Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Э.Н, шүүгдэгч З.Г өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантөгс нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч З.Г холбогдох 2017001550019 дугаартай 2 хавтас 351 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч З.Г гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 301 тоот байрны гадаа өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт аюултай бодис болох /Нg-химийн томьёотой/ 12.755 килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х х овогт З Г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х х овогт З Г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Г оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүгдэгч З.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын химийн бодис хадгалах агуулахад хадгалагдаж байгаа 12.755 килограмм мөнгөн усыг улсын орлого болгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлэн авсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, Шүүгдэгч З.Г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцан тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

З.Г миний бие өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй, хор уршгийг арилгасан, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжиж байгаа талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн билээ.

Иймд анхан шатны шүүх хуралдаанаас надад оногдуулсан 2 жилийн тэнсэн харгалзах ял хүндэдсэн гэж үзэж байгаа тул дахин хянаж хөнгөл ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэм хороо арилгасан, анх удаагийн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс тогтоосон 2 жилийн тэнсэн харгалзах ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээр шүүгдэгч З.Г холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх албадлагын арга хэмжээ авч 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон нь гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон шийтгэл гэж үзэж байгаа тул тэнсэн харгалзах ялыг багасгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 301 тоот байрны гадаа өөрийн эзэмшлийн төмөр амбаарт /ёмкост/ химийн хорт аюултай бодис болох /Нg-химийн томьёотой/ 12.755 килограмм мөнгөн усыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.                

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин шүүгдэгч түүний өмгөөлөгчийн: ... өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй, хор уршгийг арилгасан, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжиж байгаа тул 2 жилийн тэнсэн харгалзах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нь  урд ял шийтгэл эдэлж байсан хэдий ч шинэ Эрүүгийн хуулиар түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд хэргийн нөхцөл байдал, хувийн байдал буюу насны онцлог, гомдолд дурдсан үндэслэл зэргийг харгалзан үзэж  тэнсэх ялын 2 жилийг 1  жил болгон өөрчлөх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүх ийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон        ТОГТООХ нь:        

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,7 дугаар заалтын  тус тус 2 /хоёр/ гэснийг, тус тус  1 /нэг/ ’’ гэж  өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.       

Анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

 

         ШҮҮГЧИД                                               Х.БАЙГАЛМАА

 

                                                                                                                                                                                   О.ОДНЯМАА