Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р баг Үйзэнд оршин суух, Ха  овогт У-н О /ЗК68032604/-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.За   оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1981-1993 оныг дуустал мал малласан.  Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр  байгаа боловч бичилт тамга дутуу учир  гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн баримтуудыг  үндэслэн 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,  шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.О ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч У.Оийн  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1981-1993 оныг дуустал хугацаанд  малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 5 сарын 28-ны өдрийн 198 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байна. Энэ нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 5 сарын 28-ны өдрийн 198 дугаартай  “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах  нэгдэлд 1983 оны 3 сарын 26-наас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан  тухай баримт байхгүй учир У  овогтой От холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт

 

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 5 сарын 31-ний өдрийн 08/350  дугаартай “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1956 оны 2 сарын 15-нд  байгуулагдан 1991 оны 4 сарын 24-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн...” гэх тодорхойлолт

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс У.От 1985 оны 8 сарын 15-ны өдөр олгосон, 1985 оны 8 сараас 1990 оныг дуустал авч байсан цалин хөлсний бичилттэй, тамга дарсан, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс У.От 1991 оны 1 сарын 1-ний өдөр олгосон, 1991 оны 1 сарын 1-ний өдөр Мандах нэгдэлд малчнаар үргэлжлэн ажиллав, 1992 оны 12 сарын 30-ны өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн тушаалын бичилттэй, 1991 оны 1 сараас 1992 оны 12 сарыг дуустал авч байсан цалингийн бичилттэй, гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 5 сарын 29-ний өдрийн 200 дугаартай  “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах  нэгдлийн 1986-1991 оны цалингийн баримтаас У овогтой О-т холбогдох лавлагааг хуулбараар гаргаж хүргүүллээ” гэх тодорхойлолт

-Мандах нэгдлийн 1986 оны 5 сар, 1987 оны 1 сар, 1987 оны 7 сар, 1988 оны 10 сар, 1989 оны 2 сар,  1989 оны 9 сар, 1990 оны 2 сар, 1990 оны 10 сар, 1990 оны 12 сар, 1991 оны 1 сар, 1991 оны 2 саруудын цалингийн тооцооны хүснэгт

 

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих далай хоршооны захирлын 2019 оны 6 сарын 3-ны өдрийн “тус хоршооны архивт хадгалагдсан байсан У  овогтой Оийн 1981-1990 оны цалингийн цэсийн баримтыг хуулбарлаж өгсөн нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт

 

-Гэрч Б.Б-н “...Би 1979 оноос эхлэн нэгдэлд мал малласан. Тэгэхэд У.О нь ээж, дүүгийн хамт мал малладаг байсан. У.О нь 1981 оны 1 сараас 1993 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Эхлээд насанд хүрээгүй хүүхдүүдийг туслах малчнаар ажиллуулдаг байсан. Би энэ нэгдэлд малчин байсан. Манайхан айл саахалт байдаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг

-Гэрч Ц.Г-н “...У.О нь 1981 оноос эхлэн ээжийн хамтаар мал малладаг хүүхэд байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1981 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12 сар хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажилласан. Би энэ хугацаанд Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин, тракторын жолоочоор ажилладаг байсан. Тракторын жолооч хийж айлуудаар өвс, тэжээл тараадаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. У.О нь нэгдэлд хонь, ямаа маллаж байсан...” гэх мэдүүлэг

-Гэрч Ц.Б-н “...У.О нь 1981 оноос эхлэн мал дээр гарсан хүн. Тухайн үед нэгдлийн олон мал малладаг байсан учраас сургууль төгсөөд л хөдөө гардаг байсан. У.О нь 1981 оны 1 сараас эхлэн ээжийн хамтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин болсон. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 12 сар хүртэл ажилласан. Манайхан айл саахалт байдаг байсан, би өөрөө хөдөөгүүр явж түүхий эд авдаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.

Нэхэмжлэгч У.О нь 1981 рны 1 сарын 1-ний өдрөөс эцэг эхийн хамт маллаж байсан гэсэн тайлбар гаргасан, гэрчүүд энэ талаар мэдүүлсэн байна. Нэхэмжлэгч У.О нь 1968 онд төрсөн болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байгаа бөгөөд 1981 онд 13 настай байсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуульд  16 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй, хөдөлмөрлөх эрхтэй байхаар заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Ха овогт У-н О /ЗК68032604/-ийн 1984 оны 3 сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1984 оны 3 сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У