Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Төрболд |
Хэргийн индекс | 183/2023/03832/И |
Дугаар | 183/ШШ2024/00093 |
Огноо | 2024-01-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/00093
2024 оны 01 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/00093 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 00-00 тоот хаягт оршин суух Ц овогт Ц. М (РД:00000000)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 000г байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт Э.Х (РД:00000000),
Хариуцагч Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 00 байр, 00тоот хаягт оршин суух Б овогт З.Ч (РД:0000000)-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 93,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,
Гэрч Н.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Э.Х, З.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93,950,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Намайг 2018 онд Солонгос Улсад ажиллаж байхад Ч болон Х нар байр авах гэсэн мөнгө зээлүүлээч, Солонгост ажил хийж байгаад төлнө гэж гуйж, надаас 27,000,000 вонн зээлсэн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай сарын 1 хувийн хүүтэй хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлнө гэсэн зээлийн гэрээ байгуулсан. Халиунаа нь надад хүү гэж сард 550,000 төгрөгөөр 5 удаа, 1,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өгч чадахгүй гэсэн. Иймд үндсэн зээл 67,500,000 төгрөг, хүү 16,200,000 төгрөг, алданги 20,250,000 төгрөг, нийт 103,950,000 төгрөг төлөхөөс нийт төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж 93,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлээ тухайн үеийн буюу 2020 оны ханш 2.5 төгрөгөөр тооцсон гэжээ.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Ц.М нь Э.Х-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 вон зээлэхээр харилцан тохиролцсон. Тухайн зээлийг Э.Х нь аваагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 15,000 ам.доллар буюу 35,904,413 төгрөгийг тухайн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн мөнгө бөгөөд Халиунаад тус гэрээний дагуу мөнгө өгөөгүй гэдгээ тайлбарладаг.
2.2.З.Чинтуяа миний бие Ц.М-ээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15,000 ам.доллар буюу 35,904,413 төгрөг, нийт 57,904,413 төгрөг амаар тохиролцож зээлж авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээл авснаас хойш 5 жил, 8 сар өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Ц.М, Э.Х нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн огноо бүхий зээлийн гэрээний эх хувийг,
Хариуцагч талаас Хаан банк дахь З.Ч-ийн эзэмшлийн 00000000 дугаар дансны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, З.Ча, Э.Х нарын Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Э.Х, З.Ча нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93,950,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 онд Ч болон Х нар нь байр авах гэсэн мөнгө зээлүүлээч гэж гуйж, надаас 27,000,000 вонн зээлсэн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай сарын 1 хувийн хүүтэй хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлнө гэсэн зээлийн гэрээ байгуулсан. Халиунаа нь надад хүү гэж сард 550,000 төгрөгөөр 5 удаа, 1,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өгч чадахгүй гэсэн. Иймд үндсэн зээл 67,500,000 төгрөг, хүү 16,200,000 төгрөг, алданги 20,250,000 төгрөг, нийт 103,950,000 төгрөг төлөхөөс нийт төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж 93,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлээ тухайн үеийн буюу 2020 оны ханш 2.5 төгрөгөөр тооцсон гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Ц.М нь Э.Х-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 вон зээлэхээр харилцан тохиролцсон ч тухайн зээлийг аваагүй, З.Ч нь Ц.М-ээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15,000 ам.доллар буюу 35,904,413 төгрөг, нийт 57,904,413 төгрөг амаар тохиролцож зээлж авсан ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Э.Х нар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27,000,000 воныг 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл буюу 2 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 4 дэх тал)
4.2.Нэхэмжлэгч Ц.М-ээс Хаан банк дахь хариуцагч З.Ч-ийн эзэмшлийн 5025882840 дугаар дансанд 35,904,413.3 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч талуудын хооронд маргаангүй.
4.3.Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Э.Х нар нь хариуцагч З.Ч-д шилжүүлсэн 35,904,413.3 төгрөгийн талаар хожим буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...27,000,000 воныг өмчлөлд нь шилжүүлсэн байсан. Уг гэрээг Монголд ирсний дараа хийсэн. Яагаад гэвэл... ээж нь та нар чинь төлбөрийн чадамжгүй, ийм их мөнгийг өгөх боломжгүй гэхээр нь нэгэнт өмчлөлд нь мөнгө нь оччихсон байсан учраас гэрч болон хариуцагч Э.Х, нэхэмжлэгч нар нь сууж байгаад гэрээг хийсэн гэж ярьдаг... гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ...Ч миний бие Ц.М-ээс 2018.1.22-ны өдөр 22,000,000 төгрөг, 2018.03.13-ны өдөр 15,000 ам.доллар буюу 35,904,413 төгрөг, нийт 57,904,413 төгрөг зээлж авсан... гэх тайлбараар тогтоогдож байна.
4.4.Хариуцагч Э.Х нь зээлийн хүү 2,750,000 (550,000*5=2,750,000) төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 8,750,000 төгрөг төлсөн талаар зохигч талуудын хооронд маргаангүй.
4.5.Зээлийн хүү сарын 270,000 вон бөгөөд Монгол төгрөгөөр 550,000 төгрөгт шилжүүлэн тооцож байсан буюу 1 воныг 2.03 төгрөгөөр тооцсон байна.
4.6.Нийтэд илэрхий үйл баримт болох Монголбанкны албан ёсны ханшаар 2018 оны 08 дүгээр сарын 22-ны өдөр 1 вон 2.26 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 вон 2.7 төгрөгийн ханштай байсан болно.
5.Хариуцагч З.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.М-ээс нийт 57,904,413 төгрөгийг шилжүүлж авсан үйл баримтын талаар маргахгүй байх бөгөөд энэхүү үйл баримтын хүрээнд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Э.Х, нэхэмжлэгч Ц.М нар нь 27,000,000 воныг 2 жилийн хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцох нөхцөл бүхий зээлийн гэрээг бичгээр хожим байгуулснаас үзэхэд хариуцагч З.Ч-д мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нэхэмжлэгч Ц.М-ийн үйлдлийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө заасны дагуу гэрээнд заасан эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн гэж шүүх үзлээ.
6.Иймд хариуцагч Э.Х зээлийн гэрээний дагуу зээлийг аваагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Э.Х нарын хооронд 27,000,000 воныг 2 жилийн хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлэх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийт 57,904,413.3 төгрөгийг хариуцагч З.Ч хүлээж авсан гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар зээлийн гэрээний зүйл болох үнийн дүнг 27,000,000 вон гэж тодорхойлсныг хүчин төгөлдөр гэж шүүх үзлээ.
8.Түүнчлэн, зээлийн 1 сарын хүүгийн төлбөр болох 270,000 воныг 550,000 төгрөгт хөрвүүлэн суутгаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 1 воныг 2.03 төгрөгийн ханшаар тооцож байсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг ханшаар 57,904,413.3 төгрөгийг вонд хөрвүүлбэл 28,524,341.5 вон болохоор байна.
9.Иймд 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Э.Х-аас 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээл 27,000,000 вон, зээлийн хүү 5,130,000 ((270,000*24)-(270.000*5)=5,130,000)) вон, нийт 32,130,000 вон, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 1,062 хоногийн алданги 102,336,180 (96.390*1,602=102,336,180) воныг шаардах эрхтэй байна.
10.Гэхдээ нэхэмжлэгч нь алданги тооцсон хоногийг 100 хоног, 1 вонын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бус 2.5 төгрөгөөр тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 1 вонын ханшийг 2.5 төгрөг гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэг болох воныг төгрөгт хөрвүүлэн хариуцагчаас гаргуулах, мөн алдангийг 100 хоногоор тооцон гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй юм.
11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Х-аас үндсэн зээлийн төлбөрт 61,500,000 (27,000,000 вон*2.5 төгрөг-6,000,000₮=61,500,000 төгрөг) төгрөг, зээлийн хүүд 12,825,000 (5,130,000 вон *2.5 төгрөг-2,750,000=12,825,000) төгрөг, алданги 24,097,500 (96,390 вон*100*2.5 төгрөг=24,097,500) төгрөг, нийт 98,422,500 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нийт 93,950,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 627,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Х-аас 93,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож, хариуцагч З.Ч-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 627,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД