Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 461

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Ду  аймгийн  Са сумын 4-р баг, Хэвтэй хүрэн дэл гэх газарт оршин суух хаягтай, Д овогт Дын Н /ЗК69090801/-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У   оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  .. миний бие 1969 оны 9 сарын 08-ны өдөр төрсөн, .. улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн  Наран болон Үйзэн бригадад  1982 оноос 1994 оныг дуустал тасралтгүй бог мал ... малласан. Энэ хугацааны  хөдөлмөрийн  дэвтэр үрэгдсэн учир ... ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Д.Нд хамаарах 1984 оны 9 сарын 08-ны өдрөөс   1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Мандах ББХК-д ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 05/

Нэхэмжлэгч Д.Н нь   1984 оны 9 сарын 08-ны өдрөөс   1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

 -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 5 сарын 30-ны өдрийн  08/348 дугаартай  “Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Мандах ББХК”-ын талаарх тодорхойлолт /хх-ийн 06/

 - Гэрч У.О ийн “ ...  Д.Н нь 1982 оноос 1993 он хүртэл  Дундговь аймгийн  Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад  бага мал маллаж байсан хүн. Нэгдэл  бүтэц зохион байгуулалтын  өөрчлөлтөнд орсны дараа ч Н мал маллаж байсан.  Би 1981 оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Мандах нэгдэлд  Наран бригадад  мал маллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас  энэ хүнийг  малчин байсан гэдгийг  мэдэж байна. Өөр ажил хийгээгүй , одоо ч мал маллаж байгаа хүн ”  гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

-Гэрч Д.Д-ны “ Энэ айл Наран бригадад байсан айл. .... Д.Н нь сургуульд бараг суугаагүй байх. 1982 оноос 1993 он хүртэл  Дундговь аймгийн  Сайнцагаан сумын Мандах нэгдэлд  Наран бригадад  бага мал маллаж  байсан хүн.  Нэгдэл бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд  орсны дараа Н  хувийн малаа маллаж байсан.  Би 1975 оноос 1993 он хүртэл  Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Мандах нэгдлийн Наран бригадад тоо бүртгэгчээр  ажиллаж байсан. Бид нэг нутгийн  хүмүүс учраас энэ хүнийг  малчин байсан гэдгийг нь  мэдэж байна. Өөр ажил хийгээгүй, одоо болтол мал маллаж байгаа хүн  ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Гэрч С.Д-йн “  ... Д.Н нь багаасаа хөдөө мал маллаж байсан хүн. Сургуульд бараг суугаагүй байх.  1987 онд намайг тус нэгдэлд  очих үед Н мал маллаж байсан. Н нь 1993 он хүртэл  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад  бага мал маллаж байсан хүн. Нэгдэл бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд  орсны дараа  Н  хувийн малаа  маллаж байсан. Би 1987 оноос  1990 он хүртэл  Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Худалдаа бэлтгэлийн ангид агентаар  ажиллаж байсан. Би Үйзэн бригадыг хариуцан ажилладаг байсан.    Бид нутгийн  хүмүүс учраас  энэ хүнийг  малчин байсан гэдгийг  мэдэж байна. Өөр ажил хийгээгүй, одоо болтол мал маллаж байгаа хүн ” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/ зэргээр шууд байдлаар,

- У.О т Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1985 оны 08 сарын 15 өдөр олгосон, 1985 оны 08 сараас 1990 оны 12 сарын дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй; Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1991 оны 1 сарын 01-ний өдөр олгосон 1991 оны 01 сараас 1992 оны 12 сарын дуустал хугацааны ажилласан хоног, олгосон урьдчилгааны бичилт бүхий   хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хх-ийн 88-89/

- Д.Д-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1977 оны 04 сарын 05 өдөр олгосон, 1977 оны 07 сарын 05 өдрөөс 1993 оны 11 сарын 30 хүртэл Мандах нэгдлийн Наран Үйзэн бигадын тоо бүртгэгчээр томилсон, чөлөөлсөн, Далай бригад, түрээс хэсгийн зохин байгуулагчаар томилсон чөлөөлсөн тушаалын бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 90-92/ зэрэг дам баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

БНМАУ-н Ардын их хурлаас  1973 оны 07 сарын 03 өдөр баталсан Хөдөлмөрийн хуулийн 10-р бүлгийн 163-р зүйлд “Залуучуудын нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зорилгоор 16 нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуйн соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд 15 нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгээр ажилд авч болно” гэж заасан байна. Мөн БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 1973 оны 07 сарын 27 өдрийн 276 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2-р бүлгийн 3-р зүйлд “нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд өөрийн биеэр оролцож, ... нэгдлийн дүрмийн шаардлагыг дагаж биелүүлэхээ хүсэж илэрхийлсэн, 16 нас хүрсэн иргэн.... ХАА-н нэгдлийн гишүүн байж болно” гэж заасан байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн актуудаар хөдөлмөр эрхлэх нас 15 /хамгийн багадаа/ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 сарын 01-ээс, 1984 оны 09 сарын 07 хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Тус хэргийн 10-32, 46-54, 85, 94-95 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Д овогт Дын Н /ЗК /-ийг 1984 оны 9 сарын 08-ны өдрөөс 1994 оны 06 сарын 13 хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд, 1994 оны 06 сарын 13 өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах ББХК-д  малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,  нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1982 оны 01 сарын 01-ээс 1984 оны 09 сарын 07 хүртэлх ажилласан жил тогтоолгох/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б