Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 218/МА2019/00017

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 31 өдөр                             Дугаар 218/МА2019/00017                                                   Сайнцагаан сум

 

 

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2019/00228 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Унд хариуцагдах цалин 2046462 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 7 сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.С

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дундговь аймгийн Уны даргаар 2013 оны 8 сарын 1-нд томилогдож ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2018 оны жилийн эцсээр буюу 12 сард цугларалт болдог. Энэ үеэр намайг тэтгэвэрт гарах болчихсон учраас ажпаасаа чөлөөлөгдөх бэлтгэлтэй байгаарай гэсэн зүйлийг ярьсан. Миний хувьд тухайн үед чөлөөлөгдөнө гэсэн хүсэлтээ гаргасан. Үүнээс хойш миний оронд ажилд орох хүн олдохгүй байна гэж явж байгаад 5 сарын 9-нд би ажпаа хүлээлгэж өгсөн. Энэ хооронд 1 сард харилцахаасаа хорооны дарга, нярав хоёр цалинждаг учраас энэ хоёрын цалинг тавьсан. Нийгмийн халамж, гамшгийн төслийн ажилчид төслөөс цалинждаг байсан учраас төслийн санхүүжилт орж ирээгүй. Тэгээд би 5 сарын 9-нийг хүртэл ажилчиддаа урьдчилгаа цалин тавьж өгч байгаад 6 сард төслийн санхүүжилт орж ирсэн. Тэгээд бүх цалин, шимтгэл зэргээ дуусгасан байх гэж бодож байна. Миний хувьд энэ хугацаанд 2 сараас 5 сарын 9-нийг хүртэлх цалин мөн ээлжийн амралтын 12 хоногийн мөнгөө аваагүй. 2400000 төгрөг аваагүй байсан. Үүнээс 300000 төгрөгийг урьдчилгаагаа болгож авсан. Иймд 2046462 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай салбар хуулийн этгээдийн эрхгүй. Би Д.С гэдэг хүний ажил олгогч биш. Бид нар хөдөлмөрийн гэрээн дээрээ тухайн салбарын дарга үйл ажиллагааны зардал болон цалингийн төсвөө өөрсдөө бүрдүүлэх ёстой гэсэн гэрээ байгуулан ажилладаг. Тухайн үед дарга, нярав, сахиул гэсэн гурван хүний цалинг тухайн салбар хариуцдаг байсан. 2 арга зүйч, нягтлан бодогчийн цалин төслөөс санхүүждэг байсан. Намайг ажил хүлээж авахад их хэмжээний өр төлбөр үүссэн байсан. Үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Цалингийн урьдчилгаануудыг өгсөн гэж ярьж байгаа боловч тэр урьдчилгаанууд нь нийлээд тухайн салбараас цалинждаг нярав, сахиул, дарга нарын цалин л байгаа. Тиймээс тухайн салбарын дарга нь цалингийн төсөв болон бусад урсгал зардлаа бүрдүүлж чадаагүй учраас их хэмжээний өр бий болсон байсан. Салбарын дарга хандивын үйл ажиллагаагаараа орлогоо бүрдүүлж ажилладаг байх. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр би ажил олгогч биш, тухайн салбарын дарга өөрөө ажиллаж байх хугацаандаа цалингийн төсөв урсгал зардлаа бүрдүүлж ажиллах ёстой. Мөн манай салбар хуулийн этгээдийн эрхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Д.Сын Дундговь аймгийн Уноос 2046462 /хоёр сая дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний зөрчигдсөн эрхийг сэргээсэнгүйд гомдолтой байна.

Миний бие 2003.08.01-ны өдрөөс Дундговь аймгийн У даргаар томилогдож ажиллаж байгаад 2018.05.09-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Би 2018.02 сараас 2018.05.09-ны өдөр хүртэл ажиллахдаа цалингаа аваагүй юм. Учир нь манай У ы дарга, нярав хоёр у санхүүждэг. Бусад төсөл хөтөлбөр хариуцсан арга зүйч нар, нягтлан бодогч, сахиул гэх хүмүүс нь төсөл хөтөлбөрөөс цалинждаг байсан юм. Тухайн үед буюу 2019 оны 2 сард цагаан cap болох гээд байсан үе ба төслөөс санхүүждэг ажилтнуудын цалин нь орж ирэхгүй байсан юм. Тэгэхээр нь би хорооны дансанд байсан мөнгөө бүх ажилчиддаа хуваагаад 2019 оны 1, 2 сарын цалинд боломжоор нь хуваагаад өгчихсөн юм. Тэгээд би ажлаа хүлээлгэж өгөхөд дарга Г болон ажил хүлээлцэхээр ирсэн МУЗН-ийн удирдах бүрэлдэхүүн миний бас ажилтнуудын цалинг өгөөгүй талаар ярилцахад удирдлагууд ойрын хугацаанд цалинг өгч барагдуулахыг үүрэг болгож байсан. Өнгөрсөн хугацаанд буюу 2018 оны 6 сараас буюу ажлаасаа гарсанаасаа хойш би удаа дараа Г дээр очиж цалингаа авах талаар хэлэхэд “чуулган хийсэн дараа өгье, малаа борлуулаад өгье, эсвэл оны сүүлийн татвар дээрээс болъё” гэж хэлээд намайг удаа дараа буцаасан. Би 2018 оны 12 сарын сүүлээр татвар бүрдсэн байх гэж бодоод очиж уулзахад өгөх мөнгөгүй, өгөхгүй гэдгээ хэлсэний дагуу би шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс намайг гомдол гаргах хугацаагаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би 2018 оны 12 сарын 30-ны үед хамгийн сүүлд Гтой уулзаж цалингаа нэхсэн. Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр орсон нягтлан Уранбаяр шүүх хуралдаанд мэдүүлдэг. Миний хувьд 2018 оны 12 сарын 30-наас хойш 3 сарыг тоолно гэж үзэж байна. Учир нь тэр хүртэл Г нь надад энэ цалинг олгоно л гэж хүлээлэгсээр байгаад өдий хүргэсэн. Би Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хөдөлмөр эрхэлчихээд цалингаа авч чадахгүй байгаад гомдолтой байна. Мөн хариуцагч нь надад цалин олгосон талаар Нийгмийн даатгалд шимтгэл төлсөн байдаг. Хэрэв шимтгэл төлсөн бол надад олгох ёстой цалинг хэн авсан байх вэ.

Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг хариуцагчаа “Дундговь аймгийн УЗХ-ны дарга Баяраа овогтой Г” гэж зааж өгсөн байна. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтаар Дундговь аймгийн Улаан загалмайн хороо гэх байгууллага байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие байгууллага нь шимтгэл төлсөн учир цалинг олгохыг зөвшөөрсөн ба яг олгохгүй байгаа хүн нь Г гэж үзэж би нэхэмжлэлээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн 2019.05.29-ны өдрийн 139/ШШ2019/00228 дугаартай шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Дундговь аймгийн У дарга Б.Гид холбогдуулан тус байгууллагын даргаар 2015 оны 02 сараас 5 сарын 9 хүртэлх ажилласан хугацааны цалин, амралтын олговорт 2046.462 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч манай байгууллага хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд салбар байгууллага учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Шүүх анхнаасаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргалд  эрх үүрэг танилцуулалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3, 25, 26 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхэд хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ эдэлж мэтгэлцэх зарчим хангагдаагүй асуудлыг Давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 29-ний өдрийн 139/ШШ2019/00228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47693 /дөчин долоон мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                Ш.ТӨМӨРБААТАР

 

                                          ШҮҮГЧИД                                Т.БЯМБАЖАВ  

 

     Ц.ОТГОНЦЭЦЭГ