Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2019/00020

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                             Дугаар 218/МА2019/00020                                           Сайнцагаан сум

 

 

 

У.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00286 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч У.Оийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 сарын 1-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.О

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд                        гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1981-1993 оныг дуустал мал малласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт, тамга дутуу учир гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн баримтуудыг үндэслэн 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ

         Анхан шатны шүүх

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Харчин овогт Уртнасангийн Оийг 1984 оны 3 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1984 оны 3 сарын 26-ны өдрийг хүртэл ажилласныг тогтоолгохтой холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхэд 1981.01.01-1992.12.31-нийг хүртэл ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00286 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Миний бие Сайнцагаан сумын Мандах нэгдэлд бага наснаасаа эхлэн эхийн хамт мал маллаж байсан ба тухайн үед нэгдлээс сургуульд суугаагүй хүнийг нэгдлийн ажилд ажиллуулж, цалин хөлсийг эцэг эхийн нэр дээр олгодог байсан. Энэ талаар гэрчүүд мэдүүлсэн байгаа. Мөн миний бие цалингаа ээж Уртнасангийн нэр дээр авч байсан талаар холбогдох баримтыг хавсаргасан билээ. Одоо миний бие 51 настай бөгөөд уг нь 4 хүүхэд төрүүлсэн тул 50 настайгаас тэтгэвэрт гарах байсан боловч хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй болж шүүхэд хандсан. Гэвч 3 жилийн хугацаа тогтоогдоогүйн улмаас тэтгэвэрт орох боломжгүй болоод байна. Иймд миний Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1981.01.01-1984.03.26-ны өдрийг дуустал малчинаар ажилласан жилийг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэхэмжлэгч У.Оийн гомдлоор хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан журмыг баримталлаа.

Сум дундын шүүхийн 2019 оны 7 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00286 тоот шийдвэр нь хэргийн нотлох баримтыг бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн, хэргийн нөхцөл байдал, үйл явдалд бодитой дүгнэлт хийсэн эсэх нь эргэлзээтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх зохицуулалттай.

Нэхэмжлэгч У.Оийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд нь бүгд хуулбарласан баримт байх бөгөөд шүүхээс нотлох баримтын талаар тогтоосон журмыг хангах ажиллагааг гүйцэтгэлгүйгээр хэрэг шийдвэрлэх үндэслэл болгожээ. Хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн асуудал нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд нотолгооны чадваргүй гэж хуульчлан тогтоосныг шүүх анхаарах ёстой.

Нэхэмжлэгч У.Оийн зүгээс бүрдүүлсэн хавтаст хэргийн 13-24 дэх хуудсанд буй баримтууд, хавтаст хэргийн 26-38 дахь талд буй баримтууд нь хууль ёсны шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шийдвэрийн үндэслэх хэсэгт жагсаан дурьдаж зааснаас харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тогтоосон журмыг зөрчсөн байна гэж дүгнэх үндэстэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 16 насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, ажил хийлгэдэггүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч У.Оийн 1981 оны 1 сарын 1-нээс 1984 оны 3 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

16 насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн үндэслэлийг ямар эх сурвалжаас гаргаж хэрэглэснээ шүүх тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Одоо үйлчилж байгаа Иргэний эрх зүйн салбарын хуулиудад Иргэний эрх зүйн чадамж 16 наснаас үүсэхээр заасан бол 1981-1992 оны үед нийгмийн болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудад арай өөр зохицуулалт үйлчилж байжээ.

1960 оны 7 сарын 6-нд БНМАУ-ын /тухайн үеийн/ Улсын Их хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар батлагдсан “БНМАУ-ын Үндсэн Хууль”-ийн Хоёрдугаар бүлгийн Арваннэгдүгээр зүйлийн ...хэсэгт: Хөдөө аж ахуйн нэгдлийн өрх нэг бүр нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд гишүүдээ оролцуулж үндсэн орлого олохоос...гэж заасан байв.

Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1973 оны 7 сарын 3-ны өдөр гаргаж, 1974 оны 1 сарын 1-нээс дагаж мөрдөхөөр журамласан Хөдөлмөрийн хууль нь 1990-ээд оны эх хүртэл үйлчилсэн бөгөөд энэ хуулийн Аравдугаар бүлгийн 163 дугаар зүйлд:”Залуучуудыг нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зорилгоор арван зургаан нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуй соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд арван таван нас хүрсэн хүүхдийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгөөр ажилд авч болно гэж зохицуулж байжээ.

Мөн 1963 оны 4 сарын 1-нээс дагаж мөрдсөн БНМАУ-ын Иргэний Хуулийн 11-р зүйлд Арван таваас арван найм хүртэлх насны хүмүүс зарим хэлцлийг дангаараа хийх, бие дааж хөдөлмөрийн хөлс авч байгаа насанд хүрээгүй хүмүүс уул хөлсөө эзэмшин зарцуулах эрхтэй байхаар хуульчилсан байжээ. Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн харилцааг дээрхи хуулиудад болон бусад олон хууль тогтоомжоор зохицуулж байжээ. Тухайн үед ажиллаж байсан ажилтан нь тухайн үеийн хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байснаа тогтоолгох хууль ёсны эрхтэй. Тэгэхдээ хууль тогтоомжоор заагдсан хүрээ хэмжээнд нас болон хөдөлмөрийн онцлогийн дагуу нотлох баримтаа үнэн зөв бүрдүүлж, хангалттай нотолсны эцэст шүүх ажилласан байдлыг тогтоох нь хууль ёсонд нийцнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зүйн үндэстэй явуулаагүй, хууль зүйн зохицуулалтыг зөв сонгон тайлбарлаж хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 4-ний өдрийн 139/ШШ2019/00286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

                                                                                     Ш.ТӨМӨРБААТАР