Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01061

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01061

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Н,

 

Нэхэмжлэгч: БН.Д,

 

Нэхэмжлэгч: Ч.Н

 

Нэхэмжлэгч: Ч.Г нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХО.От холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 233,530,000 төгрөг гаргуулж Ч.Н, Н.Д нарт, 60,800,000 төгрөг гаргуулж Ч.Нд, 133,200,000 төгрөг гаргуулж Ч.Гт тус тус олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгч Н.Д,

Нэхэмжлэгч Н.Дын өмгөөлөгч Г.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н, Н.Д, Ч.Н, Ч.Г нар нь хариуцагч О.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 233,530,000 төгрөг гаргуулж Ч.Н, Н.Д нарт, 60,800,000 төгрөг гаргуулж Ч.Нд, 133,200,000 төгрөг гаргуулж Ч.Гт тус тус олгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Монгол Улсын иргэн Н.Д, Ч.Н бид нар гэр бүлийн хүмүүс ба гар утасны бизнес эрхэлдэг. Хариуцагч О.О болон түүний нөхөр Т.Б нарыг олон жилийн өмнөөс таньдаг, бид нэг дор ажилладаг байсан. О.О нь нөхрийн хамт гар утасны бизнес эрхлэхийн хажуугаар уул уурхай ажиллуулж байгаа гэж бидэнд итгүүлэн удаа дараа маш их мөнгө зээлж байсан. Биднээс гадна бидний ойр орчмын хүмүүсээс мөн их мөнгө зээлсэн байдаг. Бид зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч О.О, Т.Б нарыг биднээс мөнгө авахдаа хуурсан , төөрөгдөлд оруулсан, бодит байдлыг нуусан шинж нөхцөл тогтоогдоогүй, Н.Д, Ч.Г, Ч.Н нарт зээлийн хүү төлж, байсан нь иргэдийн хооронд иргэний эрх зүй харилцаа үүссэн, залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа бид тооцоо нийлсэн ба зээлдэгч нар төлбөрөө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг минь өгөхгүй байна. Ч.Н, Н.Д бид нар О.От зээлсэн зээлийн төлбөрөөс авсан мөнгөө хасаад цагдаагийн байгууллагад 233,530,000 төгрөгөөр тооцоо нийлсэн. Иймд 233,530,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ч.Н миний бие О.Отай 50,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан ба хүүнд 1,200,000 төгрөгийг нэг удаа өгсөн. Одоо нийт хүү 12,000,000 төгрөгөөс өгсөн 1,200,000 төгрөгийг хасаж 10,800,000 төгрөгийн хүү, үндсэн зээл 50,000,000 төгрөгийн хамт нийт 60,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ч.Г миний бие О.Отай 60,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцон 8 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба хүүнд 19,200,000 төгрөгийг өгсөн. Одоо нийт 48,000,000 төгрөгөөс өгсөн 19,200,000 төгрөгийг хасаж 28,800,000 төгрөгийн хүү, зээлийн гэрээний алдангид 44,400,000 төгрөг, үндсэн зээл 60,000,000 төгрөг, нийт 133,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд О.Оаас зээлийн төлбөрт нийт 427,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хандаж, Ч.Н, Н.Д, Ч.Н, Ч.Г нарийн хамтран гаргасан зээлийн төлбөрт, нийт 427,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардаж аваад хүлээн зөвшөөрөхгүй тул тайлбар гаргаж байна. О.О гар утасны бизнес эрхэлдэг байсан нь үнэн. Тухайн үед буюу 2013 оноос 2015 оны хооронд Ч.Н, Н.Д нараас мөнгө авч, буцаан өгч байсан маш олон тохиолдол байгаа. Тухайн үед мөнгө авч буцааж өгч байх үедээ гэрээ байгуулдаггүй байсан. Нэг дор ажилладаг байсан учраас бараа татахад мөнгө дутах үед мөнгө авч, буцаагаад өгдөг байсан. Энэ нь бидний хоорондын дансны хуулганаас тодорхой харагдана. Мөн бэлэн мөнгө өгөх, авах асуудал зөндөө байсан. Бас бараа өгч байсан тохиолдол ч байгаа. 2015 оны 01 сарын үед Ч.Н, надад зээлийн гэрээ хэрэгтэй байна. Би нэг ажил хөөцөлдөж байгаа, уг ажилд бусдаас авлагатай талаар нотлох баримт хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ үйл явдлаас өмнө Ч.Н 2014 оны сар болон 2014 оны 12 сард миний төрсөн дүү нар болох Ч.Н, Ч.Г нартай очоод зээлийн гэрээ хийчих, тэдэнд гэрээ хэрэгтэй байгаа юм гэж , гуйж байсан. Тухайн үед бид хэвийн харилцаатай байсан учраас татгалзах зүйл байгаагүй. Ингээд 2015 оны 1 сарын үед Ч.Нийн хүсэлтээр 490,000,000 төгрөгийг зээлсэн мэтээр гэрээ байгуулж өгсөн. Уг мөнгийг аваагүй, зүгээр л хэрэгтэй гэхээр нь гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Мөн нэхэмжлэлд туссан Ч.Нтай уулзаж байгаагүй. Ч.Нийн хүсэлтийн дагуу гэрээнд гарын үсэг зурах үед л нэг удаа таарч байсан. Уг гэрээний дагуу 50,000,000 төгрөг хүлээж аваагүй. Мөн Ч.Гтэй уулзаж байгаагүй Ч.Нийн хүсэлтийн дагуу гэрээнд гарын үсэг зурах гэж нэг удаа таарч байсан. Уг гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг аваагүй. 2015 оны дундуур Ч.Нийн нөхцөл байдал эрх өөрчлөгдсөн. Үндэслэлгүй их мөнгө нэхэх болсон энэ үеэс эхлэн бидний харилцаа муудсан. Үүний дараа Ч.Н, Н.Д нар нийлж залилан хийсэн гэж цагдаад өргөдөл өгсөн. Цагдаагийн байгууллагын эрх бүхий хүн биднийг залилан хийсэн гэж үзсэн. Бид тэр үед авсан мөнгө, өгсөн мөнгөний талаар дэлгэрэнгүй хэлж ярьж байсан боловч цагдаагийн эрх бүхий хүний зүгээс гомдол гаргасан хүмүүс чинь өгсөн мөнгөнийхөө хүүг авсан гээд байна үлдэгдэл мөнгөө авна гээд байна. Төлөхгүй бол шүүхээр орж ял авна. Эсхүл та нар миний хажууд тооцоо нийл. Тэгээд уг тооцоо нийлсэн асуудлаа тусдаа шийд гэж хэлсэн. Тухайн үед энэ хэвээрээ яваад байвал гэмт хэрэгтэн болж хэдэн хүүхдүүдээ амьдын хагацал үзүүлж, шоронд орох юм байна гэж айгаад байцаагчийн хажууд, түүний өрөөнд Ч.Н, Н.Д нарын гаргаж ирсэн тооцоонд гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед үнэн зүйл үнэнээрээ шийдэгдэх цаг ирнэ гэж бодож байсан. Тухайн үед авсан, өгсөн мөнгөө тооцож үзэхэд өгсөн мөнгө нь илүү гарч байсан. Энэ талаар хэлэхэд, ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд бидний хооронд үүссэн асуудлыг тооцоо, баримтыг сайтар судалж, шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөнгө өгөөгүй байж байгуулсан гэрээгээрээ мөнгө өгсөн гэж гүтгэн, маш их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгч нарийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү. Мөн цагдаагаар айлгаж, дарамталж байж зуруулсан тооцоо нийсэн гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тул хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О гэх эхнэр, нөхөр байдаг хамт олон жил ажилласан гэр бүлийн ойролцоо найзууд байсан. Тухайн үедээ алтны уурхай зэрэг эхнэр бид хоёроос их хэмжээний мөнгө зээлдэг байсан. Сүүлдээ сураггүй болсон тэгэхээр нь сүүлдээ нотариатаар 490,000,000 төгрөгийн бичигтэй үлдсэн. Хадам, эгч дүү хоёроос О.О үйл ажиллагаа эрхэлж байгаа мөнгө зээлээч гээд 50, 60 төгрөгийг аваад өгсөн. Баянгол дүүргийн цагдаа дээр очиж тооцоо нийлүүлж 400 гаруй сая төгрөг болж дансаар мөнгө өгсөн зүйл яригдсан тэр нь тусдаа мана лангуунаас утас аваад эргэлдүүлж байсан мөнгөө хольж хутгаад ингэж өгсөн гэхээр цагдаадаа дээр очиж хасах мөнгийг нь хасуулаад 233,530,000 төгрөг дээр тооцоо нийлж Ч.Н, О.О, н.Бямбасүрэн бид 4 сууж мөнгийг өгнө гэдгийг өгөх үнэн гэдгийг баталгаажуулж гарын үсэг зуралцсан түүнийгээ нэхэмжилсэн. Эхнэрийн эгч дүү хоёрын 50, 60 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайн үедээ өгнө гэдэг байсан найз нөхөд байсан юм чин гээд хүлээлттэй байдаг байсан. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Н.Д, Ч.Н нар над дээр ирж хууль зүйн туслалцаа авсан. Авсан хугацаа нь юу гэхээр гадагшаа явчхаад ирсэн гэдэг асуудлыг яриад тэгээд эрүүгийн журмаар шалгуулж найз нөхдийн холбоотой байсан. Гар утас бизнес утас зээлээр аваад зараад буцааж өгөөд явдгаас гадна мөнгө зээлсэн асуудал байдаг. Эгч болох Ч.Г, дүү Ч.Нгаас 50, 60 сая төгрөгийн хүүтэй зээлээд аваад өгсөн асуудал байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэл бичсэн үнийн дүнгээ дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэлэхэд анхан шатны шүүх бол зээлийн гэрээ үйлдсэн байна гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатанд гомдол гаргаж оролцож хэргийг буцаасан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм аа гэдэг агуулгаар буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэж байгаа учир нь хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн журмаар шалгуулж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 148 дугаар зүйлийн 148.4-д заасны дагуу ажиллагаа явж байгаад 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт хаасан *** тоот прокурорын тогтоол гардаг. Тэгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан огноо нь энэ хугацаа дотроо буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө гэдэг агуулгаар нэхэмжлэлийг бичиж өгч гаргаж байсан. Тиймээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 2, 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Зээлийн эрх зүйн харилцаа дууссан маргахгүй зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн баримтаар үнэлэгдэнэ. О.О нь Н.Д түүний эхнэртэй зээлтэй холбоотой асуудлаар харилцдаг байсан хоёр дүү нь хамааралгүй. Дараа нь Н.Д, Ч.Н нар 2 дүүгээсээ мөнгө зээлж О.От өгсөн асуудал байдаг. Тухайн үед дүү нарыг нь мэдэхгүй. Мөнгө аваад буцаагаад өгчихдөг асуудал байдаг. Нийтдээ 200 гаруй сая төгрөг зээлж аваад буцаагаад өгсөн асуудал байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан дансны хуулга, түүнтэй холбоотой шүүсэн баримтаар тогтооно тийм учраас Н.Д, Ч.Н нарт өгөх төлбөр байхгүй. Зээлийн гэрээтэй холбоотой асуудал нь нөхөж хийсэн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээл өгсөн авснаар байгуулагддаг тийм учраас гэрээнд заасан 400 гаруй сая төгрөгийн зээлийг аваагүй. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ** газрын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолын хуулбар хувь, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ** дугаар зээлийн гэрээний хуулбар хувь, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар хувь, зээлүүлсэн мөнгөний тооцооны хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар хувь, **ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаар албан бичиг, Н.Д, Ч.Г нарын дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын тооцоо нийлсэн баримтын хуулбар хувь, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар хувь, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар хувь, Ч.Нгийн дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар хувь, Эрүүгийн хэргээс татаж авсан прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн О.Оын хүсэлт, Ч.Гийг гэрчээр байцаасан тэмдэглэл, О.О, Ч.Н нарыг асуусан тэмдэглэл, орон сууц худалдах худалдан авах гэрээ, хохирогчийг дахин асуусан тэмдэглэл, Н.Дын тэмдэглэлийн дэвтэр зэргийг ирүүлжээ.

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н, Н.Д, Ч.Н, Ч.Г нар нь хариуцагч О.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 233,530,000 төгрөг гаргуулж Ч.Н, Н.Д нарт, 60,800,000 төгрөг гаргуулж Ч.Нд, 133,200,000 төгрөг гаргуулж Ч.Гт тус тус олгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: О.О нь нөхрийн хамт гар утасны бизнес эрхлэхийн хажуугаар уул уурхай ажиллуулж байгаа гэж бидэнд итгүүлэн удаа дараа маш их мөнгө зээлж байсан. Бид цагдаагийн байгууллагад хандсан боловч Н.Д, Ч.Г, Ч.Н нарт зээлийн хүү төлж, байсан нь иргэдийн хооронд иргэний эрх зүй харилцаа үүссэн, залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа бид тооцоо нийлсэн. Ч.Н, Н.Д бид О.Отай байгуулсан зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 233,530,000 төгрөгийг, Ч.Н миний бие О.Отай 50,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний дагуу 10,800,000 төгрөгийн хүү, үндсэн зээл 50,000,000 төгрөг, нийт 60,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ч.Г миний бие О.Отай 60,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцон 8 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний дагуу 28,800,000 төгрөгийн хүү, зээлийн гэрээний алдангид 44,400,000 төгрөг, үндсэн зээл 60,000,000 төгрөг, нийт 133,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч О.Оаас зээлийн төлбөрт нийт 427,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч О.О нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Зээлийн буцаагаад төлсөн. Зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн журмаар шалгаж байгаагаас үл шалтгаалан иргэний хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Ч.Н, О.О нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ч.Н нь 50.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай зээлдэгч О.От зээлдүүлэхээр тохиролцожээ.

Мөн нэхэмжлэгч Ч.Г болон хариуцагч О.О нарын хооронд 2014 оны 9 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Ч.Г нь 60,000,000 төгрөгийг Ч.Гээс О.От зээлсэн байна.

Мөн Ч.Н, О.О нар 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 490,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлжээ. Талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч Ч.Н болон О.О, нэхэмжлэгч Ч.Г болон О.О, нэхэмжлэгч Ч.Нарантгуа болон О.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Ч.Н нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүүд 10.800.000 төгрөг, нийт 60.800.000 төгрөгийг хариуцагч О.Оаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зээлийн гэрээний хугацагаа 2015 оны 3 сарын 20-ны өдөр, үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2018 он 3 сарын 20-ны өдөр, Ч.Г болон хариуцагч О.О нарын хооронд байгуулсан 2014 оны 9 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 сарын 4-ний өдөр, үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 5 сарын 4-ний өдөр, Ч.Н, О.О нарын байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 1 сарын 29-ний өдөр, үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 1 сарын 29-ний өдөр дуусчээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч нар гаргаж байгаагүй байх тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нар нь хариуцагчаас гэрээний үүргийг тухай бүр шаардаж байсан бөгөөд талуудын зээлийн гэрээг дүгнэсэн тооцоо нийлсэн актаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт /хх-11-15/-д талуудын гарын үсэг байх боловч тус актыг үйлдсэн огноо байхгүй. Мөн нэхэмжлэгчээс тус тооцоо нийлсэн актыг хэзээ байгуулсныг санахгүй байгаа талаар, хариуцагчаас тус актыг 2015 онд үйлдсэн гэж маргаж байна. Иймд талуудын тайлбар, хэрэгт авадсан баримтаас үзвэл дээрх тооцоо нийлсэн актыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нар дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь О.От холбогдуулан эрүүгийн журмаар тухай асуудлыг шалгуулж, *** газрын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэх боловч хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзан үзэхэд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, мөн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн журмаар шалгуулах нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, эсхүл тасалдах үндэслэлд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр О.От холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 233.530.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н, Н.Д нарт, 60.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд, 133.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гт тус тус олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан О.От холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 233.530.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н, Н.Д нарт, 60.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд, 133.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гт тус тус олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 2.295.600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА