Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 218/МА2019/00009

 

Свебау хаус ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Свебау хаус ХХК-ний нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 25795000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хишигдорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Свебау хаус ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. Өмнөговь аймгийн засаг даргын Тамгын газартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээ /ТГ/ӨМ2015/44/-г 2015 оны 6 сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10448 м.кв талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг олон улсын стандартад нийцсэн 5-8 төрлийн холимог сортын үрээр Швед технологоор техникийн нөхцөлд заасны дагуу чанартай гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн болно. Дээрх гэрээний зүйл болон ажлын үр дүн, гүйцэтгэл, ажлын хөлсний талаар талууд маргаангүй болно. Харин Говь шанх наадам зохион байгуулагдсанаас болж үүссэн халцралтыг зассан үнийг нэхэмжилж байгаа юм. Бага хэмжээгээр халзарсан бол манайх засаж янзлана, харин их байвал Өмнөговь аймгийн тамгын газар санхүүжүүлж янзална гэж тухайн үед комисс гаргаж тохиролцон ажиллаж байсан.

Иймд гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар болон гэрээний 14-т зааснаар захиалагч нь гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй тул ажлын хөлс 25795000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг 150.000.000 төгрөгөөр гүйцэтгэх гэрээг 2015 оны 6 сарын 10-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2015 оны 7 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр талууд тохирсон боловч гүйцэтгэгч тал ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд дуусах боломжгүй болсон тул аймгийн төлөвлөгөөт ажил Говь шанх 5 хурдан морины уралдааны ёслолын ажиллагааг төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зохион байгуулсан. Нэхэмжлэгч компаний нөхөн тариалалт хийх зардал хүссэн албан бичигт 2015 оны 7 сарын 30-ны өдөр албан бичгээр зардал гаргах боломжгүй, мөн ажлын гүйцэтгэлийг сайжруулах зөвлөмжиийг гүйцэтгэгчид хүргүүлсэн. 2015 оны 8 сарын 20-ны өдрийн ажил хүлээлцсэн актад гэрээний дагуу 133.886.035 төгрөг гүйцэтгэгч талд төлснөөс үлдэгдэл 16.113.935 төгрөгийг төлөх, нөхөн тариалалтын зардал 25.795.000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж тамгын газрын дарга Б.Түвшинбаярын тэргүүлсэн ажил хүлээн авах комисс үзсэн хэдий ч албан ёсны шийдвэр биш юм. Тухайн ажилтай холбогдуулан санхүүжилт олгох талаар Тамгын газрын даргын шийдвэр гараагүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлснээс үүссэн үр дагаварыг захиалагч хариуцах боломжгүй.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн тариалалт хийсний зардал 25795000 төгрөг гаргуулах тухай Свебау хаус ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Свебау хаус ХХК-ний нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 25795000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг миний бие Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00045 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад үл нийцсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлээ захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна... гэсэн нь учир дутагдалтай бөгөөд гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон ажлаа хийж дуусган захиалагчид хүлээлгэж өгөхөд захиалагч тал нь өөрсдөө хугацаа хожимдуулан ажл хүлээн авах комиссоо 2015.07.22-ны өдөр томилж, тухайн өдрөө комисс нь гүйцэтгэгчийн 10488 метр кв талбайг шинээр зүлэгжүүлсэн ажлыг хүлээж авахаар хуралдан наадмын үйл ажиллагаатай холбоотой бөх барилдаад их хэмжээгээр халзарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг нь шийдүүлээд танайхаар нөхөн тарилт хийлгэх саналтай байна гэж ажлын гүйцэтгэлийг хүлээж авалгүй Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан захиалагчийн үүргээ зөрчсөн байдаг. Иймээс мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч тал ТГ/ӨМ2015/44 дугаартай гэрээгээр тохиролцсон ажлаа гэрээний үнэ болох 150000000 төгрөгтөө тааруулж хийж дуусгасан байна. Ингээд 2015.07.28-ны өдөр буюу наадмын үйл ажиллагаа дууссаны дараа комисс хуралдаж хүний үйл ажиллагаанаас болж 5450 метр кв талбайд нөхөн тарилт хийх шаардлагатай байна, бид санхүүжилтийг нь шийдүүлээд танай компаниар хийлгүүлье гэснээр дараагийн нөхөн тарилтын ажил эхэлдэг бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан шиг гэрээний санхүүжилтийн үлдэгдлээ авахаар нөхөн тарилт хийж байгаа асуудал биш болох нь тухайн үеийн хурлын тэмдэглэлүүдээр хангалттай нотлогддог.

Мөн шүүх Дээрх комисс нь ...ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй байгуулагдсан болох нь ... тогтоогдож байна. Тухайн комисс захиалагч талыг төлөөлж гэрээ хийх эрхтэй, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг шийдэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байна. Мөн ажил хүлээн авах комиссын дүгнэлтийг захиалагч талын гэрээ байгуулах санал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.. гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт: Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан материалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар үнэлэхэд 2015.07.22-ны өдрийн тэмдэглэлд наадмын үйл ажиллагаатай холбоотой бөх барилдаад их хэмжээгээр халзарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг нь шийдүүлээд танайхаар нөхөн тарилт хийлгэх саналтай байна, 2015.07.28-н өдрийн хурлын тэмдэглэлийн дүгнэлтэд: 1. Нөхөн тарилтыг 5450м2 талбайд хийж, зүлэгний ургалтыг жигдрүүлэх 2. Нэмэлт санхүүжилтийн тооцоог гаргах, 2015.08.18-ны өдрийн дүгнэлтэд: ...2015.07.22-ны өдрийн комиссын шийдвэрт тусгагдсаны дагуу нөхөн сэргээлтийн нэмэгдэл санхүүжилтыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэв гэсэн байгаа нь ЗДТГ-аас томилогдсон комисс гүйцэтгэгч компанид буюу нэхэмжлэгчид ЗДТГ-ыг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлээд зогсохгүй комиссын гишүүд ч өөрсдийгөө захиалагчийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголттой байсныг харуулж байна. Иймээс шууд комисс томилсон тушаалыг үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан зарчимд үл нийцэж байна.

Мөн хариуцагч 2015.07.30-ны өдөр зардлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу мэдэгдэх хуудас гүйцэтгэгчид хүргүүлж байсан гэдэг боловч хамгийн сүүлийн албан бичиг болох 2015.08.20-ны өдрийн хурлын тэмдэглэл болон Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 10488 мкв талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын актад 4. Нөхөн тарилт хийх ажилд зарцуулсан зардалд 25795000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж үзэв гээд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр хянаад гарын үсэг зурсан нь нөхөн тарилтын нэмэлт санхүүжилтийг анхнаасаа мэдэж хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Свебау хаус ХХК-ийг төлөөлж захирал Б.Хишигдорж нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хариуцуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 25.795.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гомдолд...шүүх Дээрх комисс нь ...ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй байгуулагдсан болох нь ... тогтоогдож байна гэсэн атлаа тухайн комисс захиалагч талыг төлөөлж гэрээ хийх эрхтэй, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг шийдэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байна. Мөн ажил хүлээн авах комиссын дүгнэлтийг захиалагч талын гэрээ байгуулах санал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.. гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан зарчимд үл нийцэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтад дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Свебау хаус ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай харилцан тохиролцож 2015 оны 6 сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажил гүйцэтгэх тухай ТГ/ӨМ2015/44 тоот гэрээг /хх-12/ байгуулж, гэрээнд захиалагч талыг төлөөлж аймгийн Засаг дарга /Б.Бадраа/, түүний Тамгын газрын дарга /Б.Түвшинбаяр/, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Т.Дөлбаяр/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /Б.Дэндэвсамба/, Биеийн тамир спортын газрын дарга /С.Түвшинбаяр/, Хууль зүйн хэлтсийн дарга/Ц.Амартөгс/ нар, гүйцэтгэгч Свебау хаус ХХК-ийг төлөөлж захирал Б.Хишигдорж гэрээнд гарын үсэг зуржээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгэгч тал өөрийн зардлаар 2015.06.15-наас (захиалагчийн санхүүжилт гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа ирсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан) эхэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015.07.22-ны өдрийн а/118 тоот тушаалаар ажлын үр дүнг хүлээн авахаар комисс томилогдсон байна. /хх-3/

Захиалагч талын Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд 10488 м2 талбайг шинээр зүлэгжүүлсэн гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үе буюу 2015.7.22-ны өдрийн хуралдаанд яригдсан асуудлууд тэмдэглэлд тусгагджээ. Тухайлбал, БОАЖГ-ын ойн мэргэжилтэн Н.Мөнхгэрэл ...тарилт хийснээс хойш бороо ихтэй, халалт бага байсан учир удаан ургаж байна. ...хөрс боловсруулалт болон тарилт хэвийн явагдсан боловч хугацаа хожигдсон, уг ажлыг аажуу эхэлсэн гэж Ойн албанаас дүгнэж байгаа гэж, Гүйцэтгэгчийг төлөөлж Б.Хишигдорж хөрс боловсруулалтын ажлыг 6 сарын 15-наас эхэлсэн. ...тарилт 06 дугаар сарын 27-нд дууссан байгаа. Байгалийн тодорхой хүчин зүйлээс болж ургалт удаашралтай байна. Бороо их орж, нар бага халж байна, гэрээнд нөхөн тарина гэж тусгаагүй хэдий ч манайх тодорхой хэмжээгээр нөхөн сэргээлтэд оролцоно гэж, БОАЖГ-ын ойн албаны дарга Ц.Алтангэрэл Бүрэн ургасны дараа нөхөн тарих ажил хийгдэнэ гэж, Т.Дөлбаяр ...Танай компанитай байгуулсан гэрээний хугацаа дуусч байгаа. Тэгэхээр 8 сарын 15 хүртэл сунгаж, наадмын үйл ажиллагаатай холбоотой бөх барилдаад их хэмжээгээр халзарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг шийдүүлээд танайхаар нөхөн тарилт хийлгэх саналтай байна гэж /хх-104/ Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2017.8.1-ний 157 тоот албан бичигт Даланзадгад суманд ...6 дугаар сард 48 мм, 7 дугаар сард 34.3 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас их байна. 2015 оны 6 дугаар сарын 1, 13, 14, 26, 27, 7 дугаар 6, 9, 10, 13, 15-ны өдрүүдэд 8-10 балл үүлтэй, тэнгэр бүрхэг байсан болохыг тодорхойлов гэжээ.

Эдгээр нотлох баримтуудаар 2017.6.10-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэж, наадмын дараах нөхцөл байдлаас нөхөн тарилтын асуудлыг шийдвэрлэхээр тохирсон байна.

2015.07.22-ны хуралдааны тэмдэглэлд зүлэгний ургалт удаашралтыг дээр дурдснаар хүлээн зөвшөөрч, 2015.7.24-26-ны өдрүүдэд болох баяр наадмын дараах зүлэгний нөхөн тарилтын ажлыг хэрхэх асуудлыг хэлэлцсэн. Энэ нөхцөл байдал нь 2015.07.22,28, 2015.08.18,20-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэл, зураг /хх-6-11, 28,101-106/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

2015.7.27-ны өдрийн комиссын хуралдаанаар Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 10488м2 талбайг зүлэгжүүлэх ажлын баяр наадмын дараах төлөв байдлыг үнэлэх тухай хэлэлцээд комиссын гишүүд дараахь нөхцөл байдлыг дүгнэн ярилцжээ. Тухайлбал:

-Ц.Алтангэрэл: Усалгааг VII/22-ноос хойш 6 хоног татсанаас зүлэгний өнгө шарлаж, ургалт зогсох хандлагатай болсон ... Нөхөн таривал үр их орно. 250 орчим кг үр дахин цацах нь гэж,

-Н.Мөнхгэрэл: хэмжихэд цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний зүүн хэсэгт 1250 м2 газар гүн халзарч, талхлагдсан. Төв хэсгээрээ 4200 м2 нийт 5450 м2 талбайн ургаж байсан зүлэг халзарч, шарлаж, хүний үйл ажиллагааны нөлөөнөөс дарагдаж, өнгө зүй муудсан, ургалт удааширч, зүлэгний дундаж өндөр 5-2 см болсон. Жигд ургуулъя гэвэл нөхөн тарих шаардлагатай гэж,

Комиссын хуралдааны дүгнэлт хэсэгт нөхөн тарилтыг 5450 м2 талбайд хийж, зүлэгний ургалтыг жигдрүүлэх гэжээ.

Дээр дурдсанаар талуудын хооронд хийгдсэн 2015.6.10-ны гэрээний гүйцэтгэлийг хүлээн авах үед захиалагч талаас оролцсон мэргэжилтнүүдийн тайлбар /хх-101,103-104/, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийгээ дэмжсэн тайлбар, гэрч Ц.Алтангэрэлийн Свебау хаус ХХК-ний зүлэгжүүлэлтийн ажилд технологийн ажлын хяналт тавьдаг байсан. Ургалтын хувьд тааруухан ургасан. Хамгийн гол зүйл нар халахгүй байсан. ...50% талбай... гэсэн /хх-117 ар талд/ мэдүүлэг, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2017.8.1-ний 157 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар хур тунадас ихтэй, тэнгэр бүрхэг, халалт бага байсан зэрэг нь зүлэгний ургалт удаашрахад нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хариуцагч тал тухайн үедээ гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийн талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар захиалагч талаас гүйцэтгэгч Свебау хаус ХХК гэрээний нөхцөл зөрчсөн тухай яриагүй, ажлын үр дүнд ямар нэг доголдол байсан талаар гомдлын шаардлага гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 348 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа, 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7-д заасан ажил гүйцэтгэгчийн үүрэг, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан ажлын гүйцэтгэлийн доголдол зэргийн талаар 352 дугаар зүйлийн 352.4-т заасан эрхээ тухайн үед нь хэрэгжүүлээгүй байх бөгөөд энэхүү нөхцөл байдлууд талуудын тайлбарт дурдагдаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул захиалагч буюу хариуцагчийг 2015.6.10-ны өдрийн гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 2015.6.10-ны өдөр байгуулсан бөгөөд 2015.7.27-ны өдөр 44/1 гэрээний заалтын талаар ...захиалагч нь зүлэгний ургалт гүйцээгүй байхад ...баяр наадмын ... арга хэмжээ зохион байгуулсан ...2015.8.20-ныг хүртэл сунгав гэдгийг , ... гэрээний 2-т дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэж тохиролцсон гэж, / хх-1, 120 ар тал, 121/, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт ...2015.7.27-ны өдөр талууд тохиролцон гэрээг сунгасан. ...2015.7.20 гэснийг өөрчлөн 2015.8.20-ны өдөр...гэрээний 2 дахь заалтад дээрх хугацаанаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэсэн /хх-23/ тайлбарыг тус тус гаргажээ.

Захиалагч талыг төлөөлөн тус гэрээг /хх-13/ байгуулж, ажлын гүйцэтгэлийн хүлээн авах комиссын даргаар ажиллаж байсан Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаярын комиссын хуралдаанд ...Танай компанитай байгуулсан гэрээний хугацаа дуусч байгаа. Тэгэхээр 8 сарын 15 хүртэл сунгаж, наадмын үйл ажиллагаатай холбоотой бөх барилдаад их хэмжээгээр халзарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг шийдүүлээд танайхаар нөхөн тарилт хийлгэх саналтай байна гэсэн /хх-104/, Гүйцэтгэгч Свебау хаус ХХК-ныг төлөөлж оролцсон захирал Б.Хишигдоржийн комиссын хуралдаанд Гэрээнд нөхөн тарина гэж тусгаагүй хэдий ч манайх тодорхой хэмжээгээр нөхөн сэргээлтэд оролцоно, нөхөн тарих үрийг үлдээж байна гэсэн /хх-104/байна.

2015.08.18-ны өдрийн комиисын хуралдааны дүгнэлтэд ...Гүйцэтгэгч Свебау хаус ХХК нь нөхөн сэргээлтийн ажлыг өөрийн хөрөнгөөр 20 хоногийн хугацаанд халцарч сийрэгжсэн газарт нөхөн сэргээлтийг ...зүлэгний өнгө сэргэж, ургалт болон нягтрал эрс сайжирсан. Нөхөн сэргээлтийн ажилд 140 кг зүлэгний үр, 400 кг азотын бордоо, гуманы бордоо, нийлмэл бордоо зэрэг 4 төрлийн бордоог ашиглан усалгааны насосны хүчин чадлыг нэмэгдүүлж ажилласан байна. Аймгийн баяр наадмын дараагаар зүлэгжүүлэлтийн өнгө шарласан, халзарч сийрэгжсэн хэсгийг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийж, 4 төрлийн бордоо ашиглаж ажилласнаар нийт зүлэгжүүлэлтийн өнгө сэргэсэн, халзарч муудсан газар шинээр нөхөн тарилт хийж ургуулсан, ургалт өтгөрч сайжирсан тул 201.7.7.22-ны өдрийн комиссын шийдвэрт тусгагдсаны дагуу нөхөн сэргээлтийн нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Зүлэгжүүлэлтийн ажлын фото зургийг хавсаргав гэсэн /хх-8/ дүгнэлтийг захиалагчийг төлөөлж гэрээ байгуулж /хх-13/ байсан комиссын гишүүн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дэндэвсамба болон тушаалаар томилогдсон комиссын гишүүд гаргажээ.

2015.8.20-ны өдрийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 10488м2 талбайг шинээр зүлэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын актын эхний хэсгийн 2-т Тарилтын ажлыг 2015.6.13-28-ны хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам, Говь шанх-5 хурдан морины уралдааны ёслолын арга хэмжээг аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж 5450 м2 талбайн хөрсийг эвдэж сүйтгэсэн тул ажлын хэсгийн дүгнэлт гарч нөхөн тарилтын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 01-20-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна гэж, Тогтоох хэсгийн 3-т ...Орон нутгийн төсвийн хөрөнгийн эх үүсвэрээс ... эцсийн санхүүжилт 16.113.965 төгрөгийг ..., 4-т нөхөн тарилт хийх ажилд зарцуулсан зардал 25.795.000 төгрөгийг ... олгох нь зүйтэй гэж, актад: ...нөхөн тарих дүгнэлт, тарилт, нөхөн тарилт, хяналтын ажлын зургийг хавсаргав /хх6-7/ гэсэн актыг мөн захиалагчийг төлөөлж гэрээ байгуулж байсан комиссын гишүүн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дэндэвсамба болон тушаалаар томилогдсон комиссын гишүүд /зарим нь/ гаргаж, уг актыг зөвшөөрч гүйцэтгэгч талыг төлөөлж Свебау хаус ХХК-ний захирал Б.Хишигдорж, хянасан гэсэн хэсэгт гэрээ байгуулж байсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5450 м2 талбайд нөхөн тарилт хийх талаарх тохиролцоо нь талуудын тайлбар болон 2015.7.27-ны өдрийн 44/1 тоот гэрээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-т нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан зохицуулалтад нийцсэн байна гэж үзэв.

 

Гэрээ тайлбарлах тухай Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ. 2015.6.10-ны өдрийн ТГ/ӨМ2015/44 тоот гэрээний бусад заалт 44/1 тоот гэрээнд хэвээр байхаар талууд тохиролцсон нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцэж байна

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Свебау хаус ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн татгалзал, тайлбарт Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2015.7.20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч гүйцэтгэгч тал хугацаандаа өгөөгүй. ...гүйцэтгэгч компани ажлыг дуусгах эцсийн хугацаанаас 7 хоногийн дараа буюу 2015.7.27-ны өдөр талууд тохиролцож гэрээг сунгасан ба ...2015.7.27-ны өдөр талууд тохиролцон гэрээг сунгасан. ...2015.7.20 гэснийг өөрчлөн 2015.8.20-ны өдөр болгожээ. ...нөхөн тариалалтын зардал 25.795.000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж Тамгын газрын дарга Б.Түвшинбаярын тэргүүлсэн ажил хүлээн авах комисс үзсэн хэдий ч ...шийдвэр гараагүй. ...Захиалагч нь Засаг даргын Тамгын газар тул ...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаварыг захиалагч хариуцах боломжгүй гэсэн үндэслэл, дээр дурдсан нөхцөл байдал нь хэргийн нотлох баримтаар болон дээр дурдсан үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

Хариуцагч тал буюу захиалагч нь гүйцэтгэгч Свебау хаус ХХК-ныг гэрээний хугацаанд /2015.7.20/ ажлыг хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар гаргадаг боловч захиалагч тал 2015.7.22-ны өдөр ажил хүлээн авах комисс томилсон, ажлын үр дүнг хүлээн авах үеийн нөхцөл байдлын талаархи өөрийн татгалзлаа нотлоогүй, Гүйцэтгэгч компани ажлыг дуусгах эцсийн хугацаанаас 7 хоногийн дараа буюу 2015.7.27-ны өдөр гэж тайлбарладаг ч энэ нь тогтоогдоогүй бөгөөд 2015.7.24-26-ны өдрүүдэд баяр наадмын арга хэмжээ явагдсан байх тул тайлбарын үндэслэл үгүйсгэгдэж байна.

2015.8.20-ны өдөр Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 10488м2 талбайг шинээр зүлэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын актын эхний хэсгийн 2-т Тарилтын ажлыг 2015.6.13-28-ны хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам, Говь шанх-5 хурдан морины уралдааны ёслолын арга хэмжээг аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж 5450 м2 талбайн хөрсийг эвдэж сүйтгэсэн тул ажлын хэсгийн дүгнэлт гарч нөхөн тарилтын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 01-20-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна гэсэн /хх-6/ баримтаар хариуцагч талын тайлбар, татгалзалд дурдсан нэмэлт гэрээ, гэрээний сунгалт гэж үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарт дурдсан нөхцөл байдал, үндэслэлийг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой өөр бусад нотлох баримтаар няцаагаагүй, эдгээр баримтыг ирүүлээгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар, дээр дурдсан нөхцөл байдал үндэслэлд дурдсанаар Өмнөговь аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5450 м2 талбайн хөрсний нөхөн тарилтын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 01-20-ны хооронд хийж нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Свебау хаус ХХК нь гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэж байх ба хариуцагч тал Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, үүрэг гүйцэтгэх зарчим буюу хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн зарчмаар гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Хэргийн 333-391 дүгээр хуудсанд нэхэмжлэгч талаас ирүүлсэн гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд зарцуулсан био ялзмагийн үнэ 5870000 төгрөгийн, үр бордооны үнэ 19024200 төгрөгийн, хоолны үнэ 800000 төгрөгийн, тээврийн зардал, болон бензин шатахууны үнэ 2955870 төгрөгийн, компаны болон хөлсөөр ажиллах гэрээт ажилчидын цалин 5000000 төгрөгийн, нийт 33650000 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн бөгөөд эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлээр нэхэмжлэгч Свебау хаус ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн тарилтыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 25.795.000 төгрөгийг хариуцуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2017/00045 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 25.795.000 төгрөг гаргуулж Свебау хаус ХХК-д олгосуай гэж өөрчлөн, Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 286925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 286.925 төгрийг гаргуулж нэхэмжлэгч Свебау хаус ХХК-д олгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ