Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 218/МА2019/00015

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 03 өдөр                             Дугаар 218/МА2019/00015                                           Сайнцагаан сум

 

 

Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШШ2019/00207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Нгийн нэхэмжлэлтэй, Б.Нд хариуцагдах 2203960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н

Хариуцагч Б.Н

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь манай хариуцан ажиллуулдаг “АПУ Трейндинг” ХХК-ий “Бэйл” төвөөс 2018 оны 5 сарын 31-ний өдөр 2203960 төгрөгний нэр бүхий барааг зээлж авсан. Барааны үнийг одоог хүртэл төлөхгүй байгаа юм. Барааны үнэ одоог хүртэл төлөхгүй байгаа тул 2203960 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би аж ахуйн нэгжээр гэрээ байгуулаагүй байсан учраас хувь хүн дээр нэхэмжлэлээ гаргасан юм. Манайх “АПУ Трейдинг” ХХК-ий гэрээт борлуулагч учраас энэхүү мөнгийг бид “АПУ Трейндинг” ХХК-нд төлсөн. Энэ хүн барааны мөнгөө төлөөгүйн улмаас манайх одоо дэлгүүрээ ажиллуулахаа больсон. Иймд 2203960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Хорин овгийн Базарын Н /ЗА70052100/-аас 2203960 /хоёр сая хоёр зуун гурван мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржигин лагнай овгийн Гарамравжаагийн Н /ЦГ59120729/-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50293 /тавин мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 50293 /тавин мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Нд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Б.Н давж заалдах гомдолдоо: Миний бие нь 2015 оноос паб караоке ажилуулж байсан. Энэ хугацаанд Н эгчээс 2000000 төгрөгний бараа авсан байх хугацаандаа ямар ч шалтгаан нөхцөлгүйгээр паб караокегаа хаалган бараагаа хулгайд алдан хохирол учирч цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Энэ хугацаанд эргэх мөнгө байхгүй цалингийн зээлтэй учраас төлөх чадваргүй болж өөрийн төрсөн дүү Ө.Нээр 2,250000 төгрөгний барааг нэрсээр бичээд ачаад өгөөд явуулсан боловч ямар ч юм ирж байгаа юм гээд аваагүй. Мөн миний барьцаа хөрөнгө болох дунд гарын манан хөөрөг тавьсан байгаа түүнийгээ хагас мөнгөндөө өгөх саналтай байна одоогоор надад мөнгө төгрөг өгөх боломж бололцоо муу байна. Иймд миний саналыг хүндэтгэн үзэж шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

            Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, эдлэх эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хариу тайлбар гаргах хугацааг тодорхой заажээ. Шүүх хэргийг шийдвэрлэх талаар хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн байх ба хэргийн зохигчдын зүгээс татгалзлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд мэтгэлцэх эрхээ эдлэх ёстой. Мөн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхээс тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Иймээс шүүхээс хэргийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар эрх зөрчигдсөн тухай ямар нэгэн гомдлыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаагүй байна.

            Хариуцагчийн зүгээс гаргасан гомдолдоо өр төлбөрийг хэрхэн төлөхөө илэрхийлсэн хүсэлт байхаас шүүхийн шийдвэрийн хууль ёсны үндэслэлийн талаар маргаагүй байна.

            Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх бодит үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

            Гомдол гаргагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 51000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШШ2019/00207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                                Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Т.БЯМБАЖАВ  

 

     Ш.ТӨМӨРБААТАР