Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00541

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр Дуга 210/МА2024/00541

 

 

Д.Игийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00339 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Игийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: В.Бд холбогдох,

 

Орон сууц худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.И нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 хороонд баригдаж буй Гималай апартмент төслийн орон сууцны зарын дагуу В.Бтэй холбогдож Басмаа констракшн ХХК-ийн захиалан бариулж буй Гималай апартментын Б блокийн 7 давхарт 42,79 м.кв 2 өрөө орон сууцыг авахаар болсон.

1.2. Үүний дагуу хариуцагчтай үнэ тохиролцоход бөөнд өгвөл 71,500,000 төгрөг болно гэсэн тул уулзсан өдрөө буюу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөө урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл 51,500,000 төгрөгийг В.Бийн 5000838310 тоот данс руу шилжүүлж төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

1.3. Улмаар Басмаа констракшн ХХК-ийн барьж буй Гималай апартмент хотхоны барилгын ажил зогсож, компанийн эзэд нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн тул тухайн нөхцөл байдлын улмаас орон сууцыг худалдан авахаас татгалзаж байгаагаа В.Бд мэдэгдэж орон сууны төлбөрт төлсөн 71,500,000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон.

1.4. В.Б нь орон сууц худалдан авахад төлсөн 71,500,000 төгрөгөөс 11,500,000 төгрөгийг буцаан өгсөн ба үлдэх 60,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд В.Бэс орон сууц худалдан авахад төлсөн 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч В.Бэс 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд гадаад улсад зорчиж байсан бөгөөд энэ өдрүүдэд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ., 25.1.2-т ... шүүх хуралдаанд оролцох гэж, 25.1.3-т ... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ нотлох зорилгоор хил хамгаалах байгууллагын дардас бүхий гадаад паспортын хуулбарын хамт шүүхэд хүргүүлсэн.

Гэтэл хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасантай зөрчилдөж байна.

4.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцох боломжоор хангаагүй, хариуцагчийг нэхэмжлэгчтэй мэтгэлцэх, нотлох баримт гарган өгөх боломжийг олгоогүй болно.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00339 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй ба 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.Ган-Эрдэнэ өмгөөлөгчөөр төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосон байдаг.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу хэргийг харъяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааныг товлон зарласан.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүх хуралдаанд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг ирүүлсэн байсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие хариуцагч талын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдаанд оролцуулъя гэж тайлбар гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн. Мөн талууд шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй.

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс талуудад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин сануулж, мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үед гадаадад явж байсан нь худлаа болох нь дээрх тов мэдэгдсэн баримтаар тогтоогдоно.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мэтгэлцэх эрхээр нь хангасан байдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.И нь орон сууц худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч В.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, түүний банкны дансны хуулга зэргийг харьцуулан үнэлж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 хорооны нутагт Басмаа констракшн ХХК-ийн захиалан бариулж байгаа Гималай аппартмент төслийн орон сууц байрны Б блокийн 7 давхар, 42.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч В.Бэс 71,500,000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлбэрээр тохиролцсон үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахьхэсэгт нийцсэн байна.

 

Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдах боловч талуудын хооронд бичгийн хэлцэл байгуулагдаагүй, мөн орон сууц худалдах, худалдан авах зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч Д.И нь байрны төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, И байрны урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатайгаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 51,500,000 төгрөг, нийт 71,500,000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ...Сүхбаатар дүүргийн 9 хорооны нутагт Басмаа констракшн ХХК-ийн захиалан бариулж баригдаж байгаа Гималай аппартмент төслийн орон сууц байрны Б блокийн 7 давхар, 42.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгө баригдаж ашиглалтад орох боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч хариуцагчид гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, үлдэх 60,000,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй гэсэн тайлбарыг үнэлж маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

6. Хариуцагчаас орон сууцны үнэд шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүйн улмаар мэтгэлцэх, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.1. Хариуцагч В.Б нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

7.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн болон нэмэлт хугацаа аль аль нь өнгөрсөн байх тул нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Гадаад улсад зорчсон гэх нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна энэ нөхцөл байдал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзлээ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР