| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/03070/И |
| Дугаар | 102/ШШ2024/00340 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/00340
| 2024 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/00340 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
гомдол гаргач: Баянгол дүүрэг, нутаг дэвсгэр тоотод оршин суух, рд:, Б овогт И.Б нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, нутаг өөрийн байр хаягтай, рд:, М-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
гомдол гаргагч И.Б, түүний өмгөөлөгч Ж.Э,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.А нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч И.Б хариуцагч М-д холбогдуулан д ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 66 944 255 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Гомдол гаргагч гомдлоо дэмжиж гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...миний бие У Дотоод аудит хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчаар 2019 оны 7 дугаар сарын 25-ний өдрөөс хойш ажиллаж байтал Уийн Замын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/II/32 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байна гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. Дээрх гарсан тушаал нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй бөгөөд илтэд ажилтнуудыг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан. Шинээр Дотоод аудит хяналт шалгалтын албан орлогч даргаар томилогдсон С.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өрөөндөө намайг дуудаж дотоод хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга О.Болдсайханы албан тушаалыг авах гэж байгаа урьд нь хийж байсан шалгалтын ажилд хууль бус шийдвэр өгдөг байсан гэж тайлбар бичиж өг эс зөвшөөрвөл 2021 оны 6 дугаар сард дотоод хяналт шалгалтын байцаагч В.А та хоёрыг хийсэн шалгалтын материал дээр чинь гомдол үүсгэж хамт ажлаас чинь халах болно гэж сүрдүүлсэн. Би эс зөвшөөрч худал тайлбар бичиж өгөхгүй гэдгээ хэлэхэд хэлтсийн дарга О.Болдсайхан нь хяналт шалгалтын байцаагч В.А нарыг хамт дуудаж миний тавьсан саналаас татгалзсан тул та гурвыг ажлаас чинь халахаар боллоо. О.Б та залуу хүн бодоод өргөдлөө өөрөө өгсөн нь дээр байсан юм даа гэж хэлсэн. Иймд үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг, ноцтой зөрчиж байгаа тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... И.Б нь дотоод аудит хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байхдаа ажилтан Б.Б гэр бүлийн хүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэрчийн мэдүүлэг, байцаалт авсан. Мөн тэдний гэр бүлийн хүнээс дансны хуулгыг танай хүнийг шоронд явуулахгүй ажилтай нь байлгана гэдэг үндэслэлээр дансны хуулгыг хууль бусаар шаардаж авсан. Мөн Б.Б найз нөхдийн холбоотой байсан хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмаар мэдүүлэг, байцаалт авсан. Үндсэн хуулийн 16 зүйлийн 16.13 дэх хэсэгт заасан халдашгүй байх мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт тухайн хүний банк санхүүгийн мэдээлэл нууц байх тухай энэ мэдээллүүдийг хууль бусаар хүний эрхийг ноцтой зөрчсөн байх тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, дотоод шалгалт зохион байгуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.3.4, 5.3.10 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тухайн асуудлыг хэлэлцэж байх үед И.Б нь Улаанбаатар төмөр замын системд, алба болон гүйцэтгэх ажиллагааны мэдээлэгч элсүүлсэн байсан тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүний нөөцийн албанд Ууганболд гэдэг мэдээлэгчийг буюу гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар Улаанбаатар төмөр замд явуулж байсан тул тушаал дээр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үндэслэл заасан. Тухайн цагдаагийн албанд ажиллаж байсан иргэн иргэний эрх зүйн харилцааны байгууллага дотор эрүүгийн төлөөлөгчийн зарчмаар, гүйцэтгэх ажиллагааны зарчмаар явагддаг мэдээлэгч элсүүлсэн. Мэдээлэгчээс мэдээлэл авч, Улаанбаатар төмөр замын ажилтнуудыг хууль бусаар мөрдөн шалгаж, эрхшээлдээ байлгах үйл ажиллагаа явуулж байсан. Хуулиар хориглосон буюу Монгол улсын төрийн тусгай албанд явуулдаг буюу прокурорын хяналтад байдаг үйл ажиллагааг Улаанбаатар төмөр зам дээр ямар нэгэн хяналт байхгүйгээр явуулж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бусдын халдашгүй эрхэд халдаж, төрийн байгууллага буюу иргэнээс мэдүүлэг авах, байцаалт тодруулга авах, хууль сануулах, өгсөн мэдүүлэгтэй танилцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдсан мөрдөн байцаах, цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, авилагтай тэмцэх байгууллага гэсэн гурван субъектийн эрхийг эдэлсэн. Бүүр цаашлаад банкны дансны хуулгыг хууран мэхлэх замаар авсан. Б.Б гэр бүлийг оройн цагаар дуудаж, харилцаа холбооны хяналттай хэлбэрээр чанга дуугарагч дээр нь тавьж эгч, дүү хоёрыг хооронд нь яриулж хоорондоо ярьж байсан яриаг нээлттэй чанга дугарагчаар сонсож байгаад Чойр өртөө рүү томилолтоор явж, тэндээс нь эгчийг нь танай хүргэнийг ажлаас нь халуулахгүй, шоронд явуулахгүй гэж хууран мэхлэх замаар дансны хуулга авч хууран мэхэлсэн нь тогтоогдсон. Хөдөлмөрийн маргаан таслах комисст И.Б гомдол гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэл дээр ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн. Улаанбаатар төмөр замд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан гэж үзэн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй тул маргаан таслах комиссын гаргасан И.Бын гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн байгаа. Замын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Энэ тушаал нь хууль хэрэглээний алдаагүй бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, тухайн үйл баримтад зөв хэрэглэсэн байгаа тул тушаал хууль ёсны бөгөөд зөв гарсан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Шүүхээс зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. 2019 оны 07 сарын 25-ны өдөр гомдол гаргагч буюу ажилтан И.Б, хариуцагч буюу ажил олгогч У хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулан дотоод аудит хяналтын албанд дотоод хяналтын байцаагчаар хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, батлагдсан орон тооны дагуу төсөвт тусгагдсан цалин хөлстэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ...2019 оны 07 сарын 25-ны өдөр ажилд авах тухай тушаал гарч, 2019 оны 07 сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан... гэх тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 12, 200-209 дүгээр тал/
3. Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй болно.
4. 2022 оны 04 сарын 04-ний өдөр дугаар Б/ // / 32 тоот Улаанбаатар төмөр замын даргын И.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Уийн хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.10, 5.3.4, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, Дотоод аудит хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит хяналт шалгалтын зохион байгуулах журмын 1.15, 4.3, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогтын 2022 оны 04 сарын 01-ний өдрийн удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Дотоод аудит хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч И.Б нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 04 сарын 04-ний өдрөөс тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 4 дүгээр тал/
5. И.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасан хугацаанд 2022.05.04-ны өдөр УБТЗ ХНН-ийн удирдах газрын хөдөлмөрийн маргаан таслах комисст ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргасныг 2022.5.27-ны өдөр комиссын хурлаар хэлэлцээд хангахгүй шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 14-18, 189-194 дүгээр тал/
6. И.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч ...хороо байгуулах болон гишүүдийг томилсон тогтоол гаргаагүй... гэдэг үндэслэлээр 2022.06.08-ны өдөр Баянгол дүүргийн Засаг дарга түүний гомдлыг ...шийдвэрлэх боломжгүй... хариу өгсөн байна. /1 дүгээр хавтас хэргийн 13 дугаар тал/
7. Дээрх хариуг хүлээн авсны дараа 2022.06.15-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гомдлоо гаргажээ. /1 дүгээр хавтас хэрэг 1 дүгээр хуудас ар тал/
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэгт сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.
10. Гомдол гаргагч ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч ...ажил эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 66 944 255 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх... шаардлага гаргаж, үндэслэлээ ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр тушаал нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй, илтэд хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл, албаны орлогч даргаас дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын урьд хийж байсан шалгалтын ажилд хууль бус шийдвэр өгдөг байсан гэж тайлбар бичиж өгөхийг шаардсныг эс зөвшөөрснөөс ажлаас халагдах болсон, хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчиж байна... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...ажиллаж байхдаа ажилтны гэр бүлийн гишүүнээс мэдүүлэг байцаалт авсан, банкны дансны мэдээллийг хууль бусаар шаардаж авах эрх УБТЗ ХНН-ийн ямар ч албан тушаалтан ажилтанд хууль дүрэм журмаар олгогдоогүй, хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр үндэслэлтэй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
11. 2021.06.18-ны өдрийн ТБ-81/01/18 тоот Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын боловсруулж, Дотоод аудит хяналт шалгалтын албаны орлогч дарга хянан, УБТЗ ХНН-ийн замын нэгдүгээр орлогч даргын баталсан Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу УБТЗ ХНН-ийн худалдан авалт борлуулалтын албаны захиалга нийлүүлэлтийн менежер албан тушаалтай Б.Б нь эхнэр Д.Э хамт албан тушаалаа ашиглан худалдан авалтын хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг шалгаж үр дүнг удирдлагад танилцуулах зорилготой, Б.Б нь эхнэр Д.Э хамт хувьдаа материаллаг болон ашиг хонжоо олох зорилгоор Нийгэмлэгийн нэр болон ажил үүргийн эрх мэдэл давуу талаа ашиглан үйл ажиллагаа явуулдаг эсэхийг шалгах хамрах хүрээ чиглэлтэй, Дотоод хяналт шалгалтад хамрагдаж байгаа алба хэлтэс, төв, салбар, нэгж, түүний ажилтан, албан тушаалтнаас тайлбар гаргуулан авах, шаардлагатай тохиолдолд тайлбар авч тэмдэглэл үйлдэх, лавлагаа мэдээлэл баримт бичиг гаргуулан авах, ярилцлага хийх, нотлох баримтуудад тулгуурлан баталгаажуулах зэрэг арга хандлага горимуудыг ашиглан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2021 оны 06 сарын 21-ны өдрөөс 07 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Дотоод аудит хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч И.Б У ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 7.1, 7.7.1-д заасныг үндэслэн дотоод хяналт шалгалтыг явуулж тайлан бичиж танилцуулахыг даалгажээ. /1 дүгээр хавтас хэргийн 167, 2 дугаар хавтас хэргийн 183 дугаар тал/
12. У ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 7.1-д салбар, нэгжийн ажилтны үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаар гаргасан үндэслэлтэй өргөдөл, гомдол, мэдээлэлд энэ журмын 1.6-д заасан шалгалтыг явуулж дүгнэлт гаргана, мөн журмын 7.7.1-д зөрчил гаргасан талаар иргэн үндэслэл бүхий гомдол гаргасан буюу мэдээлсэн бол шалгалт явуулах үндэслэл болохоор тусгажээ. /хэргийн 66-88 дугаар тал/
13. Дээрх журмын 1.1, 1.2, 1.3-т зааснаас үзэхэд тухайн журам УБТЗ ХНН түүний салбар нэгжийн хүрээнд үйлчлэх эрх зүйн акт гэж үзэхээр байна.
14. Гомдол гаргагч И.Б 2021.06.18-ны өдрийн ТБ-81/01/18 тоот Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу ажилтан Б.Б албан тушаалаа ашиглан худалдан авалтын хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг /эх сурвалж тодорхойгүй/ шалгахдаа тухайн удирдамж болон дээр дурдсан журмын хүрээнд бус ажилтны гэр бүл, түүний хамаарал бүхий этгээдүүдээс хүч хэрэглэх, хууль сануулан тэмдэглэл хөтөлж, тайлбар ярилцлага авах тэдний хувийн мэдээлэлтэй холбоотой баримтуудыг гаргуулан авах зэргээр өөрт нь удирдамжаар итгэмжлэн олгосон эрх хэмжээнд заагаагүй эрхийг эдэлж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- О.Д ...худалдан авалт, борлуулалтын албаны мэргэжилтэн О.Дби Б.Бямбацогттой нэг өрөөнд цуг суудаг байсан. Нэг өдөр НВА албаны 2 ажилтан өрөөнд орж ирээд Бямбацогтыг нэг нь араас нь тэврээд нөгөөх нь компьютер дээр зүйлсийг бичиж зураг дараад тухайн үед би та хэд болиоч гэхэд бид ажлаа хийж байна гэсэн. Дараа нь Б.Б ямар хүмүүс байсан талаар асуухад Алтантүлхүүр, Батжаргал гээд НВА албаны 2 байцаагч байсан... гэх тодорхойлолт, /1 дүгээр хавтас хэргийн 107 дугаар тал/
- И.Бын гараар бичсэн 2021.06.25-ны өдрийн ...ДАХША-ны байцаагч И.Б миний бие иргэн П.Ц Хаан банкны *** тоот дансны хуулгыг 2021.04.15-ны өдрийн орлогын гүйлгээг өөрийн данснаас хуулбар өгсөн болохыг баримтжуулан тэмдэглэл үйлдэв... гэх тэмдэглэл, /1 дүгээр хавтас хэргийн 112 дугаар тал/
- И.Бын гараар бичсэн 2021.06.25-ны өдрийн ...Дотоод аудит ХША-ны ХШБ-гч И.Б би Г.Нарантогтохтой ярилцаж тэмдэглэл хөтлөв. Тэмдэглэлийг Гэрэгэ офиссын гадна зогсоолд 14.00-14.40 цагт дуусгав... гэх тэмдэглэл, /1 дүгээр хавтас хэргийн 113-114, 2 дугаар хавтас хэргийн 124-126 дугаар тал/
- И.Бын гараар бичсэн 2022.03.28-ны өдрийн ...ДАХША-ны хяналт шалгалтын байцаагч И.Б миний бие ТБ-81/01/18 удирдамжийн дагуу ...Б.Б албан тушаалаа ашиглаж худалдан авалтын хууль бус ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн дагуу эхнэр болох Д.Э дуудаж дээрх мэдээллийн замаар уулзаж ярилцаж тэмдэглэл үйлдсэн. Уг уулзалтыг 2021.07.06-ны өдөр УБТЗ удирдах газрын ард байрлах зогсоол дээр хийсэн. Тайлбар мэдүүлэг авах үед Д.Э гэр бүлийн гишүүний эсрэг мэдээлэл өгөхгүй байх тайлбар өгөхөд татгалзах зүйл байгаа эсэх талаар асууж тэмдэглэлд тусгасан... гэх тэмдэглэл, /1 дүгээр хавтас хэргийн 115-116 дугаар тал/
-И.Бын Д.Э 2021.07.06-ны өдөр авсан тайлбар, /1 дүгээр хавтас хэргийн 170-173, 2 дугаар хавтас хэргийн 112-113 дугаар тал/
- И.Бын гараар бичсэн 2022.07.08-ны өдрийн ...УБТЗ ХНН-ийн ДАХША-ны хяналт шалгалтын байцаагч И.Б би Д.Э асууж авсан тайлбар. Тайлбарыг Говьсүмбэр аймгийн *** цагт эхэлж цагт дуусгав..., ...нэмэлт: Би өөрийн дансны мэдээллээ гаргаж өгсөн нь үнэн болно... гэх тэмдэглэл, /1 дүгээр хавтас хэргийн 120-121, 2 дугаар хавтас хэргийн 109 дүгээр тал/
-Д.Ц Хаан банкны дансны хуулга баримт, 2021.06.25-ны өдрийн И.Бын гараар бичсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 131, 2 дугаар хавтас хэргийн 123 дугаар тал/,
- Б.Б, түүний эхнэр Д.Э, Д.Э нарын бичгээр гаргасан гомдол /1 дүгээр хавтас хэргийн 109, 119, 199 дүгээр тал/
- 2022.11.15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас хэргийн 60 дугаар тал/
-гэрч Д.Э шүүх хуралдаанд өгсөн ...намайг ажил дээр сууж байх үед И.Б гэдэг хүн гэнэт орж ирээд би Улаанбаатар төмөр замаас явж байна танаас мэдүүлэг авна. Та хүргэн Б эхнэр Э мөнгө зээлүүлсэн байна. Энэтэй холбоотой зүйлээ ярь ярихгүй бол танай хүргэн Бямбацогтод чинь эвгүй юм болно гээд гарын үсэг зуруулж, дансны хуулга аваад явсан... гэх мэдүүлэг зэрэг болно.
15. Ажил олгогчийн И.Бтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалд заасан ...ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, /ажилтны буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хохирол учруулсан/... үндэслэлийн тухайд дараах баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд;
- 2021.06.18-ны өдрийн ТБ-81/01/18 тоот Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын тайланг 2021 оны 08 сарын 03-ны өдөр хэлэлцэж ажилтан Б.Б нууцын гэрээний нууцыг хадгалах тухай заалтыг зөрчсөн тул 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулж хурлын тэмдэглэлийг хүний нөөцийн албанд хүргүүлэхээр, 2021 оны 08 сарын 09-ны өдрийн хурлаар Б.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хурлын тэмдэглэл баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 122-123, 2 дугаар хавтас хэргийн 111, 148-150 дугаар тал/
- Б.Б байгууллагын баримт бичиг, мэдээ, мэдээллийн нууцлалыг хадгалах, түүний түлхүүр нууц кодыг бусдад ашиглуулахаас сэрэмжлэх, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй сахилгын зөрчил гаргасан нь Дотоод аудит хяналт шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 08 сарын 10-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14 279 773.58 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, 2022.06.17-ны өдөр ажилд нь эргүүлэн авах ажил олгогчийн тушаал гарсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 215-223, 2 дугаар хавтас хэргийн 153 дугаар тал/
- 2021 оны 09 сарын 09-ны өдрийн дугаар 588 тээврийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор ...нэр бүхий ажилтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эхнэрийн хамт бусдад давуу байдал олгож тендерт компанийг шалгаруулж өгнө гэж худал амлан бусдаас мөнгө авдаг тул буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага тооцож өгнө үү... гэсэн хариуцагч байгууллагын гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 212-214 дүгээр тал/
- Дархан-уул аймаг, *** сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендэр ирүүлэх Тендерийн урилга 2021 оны 02 сарын 05-ны өдөр нийтэд мэдээлэгдсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 138, 2 дугаар хавтас хэргийн 118 дугаар тал/
- Б.Б түүний эхнэр Д.Э, Д.Э нарын гаргасан гомдол, 2022.03.29-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан баримтаар ...2021.06.18-ны өдрийн ТБ-81/01/18 дугаартай шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхдээ И.Б хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Монгол улсын Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Дотоод аудит хяналт шалгалтын зохион байгуулах журмыг тус тус зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, 2022 оны 04 сарын 01-ны өдрийн хурлаар И.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 123.2.5-т заасан зөрчил гаргасан... гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 44-53, 109, 119, 125-130, 199/ баримтууд болно.
16. Хариуцагч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар татгалзлаа эдгээр баримтаар нотолсныг гомдол гаргагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй.
17. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар гомдол гаргагч И.Б 2021.06.18-ны өдрийн ТБ-81/01/18 тоот Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу ажилтан Б.Бямбацогттой холбоотой мэдээллийг шалгахдаа ...Дотоод хяналт шалгалтад хамрагдаж байгаа алба хэлтэс, төв, салбар, нэгж, түүний ажилтан, албан тушаалтнаас тайлбар гаргуулан авах, шаардлагатай тохиолдолд тайлбар авч тэмдэглэл үйлдэх, лавлагаа мэдээлэл баримт бичиг гаргуулан авах, ярилцлага хийх, нотлох баримтуудад тулгуурлан баталгаажуулах... гэсэн удирдамжид заасан шалгалтын хүрээ чиглэл арга хандлагыг заасан атал хэтрүүлж ажилтны гэр бүл хамаарал бүхий этгээдүүдээс хууль сануулан тайлбар ярилцлага авах, тайлбар өгөхийг шаардах шахалт үзүүлэх, тэдний хувийн нууцтай холбоотой баримтыг шаардан авах зэрэг удирдамжаар олгоогүй эрх хэмжээ эдэлж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, мөн Дархан-уул аймаг, *** орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендэр ирүүлэх Тендерийн урилга 2021 оны 02 сарын 05-ны өдөр нийтэд мэдээлэгдсэн байхад энэ талаар нягталж шалгахгүйгээр дээрх тендрийн материалын нууц хадгалах үүргээ хэрэгжүүлээгүй ажилтан Б.Бямбацогт нууцын гэрээний нууцыг хадгалах тухай заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргаж энэ нь ажилтыг ажлаас үндэслэлгүйгээр халах шийдвэрийн үндэслэл болсны улмаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан, эдгээр нь зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.2, 5.3, 5.3.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна.
18. И.Бын ... албаны орлогч даргаас дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын урьд хийж байсан шалгалтын ажилд хууль бус шийдвэр өгдөг байсан гэж тайлбар бичиж өгөхийг шаардсаныг эс зөвшөөрснөөс ажлаас халагдах болсон, ажилтны гэр бүл хамаарал бүхий этгээдээс тайлбар ярилцлага авах баримт гаргуулахдаа тухай бүр нь удирдлагадаа хэлж танилцуулж байсан... гэх гомдлын үндэслэл, тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйг дурьдах нь зүйтэй.
19. Иймд 2022 оны 04 сарын 04-ний өдрийн дугаар Б/-//-32 тоот Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын И.Быг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хуульд заасан журмын дагуу гарсан хуулийн үндэслэлтэй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан И.Бын ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргагч И.Бын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ