Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00025

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00025

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч:  О-ын Э-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ОХХК-д холбогдох,

 

газар дээр баригдсан барилга байгууламжийг нураах буулгаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч О.Э- оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Э-аас хариуцагч ОХХК-д холбогдуулан газар дээр баригдсан барилга байгууламжийг нураах буулгаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ...миний нэр дээрх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай газар дээр ОХХК нь 8 нэрийн барааны дэлгүүр барьсан байсан учраас уг барилга байгууламжийг буулгаж чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... О-ын Э- гэдэг нь худал хуурмаг заль зохиож газар эзэмших гэрчилгээ 2021 оны 9 сарын 28-нд хуурамчаар гаргуулж байсан тул би түүнийг Нийслэлийн авлигатай тэмцэх газраар шалгуулж учир байдлыг тодорхойлуулж улсын прокурорын газраар шалгуулж байсан. Миний энэ өргөдөл гомдолыг авч хэлэлцэн тус Баянгол дүүргийн Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах албанд шилжүүлж уг шүүхийн хурлын зохион байгуулалтыг шалгах ажиллагаа явагдсан шалгасны үндсэн дээр Нийслэлийн прокурорт гомдолыг шилжүүлсний үндсэн дээр О.Э-ын Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Эрүүл мэндийн яамны харъяа эх нялхасын зүүн талын тойрсон далан дээр, Нийслэлийн захирагчийн албаар хандуулан 2014 онд нийтийн эзэмшлийн талбайг жижиг худалдаа эрхлэгчдэд эзэмшүүлэхээр олгосон юм. Би өөрөө шийдээгүй, улс орноо удирдан чиглүүлэгч зохион байгуулагч засгийн газрын агентлагууд болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны хурлын 07 тоот тогтоолоор батлагдсан. Энэ эх нялхасын больницийн зүүн хаалганы дэргэд талбайн хэмжээ 9*3-ийн харьцаатай эмнэлгийн ус үерээс хамгаалсан далан.Үүнийг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас З Н нар хоёр өнөдөр настаныг амьдралыг харж үзэн зөвшөөрөл олгосон. 2015 оноос улс орныхоо татварын алба, газрын албаны газрын гэрээтэй улирал болон жилдээ 80 000 төгрөгийн татварыг тасралтгүй өгч явдаг. Улс орондоо үнэнч шудрагаар хөдөлмөрлөж явсан. Хуурамч худал танил тал харж яваагүй ахмад бууралууд мэдээлж байна. Жич: К үүнийг мэдэх ёстой. Эх нялхасын ус үерээс хамгаалсан далан дээр байгаа 2 түцийг харсан байх. Монгол Улсын мэдээлэл хуулийн зөвлөх байсан. Би өнөдр настан бага зэргийн үндсэн хууль мэддэг. Тийм болохоор Монгол Улсын засгийн газрын хууль эрх зүйн эрхлэх газрын сайд болон Хууль зүйн дотоод хэргийн яаманд хандсан. Албан газрын эргэн тойрон орчин ард иргэдэд нийтийн эзэмших талбайг хувьчлах хуульгүй гэдгийг захиргааны хэргийн шүүх болон Улсын нийслэлийн газар зохион байгуулалтын алба өмчлөх биш эзэмшигчийн газар өмчлөх гэрчилгээ олгох болоогүй асуудлыг их хурлын шийдвэрүүд гарсан байгаа юм ... гэжээ.

 

4.нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

2022 оны 03 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00778 дугаар шүүхийн шийдвэр /хэргийн 5-8 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хэргийн 9 дүгээр тал/

Газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10 дугаар тал/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хэргийн 32 дугаар тал/

Шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах тухай /хэргийн 65-67 дугаар тал/

2021.12.08-ны өдрийн №12/2873 Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг баримт, газар дээр хэмжил хийсэн зураглал, гэрэл зураг /хэргийн 88-93 дугаар тал/ баримтууд,

 

5.хариуцагчаас ирүүлсэн

ОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14 дүгээр тал/

ОХХК-ийн дүрэм /хэргийн 15-20 дугаар тал/

итгэмжлэл /хэргийн 21 дүгээр тал/

тайлбар /хэргийн 26-29 дүгээр тал/ баримтууд,

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

2023.11.22-ны өдрийн №1352 Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хэргийн 80 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...өөрийн өмчлөлийн газарт баригдсан барилга байгууламжийг нураах буулгах газраа чөлөөлүүлэх... шаардлага гаргаж үндэслэлээ ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт барилга байгууламжийг нураах шийдвэрийг тусгайлан заагаагүй тул газар чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх боломжгүй өмчлөх эрх зөрчигдсөн... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 2014 онд нийтийн эзэмшлийн талбайг жижиг худалдаа эрхлэгчдэд эзэмшлээр олгосон, хоёр өндөр настны амьдралыг харж үзэж зөвшөөрөл олгосон, 2015 оноос татварын алба, газрын албаны газрын гэрээтэй улирал болон жилдээ 180 000 төгрөг тасралтгүй төлдөг... гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

О.Э- 2021 оны 09 сард худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Баянгол дүүрэг, нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 1680810111 дугаартай, 212 м кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, өмчлөх эрхийн гэрчилгээ, 2023.02.10-ны өдрийн дугаар 1141 Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1, 10, 32 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх газарт ОХХК-ийн хүнсний дэлгүүр чиглэлээр ажиллуулдаг байшингийн хэсэг давхцсан нь 2021.12.08-ны өдрийн №12/2873 Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг баримт, газар дээр хэмжил хийсэн зураглал, гэрэл зураг баримтуудаар тогтоогдож байгаа ба О.Э- шүүхэд энэ тухай маргаан үүсгэж 2022 оны 03 сарын 07-ны өдрийн дугаар 102/ШШ2022/00778 тус шүүхийн шийдвэрээр ОХХК-ийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ...барилга байгууламжийг нураах буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заагаагүй... гэдэг үндэслэлээр шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр бодитоор биелэгдээгүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1, 5-9, 89-93 дугаар тал/

 

5. Хариуцагч ...2014 онд нийтийн эзэмшлийн талбайг жижиг худалдаа эрхлэгчдэд эзэмшлээр олгосон, хоёр өндөр настны амьдралыг харж үзэж зөвшөөрөл олгосон, 2015 оноос татварын алба, газрын албаны газрын гэрээтэй улирал болон жилдээ 180 000 төгрөг тасралтгүй төлдөг... гэх өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй.

 

6. 2023.11.22-ны өдрийн №1352 тоот Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэдтсээс ирүүлсэн баримтаар маргаан бүхий дээрх газар дээр үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн санд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 80 дугаар тал/

 

7. Хэдийгээр тухайн газарт барилга байгуулж үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хариуцагчийн эзэмшил ашиглалтад байх дэлгүүр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж объект баригдсан давхцалтай болох нь 2021.12.08-ны өдрийн №12/2873 Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг баримт, газар дээр хэмжил хийсэн зураглал, гэрэл зураг баримтуудаар тогтоогдож байгаа, хариуцагч энэхүү үйл баримтыг үгүйсгэж маргаагүй болно.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ...тухайн газар дээрх төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн барилга байгууламжийг нураах буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заасан тохиолдолд гүйцэтгэнэ гэжээ.

 

9. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлтэй тул нэхэмжлэгч О.Э-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 1680810111 дугаартай, 212 м кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр баригдсан хариуцагч ОХХК-ийн эзэмшил ашиглалтад байх барилга байгууламжийг нураан буулгах арга хэмжээ авч газрыг чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шүүхээс дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Баянгол дүүрэг, нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 1680810111 дугаартай, 212 м кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр баригдсан хариуцагч ОХХК-ийн эзэмшил ашиглалтад байх барилга байгууламжийг нураан буулгах арга хэмжээ авч газрыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ