Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/00876

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/00876

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

гомдол гаргагч:  Ч-ийн Э-ын ирүүлсэн,

хариуцагч: М-т холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

гомдол гаргагч Ч.Э-,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-, А.Ц- нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

1.Гомдол гаргагч Ч.Э- хариуцагч М-д холбогдуулан урьд эрхэлж байсан дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 49 927 196.64 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлага гаргажээ.

2. Гомдол гаргагч гомдлын шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие 2018 оны 9 дүгээр сард цэргийн байнгын тэтгэвэрт гарч 2019 оны 1 дүгээр сараас эхлэн М-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албанд дотоод хяналт шалгалтын байцаагчаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэйгээр 4 дэх жилдээ ямар нэгэн алдаа дутагдал, зөрчилгүйгээр ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүний нөөцийн алба, ерөнхий хорооны хурлаас дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажлын байрны орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсныг дуулгаад байцаагчийн албан тушаал дээр ажиллаж байгаа нэр бүхий 6 ажилтанд мэдэгдэх хуудас өгсөн. Энэ цаг үеэс хойш энэхүү сэдвээр надтай хэн ч уулзаагүй, ямар нэгэн хэлцэл хийгээгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын даргын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг надад танилцуулсан. Иймээс би хэлтсийн дарга У-тай уулзаж, нэр бүхий 6 ажилтнаас намайг ямар үндэслэлээр сонгож, миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг тодруулахад тэрээр та бол настай хүн тэтгэвэрт гарчихсан тул ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн. Мөн тул албаны дарга Э-тай уулзахад мөн л дээрх утгатай нэгэн зүйлийг хэлсэн. Иймээс би тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ шийдвэр нь дараах хоёр зүйл заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дэх хэсэгт хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйл ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх байгаа. Энэ зүйлийн 5.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ. 5.1.1 дэх хэсэгт үл ялгаварлан гадуурхах гэж заасан. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 6.1 дэх хэсэгт ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн байдал, гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр шууд болон эсвэл шууд бусаар ялгаварлан гадуурхах эрхийг нь хязгаарлах давуу байдал олгохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт ахмад настан тэтгэвэр авч хөдөлмөр эрхэлж болно. 145.2 дэх хэсэгт ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасныг тус тус зөрчиж байна гэж үзэж байна. Иймээс би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул миний биеийг дотоод хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, НДШ-ийг нөхөн төлүүлэх гомдлыг хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...М-ийн ерөнхий хороо 2022 оны 08 сарын 16-ний өдрийн хурлын 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралтаар Алба бие даасан хэлтсийн түвшний орон тооны хуваарийг баталсан. Энэхүү протоколын 20 дугаарт Дотоод аудит хяналт шалгалт алба түүний 354 дэх дугаарт дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоог 6 байсныг 5 болгон ерөнхий хорооноос өөрчилсөн үүний дагуу Уын даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/688 тоот бүтэц зохион байгуулалт орон тоог батлах тухай тушаалаар нэрсийн жагсаалт гарч дотоод аудит хяналт шалгалтын албанд 2022 оны 10 сарын 12-ний өдөр хяналт шалгалтын хэлтсийн орон тоо 10 байсныг 8 байхаар болгож үүнд дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо, хэрэг бүртгэлтийн ажилтны орон тоо тус тус хасагдсан талаар хуралдсан байдаг. Тухайн хуралд хяналт шалгалтын хэлтсийн 9 ажилтанд анкетын аргаар судалгаа хийхэд 32-55 насны хооронд, дунджаар 0-15 насны хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлтэй залуучууд байна дээрх ажилчид ажил үүргийн гүйцэтгэл, ур чадварын хувьд хол зөрүү байхгүй. Харин Ч.Э- нь тагнуулын ерөнхий газраас 2018 оны 09 сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан тэтгэвэр авч байгаа талаар судлан ярилцсан. У нь төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд ба төрөөс давхар цалин хангамж авч байгаа ажилчдын эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр таслан зогсоох үүднээс засгийн газраас тодорхой бодлогыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэж шийдвэрийг гаргаж нэр бүхий албан тушаалтнуудад мэдэгдлийг хүргүүлсэн. Ч. Э- нь Уын дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчаар 2021 оны 09 сарын 29-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил байгаад 2022 оны 10 сарын 13-ний өдөр Б1/523 замын даргын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо дараах хуулийн заалтыг баримталсан. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дах хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана гэж тус тус заасны дагуу мөн Уын ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралт, улаанбаатар мөтөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн А,З заалт, үйлдвэрчний хэвлэлийн хорооны 2022 оноос 2023 оны хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, дотоод аудит хяналт шалгалтын албаны 2022 оны 10 сарын 13-ний өдрийн 24/120 тоот албан бичгийг тус тус үндэслэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай албан тушаалыг гаргасан байдаг. Ч.Э-ад хөдөмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 09 сарын 13-ний өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэхь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасны дагуу мэдэгдэх хуудсыг өгсөн. Уын дэргэдэх, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022 оны 12 сарын 09-ний өдөр Ч.Э-ын гаргасан гомдлыг хуралдаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан нь үндэслэлтэй байна гэх шийдвэрийг хүргүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

4. Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, иргэний үнэмлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн итгэмжлэл, М-ын улсын бүртгэлийн гэрчилгээ дүрэм, хариу тайлбар, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал, мэдэгдэх хуудас,Бүтэц зохион байгуулалт орон тоо батлах тухай тушаал хавсралтууд, Дотоод аудит хяналт шалгалтын албаны Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлол, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ баримтууд,

 

6. Зохигч талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Хамтын гэрээ, У ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 4 дүгээр тогтоолын 13 дугаар хавсралт, Н.Т-ийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой баримтууд, Дотоод аудит хяналт шалгалтын албаны хурлын тэмдэглэл хавсралт судалгаа, НДЕГ албан бичиг тэтгэврийн талаархи архивын мэдээлэл, цалингийн карт, Н.Т- болон гомдол гаргагч, нэр бүхий ажилчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримтууд, сонгон шалгаруулалтын журам баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь

1.Шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Ч.Э- ...урьд эрхэлж байсан дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 49 927 196.64 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай... гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ ... ахмад настан тэтгэвэр авч хөдөлмөр эрхэлж болно гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, өндөр насны тэтгэвэр авч байгаа гэдэг үндэслэлээр ялгаварлан гадуурхаж хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгосон тушаал хууль зөрчсөн, сонгон шалгаруулалт хийлгүйгээр ажлаас халсан, орон тоо нь цомхтгол орсон ажилтныг манай орон тоонд оруулаад намайг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ...хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тушаал хуулийн дагуу гарсан тул гомдлыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

3. Ч.Э- 2020 оны 10 сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан хариуцагч М-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанд дотоод хяналт шалгалтын байцагчийн ажилд томилогдон ажиллаж байсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн карт, ажилтны дэлгэрэнгүй анкет, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 36-37, 54-59, 119, 155-157 дугаар тал/

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй болно.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн ажилтны гомдлыг шийдвэрлэсэн сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн ажилтны маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.

 

5. 2022 оны 09 сарын 01-ны өдөр дугаар А/166 тоот Уын даргын Бүтэц зохион байгуулалт, орон тоог батлах тушаал гарч Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо нэгээр хасагдаж цөөрсөн нь энэхүү тушаал түүний хавсралт баримтууд, У ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4 дүгээр тогтоолын 13 дугаар хавсралт, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 44-52, 78-80 дугаар тал/

 

2022 оны 09 сарын 13-ны өдөр ажил олгогч талаас Ч.Э- болон тухайн албаны нийт ажилтнуудад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 10 сарын 13-ны өдрөөс цуцлах болсныг бичгээр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасантай нийцсэн. /хэргийн 43 дугаар тал/

 

2022 оны 10 сарын 12-ны өдөр Дотоод аудит хяналт шалгалтын албаны хурлаар тухайн албаны орон тоо нэгээр хасагдсантай холбогдуулан анкетийн аргаар сонгон шалгаруулалт судалгаа хийснийг хэлэлцэж цэргийн тэтгэвэрт гарсан, цэргийн тэтгэвэр авч байгаа нэг хүнээ /Ч.Э-/ бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөх, нэр бүхий 5 ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ хүний нөөцийн албанд хүргүүлжээ. /хэргийн 53, 83-87, 201-250, 2 дугаар хавтас хэргийн 1-28 дугаар тал/

 

2022 оны 10 сарын 13-ны өдөр дугаар Б/1/1523 Уын даргын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, У ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 04 дүгээр хурлын протоколын 13 дугар хавсралт, У-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт, У ХНН, МТЗ-ын ҮЭ-ийн холбооны 2022-2023 оны Хамтын гэрээний 6.8.1, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 24/120 тоот албан бичиг баримтуудыг үндэслэн орон тоо бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч Ч.Э-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 10 сарын 13-ны өдрөөс цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. /хэргийн 7, 42 дугаар тал/

 

Шийдвэрийн дагуу Ч.Э- Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж авсан нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ...тэтгэмж авсан... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 62 дугаар тал/

 

Ажил олгогчийн дээрх шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч ХНН У-ын дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргасныг хэлэлцэж талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон нь тэмдэглэл баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-19, 60-65 дүгээр тал/

 

Ч.Э- гомдол маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.4, 154.6, 154.8-д заасныг зөрчөөгүй.

 

6. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

7. 2022 оны 09 сарын 01-ны өдөр дугаар А/166 тоот Уын даргын Бүтэц зохион байгуулалт, орон тоог батлах тушаал түүний хавсралт, У ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4 дүгээр тогтоолын 13 дугаар хавсралт баримт, зохигч талуудын тайлбар баримтуудаар Ч.Э-ын ажиллаж байсан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо нэгээр хасагдсан, Ч.Э-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалд ...орон тоо бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан... түүнийг ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй.

 

8. Ч.Э- ажил олгогчийн дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...цэргийн тэтгэвэрт гарсан гэж ялгаварлан гадуурхсан... гэж тайлбарлаж байгаа боловч гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

9. Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ...бүтцийн өөрчлөлт орсон орон тоо цөөрсөн... гэх хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

Харин гомдол гарагчийн ажиллаж байсан Дотоод аудит хяналт шалгалтын алба 2022 оны 10 сарын 12-ны өдөр дотооддоо тухайн албаны орон тоо нэгээр хасагдсантай холбогдуулан хуралдаж, анкетийн аргаар сонгон шалгаруулалт судалгаа хийснийг хэлэлцэж цэргийн тэтгэвэрт гарсан, цэргийн тэтгэвэр авч байгаа нэг хүнээ /Ч.Э-/ бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөх, нэр бүхий 5 ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ хүний нөөцийн албанд хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

10. Ч.Э- шүүх хуралдаанд гаргасан ...дээрх судалгаа хурлын шийдвэрийн талаар мэдэгдээгүй, шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж ирсний дараа мэдсэн, нөхөж гүйцэтгэсэн хуурамч баримт... гэх тайлбар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны ...сонгон шалгаруулалт анкетын хэлбэрээр шалгаруулсан... гэх тэмдэглэл баримтаар үгүйсгэгдэж байгаа тухайн баримтын нөхөж гүйцэтгэсэн/хийсэн хуурамч баримт болохыг нотлоогүй, шүүхэд энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй. /хэргийн 62 дугаар тал/

 

11. Дотоод аудит хяналт шалгалтын албаны дээрх хурлын шийдвэрийг Ч.Э- зөвшөөрөхгүй, гомдол гаргасан ямар нэг баримт хэрэгт авагдаагүй.

 

12. Хэрэгт авагдсан 2022 оны 09 сарын 01-ны өдөр дугаар А/166 тоот Уын даргын Бүтэц зохион байгуулалт, орон тоог батлах тушаал хавсралт, У ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4 дүгээр тогтоолын 13 дугаар хавсралт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны хурлын тэмдэглэл шийдвэр, зохигч талуудын тайлбар баримтуудаар М-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо хасагдаж цөөрсөн болох нь тогтоогдож байх тул 2022 оны 10 сарын 13-ны өдрийн дугаар Б/1/ 523 тоот М-ын даргын Ч.Э-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал хуульд заасан журмын дагуу гарсан хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.

 

13. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар М-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай Ч.Э-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

14. 2023 оны 6 сарын 14-ний өдрийн 10/2074 дугаар итгэмжлэлээр хариуцагч байгууллагаас О.Б-, А.Ц- нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 27, 153 дугаар тал/

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 49 927 196.64 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдол гаргагч Ч.Э-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ