Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00396

 

 

 

 

 

 

 

 

     2024         02            26                                    210/МА2024/00396

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04672 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Х-д холбогдох,

Байгууллагын эд хөрөнгөд учирсан хохиролд 15,697,413 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, М.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Х- нь М ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Фүүд сити эмийн санд жор баригчаар ажилласан. 2022 оны 11 дүгээр сард тооцоо нийлэхэд 7,231,743 төгрөгийн өр төлбөр үүсэж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн. Ажлаас халах тушаал гаргах гэж байхад Б.Х- нь ажиллаж өр төлбөрөө барагдуулъя гэх хүсэлтийг хүлээн авч, ажиллуулсан бөгөөд дахин өр төлбөрийн асуудал үүсгэж, кассын орлогоо ч тушаахгүй, эм барааны дутагдал үүсгэж байсан учраас 2023 оны 04 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. Тооцоо хийхэд тооллогын дутагдал 9,881,657 төгрөг, мөнгөний дутагдал 16,395,158 төгрөг, нийт 26,276,816 төгрөг дутсан. Ажиллаж байх хугацааны цалингаас 5,579,403 төгрөгийг өр төлбөрт суутгаж, үлдэгдэл 20,697,413 төгрөгийн өр төлбөртэй ажлаа хүлээлгэж өгсөн. 2023 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрөө 08 дугаар сард багтааж төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч Б.Х-гаас нийт 15,697,413 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэлээс 1,237,343 төгрөгийг хасаж тооцъё гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн алдаа зөрчилгүй ажиллаж ирсэн. Тухайн ажиллаж байсан салбартаа 2-3 хүний орон тооны ажлыг ганцаараа хийдэг байсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа 15,697,413.31 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь дутаасан бараа бүтээгдэхүүний баримт дээр энэ үнийн дүн байхгүй байгаа. Ямар төрлийн, хэдэн төгрөгийн эм дутаасан гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь өөрт ашигтай байдлаар нотлох баримтыг бүрдүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуульд харилцан тохиролцож цалингаас нь суутгана гэж заасан. Гэтэл Б.Х-гийн цалингаас шууд суутгаж авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Х-гаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол 14,460,070 төгрөг гаргуулан гомдол гаргагч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,237,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,437 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээн аваагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийн эрхийг зөрчсөн. Шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

4.б. Б.Х-г эм, бараа, кассын орлогоос авсан гэх үйл баримтын хувьд нотлогдсон зүйл байхгүй. Хоорондоо харьцсан чат байгаа боловч тухайн чатанд эм бараа, кассын орлого авсан гэх агуулгатай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тухайн өр төлбөр юуных болох нь тодорхойгүй. Кассын орлогыг хувийн дансаараа авсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримт болох дансны хуулгаас огт тийм үйл баримт харагдахгүй байна.

4.в. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сараас эхлэн Б.Х-гийн цалингаас тодорхой хэмжээгээр суутгал хийсэн байдаг. Энэ нь ажилчдаасаа худалдан борлогдоогүй эм, барааны мөнгийг авч байсан байх ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийн харилцааг илтэд зөрчсөн. Хэрэв ажил олгогч ажилтанг эд хөрөнгийн хариуцлага алдсан гэж үзээд цалингаас нь суутгал хийх тохиолдолд ажилтантай харилцан тохиролцосны үндсэн дээр ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсны үндсэн дээр суутгал хийгддэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 4,460,070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хурал хариуцагч талын хүсэлтийн дагуу 5 удаа хойшилсон. Шүүхээс өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ дараагийн шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч аваад, хэргийн материал танилцуулах, дараагийн хурлыг хойшлуулахгүй байх талаар хатуу анхааруулж хэлсэн. Сүүлийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтэж байгаа талаар хүсэлт гаргахдаа холбогдох нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн эм, бараа кассын орлогын дутагдлын хувьд Б.Х-, М ХХК-ийн хооронд комисс гарч, албан ёсны тооллого хийсэн. Эхний гар тооллогоор өр төлбөр үүсгэсэн гэдэг нь эм, бараа хүлээлцэх акт болон гар бичмэлээр тус тус тогтоогдож байгаа тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Х-д холбогдуулан эд хөрөнгийн хохиролд 15,697,413 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, хугацаа дууссан эмийн үнэ 1,237,343 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Б.Х- нь М ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээг тус тус байгуулан, “Ф” эмийн сангийн жор баригчаар ажилласан үйл баримтад маргаагүй, талуудын хооронд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх8-12/

 

3. Ажил олгогч М ХХК нь 2023 оны 04 дүгээр сард ажилтан Б.Х-г “ажиллаж байх хугацаандаа кассын орлого тушаахгүй, эм, бараа дутагдал үүсгэсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх ба энэ асуудлаар талууд маргаагүй. Харин, бэлэн мөнгө болон эм, барааны дутагдал гаргасан эсэх талаар маргажээ.

 

4. Талууд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “2023 оны 04 дүгээр сарын бараа материалын орлого, зарлагын товчоо тайлан” нэртэй баримт үйлдэж, Б.Х-гийн мөнгөн өр төлбөрийн дүн 16,395,158 төгрөг, тооллогын /эм, бараа материалын/ өр төлбөрийн дүн 9,881,657 төгрөг, нийт өр төлбөр 26,276,816 төгрөгөөс цалингаас суутгасан 5,579,403 төгрөгийг хасаж, нийт үлдэх өр төлбөрийн дүнг 20,697,413 төгрөг гэж тооцоо нийлж, байгууллагын санхүү эрхэлсэн дэд захирал болон ажилтан Б.Х- нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх14/

 

5. Шүүх хэрэгт авагдсан 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12, 2023 оны 01, 02, 03 сарын бараа материалын орлого зарлагын товчоо тайлан, посын борлуулалтын тайлан, борлуулалтын журнал, эм барааны тооллогын акт, М ХХК-аас ирүүлсэн тооллогын баримт, шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн М.Бөртэ-Үжин хаягтай фэйсбүүкийн /нүүр номын/ мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч З.Энхцэцэгийн мэдүүлэг зэрэг баримтуудыг харьцуулан үзээд хариуцагч Б.Х- нь нэхэмжлэгч М ХХК-д бэлэн мөнгө болон эд хөрөнгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн байх тул “тухайн өр төлбөр юуных болох нь тодорхойгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй./хх 13-14, 46-63, 107-114, 123-140/

 

Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Х-гийн цалин хөлснөөс 2023 оны 07 дугаар сард 5,579,403 төгрөг суутгасан байна. Үүнтэй холбогдон Б.Х- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу эрх бүхий газарт гомдол гаргаагүй байх тул цалин хөлснөөс суутгал хийж хөдөлмөрлөх эрхийн харилцааг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

7. Хариуцагч нь дээрх 20,697,413 төгрөгөөс 2023 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөгийг сайн дураар төлсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

8. Иймд хариуцагч Б.Х-гаас байгууллагын эд хөрөнгөд учирсан хохиролд 14,460,070 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т заасанд нийцсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан байх тул байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

9. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2023/21392 дугаар захирамжаар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ. /хх150/

 

9.а. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “гэр бүлийн хүн хагалгаанд орох болсон” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2023/21907 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь заасантай нийцсэн./хх 153, 160/

 

9.б. Учир нь хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлтэд дурдсан үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

 

10. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах замаар залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ гэж үзлээ.  

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04672 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1-д” гэснийг “158 дугаар зүйлийн 158.1.2-т” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,312 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ