Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/00534

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/00534

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Т овогт П-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  Д- ХХК-д холбогдох,

 

12 252 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

нэхэмжлэгч П.Д- оролцож,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Д- хариуцагч Д- ХХК-д холбогдуулан ажлын доголдол арилгахад шаардагдах зардал 12 352 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: .. миний бие Д- ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 18-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Шадивлан зусланд 8х6 хэмжээтэй палкан өвлийн байшинг 15-20 хоногийн дотор барьж дуусгаж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу нийт 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Д- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж барилгын ажлыг дуусгалгүй дутуу хаяж явсан. Иймд дуусгалгүй үлдсэн дотор засал чимэглэл болон ажлын хөлс, тээврийн хөлс бусад ажилд зориулагдах 12,952,500 төгрөгийг Д- ХХК-аас гаргуулж өгнө үү... гэв

 

3. Хариуцагч 2023.12.15-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Д ХХК нь 2023 оны 02 сарын 18-нд Пэлжид овогтой Д-тэй 8х6-ын харьцаатай палкан байшин барих гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар 26 000 000 төгрөг төлсөн. Барилгын явц 90 хувьтай буюу зөвхөн доторлогоо, заслын ажил дутуу байгаа. П.Д-гийн нэхэмжилж байгаа 12 952 500 төгрөгийг манай компани төлөхгүй болно ... Д ХХК нь 5 322 000 төгрөг төлөхөөс П.Д- байшин дуусахад манай компанид төлөх 2 000 000 төгрөгөө хасаад 3 322 000 төгрөгийг төлнө ... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Д ХХК-ийн Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ /хэргийн 3 дугаар тал/

Нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалт /хэргийн 4 дүгээр тал/

Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/

0089 дугаар итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

Д-ын Ч-ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 7 дугаар тал/

Ч.М, Б.Ө нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 8 дугаар тал/

Хаан банк шилжүүлгийн мэдээллийн баримт /хэргийн 9,11 дүгээр тал/

Голомт банк орлогын мэдүүлгийн баримт /хэргийн 10 дугаар тал/

Зураг /хэргийн 12-14 дүгээр тал/

Г ХХК-ийн үнийн санал /хэргийн 27 дугаар тал/

Барилга хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл /хэргийн 28 дугаар тал/

Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 29-30 дугаар тал/

Ажил үйлчилгээний төрөл /хэргийн 31 дүгээр тал/

Иргэн П.Д-гийн амины орон сууцны дотор заслын ажлын төсөв /хэргийн 32-40 дүгээр тал/ баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Д ХХК итгэмжлэл /хэргийн 19 дүгээр тал/

Д ХХК хариу тайлбар /хэргийн 24 дүгээр тал/

Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 25 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч 12 952 500 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээ байгуулахдаа байшинг бүрэн барьж дуусгаж түлхүүр хүлээлцэж өгөхөөр тохиролцож 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч байшинг ашиглалтад оруулаагүй доторлогоо заслын ажлыг хийгээгүй орхисон, нэхэмжилж байгаа үнийн дүнгээс гэрээний дагуу дутуу шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хасаж тооцож үлдсэн мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...доторлогоонд орох 5 322 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн манай компанид төлөх 2000 000 төгрөгийг хасаж үлдэх 3 322 000 төгрөгийг төлнө... гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2023 оны 02 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч П.Д- хариуцагч Д- ХХК-тай Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ бичгээр байгуулан, нэхэмжлэгч Шадивлан зусланд хариуцагчаар 8х6 хэмжээтэй мансардгүй палкан байшин бариулж ажлын хөлс 28 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, банкны шилжүүлгийн баримт, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. \хэргийн 3, 9-11, 24 дүгээр тал\

5. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

6. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

7. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа хуваарийн дагуу гэрээ байгуулсан өдөр 6000 000 төгрөг, 2023.06.20-ны өдөр 18 000 000 төгрөг, түлхүүр гадуулах үед үлдэгдэл 2000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх, хариуцагч барилгын материал буусан өдрөөс хойш 15-20 хоногийн хугацаанд ажлын үр дүн буюу байшинг барьж дуусган түлхүүрийг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн.

8. Нэхэмжлэгч хариуцагчид ажлын хөлс 26 000 000 төгрөгийг төлж гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн нь банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. \хэргийн 9-11 дүгээр тал/

9. Хариуцагч дээрх ажлын хөлсийг хүлээн авсан, харин хариу үүрэг ажлын үр дүн буюу барилгын барьж түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй болох нь түүний бичгээр гаргасан хариу тайлбар баримтаар тогтоогдож байна.

10. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

11. Нэхэмжлэгч ажлын хөлс төлөх гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн тул хариуцагчаас гэрээний хугацаанд үүргээ биелүүлж, ажлын үр дүн болох 8х6 хэмжээтэй палкан байшин түүний түлхүүрийг хүлээлгэн өгөхийг шаардах эрхтэй.

12. Хариуцагч барилгын ажлыг дутуу гүйцэтгэсэн, ажлын үр дүн доголдолтой болох нь хариуцагчийн ...доторлогоо, заслын ажил дутуу байгаа... гэх хариу тайлбараар тогтоогдож байна.

13. Нэхэмжлэгч ажлын доголдлыг арилгах барилгаа бүрэн барьж дуусгахыг хариуцагчид удаа дараа шаардаж мэдэгдэж байсан боловч хариуцагч доголдлыг арилгаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.

14. Хариуцагч ажлын үр дүн доголдолтой байсан талаар маргаагүй, харин доголдлыг арилгахад шаардлагатай зардлын хэмжээний талаар маргаж, ...барилгын ажлын доголдол байшингийн доторлогоо, заслын ажлыг хийж гүйцэтгэхэд 5 322 000 төгрөгийн зардал гарна... гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.

15. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Д- ХХК-аас ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардал 10 952 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

16. Нэхэмжлэгч ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 12 952 500 нэхэмжилсэн, ажлын доголдлыг гуравдагч этгээд Г ХХК 16 553 209 төгрөгөөр гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн, төсөвчин А.Эрдэнэбаатарын Амины орон сууцны дотор заслын ажлын хөлс, материалын зардал, тээврийн зардал шууд зардал 15 048 372 гэж тооцжээ. /хэргийн 27-40 дүгээр тал/

Дээрх баримтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотолсон гэж үзнэ.

17. Нэхэмжлэгчийн ...хариуцагчид төлөх ажлын хөлсний үлдэгдэл 2000 000 төгрөгийг хасаж тооцоход татгалзахгүй... гэсэн тайлбарыг үндэслэн ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардлыг 10 952 500 төгрөгөөр тооцсоныг тайлбарлах нь зүйтэй.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 190 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 190 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасныг баримтлан хариуцагч Д- ХХК-аас зардал 10 952 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 190 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 190 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ