Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 218/МА2019/00016

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 10 өдөр                             Дугаар 218/МА2019/00016                                           Сайнцагаан сум

 

 

 

Ц.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00175 дугаар шийдвэртэй,

Ц.ын нэхэмжлэлтэй Ж.Бд хариуцагдах 4882000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 сарын 6-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Хариуцагч Ж.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 3 сарын сүүлчээр Д.Ц мөнгөө өсгөх боломж байна гэсэн саналыг надад тавьж, 7 хоног болгон дансанд чинь мөнгө орно гэж өөрийн утсанд орж ирсэн мөнгийг надад үзүүлж 3-4 удаа ятган итгүүлж чи манай хүргэний дансанд 4882000 төгрөгийг хийчих гэсний дагуу би Д.Цийн хүргэн Ж.Бы 5450346700 дансанд 2018 оны 03 сарын 31-ний өдөр 4.882.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг сүлжээнд элсүүлж байгаа гэсэн боловч сүлжээнд элсүүлээгүй, надад нэг төгрөг ч орж ирээгүй. ...Ж.Бы данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн бөгөөд Ж.Б нь миний шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэж байгаа тул Ж.Баас 4.882.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. гэдэг хүнийг өмнө нь танидаггүй байсан төдийгүй энэ Stamford хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээг огт сурталчилаагүй, мэдээлэл өгч ятгаагүй болно. Миний бие нь энэхүү Stamford хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээнд ямар ч бүртгэлгүй бөгөөд хадам ээж Д.Ц болон олон таньдаг хүмүүс орсон / хөрөнгө оруулалт/ хийсэн байсан юм. ...Ц. болон хадам ээж Д.Ц нар утсаар чи компьютер дээр ажиллаж чадна гээд 2000 доллараар хөрөнгө оруулалт хийх гэсэн юм доллар цуглуулаад өг гэсэн. Энэ үед Stamford гэх нь урамшуулал зарласан гээд маш олон хүн доллар худалдаж авах гэсэн эрэлттэй ховор байсан үе. Хүсэлтийн дагуу 2018 оны 4 сарын 2-Знд 2000 долларыг цуглуулж Stamford хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээнд ямар ч үйлчилгээний хөлс гэж аваагүй 1112546 гэсэн кодтойгоор иргэний үнэмлэхийг нь бүртгүүлж өгсөн. Ц. нь өөрийн биеэр мөн хүүхэдтэйгээ хамт манай ажил дээр ирж бүртгэлийн дугаар кодоо аваад явсан.            Би /гэр бүлийн хүн/ Ц.ын адил Stamford хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээний хохирогч бөгөөд намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж зориуд нэр төрд халдаж байгааг үнэн зөвөөр шийдэж нэр төрийг сэргээж өгнө үү?. ...Манай эхнэр уг сүлжээнд элсэж орчихсон байсан юм. Үүнээс хойш би энэ талаар мэдлэгтэй болсон. ...Нэхэмжлэгч миний дансыг мэдэхгүйгээр мөнгө шилжүүлнэ гэж байхгүй. 4.882.000 төгрөгийг шилжүүлэхдээ надтай ярьсан... Чатын групп дотроос доллар зарна гэсэн хүмүүстэй холбогдож 1,5 хувийн шимтгэлтэй, 1,8 хувийн шимтгэлтэй гэж долларыг нь авч байсан. Тэгээд 2000 долларыг нь бүрдүүлж өгөөд хөрөнгө оруулалтыг нь баталгаажуулж өгсөн гэв.

 

Анхан шатны шүүх:

 

           1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Луу овогт Жаргалсайханы Баярсайхан /ЗГ86061211/-аас 4.882.000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Ц. /ЗЮ60020410/-д олгож,

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93062 төгрөг гаргуулж нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Ц. ын нэхэмжлэлтэй, Б д холбогдох “4882000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтанд дүгнэлт хийхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Учир нь: Нэхэмжлэгч Ц.  нь сүлжээний бизнест элсэж мөнгөө өсгөж ашиг олох зорилгоор Д.Цэгмэдтэй харилцан тохиролцож түүний хүргэн болох Ж.Бы дансанд 4882000 төгрөг шилжүүлсэн, сүлжээнд элссэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгтэхлээд нэг хоёр зуун доллар орж ирэхээр нь урамшиж байсан. сүүлдээ алга болчихсон" гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог бөгөөд Ц.ын нэхэмжлэлд дурдсан “намайг сүлжээнд элсүүлж байгаа гэсэн боловч сүлжээнд элсүүлээгүй, надад нэг ч төгрөг орж ирээгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй болох нь давхар нотлогдож байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн үндэслэлээ нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар зөрүүтэй тайлбар гаргаж байгааг анхаарч үзэхгүйгээр хариуцагч өөрийн тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч нь Ж.Б миний мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн, сүлжээний бизнест орж өөрийнхээ алдагдлыг нөхсөн хэмээн маргадаг ба шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Хариуцагч Ж.Бы дансанд 2018 оны 3 сарын 31-ний өдөр 4882.000 төгрөг шилжин орсон нь ХААН банкны дансны хуулгаар нотлогддог боловч дээрх мөнгийг өөртөө ашигласан, хөрөнгөжсөн, алдагдлаа нөхөхөөр хууран мэхэлсэн болох нь нотлогддоггүй. Хариуцагч нь дээрх мөнгийг доллар болгон Ц.ын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах зорилгоор мөнгийг хэд хэдэн хүн рүү шилжүүлсэн талаар тайлбар гаргадаг ба энэ нь ХААН банкны дансны хуулгаар нотлогддог. Нэхэмжпэгч хариуцагч нар сүлжээний бизнест элсэх, ашиг орлого олох талаар ярилцаж тохиролцоогүй ч хариуцагч нь нэхэмжлэгчийг Stamford хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээнд 1112546 гэх кодоор иргэний үнэмлэхийг нь бүртгүүлэх зэрэг талуудын хооронд тодорхой үүрэг үүссэн байх үндэслэлтэй байна. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсэгт “ хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” хэмээн 2 тусдаа үндэслэлийг хуульчилсан байхад чухам аль үндэслэлээр хариуцагчийг Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Дугаар 139/ШШ2019/00175 бүхий шийдвэрийг хүчингүй болгон ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь хэсэгт заасанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдолд үндэслэн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00175 тоот шийдвэрийг хянан үзэв.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзсэн болно.

Ц.ын нэхэмжлэлтэй Ж.Бд хариуцагдах энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүхээс нэхэмжлэгч Ц.ад эрхийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулжээ. 2019 оны 4 сарын 25-ны өдөр оролцогчдод хэргийн материал танилцуулахдаа зөвхөн өмгөөлөгчид нь танилцуулж нэхэмжлэгчийг орхигдуулжээ. Энэ хэргийн оролцогчийн хуульд заасан эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс 2019 оны 4 сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг хуралдуулахад хариуцагч талаас 5 хуудас нотлох баримтыг шүүхэд шинээр өгчээ. Шүүх энэхүү нотлох баримтыг хүлээн авч хэлэлцсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шаардлагыг хэрхэн хангах талаар тодруулж шийдвэрлэлгүй орхигдуулсан, улмаар дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч Ц.ад танилцуулалгүйгээр шийдвэрлэж, хэргийн оролцогчийн зүгээс хариу тайлбар, татгалзал гаргах талаар хуульд заасан эрхийг зөрчжээ.

Хавтаст хэргийн 22-р хуудсанд нэхэмжлэгч талын хүсэлтээр Голомт банкны албан бичгийг архивын нэгж болсон өөр иргэний хэргээс хуулбарлан шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж хэрэгт авсан байна. Иймээс шүүх өөрөө бүрдүүлэх ёсгүй нотлох баримтыг бүрдүүлснээр хэргийн оролцогчийн эрх зөрчсөн.

Мөн хавтаст хэргийн 29-32-р хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь бичмэл баримтыг хэрхэн цуглуулж бүрдүүлэх, бэхжүүлэх талаархи хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд шүүх анхаарч дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь Шүүхийн архивын журам, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдааныг эзгүйгээр явуулах хүсэлт гаргасан тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа боловч энэ хүсэлт хэрэгт байхгүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хуульзүйн болон бодит үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж байгаа талаар заахаар зохицуулсан зарчмыг шүүх хангалгүй, нотлох баримтанд хэрхэн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 93062 төгрөг төлснийг шүүхийн магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж тогтлоо.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93062 /ерэн гурван мянга жаран хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                        ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ 

 

                                                        Н.НАСАНЖАРГАЛ