Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2019/00019

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                             Дугаар 218/МА2019/00019                                           Сайнцагаан сум

 

 

 

Д.Нийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 139/ШШ2019/00304 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд                        гаргасан тайлбартаа: Миний бие 1969 оны 9 сарын 8-ны өдөр төрсөн, эмэгтэй, улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн  Наран болон Үйзэн бригадад 1982 оноос 1994 оныг дуустал тасралтгүй бог мал бага наснаасаа эхлэн ээжийн хамт малласан. Энэ хугацааны  хөдөлмөрийн  дэвтэр үрэгдсэн учир цалингийн  баримт, лавлагаанууд  гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1982 оны 1 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. Би багадаа өвчин их эргүүлдэг хүүхэд байсан тул намайг Дашдулам гэж нэрлэсэн бөгөөд төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхээс бусад баримтад Даш, Дашдулам нэрээр явж байгаа юм гэжээ.

         Анхан шатны шүүх

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дархан лам овогт Дамбийбалжирын Нийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие улсад 20 гаран жил малчинаар ажиллаж одоог хүртэл мал маллаж байна. 1982 оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд ажилласан. Анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 139/ШШ2019/00304 дугаартай шийдвэрээр  миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие эхээс төрснөөс хойш хэдхэн сартай байхаас эхлэн өвдсөн учир эцэг эх маань ламд үзүүлж миний Н нэрийг Дашдулам гэдэг нэрээр сольсон. Уг Дашдулам нэрийг албан ёсоор бичиг баримтаар баталгаажуулаагүй учир миний бүх албан ёсны баримт бичигт Н нэр бичигдсэн байдаг. Үүнээс хойш би нэгдэлд ажиллахдаа Даш, Дашдулам нэрээр цалин хөлс авдаг байсан. Тухайн үеийн боловсон хүчин, тоо бүртгэгч Даш нэрийг дуудлагаар, заримдаа Дулам нэрээр цалин олгодог байсан. Мандах нэгдэлд надаас өөр Даш, Дашдулам гэсэн нэртэй хүн байхгүй бөгөөд намайг энэ нэрээр мэдэх хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. Миний хөдөлмөрийн дэвтрүүд үрэгдсэн байгаа нь бичилт дутуу эх Дулмаар овоглосон зөрчилтэй болсон. Гэвч холбогдох цалин хөлсний баримтыг хэрэгт хавсаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн 1982.01.01-1993.12.31-нийг дуустал ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Нийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг үндэслэн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

   Нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлдээ ”...1982 оны 1 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. Би багадаа өвчин их эргүүлдэг хүүхэд байсан тул намайг Дашдулам гэж нэрлэсэн бөгөөд төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхээс бусад баримтад Даш, Дашдулам нэрээр явж байгаа юм гэжээ

Анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 304 тоот шийдвэртэй хэргийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх журамд нийцээгүй баримтууд байсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульчилсан. Гэтэл хавтаст хэргийн 11-21 хуудсанд авагдсан хуулбар баримтууд нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байхад шүүх нотлох баримтаар шинжлэн судалж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон уг хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн.

Шүүх нэхэмжлэлд дурдсан хугацаанд 13 настай буюу 16 насанд хүрээгүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүх 16 насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж болохгүй гэсэн үндэслэлийг ямар эх сурвалжид зохицуулсныг тодорхойлоогүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Одоо үйлчилж буй Иргэний эрх зүйн салбар хуулиудад иргэний эрх зүйн чадамж 16 наснаас үүсэхээр заасан байсан бол 1981-1992 оны үед нийгмийн болон хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжуудад арай өөр зохицуулалт үйлчилж байжээ.

13-15 насандаа хөдөлмөр эрхэлж эцэг эхийн нэр дээр цалингаа авдаг байсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч тайлбартаа дурджээ.

1960 оны 7 сарын 6-нд БНМАУ-ын /тухайн үеийн/ Улсын их хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арваннэгдүгээр зүйлд “Хөдөө аж ахуй нэгдлийн өрх нэг бүр нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд гишүүдээ оролцуулж үндсэн орлого олохоос...” гэж хуульчилсны дагуу насанд хүрээгүй үедээ хөдөлмөр эрхэлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Мөн 1963 оны 4 сарын 1-нээс дагаж мөрдсөн БНМАУ-ын Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд Арван таваас арван найм хүртэлх насны хүмүүс зарим хэлцлийг дангаараа хийх, бие дааж хөдөлмөрийн хөлс авч байгаа насанд хүрээгүй хүмүүс уул хөлсөө эзэмшин зарцуулах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан ажилтан нь тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байснаа тогтоолгох эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримт буюу эрх олгосон бичгэн баримтын овог нэрийн зөрүүтэй байдлыг нэхэмжлэгч тайлбартаа дурдаж, гэрчүүд мэдүүлсэн байна.

   Эрх олгосон бичиг баримтын овог нэрийн үнэн зөв эсэх асуудал ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл болж байгааг шүүх анхаараагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль ёсны дагуу бүрдээгүй нотлох баримтын үндсэн дээр гарсан шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 139/ШШ2019/00304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  
  2. Нэхэмжлэгч Д.Нээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                 ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ

 

                                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ