Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00339

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00339

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, нутаг дэвсгэр тоот хаягтай,рд:, Д-ийн И-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, нутаг дэвсгэртоот хаягтай, рд:, Х овогт В Б-д холбогдох

 

орон сууц худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Д.О нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан орон сууц худалдан авах гэрээний үнэд төлсөн 71 500 000 төгрөгөөс үлдэх 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ... Д.И нь 2021 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** орон сууц зарыг Т гэх хүнээс сонсож зарын дагуу В.Б гэх хүнтэй уулзсан. Тэрээр Б ХХК-ийн захиалан бариулж буй *** төслийн ажлыг хийгээд бартерт байр авахаар болсон гэж хэлсэн. Ингээд тус байрны Б блокийн *** өрөө орон сууцыг авахаар болсон. Ингээд үнэ тохиролцохдоо бөөнд өгвөл 71,500,000 төгрөг болно гэхээр нь итгээд уулзсан өдрөө буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдан авахаар тохиролцож өмнө өдрөө урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл 51,500,000 төгрөгийг В.Б 5000838310 тоот данс руу шилжүүлж төлбөрийг бүрэн төлж дуусгасан байдаг. Улмаар Б ХХК-ийн барьж буй Гбарилгын ажил зогсож, компанийн эзэд нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Д.И нь тухайн нөхцөл байдлын улмаас орон сууцыг худалдан авахаас татгалзаж байгаагаа В.Б мэдэгдэж орон сууны төлбөрт төлсөн 71,500,000 төгрөгийг буцаан авахаар ярьж тохиролцсон байдаг. В.Б нь орон сууц худалдан авахад төлсөн 71,500,000төгрөгөөс 11,500,000 төгрөгийг Д.И-д өгч үлдсэн 60,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд В.Бс орон сууц худалдан авахад төлсөн 60,000,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна... гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/

Д.Игийн Хас банк, Хаан банкны дансны хуулга /хэргийн 4-6 дугаар тал/ нотлох баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

итгэмжлэл /хэргийн 21 дүгээр тал/

хариуцагчийн иргэний үнэмлэх лавлагаа /хэргийн 22 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ... 60 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон орон сууцны барилгын ажил зогссон нөхцөл байдлын улмаас гэрээнээс татгалзаж 71 500 000 төгрөгөөс 11 500 000 төгрөгөө буцаан авсан, үлдэх 60 000 000 төгрөгөө гаргуулна... гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэг хариу тайлбар гаргаагүй.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Д.И 2021 оны 08 сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 хорооны нутагт Б ХХК-ийн захиалан бариулж баригдаж байгаа Г төслийн орон сууц байрны Б блокийн 7 давхар 42.79м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг хариуцагч В.Б 71 500 000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-6 дугаар тал/

 

 4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

5. Зохигч талуудын хооронд амаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзнэ.

 

         6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 42.79м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж орон сууц хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

7. Нэхэмжлэгч орон сууцны үнэ гэрээний төлбөр 71 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 2021.08.11-ний өдөр 20 000 000 төгрөг, 2021.08.12-ны өдөр үлдэгдэл 51 500 000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нь банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцсон гэрээний зүйл Сүхбаатар дүүргийн Б ХХК-ийн захиалан бариулж баригдаж байгаа Г төслийн орон сууц байрны Б блокийн 7 давхар 42.79м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгө баригдаж ашиглалтад орох боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч хариуцагчид гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдснийг хариуцагч хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн гэрээний үнэд шилжүүлсэн 71 500 000 төгрөгөөс 11 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, үлдэх 60 000 000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

9. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

10. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 457 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

12. Хариуцагчид шүүх хуралдаанд оролцох хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан атал дахин шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчВ.Б 60 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 457 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ