Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2019/00010

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр                             Дугаар 218/МА2019/00010                                           Сайнцагаан сум

 

 

 

Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 11-ний өдрийн 139/ШШ2019/00148 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Сийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд                        гаргасан тайлбартаа: С миний бие 1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестэд туслах ажилтнаар, 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 4 сарын 20-ны өдөр хүртэл Дугана пүүсэд будагчин шаварчин, 1992 оны 4 сарын 20-ны өдрөөс 1993 оны 5 сарын 24-ний өдрийг хүртэл Мандалговь хувьцаат компанид шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестэд 1981 оны 10 сарын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл, Дугана пүүст 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд будагчин, шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

         Анхан шатны шүүх

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Долойдой овогт Тын Сийг Дундговь аймгийн барилга угсралтын VI трестэд 1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл нормчноор, Дугана пүүст 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестэд ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэхдээ 1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл нормчноор, Дугана пүүст 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл нормчноор ажилласнаар шийдвэрлэсэн. Тухайн үед би дээрх онуудад нормчин гэдэг нэрээр шаварчин, будагчинаар ажиллаж байсан. Учир нь тухайн үед шаварчин, будагчин, мужаан, жолооч гэх мэт ажлуудыг нормчин гэдэг байсан. Миний мэргэжил бол шавар, будагчин. Энэ мэргэжлээр би 11 жил 7 сар тасралтгүй ажилласан. Үүнийг мэдэх 3 гэрчийг асуугаагүй. Нормчин гэсэн үгээр л энэ хурал болсон. Дугана пүүсэд ирсэн материал дээр шавар будагчнаар авч ажиллуулав гэж байгаа. Иймд анхан шанты шүүхийн шийдвэрт нормчин гэснийг шаварчин, будагчнаар ажиллаж байсан гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Сийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг үндэслэн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэстэй байна. Тэгэхдээ шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Сийг нормчиноор ажилласан гэж тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, тодорхой мэргэжлийн ажилд томилогдож байсныгаа тогтоолгохыг хүсчээ. Сийн шүүхэд хандаж гаргасан нотлох баримтанд “засал чимэглэлийн бригадад туслах ажилтан, шаварчин будагчин ...” гэж нэрлэсэн албан ажилд томилогдож байсан нь илэрхий байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “нормчиноор” гэснийг “будагчинаар” гэж өөрчлөлт оруулан ажиллагсадын эрх ашгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн гомдол хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 11-ний өдрийн 139/ШШ2019/00148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нормчиноор” гэснийг “...будагчинаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

   Ш.ТӨМӨРБААТАР