Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00686

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00686

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч:  Ж-ийн Н-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Г-ын Э-д холбогдох,

 

54 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Н-аас хариуцагч Г.Э-д холбогдуулан 2021 оны 07 сарын 31-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний үүрэг шилжүүлсэн 54 400 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...энэ хэрэг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ж.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гээр дамжуулж Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ хийгдсэнээр эхэлсэн. Тус орон сууц захиалгын гэрээгээр Г.Э-гаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э ХХК-ийн 2036 кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 7 давхарт 32м.кв нэг өрөө орон сууцны эрхийг шилжүүлж авахаар захиалагч Г.Э-д 54,400,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт эрх шилжүүлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр Х ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулав. Үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж байгуулсан боловч энэхүү байр нь бодит байдал дээр эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой болох нь тодорхой болсон. Учир нь Х ХХК нь манай талд хүлээлгэж өгөх ёстой байрыг давхардуулж зарсан. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №20/16 тоот орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээгээр иргэн Б.Б-т түрүүлж зарсан бөгөөд түрүүлж авсан гэх үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сараас уг байранд амьдарч эхэлсэн. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Б-ыг тухайн байрны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хариуцагч Г.Э- нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний үүрэг болгон олгосон 54,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Н-аас авсан боловч өнөөдрийг хүртэл тухайн байр нь давхардуулан зарагдсан, мөн ашиглалтад орох хугацаанаас хоцорсон, өмнөх захиалагч гэх Б.Б- гэгч тухайн байранд орж амьдарсан байдалтай байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Г.Э-гаас Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний төлбөр болох 54,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...тус шүүхэд гаргасан Ж.Н-ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ж.Н- нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Х ХХК-тай байгуулсан. Хариуцагч Г.Э- нь 2020.09.28-ны өдөр Х ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ үндэслэж захиалагчийн эрхээ л шилжүүлж гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө зараагүй. Иймд нэхэмжлэгч гэрээний нөгөө тал болох Х ХХК-иас хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй гэж бодож байна ... гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 сарын 31-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 07 сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2021 оны 08 сарын 04-ний өдрийн №21/37 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, схем зураг, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0320 дугаартай итгэмжлэл, Э.О-ийн Хаан банк ХК-ийн дансны хуулга баримтууд,

 

5. Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн 0921 дугаарт итгэмжлэл, хариу тайлбар, Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2020 оны 08 сарын 28-ны өдрийн №20/27 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, схем зураг, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 3859 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ баримтууд,

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Б.Б-оос авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...54 400 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...эрхийн доголдолтой хөрөнгө тул гэрээнээс татгалзаж орон сууцны үнэд шилжүүлсэн 54 400 000 төгрөгөө буцаан гаргуулна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...захиалагчийн эрхээ шилжүүлсэн, байр зараагүй, хохирлоо Х ХХК-аас нэхэмжлэх хэрэгтэй... гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 09 сарын 28-ны өдөр №20/27 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагч Г.Э-, Х ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э ХХК-ийн 2036м кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 7-р давхарт 32м кв талбайтай 1 өрөө орон сууц захиалж, 40 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 85-88 дугаар тал/

 

2021 оны 07 сарын 31-ны өдөр хариуцагч Г.Э-, нэхэмжлэгч Ж.Н-тай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулж, хариуцагч Х ХХК-тай байгуулсан дээрх хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э ХХК-ийн 2036м кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 7-р давхарт 32м кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиалагчийн эрхийг нэхэмжлэгчид 54 400 000 төгрөгөөр шилжүүлэн худалдахаар тохиролцсон, мөн 2021 оны 08 сарын 04-ны өдөр №21/37 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг нэхэмжлэгч Х ХХК-тай байгуулсан байна. /хэргийн 4-9 дүгээр тал/

 

2020 оны 09 сарын 28-ны өдөр №20/27 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 07 сарын 31-ны өдөр хариуцагч Г.Э-, нэхэмжлэгч Ж.Н-тай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх 2 гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э ХХК-ийн 2036м кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 7-р давхарт 32м кв талбайтай 1 өрөө орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б- шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлэн авч өмчлөгч болсон бөгөөд түүний эзэмшил ашиглалтад орон сууц хөрөнгө байгаа болох нь гэрч Б.Б-ын мэдүүлэг, шүүхийн шийдвэр баримтаар тогтоогдож байна. /хэргийн 84-96, 102-105 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

4. 2021 оны 07 сарын 31-ны өдөр хариуцагч Г.Э-, нэхэмжлэгч Ж.Н-тай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч орон сууцны үнэ 54 400 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

 5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

6. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

 8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 32м кв талбай бүхий 1 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж орон сууц хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

9. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний 2.1-т үл хөдлөх хөрөнгийг 54 400 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба нэхэмжлэгч 54 400 000 төгрөгийг 2021.07.31-ны өдөр хариуцагчийн банкны дансанд шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн байна. /хэргийн 120 дугаар тал/.

 

10. Гэрээний 3.1, 3.2-т-д заасны дагуу хариуцагч хариу үүрэг буюу эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, өмчлөлийн ямар нэг маргаагүй хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч дээрх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй байна.

 

Тодруулбал хариуцагчийн шилжүүлэхээр тохиролцсон орон сууц үл хөдлөх хөрөнгө нь эрхийн зөрчилтэй буюу гуравдагч этгээд өмчлөх эрхтэй , гуравдагч этгээдийн эзэмшил ашиглалтад байгаа, нэхэмжлэгч дээрх хөрөнгийг бодитоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр баримтуудаар тогтоогдож байна.

 

11. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

12. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх 205 дугаар зүйлийн 205.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууцны үнэд шилжүүлэн авсан 54 400 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13. Хариуцагчийн ...захиалагчийн эрхээ л шилжүүлж гэрээ байгуулсан, үл хөдлөх хөрөнгө зараагүй... гэх тайлбар нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т заасан ...үл хөдлөх хөрөнгийг 54 400 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов..., 3.2-т гэрээний төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрх эрх хүлээн авагч талд үүсэж, эрх шилжүүлэгч талын өмчлөх эрх дуусгавар болно... гэх талуудын тохиролцоогоор үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Тодруулбал эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарах ба хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авахаас өмнө эрхийн доголдолтой болохыг мэдсэн тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

15. Хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрх болон өмгөөлүүлэх эрхийг удаа дараа хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э-гаас 54 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 429 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ