргийн 123 дугаар тал/

 

16. 2023.08.29-ны өдрийн №01/074 тоот, 2023.10.24-ны өдрийн №01/090 тоот нэхэмжлэгчээс М.Б, Ч.Т- нарт олгосон итгэмжлэлээр, 2023.09.27-ны өдрийн дугаар 0854, дугаар 0853 тоот хариуцагчаас Г.А-, МТ- нарт олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6, 21-22, 36 дугаар тал/

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хариуцагч Б.Х-гаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол 14 460 070 төгрөг гаргуулан гомдол гаргагч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 237 343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 437 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ