Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/04355

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/04355

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух******* ******* *******т холбогдох,

23,453,952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие Д. 2019 оны 10 сард танилцаж хамтран амьдарч байсан ба тос масло зарж борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор ярьж тохиролцож 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20 сая төгрөгийг хүнээс зээлж авч 13 сар төгрөгийн тос масло авсан.

7 сая төгрөгт нь контейнер худалдаж авсан. Ингэж Номин 5-р баазын авто сэлбэгийн зах дээр байрлах контейнер тос маслоо борлуулж эхэлсэн, дангаараа би өөрөө зогсож тос маслоо зарсан, олгон орлогыг Д.*******ын дансанд орлого гэж пос машин уншуулах байдлаар шилжүүлж байсан.

Гэтэл Д.******* нь далдуур надад мэдэгдэлгүй хорон муу санаа гаргасан 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ШШГ-ийн шийдвэр гүйцэтгэгч гэх хүнийг дагуулан ирж контейнер болон үлдэгдэл тос маслотой нь түгжиж битүүмжилж намайг сэтгэл санааны болон эд материалын хүнд байдалд оруулсан.

Би шүүхийн захирамжид гомдол гаргаснаар шүүх хэлэлцээд 3 дахь этгээдийн ашиг хөндөгдсөн гэж үзээд шүүх гаргасан захирамжаа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосон билээ.

Иймд Д.*******аас жижиг бизнес хийж ашиг орлого олсон 58,482,700 төгрөгөөс өөрт ногдох ашгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 29,241,350 төгрөг, үүнээс контейнер худалдаж авсан 7 сая төгрөгийг хасч үүн дээр контейнерын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 765,600 төгрөг, битүүмжилсэн контейнерыг эвдэж авсан тос маслын үлдэгдэл барааны үнэ 447,000 төгрөг зэргийг нэмж тооцон нийт 23,453,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Б.*******тэй 2019 оны 12 сард танилцсан ба бид хамтран амьдарч байсан явдал байхгүй. Биднийг хамтран амьдарч байгаагүйг манай аав, ах, эгч, дүү нар гэрчилнэ. Б.*******г манай хамаатан садангуудаас таних хүн ч байхгүй. Б.******* ч манай талын ах, дүү нарыг таньж мэдэхгүй.

Би ч тэдний аав, ээж, ах, дүү, хамаатан саданг ч таньж мэдэхгүй. Хамтран амьдарч байсан бол хаана ямар хашаа, байшинд хэдэн жил амьдарч байснаа нотлоод өгөөч.

Би 2022 оны 2 сард эгч болох Д 25,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 3,000,000 төгрөгийн хүүтэйгээр зээлж аваад буцаан нийт 28,000,000 төгрөг төлөхөөр болсон юм. Энэ зээлсэн мөнгөөрөө би контейнер 7,000,000 төгрөгөөр бусад мөнгөөр нь машины тос масло авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ үед Б.******* нь надад ажиллах санал тавьсан юм. Би түүнийг тос масло борлуулах худалдагчаар ажиллуулан сар бүр 500,000 төгрөгийн цалин хөлс өгдөг байсан. Энэ бизнесийн үйл ажиллагаанд Б.*******гээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй ба зуун хувь миний зээлийн мөнгөөр энэ үйл ажиллагаа явагдаж эхэлсэн.

Энэ хугацаанд би эгч Д. зээлсэн мөнгөнөөсөө 12,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 16,000,000 одоо болтол төлж чадаагүй байгаа.

Д. эгч мөнгөө нэхээд бид хоорондоо эвлэрч, би үлдэгдэл мөнгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрүүлэн зуучлалаар орж төлбөртөө өөрийн худалдаж авсан контейнер болон түүний дотор байгаа тос, масло, тосолыг 18,000,000 төгрөгт тооцож өгөхөөр шүүх ч бидний эвлэрлийн гэрээг баталсан юм. Гэтэл Б.******* гэнэт контейнер булаацалдан шүүхэд гомдол гаргаж, бүх зүйл хүчингүй болсон юм.

Контейнер болон тос, масло худалдан авах мөнгийг би Б.******* дансруу хийж, тэр бүх зүйл худалдан авч борлуулдаг байсан. Хаан банкны дансны хуулгаар энэ нь нотлогдоно.

Б.******* нь контейнер дотор байсан 18,000,000 төгрөгийн тос, масло, тосолыг намайг эзгүй хойгуур зарж үрээд дуусгачихсан байсан. Ингэхдээ тооцоогоо хийхдээ өөр хүний пос машин дээр уншуулж байсан.

8 сарын хугацаанд 58,000,000 төгрөгийн ашиг орлого оруулан ажилласан гэж бичсэн нь ор үндэсгүй. Энэ бол цэвэр ашиг биш. Уг мөнгө бол эргэлтийн хөрөнгө ба нэг үгээр хэлбэл тос, масло худалдан авахдаа зарлага гаргаад буцаан зарахдаа орлого орж байна гэсэн үг юм.

Б.******* нь 18,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зараад идэж, уугаад үрэн таран хийчхээд одоо надаас 23,000,000 төгрөг нэхэж байгаад нь би маш их гайхаж байна.

Надаас жижиг бизнес хийж ашиг орлого олсон 58,482,700 төгрөгийн 50 хувь болох 29,241,350 төгрөг контейнерын 3 сарын түрээсийн төлбөр 765,600 төгрөг, үлдэгдэл барааны үнэ 447,000 төгрөг нийт 23,453,950 төгрөгийг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх тос, масло, тосол зарах бизнесийг би хүнээс зээлж авсан мөнгөөрөө эхлүүлсэн. Орлого орсон ч бий, зарлага гарсан ч байгаа. Орсон орлогоос Б.******* оногдох зүйл байхгүй. Бизнес эхлүүлэхэд тэр 1 ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Хөрөнгө оруулалт хийсэн юм бол хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ баримтаар гаргаж өгөөрэй. Бизнесээс Б.*******д оногдох нэг ч төгрөгийн ашиг байхгүй.

7,000,000 төгрөгийн контейнерын мөнгийг хасч гээд байна. Одоо хүртэл контейнер хэнийх болох нь тогтоогдоогүй хэвээр байгаа. Би Б.*******д мөнгө шилжүүлэн уг контейнерыг худалдан авсан. Миний мөнгөөр авсан юмыг өөрийн гээд байгаад нь маш их гайхаж байлаа. Харин тэр контейнер байрлаж байгаа газар нь Б.******* нэр дээр түрээстэй байдаг нь ганц үнэн юм.

Намайг хөдөө ажил явдал гараад явсан хойгуур контейнерын цоожийг эвдэлж бүх тос тосолыг зарж үрчхээд миний контейнерыг эвдсэн гээд байгаа нь үнэнд нийцэхгүй. Дотор нь байсан үлдэгдэл бараа нь миний мөнгөөр авсан бараа материал шүү дээ.

Намайг чамд хорон муу санаа гаргасан гэсэн ажлаа өөрөө хүний чанаргүй, луйварчин зан гаргаж байгаагаа мэдэж байгаа юм болов уу даа.

Миний бие Б.******* нэхэмжилж буй 23,453,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 2 сард эгч Д.гаас 25,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 3,000,000 төгрөгийн хүүтэйгээр зээлж авсан буцаан нийт 28,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Уг мөнгөөр машины тос, масло, тосол зарах бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ бизнесийг би 100 хувь өөрийн зээлийн хөрөнгөөр эхлүүлсэн 7,000,000 төгрөгөөр 20 тоннын контейнер худалдан авсан. Тос масло, тосол зарах худалдагчаар Б.*******г авч ажиллуулан, сард 500,000 төгрөгөөр цалинжуулдаг байсан.

Би эгчээсээ авсан зээлийн 28,000,000 төгрөгөөс 12,000,000 нь төлсөн ба үлдэгдэл 16,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа. Эгч маань надаас мөнгөө нэхэмжлэн, эвлэрүүлэн зуучлал, шүүхээр явсан ч ямар ч үр дүн гаралгүй өнөөг хүргэж байна.

Б.******* гэгч нь миний өөрийн хөрөнгөөр худалдан авсан контейнерыг надтай булаацалдсанаар энэ асуудал шийдэгдээгүй хэвээр байсаар байна. Тэрхүү контейнерын мөнгийг би Б.******* дансруу шилжүүлсэн юм. Худалдан авахыг Б.******* гүйцэтгэсэн. Контейнер байрлаж байгаа газар нь Б.******* түрээсэлдэг газар бөгөөд түрээсийн мөнгийг нь би төлдөг байсан.

Би эгчээсээ зээлсэн мөнгөөрөө эргэлтийн хөрөнгө болгон тос, масло, тосолыг худалдан авдаг байсан. 2022 оны 12 сард намайг ажил явдал гаран хөдөө явсан хойгуур контейнерын цоожийг эвдэн дотор байсан 18,000,000 төгрөгийг үлдэгдэл бүхий тос, масло, тосолыг зарж үрээд хаясан байсан. Тэгсэн миний 100 хувийн хөрөнгөөр бүтсэн эд зүйлийг булаацалдан шүүхэд хандсан явдалд маш их гайхаж байна. Б.******* нь энэ бизнесийн үйл ажиллагаанд 1 ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй болно. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч та нарын хувийн асуудал байна гээд огт тоогоогүй.

Иймд Б.*******гээс контейнерийн үнэ 7,000,000 төгрөг контейнерын дотор байсан 11,000,000 төгрөгийн тос, масло, тосолын үнэ нийт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.*******тай 2019 оны 12 сард танилцаж амьдарч байсан. Тос масло зарж борлуулан ашиг орлого олох зорилгоор ярьж тохиролцон 2022 оны 02 дугаар сарын 18-нд 20,000,000 төгрөгийг ******* нь ах дүүгээсээ зээлж 13,000,000 төгрөгөөр тос, масло авсан. Би өөрөө ганцаараа сууж зарж борлуулсан. Орсон орлогыг *******ын дансанд шууд орлого гэж мөнгийг шилжүүлж байсан. Нийтдээ зарсан тос маслаас 58,482,700 төгрөгийн ашиг орлого олсон. Гэтэл ******* нь надад хэлж мэдэгдээгүй хорон муу санаа гаргаж нууцаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч гэх хүнийг дагуулан гүйж контейнарийг үлдэгдэл тос, маслотой нь хамт битүүмжлэн түгжиж намайг сэтгэл санааны болон эд материалын хүнд байдалд оруулсан. Би шүүхийн хууль бус захирамжид гомдол гаргасанд шүүх захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Би шүүхэд *******аас 23,453,950 төгрөг нэхэмжилсэн ба Д.******* нь ор үндэсгүй ямар ч баримтгүй гүтгэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Тухайлбал:

Иргэн ******* намайг 500,000 төгрөгөөр цалинжуулж сар болгон цалин өгч байсан гэж ор үндэсгүй гүтгэж бичжээ. Энэ бол огт худлаа.

Эгчээсээ зээлж авсан гэх 28,000,000 төгрөг надад ямар ч хамааралгүй, би үүнийг мэдэхгүй. Харин ах дүүгээсээ анх тос, масло зарлаа гэж 20,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. 8 сарын хугацаанд нийтдээ 13,000,000 төгрөгийн тос, масло авч 58,482,700 төгрөг болгон өсгөж *******ын данс руу шилжүүлсэн нь үнэн.

Би 7,000,000 төгрөгийг *******аас зээлж контейнер худалдан авч зээлсэн 7,000,000 төгрөгөө *******ын дансанд буцаагаад шилжүүлсэн. Энэ нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдоно.

Иймд би Д.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгчээс ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4-12/265 дугаартай тодорхойлолт, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Д. гараар бичсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ХХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээ, байнга оршин суух хаягийн лавлагаа, Улаанбаатар и гадаа талбайн худалдааны үйл ажиллагааны дотоод журам, Номин Холдинг ХХК-ийн ажилтны анкет, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ХХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээ, Б.******* Хаан банк дахь тоот дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Захирамж болон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай захирамж, Зарлагын баримтууд,

Хариуцагчаас Д.*******ын Хаан банк дахь тоот дансы хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 29871 дугаартай Талуудын эвлэрлийг батлах тухай, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02880 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Захирамж болон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00248 дугаартай гүйцэтгэх хуудас, Д.гийн Хас банк дахь дансны хуулга, Д., Д.Амартүвшин нарын гараар бичсэн тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 24,453,952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчээс 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 24,453,952 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ... автомашины тос, масло худалдан борлуулж олсон нийт 58,482,700 төгрөгийн орлогын 50 хувь болох 29,241,350 төгрөгөөс контенер худалдаж авсан 7,000,000 төгрөгийг хасаж 22,241,350 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 765,600 төгрөг, битүүмжилсэн контенероос авсан бараа материалын үнэ 447,000 төгрөг нийт 23,453,950 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагчаас мөнгө зээлж тос масло худалдан борлуулах худалдаа эрхэлсэн бөгөөд олсон ашиг орлогыг хамтран хуваах ёстой гэж үзэж байгаа гэж тайлбарласан.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... хамтарч бизнес эрхлээгүй бөгөөд нэхэмжлэгчийг 500,000 төгрөгийн цалин хөлстэй худалдагчаар ажиллуулсан тул ашиг орлогыг хувааж төлөх үндэслэлгүй гэж маргаж, нэхэмжлэгчээс контенерын үнэ 7,000,000 төгрөг, бараа, материалын үнэ 11,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж тайлбарласан.

Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай автомашины тос, тосолгооны материал худалдан борлуулах бизнесийг хамтран эрхэлсэн гэж тодорхойлсон тул уг харилцааг зохицуулсан эрх зүйн харилцаанд дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д .Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан.

Энэ гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл нь хоёр этгээд ашиг олох зорилгоор хамтран ажиллахын тулд нэг талаас гэрээний санал гаргасан байх нөгөө талаас уг гэрээний саналыг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох учиртай.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Б.*******д 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгийг *******аас гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 91 дэх талд/

Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.******* нь Д. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгөөр чингэлэг худалдан авч, 2022 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс ХХК-ийн авто худалдааны төвд 315 м.кв талбайд №112 дугаартай чингэлэгт Авто машины тос тосолгоо худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахаар худалдааны хамтын ажиллагааны гэрээг байгуулсан болох нь тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 3-31 дэх талд/

Нэхэмжлэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд бямбаа, бямбаа орлого, орлого бямбаа гүйлгээний утгаар хариуцагч Д.*******ын Хаан банк дахь дансанд нийт 19,967,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 32-68 дэх талд/

Нэхэмжлэгч нь автомашины тос, тосолгооны материал худалдах зорилгоор 20,000,000 төгрөгийг хариуцагчаас зээлдэж авснаас гадна 58,842,700 төгрөгийн ашиг олсон гэж тайлбарласан боловч ийнхүү ийм хэмжээний орлого олсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан үүргийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн бусад шаардлага болох нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал буюу түрээсийн төлбөр 765,600 төгрөг, битүүмжилсэн контенероос хариуцагч 447,000 төгрөгийн бараа материал авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс контенерын үнэ 7,000,000 төгрөг, контенерт байсан бараа материалын үнэ 11,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь уг шаардлагыг хангуулах үндэслэлийг ... нэхэмжлэгчийг сарын 500,000 төгрөгийн цалинтай худалдагчаар ажилуулж байсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Тус гэрээний гол нөхцлийн тохиролцоо нь нэг талаас ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх үүргийг нөгөө талаас хөлс төлөх үүргийг харилцан хүлээх юм.

Гэвч, зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ийнхүү талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлосон баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд ийнхүү хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэг талын тайлбараар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэгч Б.******* нь 7,000,000 төгрөгөөр чингэлэг бусдаас худалдан авч үйл ажиллагаа явуулах явцдаа хариуцагчид 19,967,000 төгрөгийг орлого утгаар шилжүүлсэн нь тогтоогдсон гэж дээр дүгнэсэн тул хариуцагчийг нэхэмжлэгчээс контенерын үнэ 7,000,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 11,000,000 төгрөгийн шаардлага нотлогдоогүй тул уг үндэслэлээр тус сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 29871 дугаартай Талуудын эвлэрлийг батлах тухай, захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02880 дугаартай Шүүхийн шйидвэрийг албадан гүйцэтгэх тухай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай захирамж, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Захирамж болон гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00248 дугаартай гүйцэтгэх хуудасууд нь талуудын хооронд үүссэн маргаанд шууд хамааралтай гэж үзээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэв.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан үндэсэлэлүүдээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 275,220 төгрөг, хариуцагчийн төлсөн 247,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.*******аас 23,453,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.******* үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.*******гээс 18,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 275,220 төгрөг, хариуцагчаас төлсөн 247,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ