Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 318

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                                                                                         Нэхэмжлэгч:        “СБХ”    ХХК

                                                                                         Хариуцагч:   Өмнөговь аймгийн Засаг                                    даргын     тамгын   газар

 

25795000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х , түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , прокурор Л.Солонго, гэрч Ц.А , нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “СБХ” ХХК /захирал Б.Х / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээ “ТГ /ӨМ2015/44”-г 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 4-т заасны дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10448 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг олон улсын стандартад нийцсэн 5-8 төрлийн холимог дээд сортын үрээр Швед технологиор техникийн нөхцөлд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэн гэрээний зүйл буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болно. Дээрх гэрээний зүйл болон ажлын үр дүн, гүйцэтгэл, төсөвлөгдсөн ажлын хөлсний талаар талууд маргаангүй болно. Харин 2015 оны 07 дугаар сарын 2-ны өдөр комисс хуралдаад баяр наадмын дараагаар зүлэг их хэмжээгээр халцарч сүйдвэл зардал мөнгийг нь шийдээд нөхөн тарилт хийлгэж хүлээж авъя гэж гэж гэрээг сунгасан. Ингээд аймгийн баяр наадам “Говь шанх” хурдан морины уралдааны арга хэмжээ зохион байгуулсны дараа зүлэгжүүлэлтийн 50 гаруй хувь халцарч талхлагдсан байсныг тохиролцсоноороо манай компани нөхөн тарилт хийгээд хугацаандаа хүлээлгэн өгсөн юм. Өгснөөр бидний маргаан үүсэж байгаа болно. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээ “ТГ /ӨМ2015/44”-г 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 44/1-ээр гэрээ сунгалт хийх болсон үндэслэлийг гэрээний сунгалтын хэсэгт ...захиалагч нь зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам “Говь Шанх-5” хурдан морины уралдаан ёслолын арга хэмжээг аймгийн төв цэнгэлдэхэд зохион байгуулсан тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10448 метр квадрат талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгав гэдгийг хооронд тохиролцсон болно гэж тодорхойлсон байгаа. Мөн сунгалтын гэрээний 2-т дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэж тохиролцсон бөгөөд үндсэн гэрээний 4-т гүйцэтгэгчийн хийвэл зохих ажил буюу гэрээний зүйлийг байхад тодорхойлсон бөгөөд Үндсэн гэрээний 4-т заасан манай тал зохих ёсоор бүрэн биелүүлсэн байхад захиалагч талын хүсэл зоригоор, мэдээж баяр наадмаа тав тухтай иргэдийн таашаалд нийцүүлэхийн үүднээс ургац гүйцээгүй хийсэн нь гэрээний сунгалтын 1-р заалтад тусгагдсан болно. Гэрээний сунгалтын дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч тал ЗДТГ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ө/118 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд, мөн энэ ажлын хэсэг хуралдан ажлын явцын талаар ярилцан гэрээг 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байгаа. 44/1 гэрээний дагуу нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх ажлын төвийн талаар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай талаас захиалагч талд 41 тоот илгээсэн бөгөөд захиалагчийн хүсэлтээр ажлын төсвийг бууруулж 25795000 төгрөг болгосон. Нөхөн сэргээлтийн хийж гүйцэтгэсэн ажлыг буюу нэмэлт гэрээний зүйл буюу ажлын үр дүнг хүлээн авсан талаар ажлын хэсэг гэрээний 10-т зааснаар ажлын гүйцэтгэлийн хяналтыг аймгийн БОАЖ газар, БТС газрууд тус тус хийн, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 08 дугаар сарын 20-ны өдөр хуралдан уг ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаар шийдвэрлэн, нөхөн тарилт хийсэн зардлыг шийдвэрлэж олгох актыг мөн өдөр үйлдсэн болно.

Иймд гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгэгч тал зохих ёсоор биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар болон гэрээний 14-т зааснаар захиалагч нь гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй тул ажлын хөлс 25795000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СБХ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн тариалалт хийсний зардал 25795000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч компанитай Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг 150 000 000 төгрөгөөр гүйцэтгэх гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна. Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч гүйцэтгэгч тал ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 22- ны өдрийн А/118 дугаартай тушаалаар томилогдсон ажил хүлээн авах комисс нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи 10488 м2 талбайн шинээр зүлэгжүүлсэн ажилтай танилцан тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байна. Гүйцэтгэгч компани ажлыг дуусгах эцсийн хугацаанаас 7 хоногийн дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр талууд тохиролцож гэрээг сунгасан ба зөвхөн ажил хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 20 гэснийг өөрчлөн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болгожээ. Энэхүү гэрээнд нөхөн тариалалт хийсэнтэй холбогдуулж ямар нэгэн санхүүжилт олгох талаар заагаагүй ба гэрээний 2 дахь заалтад “Дээрх хугацаанаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно” гэжээ. Гүйцэтгэгч тал ажлыг гэрээний хугацаандаа эхэлж, гэрээний хугацаанд дуусгах боломжгүй болсон тул аймгийн төлөвлөгөөт ажил, арга хэмжээ болох “Говь шанх 5” хурдан морины уралдааны ёслолын ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл энэхүү ажиллагаа нь үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан юм. Үүний дараа ажил хүлээж авах комисс тэмдэглэл үйлдэж бага хэмжээний халцралт үүссэн тул гүйцэтгэгч компаниар зардлыг гаргуулан нөхөн тариалалт хийлгэхээр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч компанийн зардал хүссэн албан бичигт 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2-1503 дугаартай албан бичгээр зардлыг гаргах боломжгүй, мөн ажлын гүйцэтгэлийг сайжруулах зөвлөмжийг гүйцэтгэгчид хүргүүлсэн байна. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ажил хүлээлцсэн актад гэрээний дагуу 133 886 035 төгрөгийг гүйцэтгэгч талд төлснөөс үлдэгдэл 16 113 935 төгрөгийг төлөх, нөхөн тариалалтыг зардал 25 795 000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж Тамгын газрын дарга Б.Т ын тэргүүлсэн ажил хүлээн авах комисс үзсэн хэдий ч албан ёсны шийдвэр биш юм. Захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар тул шийдвэрийг Тамгын газрын дарга гарган, гарын үсэг зурж баталгаажуулдаг юм. Тухайн ажилтай холбогдуулан санхүүжилт олгох талаар Тамгын газрын даргын шийдвэр гараагүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлснээс үүссэн үр дагаврыг захиалагч хариуцах боломжгүй юм. Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн тариалалт хийсний зардал 25 795 000 төгрөг гаргуулах “СБХ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “СБХ ” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэгчээр сонгогдож, төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5000 мкв талбайг зүлэгжүүлэх ажлыг хийсэн. Тухайн үед ажлаа төлөвлөсөн ёсны дагуу цаг хугацаа алдаагүй ажлаа хийж дуусгасан. Энэ үед аймгийн баяр наадам болж, дахин нөхөн тарилт хийлгье гэсэн, энэ нь хуульд нийцсэн асуудал байсан. Тэрийг бол орон нутгийн өмчийн бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд гэрээний үндсэн гүйцэтгэгч тал гэрээний 23 дахь заалтаас дооших асуудлуудыг тендэргүйгээр шууд хийж гүйцэтгэх учиртай. Ингээд тухайн компанитай ярьж тохироод тухайн үед захиалагчаас томилогдсон комисс нь хэдэн төгрөг болох, хэдэн метр квадрат болох талаар баяр  наадмын дараа халцрахыг мэдэхгүй байсан учраас тэдгээр гүйцэтгэл, төсөв санхүүг нь ярьж шийдээд гаргаж өгье, баяр наадмын дараа нөхөн тарилтыг хийж өгье гэж тохиролцсон байдаг. Энэ нь хувь хүний хүсэл зоригийг илэрхийлэх гээд иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “хүсэл зоригийн илэрхийлэл утга ойлгомжгүй бол хүсэл зоригийн илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага,  үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэсэн байдаг. Захиалагчийн зүгээс олон удаагийн дүгнэлт болон төсөв санхүүгийн шийдэж, нөхөн төлөвлөлт хийхээр тохиролцож, хийж гүйцэтгэсэн. Ингээд 08 дугаар сарын 20-нд ажлыг хийж, хүлээлгэж өгсөн. Энэ компани бол ажлаа маш сайн хийсэн. Цаг хугацаа алдаж, цалгардсан зүйл огт байхгүй. Үүнээс болж төр ямар нэгэн байдлаар хохироогүй. Төр хийлгэх ёстой ажлаа хийлгэж авсан. Ямар учир шалтгааны улмаас мөнгийг өгөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Энэ нь шударга ёс, бодит байдалд тулгуурлаж шийдсэн нь зөв байх гэж үзэж байна. Ер нь сангийн сайдын тушаалаар ч нөхөн төлбөрийг ямар тохиолдолд хийх вэ гэхээр тухайн захиалагч гүйцэтгэгч хоёрын үйлдэл яг тохирч байдаг. Тийм учраас үүнийг  хангуулан шийдэж өгнө үү гэдэг хүсэлтэй байгаа. Улирлын чанартай ийм ажил 04 дүгээр сарын 10-нд гэхэд хөрс суулгалтын ажил нь хийгддэг. Гэтэл 06 дугаар сарын 10-нд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын ажил нь оройтчихсон. Өөрөөр хэлбэл захиалагчийн төрийн болон орон нутгийн өмчийн бараа, үйлчилгээ худалдан авах хуулийн 46.1.8 хэсэгт барилга, зам, инженерийн шугам сүлжээний ажлыг тодорхой улиралд хийгддэг ажил. Энэ үйлчилгээг худалдан авах тал тухайн жилийн төсөвт батлагдсан байна уу гэдгийг үзэх ёстой. Өөрөөр хэлбэл аймгийн төсөв бол урьд оныхоо 12 дугаар сарын 05-нд батлагддаг. Гэтэл улсын төсөв бол 11 дүгээр сарын 15-нд батлагддаг. Үүнийг батлагдсан даруй ажиллаж байх ёстой байтал дараа жилийнхээ 06 дугаар сарын 10-нд сонгон шалгаруулалт хийж байна гэдэг нь өөрөө гүйцэтгэн сонгон шалгаруулалтыг оройтуулсантай холбоотой юм. Бусдаар компанийн зүгээс хугацаа алдаагүй, технологийн горим зөрчөөгүй бүх ажил ёс журмын дагуу хийгдэж, захиалагчийг хохироогоогүй. Тиймээс компанийг маш хүнд байдалд оруулж, орших эс орших асуудалд хүргэж байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч талтай тодорхой хэмжээнд ярилцаад эвлэрэх боломжтой. Хариуцагч болон прокурорын тайлбарыг сонслоо. Төр энд хохироогүй. Хийх зүйлээ л хийсэн. Энд шударга ёсыг эрэлхийлж байна уу, хэн нэгнийг хохироох юм ярьж байна уу, бид бүхэн үүн дээр гайхаж байна. Үнийн тохируулга гэдэг бол ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх, валютын ханшийн өсөлтийн хэлбэлзэл, инфляцын хэт уналт гэх мэтчилэн эдгээр зүйлүүд дээр үнийн тохируулга гэдэг зүйлүүд дээр яригддаг юм.  Нэмэлт ажил хийлгэчихээд мөнгө өгөхгүй гэсэн санаа биш. Нэр томъёог жоохон зөв хэрэглэх нь зүйтэй байх. Тендерийн жишиг баримт бичгийг сайдын тушаалаар тэр болгоны гэрээн дээр тусгах боломж байдаггүй учраас тендерийн жишиг баримт бичгээр захиалагч гүйцэтгэгч гэсэн хоёр хүч тэнцвэргүй байдлыг зохицуулдаг журамтай. Тендерийн жишиг баримт бичгийн сайдын тушаалын хоёрдугаарт захиалагчийн үйл ажиллагааны улмаас урьдчилан бий болох нөхцөл байдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах, эсвэл бусад үндэслэлүүдээр шаардагдсан нэмэлт ажил гүйцэтгэх зааварчилгааг төслийн менежерээс өгсөн бол нөхөн төлбөр хийх нөхцөл бүрдэнэ гэж энэ тендерийн бичигт заачихсан байгаа юм. Нэмэлт гэрээний хувьд гэрээ сунгах болсон үндэслэл, шаардлагыг маш тодорхой дурдаж байгаад доод талд нь /сунгав/ гээд биччихсэн. Энэ захиалагч тамгын газар бол иргэдийн нэрийг хамаагүй ярьж болохгүй. Тэгээд ч зүлэг ургалтын асуудал бол заавал цаг хугацаагаар хүлээж авдаг зүйл биш. Энэ чинь шударга ёсонд нийцэхгүй. Тухайн жил нь цаг агаарын байдал ямар байх уу, энэ хэрэгт авагдсанаар зүлэг ургалт ургах боломж бололцоо маш ховор байсан. Цаг хугацаа сонгож, энэ зүлэг улирлын чанартай зүйлийг төсөв батлагдсан дараа зохицуулсан хор хохирлыг одоо ч бид үзэж байна. Жишээлбэл одоо их орж буй хур тунадас орж байхад 3 тэрбум төгрөгөөр ус зайлуулах хоолойг хийлгэж байгаа хүртэж байх ёстой гэтэл өчигдрийн бороо ямар гай гамшиг, хор хохирол амсаад байна вэ? гэхээр энэ чинь захиалагч байхгүй юу, тэгэхээр үүнийг зүлэг ургалтын тендерийн орой зарлагдсан буюу захиалагчтай холбоотой. Гүйцэтгэгчийн хувьд ямар ч цаг алдаагүй, технологийн горим алдаагүй гүйцэтгэсэн. Ийм учраас шударга ёс, бодит байдалд нийцүүлж шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “СБХ ” ХХК, хариуцагч Засаг даргын тамгын газартай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 44 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгуулсан байдаг. Ингээд гэрээ байгуулаад 10488 мкв талбайг шинээр зүлэгжүүлэх, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр захиалагч талаас тухайн ажлыг хүлээж авдаг. Ийнхүү наадмын үйл ажиллагаа болон болзошгүй байдлыг төлөвлөх, гэрээний хугацаа дуусаж байгаа нь 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлын протоколоор тогтоогддог. Үүний дагуу 1/44 дугаартайгаар гэрээг сунгаж байгуулсан. Гэрээний 1 дэх заалт захиалагч нь нөхөн төлбөр үүсээгүй байхад аймгийн 84 жилийн ойн наадам Говь шанх-5 хурдан морины уралдаан, ёслолын арга хэмжээ, аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан тул 10488 мкв талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгав. Сунгасан шалтгаан нь захиалагчийн саналтай холбоотой шалтгаанаар гэрээний хугацааг сунгасан байдаг. Нөхөн төлбөрийн холбоотой хугацааг шийдвэрлэж өгнө үү гэдгийг комиссын дарга П-д хэлсэн байдаг. Үүнийг бол гүйцэтгэгч тал хүлээж авдаг. Хариуцагч талаас хугацаа хожимдуулсан, ямар нэгэн байдлаар зүлэгний ургалт зэргээс иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрх нь байсан. Ингээд гомдол гараагүй байгаа учраас гүйцэтгэгчийн буруугаас болж гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тэр даруй гэрээ байгуулсанд тооцдог. Мөн хуулийн 198.6 дугаар зүйлд энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ, гэж заасан. Тэгэхээр энэ байгуулагдсан гэрээ нь сүүлд байгуулагдсан гэрээ нь нөхөн тарилт хийхтэй холбоотой  гэрээ гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл захиалагч талаас томилогдсон комиссын гишүүд бөх барилдаж, наадмын үйл ажиллагаа болсонтой холбоотойгоор 50 мкв зүлэг халзарч, сүйдсэн байна. Үүнд бол зайлшгүй нөхөн тарилт хийх шаардлагатай. Ингээд дахин нэмэлт санхүүжилтийн тооцоог дахин хийе гэсэн зүйлүүдийг ярьдаг. Энэ үйл ажиллагаа бол тухайн баяр наадмын үйл ажиллагаа дууссаны дараагаар буюу 07 сарын 28-ны өдөр хуралдсан хурлын протоколоор нотлогддог. Ингээд гүйцэтгэгч компаниас тухайн нөхөн тарилт хийсний дараа 2015 оны 08 сарын 20-ны  өдөр тухайн нөхөн тарилт болон үндсэн ажлыг хүлээж авсан байдаг. Үүнтэй холбоотой акт гарсан байдаг. Энэ нь нөхөн тарилтад 25.795.000 төгрөгийг гаргах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаад үүн дээр комиссын гишүүд болон захиалагч талыг төлөөлөх бүрэн эрхтэй тамгын газрын дарга Т гарын үсгээ зурсан байдаг. Эдгээр нөхцөл байдлаас харахад нөхөн тарилтад зарцуулсан төлбөрийг гаргуулах нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хариуцагч талаас бол тухайн анх байгуулагдсан комисс маань зөвхөн ажил хүлээж авах үүрэгтэй байснаас гэрээ сунгах үүрэггүй байсан. Тиймээс энэ төлбөрийг өгөх боломжгүй гэж тайлбарладаг. Гэтэл иргэний хуулийн 65 дугаар зүйлд 65.1-т “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан. Тиймээс анхнаасаа комиссын гишүүд өөрсдөө энэ асуудалд тамгын газрыг бүрэн төлөөлөх эрхтэй гэсэн ойлголттой байсан. Энэ нь шат шатны хурлын протоколоос харагддаг. Өөрөөр хэлбэл үнэхээр энэ санхүүжилт, нөхөн тарилтын асуудлыг шийдэх эрх мэдэлгүй байсан бол бид санхүүжилтыг шийдье, та нараар нөхөн тарилт хийлгүүлье гэж үүнийг шийдүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтүүдийг гаргаад тэрийгээ гүйцэтгэгчид хэлээд явахгүй яасан юм. Гэтэл энэ хүмүүс маань өөрсдөө төлөөлөх эрхтэй гэж бодсон. Энэ нь анхны хурлын протоколоос харагддаг. Одоо наадмын үйл ажиллагаа болон зүлэг халзарна. Тэгэхээр нөхөн тарилт хийлгүүлнэ гэж бид санхүүжилтыг нь 5430 мкв талбайд нөхөн тарилт хийлгэх шаардлагатай байна. Санхүүжилтын шийдвэрлүүлж өгнө үү. Ингээд нөхөн тарилт хийсний дараагаар хурлын протоколоор нөхөн тарилтын ажил хийгдсэн байна. Бид санхүүжилтын үүнтэй холбоотой актууд ч гарсан. Гэтэл өнөөдөр төлбөр гаргуулах болоод ирэхээр энэ чинь зүгээр л зүлэг хүлээж авах комисс байсан. Санхүүгийн асуудал шийдэх эрхгүй гэж тайлбарлаж, өөрсдөө хариуцлагаас мултарч, гүйцэтгэгч компанийг хохироох хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс дээрх шалтгаанаар захиалагч тал мөнгө гаргуулахгүй байх нь хуульд үл нийцэж байна гэж үзэж байна. Мөн гүйцэтгэгчийн доголдлоос ч юм уу, буруутай үйл ажиллагаанаас ч юм уу зүлэг дутуу ургаснаас болж гэрээ сунгасан гэдэг тайлбарыг хэлж байна. Гэтэл 44 дугаартай гэрээний 12 дугаар зүйл дээр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас ажил зогсох, гэрээнд цаг хугацаанд ажил гүйцэтгээгүй зогссон нь гэрээг сунгах үндэслэл болохгүй гэж заасан. Тэгэхээр энэ зүлэг дутуу ургасан, халзрах гэж байгаа улмаас гэрээ сунгасан гэдэг маань хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл анх байгуулсан гэрээгээр энэхүү зүйлийг хориглочихсон. Тийм учраас дараагийн сунгаад байгаа гэрээ нь дээрээ наадмын үйл ажиллагаа болох гэж байгаа учраас гэрээ сунгаад байгаа юм гэдгийг тодорхой бичээд өгчихсөн. Говь шанх-5 хурдан морины уралдаан, ёслолын арга хэмжээтэй холбоотойгоор уг гэрээг сунгаад байгаа юм. Тэгээд цаад агуулга нь юу байна вэ? гэхээр энэ наадмын үйл ажиллагаа болсны дараа зүлэг халзарна. Тэгэхээр бид нөхөн тарилт хийлгүүлье гэдэг байдлаар гэрээгээ харилцан тохиролцож байгуулсан. Тэгээд бусад зүйлээ өмнөх гэрээтэйгээ холбож тайлбарлаад өөрсдөө ашигтай байдлаар тайлбарласан. Гэтэл үндсэн гэрээний 14-т захиалагч гэрээний дагуу гүйцэтгэх ажил болон гэрээний үнэ, тухайн гэрээний бусад хэлбэрээр гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээж байна. Наадмын үйл ажиллагаатай 25,795,000 төгрөгийн санхүүжилтээр нөхөн тарилт хийлгэсэн энэ гүйцэтгэж байгаа шалтгаан нь өөрөө захиалагчийн санаачилгаар, захиалагчийн тавьсан саналын дагуу хийгдэж байгаа ажиллагаа учраас энэ үндсэн гэрээнийхээ дагуу төлөх үүрэг захиалагчид байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Тэгэхээр гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлж болох, болохгүй гэдгийг 198.6 дахь хэсгээр тайлбарлах боломжтой гэж хуульд тайлбарласан. Энэ асуудлыг аваад үзэхэд хурлын протоколуудаар ч гэсэн нөхөн тарилт хийлгэхийг хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хүлээн зөвшөөрөөд төлөх үүргээ мэдэж байсан юм байна. Өнөөдөр улс төрийн шалтгаанаар удирдлагууд солигдсонтой холбоотой төлөхгүй гэсэн үндэслэл хайгаад баймааргүй байна. Үүнийг бол ашиглаж болохгүй гээд гүйцэтгэгч талыг хамгаалсан хуулийн заалт иргэний хуулийн 65.1 дэх байгаа учраас захиалагч тал бол төлбөрийг нэхэмжлэгч талд төлөх нь зүйтэй гэсэн тайлбарыг хэлж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар буюу захиалагч талаас ажил гүйцэтгэгч “СБХ ” ХХК-тай гэрээ байгуулж, Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд зүлэг суулгахаар 10,488 мкв талбайг шинээр зүлэгжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр ажил гүйцэтгэх техник, хугацаа, төсөв гэх мэтчилэн ажлын гүйцэтгэлийг тохиролцсон байдаг. Ингээд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээлгэж өгөх хугацаа бол 2015 оны 07 сарын 20-ны өдөр гэж тохирч гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед Засаг даргын тамгын газраас ажлыг хүлээж авах комиссыг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл 2015 оны 07 сарын 22-ны өдөр А/118 тоотоор 7 хүнийг томилсон байдаг. Энэ нь зөвхөн ажлын гүйцэтгэлийг хүлээж авах тушаал гаргасан байдаг бөгөөд хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг тухайн комиссд олгоогүй байдаг юм. 2015 оны 07 сарын 22-ны өдөр комисс ажлыг хүлээж авахаар очиход гэрээний нөхцөлд заагдсан ажил бол хийгдээгүй байсан. Ингээд комисс тухайн цаг үед хурлын тэмдэглэл үйлдэж, баримтжуулж дүгнэлт гаргасан байдаг. Гэрээний нөхцөлд  зүлэгний өндөр 7-10 см жигд ургасан байхаар заасан боловч дүгнэлтээр 10,488 мкв газрын 15 хувь нь 7-10 см, 75 хувь нь 3-4 см, 6.5 хувь 1-2 см, 0,5 хувь нь 0,5 см  гэсэн ийм байдалтай зүлэгний ургалт явагдаж байсан. Энэ өдөр гүйцэтгэгч компани хэлдэг. Манайх 2015 оны 06 сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан хэдий ч 06 сарын 16-ны өдрөөс хойш зүлэгжүүлэх ажлыг хийж эхэлсэн гэж тайлбарласан байдаг. 07 сарын 22-ны өдөр мөн гэрчээр Алтангэрэл мэдүүлэг өгөхдөө зарим хэсгээрээ халзарсан байсан гэдэг. Өөрөөр хэлбэл 07 сарын 22-ны өдөр гэдэг бол наадам болохоос 3 хоногийн өмнө байсан бөгөөд наадам 07 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан. Тэгээд очиход талбайн зарим газар халзарсан байдалтай байсан. Ийм учраас ажлын гүйцэтгэлийг хүлээж авах хугацааг хойшлуулсан байдаг. Үүний дараагаар 2015 оны 07 сарын 28-ны өдөр комисс хуралдаж, тэмдэглэл үйлдсэн байдаг. Ингээд шийдвэр гаргахдаа бол 5450 мкв газар нөхөн тарилт хийнэ. Дараа нь нөхөн тарилтын асуудлыг хийнэ гэсэн саналтайгаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байдаг. 06 сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Энэ нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч тал дурдаж байна. Үүнд нэгт хугацаа сунгахтай холбоотой гэрээг хийсэн байдаг. Хоёрт энэхүү гэрээг хугацаа сунгасан агуулгатай гэрээг хийсэн байдаг.  Хоёрдугаар заалтаар тухайн нэмэлт гэрээг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдээд шийдвэрийг хүчингүй болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гэрээг өөрчлөх тодорхой зохицуулалт байдаг. Гэрээг үнийн тохируулга хийж, гэрээний үнийг нэмэгдүүлэх нь тендерийн хуулийнхаа 41 дүгээр зүйлээр хязгаарлагдсан байдаг тул ажил гүйцэтгэх гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх нь захиалагч талд хориотой байдаг. Ийм учраас ажил гүйцэтгэх үндсэн гэрээ гэж 2015 оны 06 сарын 10-ны өдрийн гэрээг хэлж байгаа. Энэ гэрээний тусгай зохицуулалт нь 2.11 дэх хэсэгт гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглоно гэж гэрээн дээр тусгайлан зааж өгсөн байдаг. Үүнийг гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Ийм учраас гэрээний үнийг нэмэгдүүлэх, нөхөн тарилтын зардлыг нэмэгдүүлэх захиалагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал хэлж байна. 2015 оны 07 сарын 18, 28-ны өдрийн комиссын хурлын тэмдэглэлүүд болоод дүгнэлтүүд байдаг. Бид бол нэмэлт санхүүжилт олгох эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл ямар нэгэн гомдол шийдвэр эрх бүхий этгээдэд хэлж, нэмж шийдвэрлүүлэх үүрэгтэй гэсэн саналыг гаргаж байна гэсэн байдлаа хурлын  тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тамгын газрын байр суурь бол маш тодорхой байсан. 07 сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Энэ нь хугацаа сунгасан гэрээ байдаг. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу нэхэмжлэгч “СБХ ” ХХК-аас зардал хүссэн буюу нэмэлт нөхөн тарилт хийх болсон учраас зардал өгөөч, санхүүжилт олгооч гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүнд тамгын газрын эрх бүхий этгээдээс 07 дугаар сарын 30-ны өдөр хариу хүргүүлж байсан. Ямар агуулгатай хариу явуулсан бэ? гэхээр манайхаас нэмэлт санхүүжилтийг гаргах боломжгүй танайх техникийн нөхцөлд заасны дагуу ажлаа бүрэн дуусгаж, ажлаа хүлээлгэж өгөхийг зөвлөсөн. Тухайн үед эрх бүхий этгээд ямар байр суурьтай байсан бэ? гэдгээ 07 сарын 27-ны өдөр илэрхийлж байсан. Хэрвээ тамгын газраас 25,795,000 төгрөгийн олгохоор шийдвэрлэсэн байсан бол төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн тухай хуулиар эрх олгогдсон аймгийн засаг дарга нэмэлт гэрээ байгуулж, тамгын газарт эрх олгодог. Үүнийг үндэслэн тамгын газраас гүйцэтгэгч талтай нэмэлт гэрээ байгуулж явах байсан. Ийм зүйл бол байдаггүй. Албан ёсоор төсвийн ерөнхийлөн захирагч буюу тамгын газрын даргаас эрх олгосон албан бичиг байдаггүй. Ийм байхад нэмж нэхэмжлээд байгаа 25,795,000 төгрөгийг тамгын газраас гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээний 12 дугаар зүйлийг дурдаж байна. Энэ нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж ажил зогсох, гэрээт хугацаандаа ажлыг гүйцэтгээгүй нь гэрээ сунгах үндэслэл болохгүй гэсэн заалт бий. Ингэхээр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байсан уу, гэхээсээ илүү гэрээт ажлыг хугацаандаа үе шаттай хийсэн үү гэвэл хийгээгүй гэж үзэж байгаа болохоор ажил хүлээн авах хугацааг сунгахыг хориглосон заалт гэж үзэх үндэслэлгүй гэв. 

Прокурор Л.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбараас харахад мөн дээрээс нь нэмээд 2015 оны 07 сарын 22-ны өдөр Засаг даргын тамгын газрын А/118 тоот тушаалаар томилогдсон ажлын комисс тухайн талбай буюу төв цэнгэлдэх хүрээлэнд очиж тухайн нөхцөл байдалтай танилцаж, хурлын тэмдэглэл үйлдсэн байна. Энэ тэмдэглэлээс харахад Ц.А  гэрээ дуусаж байна. Гэтэл зарим хэсгээрээ халцгай болох нь харагдаж байна. танайх энэ тал дээр оролцоно биз дээ гэхэд гүйцэтгэгч гэрээнд нөхөн тарилт хийнэ гэж тусгаагүй ч тодорхой хэмжээгээр нөхөн сэргээлтэд оролцоно. Нөхөн тарилт хийхийг үлдээж байгаа гэсэн тайлбар хэлдэг юм байна. Талбай 100 хувь 7-10 см өндөртэй байх ёстой байтал тухайн талбайны 15 хувь нь 5-7 см өндөртэй байсан гэж байна. Ингэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 25.795.000 төгрөгийн шаардлагыг хангах шаардлагагүй буюу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хугацааны хувьд хугацаа алдаагүй гэж яриад байх юм. Нөхөн сэргээлт хийх 4, 5 сараас эхлэн гээд тендер зарлаад 06 сарын 10-ны өдрөөс 07 сарын 20-ны өдөр хүртэл хийсэн гэрээгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихсан. Гэрээний заалт дээр байгаа 07 сарын 20-ны өдөр гэхэд зүлэг 7-10 см өндөр ургах ёстой гэж техникийн нөхцөл дээр заачихсан. Гэтэл зүлэг нь уг хэмжээндээ ургаагүй байхад одоо цаг хугацааны хувьд тендерээ оройтож зарласан гэж яриад байгаа нь  үндэслэлгүй л гэж үзэж байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “СБХ” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 5450 мкв талбайд нөхөн сэргээлт хийж, шинээр зүлэгжүүлсэн ажлын хөлс 25 795 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Засаг даргын тамгын газар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2015/44/1 тоот нэмэлт гэрээгээр үнийн тохируулга хийгээгүй, зөвхөн ажил хүлээлгэж өгөх хугацааг сунгасан тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргадаг.

“СБХ” ХХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хооронд Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр “ТГ/ӨМ2015/44” гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ба “СБХ” ХХК 10 488 мкв талбайг зүлэгжүүлэх ажлыг гүйцэтгэн, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар ажлын хөлс 150 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба талууд энэ талаар маргахгүй байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь “СБХ” ХХК-тай “Захиалагч нь зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам “Говь шанх”-5 хурдан морины уралдааны ёслолын арга хэмжээг аймгийн төв цэнгэлдэхэд зохион байгуулсан тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10488 мкв талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгав. Дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно.” гэж тохиролцсож гэрээ байгуулсан болох нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТГ/ӨМ2015/44-1 тоот гэрээгээр нотлогдож байна.

Дээрхи Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын  сунгалтын гэрээний агуулгаас үзвэл гэрээний хугацааг сунгаж байгаа үндэслэл нь зүлэгний ургалт гүйцээгүй байхад ажлын үр дүн хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тухайлбал захиалагч талд гэрээний зүйл шаардлагатай болсон тул урьдчилан хэрэглэж, улмаар ажлыг дахин гүйцэтгүүлж үр дүнг нь хүлээж авах агуулгаар тохиролцжээ.

10488 мкв талбайн зарим хэсэгт зүлэгний ургалт, үндэсний бэхжилт сайжруулах, зүлэг өтгөрч ургуулах, түүнчлэн Аймгийн баяр наадам болохоор зарим хэсэг халцгай болох нь тодорхой байгаатай холбогдуулж дахин зүлэгжүүлэлт хийлгэхээр болсон болох талуудын тайлбар, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог.

Нэхэмжлэгч 5450 м2 талбайд дахин зүлэгжүүлэх ажлыг хийсэн хөлс 25 795 000 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ.

2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТГ/ӨМ2015/44-1 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч “СБХ ” ХХК-нь өөрийн материалаар 4000 м2 талбайд дахин зүлэгжүүлэлт хийсэн болох нь ажил хүлээж авах комиссын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл /Б.Д: наадмын дараа нөхөн тарилтыг 4000 м2 талбайд хийсэн байна/, гэрч Ц.А ийн мэдүүлэг зэргээр нотлогддог тул захиалагч Засаг даргын тамгын газар хөлс төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч тал 5450 м2 ажлын гүйцэтгэлийн хөлс 25 795 000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд хариуцагч тал үүнийг нотлох баримтаар няцаахгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтаар 4000 м2 талбайн хөлсийг харьцуулах аргаар тооцоолж /5450м2-25795000 төгрөг, 1м2-4733 төгрөг x 5450 м2 = 18 932 000 төгрөг/  хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн тарилт, дахин зүлэгжүүлэлтийн ажлын хөлсөнд  18 932 000 төгрөгийг гаргуулан “СБХ ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 18 932 000 төгрөгийг гаргуулан “СБХ ” ХХК-д олгосугай.

2. “СБХ ” ХХК-ны нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 6 263 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “СБХ ” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 925 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Засаг даргын тамгын газраас 252 610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СБХ ” ХХК-д олгосугай.

Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлээд зохигчид 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р. УРАНЧИМЭГ