Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02131

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02131

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/04355 дугаар шийдвэртэй

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Д.М-т холбогдох

23,453,952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Д.М-тай 2019 оны 10 сард танилцаж хамтран амьдарч байсан ба тос масло зарж борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тохиролцож 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг хүнээс зээлж авч 13,000,000 төгрөгийн тос масло авсан, 7,000,000 төгрөгт нь контейнер худалдаж авсан. Ингэж Номин 5 дугаар баазын авто сэлбэгийн зах дээр байрлах контейнерт тос, маслоо борлуулж эхэлсэн, би өөрөө зогсож тос, маслоо зарсан, орлогыг Д.М ын дансанд орлого гэж пос машин уншуулах байдлаар шилжүүлж байсан.

1.1. Гэтэл Д.М нь надад мэдэгдэлгүй муу санаа гарган 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Баясгаланг дагуулан ирж контейнерыг үлдэгдэл тос, маслотой нь түгжиж битүүмжилж намайг сэтгэл санааны болон эд материалын хүнд байдалд оруулсан. Би шүүгчийн захирамжид гомдол гаргасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2023/11010 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

1.2. Жижиг бизнес хийж ашиг олсон 58,482,700 төгрөгөөс өөрт ногдох ашгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 29,241,350 төгрөг, үүнээс контейнер худалдаж авсан 7,000,000 төгрөгийг хасаж, контейнерыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 765,600 төгрөг, контейнерыг эвдэж авсан тос, маслын үлдэгдэл барааны үнэ 447,000 төгрөг, нийт 23,453,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Б.Б тэй 2019 оны 12 дугаар сард танилцсан ба бид хамтран амьдарч байгаагүй.

2.1. Би 2022 оны 02 дугаар сард эгч Д.Э-с 25,000,000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, 3,000,000 төгрөгийн хүүтэй зээлж аваад нийт 28,000,000 төгрөг төлөхөөр болсон. Зээлсэн мөнгөөрөө би 7,000,000 төгрөгөөр контейнер, бусад мөнгөөр нь машины тос, масло авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ үед Б.Б надад ажиллах санал тавьсан. Би түүнийг тос, масло борлуулах худалдагчаар ажиллуулан сар бүр 500,000 төгрөгийн цалин өгдөг байсан. Энэ бизнесийн үйл ажиллагаанд Б.Б-гээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, зуун хувь миний зээлийн мөнгөөр үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Энэ хугацаанд би зээлсэн мөнгөнөөсөө 12,000,000 төгрөгийг Д.Э-д төлж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг одоо болтол төлж чадаагүй. Д.Э мөнгөө нэхээд бид эвлэрч, үлдэгдэл мөнгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрүүлэн зуучлалаар орж төлбөртөө худалдаж авсан контейнер болон дотор байгаа тос, масло, тосолыг 18,000,000 төгрөгт тооцож өгөхөөр шүүх бидний эвлэрлийн гэрээг баталсан юм. Гэтэл Б.Б контейнер булаацалдан шүүхэд гомдол гаргаж, бүх зүйл хүчингүй болсон.

2.2. Контейнер болон тос, масло худалдан авах мөнгийг би Б.Б-ийн дансанд хийж, тэрээр худалдан авч, борлуулдаг байсан нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Б.Б нь контейнер дотор байсан 18,000,000 төгрөгийн тос, масло, тосолыг намайг эзгүй хойгуур зарж, үрээд дуусгачихсан байсан. Ингэхдээ тооцоо хийхдээ өөр хүний пос машин дээр уншуулж байсан. 8 сарын хугацаанд 58,000,000 төгрөгийн ашиг орлого оруулан ажилласан гэсэн нь үндэсгүй, энэ цэвэр ашиг биш. Уг мөнгө бол эргэлтийн хөрөнгө ба нэг үгээр хэлбэл тос, масло худалдан авахдаа зарлага гаргаад буцаан зарахдаа орлого орж байна гэсэн үг юм. Б.Б 18,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зараад үрэн таран хийчихээд надаас 23,000,000 төгрөг нэхэж байгааг гайхаж байна.

2.3. Анх тос, масло, тосол зарах бизнесийг би зээлж авсан мөнгөөрөө эхлүүлсэн. Б.Б бизнес эхлүүлэхэд хөрөнгө оруулалт хийгээгүй тул оногдох ашиг байхгүй. Одоо хүртэл контейнер хэнийх болох нь тогтоогдоогүй байна. Би Б.Б-д мөнгө шилжүүлэн уг контейнерыг худалдан авсан. Харин контейнер байрлаж байгаа газар нь Б.Б-ийн нэр дээр түрээстэй байдаг нь үнэн юм. Намайг хөдөө ажил явдал гараад явсан хойгуур контейнерын цоожийг эвдэлж бүх тос, тосолыг зарж үрчихээд миний контейнерыг эвдсэн гэж байгаа нь үнэнд нийцэхгүй. Дотор нь байсан үлдэгдэл бараа миний мөнгөөр авсан бараа материал юм.

Миний бие Б.Б-ийн нэхэмжилж буй 23,453,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2022 оны 02 дугаар сард төрсөн эгч Д.Э-гаас 25,000,000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, 3,000,000 төгрөгийн хүүтэйгээр зээлж аван буцаан 28,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Уг мөнгөөр машины тос, масло, тосол зарах бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ бизнесийг би 100 хувь өөрийн зээлийн хөрөнгөөр эхлүүлсэн 7,000,000 төгрөгөөр 20 тоннын контейнер худалдан авч, тос масло, тосол зарах худалдагчаар Б.Б-г авч ажиллуулан, сард 500,000 төгрөгөөр цалинжуулдаг байсан.

3.1. Би эгчээсээ зээлсэн 28,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 16,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Эгч надаас мөнгөө нэхэмжлэн, эвлэрүүлэн зуучлал, шүүхээр явсан ч үр дүн гаралгүй өнөөг хүргэж байна. Б.Б нь миний өөрийн хөрөнгөөр худалдан авсан контейнерыг надтай булаацалдсанаар энэ асуудал шийдэгдэхгүй байна. Контейнерын мөнгийг би Б.Б-ийн дансанд шилжүүлж, Б.Б худалдан авахыг гүйцэтгэсэн. Контейнер байрлаж байгаа газар нь Б.Б-ийн түрээсэлдэг газар бөгөөд түрээсийн мөнгийг нь би төлдөг байсан.

3.2. Намайг 2022 оны 12 дугаар сард ажил явдал гаран хөдөө явсан хойгуур контейнерын цоожийг эвдэн дотор нь байсан 18,000,000 төгрөгийг үлдэгдэл тос, масло, тосолыг зарж үрээд хаясан байсан. Миний 100 хувийн хөрөнгөөр бүтсэн эд зүйлийг булаацалдан шүүхэд хандсанд гайхаж байна. Б.Б бизнесийн үйл ажиллагаанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч та нарын хувийн асуудал гээд тоогоогүй.

Иймд Б.Б-гээс контейнерийн үнэ 7,000,000 төгрөг контейнерын дотор байсан 11,000,000 төгрөгийн тос, масло, тосолын үнэ нийт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Д.М тай 2019 оны 12 дугаар сард танилцаж амьдарч байсан.

4.1. Тос, масло зарж борлуулан ашиг олох зорилгоор тохиролцон 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг Д.М ах, дүүгээсээ зээлж 13,000,000 төгрөгөөр тос, масло авсан. Би өөрөө сууж, зарж борлуулсан. Орсон орлогыг Д.М-ын дансанд орлого гэж шилжүүлж байсан. Нийт зарсан тос маслаас 58,482,700 төгрөгийн ашиг орлого олсон. Гэтэл Д.М надад хэлж мэдэгдээгүй муу санаа гаргаж нууцаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Баясгалан гэх хүнийг дагуулан гүйж контейнерийг үлдэгдэл тос, маслотой нь хамт битүүмжлэн намайг сэтгэл санааны болон эд материалын хүнд байдалд оруулсан. Би шүүхийн хууль бус захирамжид гомдол гаргаж шүүх захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэсэн.

4.2. Би Д.М аас 23,453,950 төгрөг нэхэмжилсэн ба Д.М нь ор үндэсгүй ямар ч баримтгүй гүтгэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Тухайлбал: Иргэн Б.Б намайг 500,000 төгрөгөөр цалинжуулж сар болгон цалин өгч байсан гэж ор үндэсгүй гүтгэж бичсэн нь огт худлаа. Эгчээсээ зээлж авсан гэх 28,000,000 төгрөг надад хамааралгүй, би үүнийг мэдэхгүй. Харин ах дүүгээсээ анх тос, масло зарлаа гэж 20,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. 8 сарын хугацаанд нийт 13,000,000 төгрөгийн тос, масло авч 58,482,700 төгрөг болгон өсгөж Д.М ын данс руу шилжүүлсэн нь үнэн. Би 7,000,000 төгрөгийг Д.М аас зээлж контейнер худалдан авч зээлсэн 7,000,000 төгрөгөө Д.М ын дансанд буцаан шилжүүлсэн нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдоно.

Иймд Д.М ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.М-аас 23,453,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Б-гээс 18,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.М-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 275,220 төгрөг, хариуцагчаас төлсөн 247,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

6.1. Д.М-тай 2019 оны 12 дугаар сард танилцаад тос, масло зарж борлуулаад ашиг олох тухай ярьж тохиролцоод 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.М ах дүүгээсээ мөнгө зээлж /20 сая/ 13,000,000 төгрөгөөр тос, масло авсан. Би өөрөө ганцаараа сууж авсан тос, маслоо зарж борлуулсан. Олсон орлогыг Д.М-ын дансанд орлого гэж шилжүүлж байсан. Нийт зарсан тос, маслоос 58,482,700 төгрөгийн ашиг олсон нь хэрэгт авагдсан депозит хуулга /Х банк/ мөн пос машины гүйлгээ хийсэн тасалбар баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх пос машинаар мөнгө шилжүүлсэн баримтыг тооцоогүй орхигдуулж 58,482,700 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдсонгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.2. Мөн шүүх түрээсийн төлбөр 765,600 төгрөг, битүүмжилсэн контейнероос 447,000 төгрөгийн бараа материал хулгайлж авсан тос, маслоны мөнгийг гаргуулаагүй бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ямар ч баримтгүй ор үндэсгүй зүйлээр гүтгэж худлаа сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг шүүх тал бүрээс нь үнэлж, дүгнэн үндэслэлтэй хуулийн дагуу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх миний гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад бодитой дүгнэлт хийгээгүй учир хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.1. Д.М нь эгчээсээ 25,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, 3,000,000 төгрөгийн хүүтэй зээлж аван буцаан 28,000,000 төгрөг болгон төлөхөөр тохиролцон уг мөнгөөрөө буюу 7,000,000 төгрөгөөр контейнер худалдан авахаар Б.Б-д шилжүүлсэн ба Б.Б нь 20 тоннын контейнер авч түүн дотор нь машины тос, масло зарах ажлыг 6 сарын хугацаанд гүйцэтгэж байсан. Тос, маслоны мөнгө нь Д.М-аас гарч байсан. Гэтэл шүүх 20 тоннын контейнерийн үнийг ч гаргалгүй, контейнер чухам хэний мэдэлд байгааг ч тодорхойлж өгөхгүй орхилоо.

8.2. Б.Б нь тос, маслоны наймаа эрхлэхэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа өөрт ногдох ашиг гэж Д.М аас 23,453,950 төгрөг нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй. Харин Д.М нь тос, масло зарж борлуулдаг байсны хувьд сар бүр 500,000 төгрөгөөр цалинжуулж байсан. Гэтэл Б.Б үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ямар ч хүн хөдөлмөрлөснийхөө төлөө цалин, хөлс авдаг нь хууль ёсны зарчим. Гол нь цалин хөлс өгсөн, авсан баримт байдаггүй учир дутагдалтай болжээ.

8.3. Д.М-т ажил явдал гарч хөдөө явсан хойгуур нь контейнерийн цоожийг эвдэн дотор нь байсан үлдэгдэл тос, маслыг нь зарсан /хулгайлан/ байдаг. Гэтэл цагдаад хандсан боловч та бүхний хувийн асуудал гээд авч хэлэлцээгүй. Д.М нь эгчээсээ зээлж авсан мөнгийн хүүтэй нь одоог болтол бүрэн төлж барагдуулаагүй хэвээр байгаа.

Б.Б нь Д.М эгчээсээ 20,000,000 төгрөг зээлж аван тос, маслыг 13,000,000 төгрөгөөр, контейнерийг 7,000,000 төгрөгөөр худалдан авсныг мэдэж байсан атлаа зээлж авсан 28,000,000 төгрөг надад хамааралгүй гэж мэлзэж байгааг гайхаж байна.

8.4. Мөн Д.М аас контейнер худалдан авахаар 7,000,000 төгрөг зээлж авсан болон уг мөнгийг буцаан Д.М ын данс руу шилжүүлсэн гэдэг нь ч худал. Хэргийн нотлох баримт дотор шилжүүлсэн гэх нотлох бичиг баримт байхгүй.

Шүүх Б.Б, Д.М нарын хоорондох эрх зүйн харилцааг хамтран ажиллах гэрээний үүрэг гэж тодорхойлсон нь буруу. Хамтран ажиллах гэдэг 2 тал аль аль талаасаа хөрөнгө оруулан ашиг олох зорилготой байдаг. Гэтэл Б.Б нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, зөвхөн ажил үүрэг гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авч байсан нь хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцааг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баритмг нотолгооны зүйлсэд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хянан шийдвэрлүүлж өгөхийг хүсэе гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.М-т холбогдуулан хамтарч жижиг бизнес хийж олсон ашиг орлогын ногдох хэсэг болох 23,453,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, чингэлгийн үнэ 7,000,000 төгрөг, тос, масло, тосолын үнэ 11,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.М-тай хамтран тос, масло зарж борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор ярьж тохиролцон хүнээс 20,000,000 төгрөг зээлж, 7,000,000 төгрөгөөр чингэлэг худалдан авч, 13,000,000 төгрөгөөр тос, масло аваад борлуулж эхэлсэн. Би тос, масло зарж олсон орлогыг Д.М-ын дансанд орлого, эсхүл пос машин уншуулах байдлаар шилжүүлж байсан гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Би эгчээсээ 25,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, 3,000,000 төгрөгийн хүүтэй, нийт 28,000,000 төгрөг болгож өгөхөөр зээлж, чингэлэг 7,000,000 төгрөгөөр, тос, масло 11,000,000 төгрөгөөр аваад Б.Б г сарын 500,000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулсан гэж маргажээ.

3. Хариуцагч Д.М нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгийг М-аас гэх гүйлгээний утгаар шилжүүлсний дагуу нэхэмжлэгч Б.Б нь мөн өдөр Д.Н-оос 7,000,000 төгрөгөөр чингэлэг худалдан авч, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Н ХХК-ийн авто худалдааны төвд автомашины тос тосолгоо худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахаар хамтран ажилласан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх 3-31, 91/.

 4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

5. Хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба гэрээг амаар болон бичгээр байгуулж болохоор Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт тус тус заажээ.

5.1.Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 7,000,000 төгрөгөөр чингэлэг худалдан авч, нэхэмжлэгч нь автомашины тос тосолгоо худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б-ийн Х банкны дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Д.М-ын дансанд нийт 19,967,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 32-68/

Нэхэмжлэгч шүүх пос машинаар мөнгө шилжүүлсэн баримтыг тооцоогүй орхигдуулсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч тэрээр пос машинаар хэзээ хэдэн төгрөгийг шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Иймд хамтран ажиллах гэрээний дагуу олсон орлого 19,967,000 төгрөгийн 50 хувь болох 9,983,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

5.2. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

Зохигч Н ХХК-ийн Улаанбаатар импескийн гадна талбайд байрлах 15 м.кв талбайг түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан ба талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх явцдаа төлсөн түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 765,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

5.3. Нэхэмжлэгч нь битүүмжилсэн чингэлгээс хариуцагчийн авсан гэх тос маслоны үнэ 447,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Хариуцагч Д.М нь нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан чингэлгийн үнэ 7,000,000 төгрөг, үлдэгдэл барааны үнэ 11,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

6.1. Хамтран ажиллах гэрээний дагуу 7,000,000 төгрөгөөр худалдан авсан чингэлгийн үнийг хариуцагч Д.М төлсөн, чингэлэг нэхэмжлэгч Д.Б-гийн өмчлөлд байгаа нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул чингэлгийн үнэ 7,000,000 төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт нийцнэ. Нэхэмжлэгч нь чингэлгийн үнийг хариуцагчид буцааж төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

6.2. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг сар бүр 500,000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүх талуудын хоорондох эрх зүйн харилцааг хамтран ажиллах гэрээний үүрэг гэж тодорхойлсон нь буруу гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Дээр дурдсан үндэслээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/04355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-аас 9,983,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,470,450 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Б.Б-гээс 3,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.М-т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад ...56.1... гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,686 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 275,220 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 248,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.БЯМБАСҮРЭН